Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2016/01283

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө “Гутал” ХК-ийн байр, “Нэйшнл Девелопер” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Орбит баруун туруун овооны энгэр 4-4 тоотод байрлах, “Жинхэнэ зам” ХХК-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Галбадрах, хариуцагч О.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Нэйшнл Девелопер” ХХК-ийн ерөнхий захирал Б.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Жинхэнэ зам" ХХК нь манай компанитай 2014.06.27-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ’-г байгуулан ажилласан. Гэрээний дагуу манай компани нь “Жинхэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Хэрлэн сум Чойбалсан хот дахь 6-р багийн 19-р байрны гадна зам талбайн тохижилтын ажилд асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэн 2014.07.02-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу Жинхэнэ зам ХХК нь гэрээний төлбөрт нийт 65,000,000 /жаран таван сая/-н төгрөг төлөх байсан ба ажил гүйцэтгэхэд зарцуулсан материалыг тооцон бодход нийт 62,420,000 /жаран хоёр сая дөрвөн зуун хорин мянга/-н төгрөгийг төлөхөөр болсон. Жинхэнэ зам ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг манай компанид төлсөн. Үлдэгдэл ажил гүйцэтгэж дууссаны дараа ажил хүлээлцсэн актын дагуу шилжүүлэх байтал санхүүжилт ороогүй, Дорнод аймгийн төрийн сангаас мөнгийг олгоогүй байна гэсэн шалтгаанаар төлбөрийг төлөөгүй. Бид нэг салбарт ажилладаг, адилхан санхүүгийн бэрхшээлтэй байгаа байх, санхүүжилт нь орохоор төлчих байх хэмээн итгэж найдан нэг жил гаруй хүлээсэн. Гэвч Жинхэнэ зам ХХК нь зам барилгын ажлын үлдэгдэл санхүүжилтээ авчихаад манай компаний төлбөрийг төлөхгүй, санхүүжилт ороогүй байна хэмээн худал хэлж төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Удаа дараа нэхүүлэн байж 2015.10.08-ний өдөр нийт 3,000,000 гурван сая/ төгрөгийн шатахууны талон өгсөн.

Гэрээний гүйцэтгэлээр тооцоход Жинхэнэ зам ХХК нь манай компанид нийт 62.420,000 /жаран хоёр сая дөрвөн зуун хорин мянга/-н төгрөг төлөхөөс нийт 43,000,000 /дөчин гурван сая/ төгрөгийг төлж одоо 19,420,000 /арван есөн сая дөрвөн зуун хорин мянга/-н төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. Мөн гэрээний 7.4-д “захиалагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг төлнө" гэж заасны дагуу 2014.07.02-ний өдрөөс 2016.05.23-ний өдрийг хүртэл бодоход нийт 40,257,660 /дөчин сая хоёр зуун тавин долоон мянга зургаан зуун жар/-н төгрөг болж байна. “Жинхэнэ зам” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс болж манай компаний хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд “Жинхэнэ зам” ХХК-иас ажил гүйцэтгэсэний төлбөрийн үлдэгдэл болох 19,420,000 /арван есөн сая дөрвөя зуун хорин мянга/-н төгрөгийг гэрээний 7.4-р зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдагдал болох 40,257,660 /дөчин сая хоёр зуун тавин долоон мянга зургаан зуун жар/-н төгрөгөөс Монгол Улсын Иргэний 232-р зүйлийн 232.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алдангийг 9,710,000 /есөн сая долоон зуун арван мянга/-н төгрөг болгон багасгаж нийт 29,130,000 /хорин есөн сая нэг зуун гучин мянга/-н төгрөгийг “Жинхэнэ зам” ХХК-с гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-ийн захирал О.Цэвэлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус "Жинхэнэ зам" ХХК нь "Нэйшнл Девелопер" ХХК-тай 2014.06.27-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан хамтран ажилласан бөгөөд гэрээний дагуу 62.420.000 төгрөгийн төлбөр төлөхөөс 43.000.000 төгрөгийг төлж, 19.420.000 төгрөгийн үлдэгдэлийг төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн болно.

2014 онд манай компани Дорнод аймгийн зам барилгын ажлын зэрэгцээ Эдийн засгийн хөгжлийн яамны Тусламж төслийн хүрээнд Баянзүрх дүүрэг, Монелийн уулзварыг өргөтгөн шинэчлэх замын ажлын тодорхой хэсгийг хийж бараа материалын зардалд Дорнод аймгаас орсон санхүүжилтийг зарцуулж техникийн шаардлага, стандартын дагуу хүлээлгэн өгсөн боловч гүйцэтгэлийн 164.546.796 төгрөгийг улсаас авч чадахгүй 3 дах жилдээ явж байна.

Нэхэмжлэгч байгууллагад дээрх учир байдлаа тайлбарлан алдангийн төлбөрөөс хөнгөлж улмаар эвлэрэх хүсэлт тавьсан ба нэхэмжилж байгаа 29.130.000 төгрөгөөс үндсэн төлбөр болох 19.420.000 төгрөгийг нэхэмжилж байгаагаас нийт алдангаас 50%-ийн алдангийн хамт 1 сарын хугацаанд төлж, улмаар эвлэрэх хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэв эвлэрлийн хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурьдагдсан төлбөрийг нийт алдангийн хамт төлж барагдуулах болно. Та бүгд манай компанид учраад байгаа давагдашгүй хүчин зүйл болох Төрийн байгууллагын санхүүжилтын байдлыг харгалзан үзэж хэргийг эвлэрлийн журмаар хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү. Бид эвлэрлийн гэрээний хугацаанд бололцоотой бүхий л арга хэмжээг авч төлбөрийг барагдуулах болно гэжээ.

 

Нэхэмжлэгч “Нэйшнл девелопер” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-ийн захирал О.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 29 130 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулах саналыг гаргаж, манай зүгээс хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-ийн захирал О.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэйшнл девелопер” ХХК-ийн нэхэмжилж буй 29 130 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Нэйшнл девелопер” ХХК нь хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

“Жинхэнэ зам” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Нэйшнл девелопер” ХХК-тай НД14/Г-75 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-ийн захирал О.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 29 130 000 төгрөгийг маргаангүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь 29 130 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцсон болохыг дурдав.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргах улсын тэмдэгтийн хураамж 150 000 төгрөг авахаар тохиролцсон болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. “Нэйшнл девелопер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Жинхэнэ зам” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 130 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Хариуцагч нь 29 130 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны дотор төлөхөөр зохигч харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар “Жинхэнэ зам” ХХК-иас 150 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 153 600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ