Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1711

 

                        

 

 

 

 

 

 

 2019          11           07                                   2019/ШЦТ/1690

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

          Улсын яллагч Н.Гэрэлмаа,

          Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Ат холбогдох 1906 06135 2460 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, “Файр булл” ресторанд тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 42 дугаар гудамжны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 98 дугаар байрны 51 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Цгийн А /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Ц.А нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин шахлаа гэх шалтгааны улмаас Б.Буянтогтохтой маргалдаж, түүний хоолойг хүрмээр нь боох, нүүр, цээжинд цохих зэргээр биед нь халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Буянтогтохын өгсөн: “... 2019 оны 10 сарын 09-ний шөнө 00 цагийн орчим ... Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хард рок барилгын урд автобусны буудал дээр зогсож байгаад хөдөлсөн юм... манай найз хурдаа сааруулж маш удаан явж байтал нөгөө машин шууд урд дарж зогсоод саарал жинсэн хүрэм, жинсэн өмд, цагаан өнгийн пүүзтэй, хар саравчтай малгайтай эрэгтэй хүн гартаа өмдний тэлээ ороосон байдалтай бууж ирээд, жолооч талаар ирсэн. Тэр хүн гартаа ороосон тэлээгээр машины цонх хүчтэй цохиод байхаар нь манай найз цонхоо буулгатал тэр хүн манай найзыг заамдаад авсан. Би машинаас буугаад гар утсаа гаргаад бичлэг хийж эхэлсэн. Тэр хүн шууд над руу хүрч ирээд миний эрүү хэсэгт цохиод миний гар утсыг гараас булааж аваад халаасандаа хийсэн бөгөөд миний хоолой хэсгээс боож орилоод байсан... миний гар утсыг халаасандаа хийсэн чигээрээ цааш зугтсан. Би араас нь хөөгөөд цамцны ар хэсгээс нь барьж автал эргэж хараад миний хэвлий хэсэгт нэг удаа цохиж ахин цааш зугтсан. Тэр саарал хүрэмтэй хүн манай найзыг цохих гээд байхаар нь би тэр хүнийг дарж доороо хийсэн байхад миний бөөр хэсэгт тохойгоороо маш хүчтэй 2 удаа цохисон... мөн миний гар утсыг хагалсан байна, мөн фудболканы суга урагдсан байна, энэ бүгдийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтангэрэлийн өгсөн: “... приус-30 машинтай жолооч зам дээр огцом шахсанаас болоод маргаан болж А приус-30 машинтай 2 залуутай маргалдан зууралдаад байсан. Би салгасан... би хэн нэгнийг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх.9-11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Батын өгсөн: “... махлаг залуу /А/ Буянтогтохыг нэг удаа алгадаад хоолойг нь боосон тэгэхээр нь би очоод салгах гэтэл жижигхэн нуруутай /Алтангэрэл/ залуу нь намайг хориод явуулахгүй байсан... махлаг залуу нь зугтааж гүйх гээд байхаар нь Буянтогтох цагдаа иртэл явуулахгүй гээд хоргоож байтал тэр залуу цээж рүү нь хэд хэдэн удаа хүчтэй цохиод зам хөндлөн гараад зугтаасан чинь манай найз араас нь хөөсөн...” гэх мэдүүлэг /хх.15-17/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12342 дугаартай:

          “1. Б.Буянтогтохын биед хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, гэмтлийн дараах төвөнх, залгиур орчмын үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийг гэмтэл болно.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.32/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Аын яллагдагчаар өгсөн: “... машины урдаас үл таних эрэгтэй хүнтэй бууж ирээд бид хоорондоо муудалцан барьцалдаж авсан... би жижиг биетэй залуутай зууралцаж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх.45-46/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Ц.А нь 2019 оны 10 дугаар сарын 9-ний орой Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машин шахлаа” гэх шалтгааны улмаас Б.Буянтогтохтой маргалдаж, түүний хоолойг хүрмээр нь боох, нүүр, цээжинд цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Буянтогтохын өгсөн: “... Тэр хүн шууд над руу хүрч ирээд миний эрүү хэсэгт цохиод миний гар утсыг гараас булааж аваад халаасандаа хийсэн бөгөөд миний хоолой хэсгээс боож орилоод байсан... миний гар утсыг халаасандаа хийсэн чигээрээ цааш зугтсан. Би араас нь хөөгөөд цамцны ар хэсгээс нь барьж автал эргэж хараад миний хэвлий хэсэгт нэг удаа цохиж ахин цааш зугтсан. Тэр саарал хүрэмтэй хүн манай найзыг цохих гээд байхаар нь би тэр хүнийг дарж доороо хийсэн байхад миний бөөр хэсэгт тохойгоороо маш хүчтэй 2 удаа цохисон... мөн миний гар утсыг хагалсан байна, мөн фудболканы суга урагдсан байна, энэ бүгдийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтангэрэлийн өгсөн: “... приус-30 машинтай жолооч зам дээр огцом шахсанаас болоод маргаан болж А приус-30 машинтай 2 залуутай маргалдан зууралдаад байсан. Би салгасан...” гэх мэдүүлэг /хх.9-11/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Батын өгсөн: “... махлаг залуу /А/ Буянтогтохыг нэг удаа алгадаад хоолойг нь боосон, тэгэхээр нь би очоод салгах гэтэл жижигхэн нуруутай /Алтангэрэл/ залуу нь намайг хориод явуулахгүй байсан... махлаг залуу нь зугтааж гүйх гээд байхаар нь Буянтогтох цагдаа иртэл явуулахгүй гээд хоргоож байтал тэр залуу цээж рүү нь хэд хэдэн удаа хүчтэй цохиод зам хөндлөн гараад зугтаасан чинь манай найз араас нь хөөсөн...” гэх мэдүүлэг /хх.15-17/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12342 дугаартай:

          “1. Б.Буянтогтохын биед хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, гэмтлийн дараах төвөнх, залгиур орчмын үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийг гэмтэл болно.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.32/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Аын яллагдагчаар өгсөн: “... машины урдаас үл таних эрэгтэй хүнтэй бууж ирээд бид хоорондоо муудалцан барьцалдаж авсан... би жижиг биетэй залуутай зууралцаж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх.45-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Ц.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Буянтогтох нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Ц.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Б.Буянтогтох нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгэдгч Ц.Аыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Ц.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ц.Ат оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Ц.Ат нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Т овогт Цгийн Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.Ат оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Ат сануулсугай.

          5. Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Буянтогтох нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР