| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1359/Э |
| Дугаар | 1710 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч А.Ариунаа,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эт холбогдох 1906 04097 1679 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдөр
төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, саперчин мэргэжилтэй, эрхэлсэн
тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын 11 дүгээр баг, Хайрханы 1 дүгээр гудумжны 61 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны карьерийн 4 дүгээр гудамжны 336 тоот хажуу талын хашаа түрээсэлж түр оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн Э /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 5 дугаар гудамжны 428-б тоот гэртээ эхнэр Э.Эрхэмсайханыг бусадтай хардан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, газарт унаган чирж, мөн нуруун тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эрхэмсайханы өгсөн: “Би Э гэх хүнтэй 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд хууль ёсны эхнэр нөхөр юм. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд хоёр хүүхэд маань Багануур дүүрэгт манай ээж, аав хоёр хардаг юм. Миний нөхөр Э нь Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зэвсэгт хүчнийн 123 дугаар анид ажилладаг байж байгаад 2018 оны 12 дугаар сард ажлаасаа халагдсан. Ажилладаг байхдаа архи уудаг байсан. Ажлаасаа гарснаас болж сэтгэл санаагаар унаад ч юмуу бүр их уух болсон. Нөхөр бид хоёр 2019 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод орж ирээд нийтийн байранд амьдарч байгаа. Би Төмөр замд ажилд орсон байгаа. Манай нөхөр урд өмнө архи уусан үедээ хэрүүл маргаан хийдэг байсан бөгөөд ганц нэг удаа гар хүрдэг байсан. Эрүүлдээ ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийж надад гар хүрдэггүй. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад миний утсанд гаднаас дуудлага ирснээс болж намайг бусадтай хардснаас болж маргалдаад би гараад явсан. Би Замын-Үүд рүү яваад 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирээд гэртээ ирэхэд нөхөр архи уусан байсан. Надад хандаж хардаад “чам руу яахаараа эрэгтэй хүн залгадаг юм” гээд “гичии янхан” гэх мэтээр харааж “чи яв” гэж хөөгөөд байхаар нь би хувцсаа аваад гарах гэтэл гарнаас бариад арагш татаж нүүрэн хэсэгт гараар маш олон удаа цохисон. Миний хамраас цус гараад байхаар нь би өрөөнөөс гараад зугтах гэтэл араас гарч ирээд цамцны захнаас татаж унагаад коридороор чирээд нуруу луу цохиод байсан. Энэ үед байрны жижүүр ах гарч ирээд салгаж цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирж Эыг аваад явсан. Миний гар утсанд гаднаас дуудлага ирсэнээс болж маргалдсан байсан. Намайг бусадтай хий хардаад цохиж зодсон. Манай ажлын нэг залуу над руу залгаад “чи амарч байгаа юм уу” гэхээр нь “би амарч байна, Улаанбаатар хотод байна” гэж хэлтэл “чи амралтын өдрөөр Багануурт ирэх юм уу” уулзья гэж хэлсэн юм. Би “яах гэж байгаа юм” гэхэд” худлаа худлаа, чи надад Жаргалын дугаарыг өгөөч” гэж хэлсэн. Энэ яриаг манай нөхөр хамт байж байгаад сонссон юм. Би тэр урд хамт ажилладаг байсан залуутай өмнө өдөр нь таараад дугаараа өгсөн байсан юм. Бид хоёр урд өмнө хэрүүл маргаан хийдэг байсан. Манай нөхөр архи уусан үедээ нэг хоёр удаа гар хүрч байсан. Би Ховд аймагт байхдаа нэг удаа цагдаад дуудлага өгч байсан боловч цагдаа нар ирээгүй өнгөрсөн. Өөрөөр цагдаад хандаж байгаагүй бөгөөд эмнэлэгийн тусламж авахаар цохин зодож байгаагүй. Би Ховд аймагт байхдаа нэг удаа цагдаад дуудлага өгснийг маань дараа нь архи уучихаад “чи цагдаа дуудаад өгөхгүй юу” гээд байсан... Ганц хоёр удаа л гар хүрч цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9, 71-72/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.10/,
Натур эмнэлгийн толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх.13/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх.34/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн 8217 дугаартай:
“1. Э.Эрхэмсайханы биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд язарсан шарх, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Наранцэцэгийн өгсөн: “... Миний мэдэхийн тэр хоёр зүгээр л сайхан харилцаатай байдаг. Э ч гэсэн манайхаар байнга орж гарч байдаг...” гэх мэдүүлэг /хх.73/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буянжаргалын өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын өдөр Эрхэмсайхан над руу залгасан бөгөөд цагдаа нар ирсэн байна гэж хэлсэн. Намайг явж очиход Эрхэмсайханы нэг нүд нь хавдсан, цагдаад мэдүүлэг өгч байсан... Урд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Би дүгнэлттэй танилцсан. Би уг гэмтлийг эхнэр Э.Эрхэмсайханы биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... Би ганцаараа 0.75 граммын архи уусан байсан. Би болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Эхнэр Эрхэмсайхан гаднаас орж ирж байсан бөгөөд нэг мэдэхэд би эхнэрээ зодоод цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байр луу аваад явж байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх.32-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 5 дугаар гудамжны 428-б тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хаилцаатай хүн болох эхнэр Э.Эрхэмсайханыг бусадтай хардан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, газарт унаган чирж, мөн нуруун тус газар цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эрхэмсайханы өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад миний утсанд гаднаас дуудлага ирснээс болж намайг бусадтай хардснаас болж маргалдаад би гараад явсан. Би Замын-Үүд рүү яваад 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирээд гэртээ ирэхэд нөхөр архи уусан байсан. Надад хандаж хардаад “чам руу яахаараа эрэгтэй хүн залгадаг юм” гээд “гичии янхан” гэх мэтээр харааж “чи яв” гэж хөөгөөд байхаар нь би хувцсаа аваад гарах гэтэл гарнаас бариад арагш татаж нүүрэн хэсэгт гараар маш олон удаа цохисон. Миний хамраас цус гараад байхаар нь би өрөөнөөс гараад зугтах гэтэл араас гарч ирээд цамцны захнаас татаж унагаад коридороор чирээд нуруу луу цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.10/,
Натур эмнэлгийн толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх.13/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн 8217 дугаартай:
“1. Э.Эрхэмсайханы биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд язарсан шарх, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буянжаргалын өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын өдөр Эрхэмсайхан над руу залгасан бөгөөд цагдаа нар ирсэн байна гэж хэлсэн. Намайг явж очиход Эрхэмсайханы нэг нүд нь хавдсан, цагдаад мэдүүлэг өгч байсан...” гэх мэдүүлэг /хх.75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Би уг гэмтлийг энхэр Э.Эрхэмсайханы биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.32-36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Э.Эрхэмсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Эыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Б.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Э.Эрхэмсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Эт оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Бийн Эыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Эт оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эт сануулсугай.
5. Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Эрхэмсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР