| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1805/Э |
| Дугаар | 1831 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 1831
2019 12 04 2019/ШЦТ/1831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Билгүүн /ҮД:2568/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох 1906 04078 1979 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Нарантуул зах дээр ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг, Марзат хайрханы 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17 дугаар гудамжны 373-2 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Мын Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Цэргийн хотхоны нийтийн байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Чимэддуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн,
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын нийтийн байрны 10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Чимэддуламыг зодсон зөрчил үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 167 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шийтгэл оногдуулсан,
2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 17 дугаар гудамжны 373-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Чимэддуламыг зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн Б.Чимэддуламыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Чимэддуламын: “... 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороонд нийтийн байрандаа байхад нөхрийн найз Дашзэвэг нь ирж тэр хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд нөхөр тасраад унтаад өгсөн ба удалгүй сэрж хүнээс мөнгө авч архи уух гээд надаас миний ХААН банкны виза карт нэхээд байсан ба өгөхгүй гэхэд зүүн талын шилбэ рүү 2 удаа өшиглөөд гараад явсан... Миний биед учирсан гэмтэл байхгүй... 2017 онд намайг архи уугаад хэрүүл хийж зодож байсан. Миний биед гэмтэл учраагүй. Гэхдээ Зөрчлийн тухай хуулиар 14 хоногийн баривчилгаа авч байсан. 2019 оны 01 сард мөн архи уун зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл хэсгээр Баянзүрх дүүргийн шүүхээс 500.000 төгрөгийн ялын арга хэмжээ авахуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх.32-34/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 167 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.19/,
Хохирогчийн аюулын зэргийн “2 буюу бага” гэсэн үнэлгээ /хх.37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд ханГттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
“М.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Цэргийн хотхоны нийтийн байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Чимэддуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн,
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын нийтийн байрны 10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Чимэддуламыг зодсон зөрчил үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 167 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 -д зааснаар шийтгэл оногдуулсан,
2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 17 дугаар гудамжны 373-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Чимэддуламыг зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн Б.Чимэддуламыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ. Учир нь:
2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Цэргийн хотхоны нийтийн байрны 7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Чимэддуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байх бөгөөд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх боловч мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан байхад прокуророос М.Бгийн урьд нь ял шийтгэгдсэн дээрх гэмт хэргийг энэ удаагийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Тэгээд ч Цагдаагийн зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хх.28-30/-с үзэхэд М.Б нь 2017-2018 онд нийт 4 удаа эрүүлжүүлэгдсэн байх бөгөөд үүнээс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус архидан согтуурч, гэртээ агсам тавьж, эхнэрээ зодсон гэж эрүүлжүүлэгдсэн байх боловч тэдгээр зөрчлийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байна.
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Чимэддуламыг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөний улмаас М.Бд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийтгэврээр зөрчлийн шийтгэл оногдуулжээ.
Улмаар М.Бгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Б.Чимэддуламыг байнга зодсон гэх нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж үзэхгүй юм.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.
М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.9 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох 1906 04078 1979 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.
2. М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР