Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1830

 

 

                        

 

 

 

 

  2019         12         04                                       2019/ШЦТ/1830

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ат холбогдох 1906 00290 2568 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 7 дугаар гудамжны 143 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, У овогт Тгийн А /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.А нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн ангийн задгайн 241 тоотод иргэн Э.Ганзоригийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ганзоригийн өгсөн: “... Унтаж байхад А намайг сэрээсэн, “хувцсаа тайл мөнгөө гаргаад ир” гэж намайг цохиод байсан. Хамарнаас цус гарахаар нь би угаасан. Намайг зодож байгаад гарч явсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхзулын өгсөн: “... Ганзориг би өвдөөд байна, А намайг зодож бие өвдөөд байна” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эрдэнэгомбын өгсөн: “... Насаагийн хамт гараад гэр лүүгээ очсон. Гэртээ хэвтэж байгаад ээжийн гэр лүү 17 цагийн үед очиход Ганзориг орон дээр унтаж байсан. Ээж “А орж ирээд Ганзоригийг зодчихоод яваад өгсөн” гэсэн... А Ганзоригийг  хавсарч унагаад байсан, тухайн үед харанхуй байсан учир сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх.21/,

Шүүхийн Шинжэлгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 790 дугаартай:                                                                                                                     

“1. Э.Ганзоригийн биед духны гол, духны баруун тал, дээд уруулын голд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи дотор булан хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтинго алдалтад нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аийн яллагдагчаар өгсөн: “... би Э.Ганзоригийн биед гэмтэл учруулсан. Гараараа 3 удаа нүүр рүү нь цохиж, цээж рүү нь 2 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.А нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн ангийн задгайн 241 тоотод иргэн Э.Ганзоригийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ганзоригийн өгсөн: “... Унтаж байхад А намайг сэрээсэн, “хувцсаа тайл, мөнгөө гаргаад ир” гэж намайг цохиод байсан. Хамарнаас цус гарахаар нь би угаасан. Намайг зодож  байгаад гарч  явсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхзулын өгсөн: “...Ганзориг би өвдөөд байна А  намайг зодоод бие өвдөөд байна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх.19/

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эрдэнэгомбын өгсөн: “... Ээж “А орж ирээд Ганзоригииг зодчихоод яваад өгсөн” гэсэн... А Ганзоригииг  хавсарч унагаад байсан...” гэх мэдүүлэг /хх.21/

Шүүхийн Шинжэлгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 790 дугаартай:                                                                                                                     

“1. Э.Ганзоригийн биед духны гол, духны баруун тал, дээд уруулын голд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи дотор булан хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчэллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аийн яллагдагчаар өгсөн: “... би Э.Ганзоригийн биед гэмтэл учруулсан. Гараараа 3 удаа нүүр лүү нь цохиж, цээж рүү нь 2 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.63/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.Аийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Э.Ганзориг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Т.Аийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Т.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Ат оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Т.А нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс цагдан хорьсон 13 хоногийг 104 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас нь хасч, Т.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг цагдан хорих байраас нэн даруй суллах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. У овогт Тгийн Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Т.Ат оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Т.Аийн урьд нь цагдан хорьсон 13 хоногийг 104 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас нь хассугай.

5. Т.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг цагдан хорих байраас нэн даруй сулласугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР