| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1674/Э |
| Дугаар | 1703 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох 1906 04221 2132 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, 2 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5 дугаар гудамжны 89 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бгийн А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5 дугаар гудамжны 88 тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, гар цүнхийг авч, цүнхэнд байсан түрийвчтай 36.000 төгрөг, банкны 3 ширхэг карт, Худалдаа хөгжлийн банкны 1 ширхэг карт, Эл Жи маркийн гар утас зэргийг хулгайлж, ХААН банкны 5760007594 дугаартай данснаас 459.000 төгрөг авч, нийт 605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Оюунцэцэгийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед манай нөхөр Н.Жаргалсайхан, найзуудын хамт хашаандаа ширээ засан идэж уух хиам, закуска зэрэг зүйл засаад хэсэг уусан. Бид нар хоёр шил 0,5 грамм хэмжээтэй архи хувааж уугаад 22 цагийн үед орой гэртээ ороод унтацгаасан. Маргааш өглөө нь би 08 цаг 30 минутын үед босоод гэрийнхээ гадна байдаг таамбарт миний барьдаг ягаан өнгийн гар цүнх байхаар нь би гайхаад авч үзсэн чинь миний цүнхэнд байсан түрийвч, ХААН банкны 3 карт заргийг хулгай хийсэн байсан. Миний түрийвчинд 40 гаран мянган төгрөг байсан. ХААН банкны 5760007594 гэсэн данснаас 459.000 төгрөг хулгай хийж авсан байсныг миний гар утсанд мессеж ирсэн байхаар нь би ХААН банкнаас асуусан. Тэгсэн чинь манай гэрийн хойд талын Сансар худалдааны төвийн АТМ-с гүйлгээ хийсэн байна гэж ХААН банкны лавлах хэслэн... Би найз нартайгаа хамт хоёр шил архи уусан. Би нэг их согтоогүй жоохон ядарч ирээд унтчихсан байсан... Би дандаа гэртээ орж ирээд хоймрын хувцасны шүүгээн дээр тавьчихдаг юмаа. Тэр өдөр бас тэндээ тавьсан. Өөр газар тавьдаггүй юмаа... Манай хашааны баруун тийшээ хоёр дахь хаалга 90 тоотод оршин суудаг Бгийн А гэдэг залуу миний зүйл, мөнгийг хулгай хийсэн... Миний ХААН банкны нууц кодыг Ааас өөр хүн мэдэхгүй, би шууд А миний картнаас хулгай хийсэн гэж мэдсэн... Ааас “яах гэж надаас хулгай хийсэн юм чи” гэсэн чинь А “Дархан явах гээд авсан” гэж байна лээ... Надад 500.000 төгрөг өгөх ёстой байснаас 100.000 төгрөгийг нь өгсөн. Одоо надад 400.000 төгрөг өгөх ёстой... Ганцаараа хулгай хийсэн гэж байна лээ...” гэх мэдүүлэг /хх.7-8/,
“... Надад одоогоор гомдол санал байхгүй, А манай гэрээс авсан утсаа 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Баянхонгороос ирэхэд өвөөдөө өгсөн байсан. Мөнх ХААН банкны картыг өвөөд өгсөн байсан, тэгээд өвөө нь надад буцааж өгсөн. Тэрний дараа эхлээд 100.000 төгрөг бэлнээр өгсөн, дараа нь 400.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. Одоо бол надад гомдол санал байхгүй...” гэв мэдүүлэг /хх.10/,
“Тод Үнэлгээ” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.28/,
Ц.Оюунцэцэгийн Хаан банкны 5760007594 дугаартай данснаас 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 04 цаг 35 минутад 459.000 төгрөгийн зарлага гарсан болохыг нотолсон депозит дансны хуулга /хх.41/,
ХААН банкнаас ирүүлсэн АТМ-н хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.49-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “... би 2019 оны 07 сарын 10-аас 11-нд шилжих шөнө орой 01 цагийн үед хамаатны эгч болох Оюунцэцэг эгчийн байшинд нь нууцаар ороход хоёулаа унтаж байсан юм. Тэгэхээр нь цүнхийг нь аваад дотор нь байсан түрийвчнээс 42.000 төгрөг, ХААН банкны картыг нь авч гараад 02 цаг 40 минутын үед хойд талын Сансар худалдааны төвийн АТМ-с 459.000 төгрөг аваад шууд хот руу орж хорооллын тэнд байдаг Кристал гэдэг нэртэй буудалд хоносон. Тэгээд маргааш өглөө нь Драгон дээрээс Дархан орох жижиг тэргэнд суугаад Дархан орсон. Тийшээ явах болсон шалтгаан нь чатаар танилцсан охинтойгоо уулзах гэж явсан. Тэгээд очиж би Дарханд ирсэн байна гэж хэлсэн чинь нөгөө охин маань Сэлэнгэ орох гээд явж байна гэж хэлээд уулзаж чадаагүй. Тэгээд би тэндээ гурав хоног хүлээсэн чинь ирэхгүй байхаар нь 4 дэх өдрийн орой нь би хот руу вагонаар гэртэй харьсан... хэн нэгэн надад хулгай хий гэж хэлээгүй, би нэг охинтой уулзах гэж хулгай хийсэн. Тэрнээс биш тэр охинтой уулзаагүй надад ч тэгж хэлээгүй. Тэр мөнгөөрөө би хоол идсэн, буудалд хоносон зардал хийсэн... Эл Жи гар утсыг би гэрээс нь ширээн дээрээс авсан. Намайг ороход тэр хоёр унтаж байсан... Би анхнаасаа тэр хоёр уусан байгааг мэдэж байсан ба тасраад унтахаар нь орж мөнгө авна гэж бодож байсан. Тэгээд орсон чинь тасраад унтаж байхаар нь бэлэн мөнгө, ХААН банкны картыг авсан... яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... би Дархнаас ирээд гар утсыг ломбардаас аваад, мөн ХААН банкны картыг Оюунцэцэг эгчийг Баянхонгор аймгаас ирэхэд нь өгсөн. Мөн би эхлээд 2019 оны 09 сард 100.000 төрөг, 10 дугаар сарын 02-нд 400.000 төгрөг өгч хохирлоо барагдуулсан. Мөн би хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.23-24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5 дугаар гудамжны 88 тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, гар цүнхийг авч, цүнхэнд байсан түрийвчтай 36.000 төгрөг, банкны 3 ширхэг карт, Худалдаа хөгжлийн банкны 1 ширхэг карт, Эл Жи маркийн гар утас зэргийг хулгайлж, ХААН банкны 5760007594 дугаартай данснаас 459.000 төгрөгийг авч, нийт 605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Оюунцэцэгийн өгсөн: “... цүнхэнд байсан түрийвч, ХААН банкны 3 карт заргийг хулгай хийсэн байсан. Миний түрийвчинд 40 гаран мянган төгрөг байсан. ХААН банкны 5760007594 гэсэн данснаас 459.000 төгрөг хулгай хийж авсан авсан байсныг миний гар утсанд мессеж ирсэн байхаар нь би ХААН банкнаас асуусан... Манай хашааны баруун тийшээ хоёр дахвь хаалга 90 тоотод оршин суудаг Бгийн А гэдэг залуу миний зүйл, мөнгийг хулгай хийсэн... Миний ХААН банкны нууц кодыг Ааас өөр хүн мэдэхгүй, би шууд А миний картнаас хулгай хийсэн гэж мэдсэн... Ааас “яах гэж надаас хулгай хийсэн юм чи” гэсэн чинь А “Дархан явах гээд авсан” гэж байна лээ...” гэх мэдүүлэг /хх.7-8, 10/,
“Тод Үнэлгээ” ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.28/,
Ц.Оюунцэцэгийн ХААН банкны 5760007594 дугаартай данснаас 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 04 цаг 35 минутад 459.000 төгрөгийн зарлага гарсан болохыг нотолсон депозит дансны хуулга /хх.41/,
ХААН банкнаас ирүүлсэн АТМ-н хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.49-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн: “... би 2019 оны 07 сарын 10-аас 11-нд шилжих шөнө орой 01 цагийн үед хамаатны эгч болох Оюунцэцэг эгчийн байшинд нь нууцаар ороход хоёулаа унтаж байсан юм. Тэгэхээр нь цүнхийг нь аваад дотор нь байсан түрийвчнээс 42.000 төгрөг, ХААН банкны картыг нь авч гараад 02 цаг 40 минутын үед хойд талын Сансар худалдааны төвийн АТМ-с 459.000 төгрөг аваад шууд хот руу орж хорооллын тэнд байдаг Кристал гэдэг нэртэй буудалд хоносон... Эл Жи гар утсыг би гэрээс нь ширээн дээрээс авсан... Би анхнаасаа тэр хоёр уусан байгааг мэдэж байсан ба тасраад унтахаар нь орж мөнгө авна гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Б.А нь хохирол нөхөн төлсөн, хохирогч Ц.Оюунцэцэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ат 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Бгийн Аыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ат 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Ат оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Б.А урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Оюунцэцэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР