Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ХШТ/18

 

Х.Б-т холбогдох 

                                                            эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                      

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2006 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1303 дугаар магадлалтай, Х.Б-т холбогдох 2409025502378 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогт Б.

Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ... гэх нэршилтэй “...” кредит банк бус санхүүгийн байгууллагын байранд ... хэсэг, ... ширхэг, ... ширхэг, ... ширхэг зэргийг ..., ... олдворыг төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр тус тус хууль бусаар эзэмшиж, өөрийн хөрөнгийн адил захиран зарцуулах боломжийг бий болгож соёлын биет өвийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Х.Б-ыг Соёлын биет өвийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан энэ хэрэгт хураагдсан ... ширхэг, .... ширхэг, ... ширхэг зэргийг улсын орлого болгон, зохих байгууллага болох Соёлын өвийн үндэсний төвд, ... ширхгийг улсын орлого болгон, Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнд тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн хууль, хэрэглээг цаашид хэрхэн ойлгох тухай хоёр шатны шүүхэд тайлбарласан бөгөөд энэ хүрээнд хяналтын журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн объектив талыг “гэмт этгээд нь соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүй, хяналтад оруулахгүй, өөрийн эзэмшил, өмчлөл мэтээр олон нийтэд ойлгуулж, өөрт ашигтай хэлбэрээр, дур зоргоороо түгээн сурталчлах, ашиглах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно” гэж дүгнэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин давж заалдах шатны шүүх энэ талаар магадлалын 12 дахь талд “Аливаа олдворыг Соёлын өвийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд соёлын өвийг эзэмшсэн, ашигласан, өмчилсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.” гэж тайлбарлажээ. Өмгөөлөгчийн зүгээс хоёр шатны шүүхийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжийг соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн идэвхтэй үйлдэл байх ба завшиж үрэгдүүлснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, бусдын итгэмжлэн хариуцуулсан соёлын биет өвийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангана гэж үзэж байна. Иймээс хоёр шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр буюу шүүгдэгчийн үйлдэлд нийцүүлэх байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Нөгөөтээгүүр, Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах норматив болон системчилсэн арга зүйг харвал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэсэн “эрх бүхий байгууллагууд бүртгүүлэхгүй, хяналтад оруулахгүй, өөрийн өмч мэт олон нийтэд ойлгуулах, өөрт ашигтай хэлбэрээр, дур зоргоор түгээн сурталчлах, захиран зарцуулах” гэх объектив талын шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд хуульчлагдсан гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх нь хууль тогтоогчийн хүсэл зоригоос гадуур буюу хууль хэрэглээг хэт өргөжүүлсэн, улмаар олон нийтийг гэмт хэрэгтэн болгох сөрөг үр дагаварт хүрэх аюултай нөхцөл байдалд хүргэсэн. Жишээлбэл, өмчлөгч, эзэмшигч нь соёлын биет өвийг өөртөө хадгалж болох эсэх асуудал хөндөгдөж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд иргэн, хуулийн этгээд өөрийн өмчилж, эзэмшиж байгаа соёлын өвийг бүртгүүлж болно.” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ.” гэж тус тус заасан. Түүнчлэн мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 50 дугаар зүйлийн 50.1, 50.3, 52 дугаар зүйлийн 52.9, 53 дугаар зүйлийн 53.2 зэрэг зохицуулалтуудаас үзвэл соёлын өвийг иргэн хүн өмчилж, эзэмшиж, захиран зарцуулж, бэлэглэж буюу өөр хоорондоо ямарваа нэгэн байдлаар шилжүүлж болохоор хуульчлагджээ. Харин бүртгэлтэй холбоотой асуудал нь сайн дурын үндсэн дээр явагдахаар байна. Монгол Улсын Үндсэн хуулиар нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хувийн өмчийн аливаа хэлбэрийг хуулиар хамгаалдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж заасныг прокурор болон хоёр шатны шүүх “соёлын биет өв нь зөвхөн төрийн өмчлөлд бодит байдлаараа тогтмол байна” гэх агуулгаар тайлбарласан. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг Соёлын биет өвийг хамгаалах тухай хуулиар бүрэн зөвшөөрөгдсөн харилцаа гэж үзэж байна. Хоёрдугаарт, энэ гэмт хэргийн объект нь юу болох талаарх асуудлыг 2 шатны шүүх тайлбарлаагүй. Өмгөөлөгчийн зүгээс тус гэмт хэргийн объектыг Соёлын өвийг хамгаалах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам гэж ойлгож байна. Прокуророос шүүгдэгчийг “соёлын өвийг төрийн өмч гэдгийг мэдсээр байж төрд бүртгүүлээгүй, төрд хүлээлгэж өгөөгүй” гэх агуулгаар буруутгасан. Гэвч Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзвэл “соёлын өвийг бүртгүүлж болно” буюу бүртгэлийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэхээр ойлгогдож байна. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Соёлын өвийг бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, мэдээллийг ашиглах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг бүртгэх журмыг Монгол банкны Ерөнхийлөгч, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж заасан боловч өнөөдрийн байдлаар Монгол Улсад Соёлын сайдаас соёлын биет өвийг бүртгэх, ашиглах журмыг батлаагүй, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд энэ төрлийн журам байхгүй байна. Иймээс Соёлын өвийг хамгаалах тухай хууль, эсхүл холбогдох журмын алинд халдаж, зөрчсөн эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Гуравдугаарт, өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх ёстой. Гэтэл шүүгдэгчид хадгалагдсан зүйлс нь 2005, 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл өв дамжин ирсэн, ардын эрхийн байранд байрлах уран зураг хадгалах агуулахад өрж тавьсан зүйлүүд байсан. Эдгээрийг олон нийтэд танилцуулсан, захиран зарцуулсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн гэмт сэдэл, санаа, зорилго бүрэлдээгүй. Мөн итгэмжлэн хариуцуулсан соёлын биет өвийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа хэрхэн урвуулан ашигласан талаар хоёр шатны шүүх дүгнээгүй. Нийгмийн харилцааны хүрээнд одоог хүртэл соёлын биет өв буюу чулуужсан мод, хадны чулуу, үнсэн самбар зэрэг нь Монгол орны өнцөг, булан бүрээс олддог болохыг тусгай мэдлэг бүхий шинжээчид дүгнэлтдээ дурдсан. Түүнчлэн тухайн зүйлсийг олон хэлбэрээр худалдаалдаг, бэлэг болгон бусдад шилжүүлдэг, өвлүүлэн үлдээдэг. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдвэл олон эртний эдлэл цуглуулагчид, өв тээгчид эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... өмгөөлөгч Ш.Алтангадастай санал нэг байна. Улсын дээд шүүх тус хэргийг эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хянан хэлэлцэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй холбоотой хэрэг маргаан Монгол Улсын дээд шүүхээр урьд нь хянан шийдвэрлэгдээгүй. Иймээс нь “Соёлын өвийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг нь эрх зүйн шинэ ойлголтод хамаарах бөгөөд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Соёлын өвийг өв залгамжлалын замаар, эсхүл хууль ёсны гэрээ, хэлцлийн дагуу эзэмшиж буй иргэн, соёлын өвийг эрэн хайх, худалдан борлуулах зорилготой этгээд, эсхүл тусгай мэдлэг бүхий археологич, палеонтологич хүмүүс олж илрүүлсэн зүйлүүдээ завших үйлдэл зэрэг нөхцөл байдалд хэргийг ялган зүйлчлэх асуудал нэн тэргүүнд яригдах учиртай. Эс тэгвээс анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн шиг соёлын өвийг эзэмшиж байгаа иргэн бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгааг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Нэгдүгээрт, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ алдаа гаргасан, тус алдааг зөвтгөн шийдвэрлэх шаардлагатай. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ асуудлыг ойлгохгүй, 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн үеэс өмнөх цаг хугацаанд соёлын өвийг эзэмшиж байсан болон одоо эзэмшиж, ашиглаж өмчилж байгааг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхгүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Х.Б-ыг тухайн эд зүйлийг хамгийн анх олж авсан цаг үеэсээ гэмт хэрэг үйлдэж байсан, түүний үйлдэл таслан зогсоогдсон үеэс гэмт хэрэг төгссөн гэж үзсэн. Гэтэл 2005 оноос 2017 оныг хүртэл дээрх үйлдэл нь ердийн үйлдэл байсан. Улсын дээд шүүх энэ асуудалд дүгнэлт хийж өгнө үү. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатад өмгөөлөгчдийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаж байгаа бол гэмт хэрэг хэзээ үйлдэгдэж эхэлсэн болохыг тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэвч прокурор болон шүүхийн зүгээс энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Цаашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хянан шалгавал гэмт хэрэг хэзээ үйлдэгдэж эхэлсэн болохыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Иймээс хяналтын шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж өгнө үү. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлд заасан “Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил төсөөтэй байна. Хоёр шатны шүүх хуулийн төсөөтэй байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Соёлын өвийн тухай хуульд зааснаар аливаа иргэн соёлын өвийг эзэмших эрхтэй, соёлын өвийг эзэмшиж буй тохиолдолд хуулийн дагуу зохих төрийн байгууллагад тодорхой хугацаанд бүртгүүлэх үүрэгтэй. Хэрэв бүртгүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх үү, эсхүл Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээх үү гэдэг асуудал үүсэж байна. Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар аливаа иргэн соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй бол 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулахаар байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “Х.Б өөрийн эзэмшилд байх соёлын өвийг бүртгүүлээгүй нь гэмт хэрэг” хэмээн дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна. Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив тал нь соёлын өвийг завшсан байх ерөнхий нөхцөлтэй. Завших үйлдлийн эрх зүйн ойлголт нь бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан үйлдэл байдаг. Х.Б нь хэн нэгнээс тухайн эд зүйлийг итгэмжлэн хариуцаж аваагүй, харин өв залгамжлал, хууль ёсны гэрээ, хэлцлийн дагуу эзэмшиж байсан. Х.Б-ын буруутай үйлдэл нь 2015 оноос хэрэгжсэн Соёлын өвийн тухай хуульд зааснаар өөрийн эзэмшилд байх соёлын өвийг бүртгүүлээгүй үйлдэл юм. Түүний энэ үйлдэлд зөрчлийн арга хэмжээ авах боломжтой. Гэтэл хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талыг өөрийн үзэмжээр, таамаглалд үндэслэж, хуульд заагаагүй шинжээр тайлбарласныг хуулийг алдаатай хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлийн хүрээнд хэргийг үнэн зөв хянан шийдэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг хяналтын шатны шүүхээр анх удаа хэлэлцэгдэж байх тул эрх зүйн ач холбогдол бүхий хууль хэрэглээний практик тогтоосон шийдвэр гарах байх гэж хүлээж байна. Энэ ч утгаараа прокурорын хувьд соёлын өвийн талаар зохих хэмжээнд судалж үзлээ. Прокурорын зүгээс шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээ буюу гэмт хэрэг, зөрчлийн талаар гэх 2 үндэслэлээр дүгнэлтээ тайлбарлая. Соёлын өвтэй холбоотой харилцаа нь тухайн үндэстний түүх, соёл, түүхэн цаг хугацаа, орон зайг илтгэсэн үнэ цэнтэй, онцгой объекттой холбоотой асуудал тул иргэн хоорондын өмчийн харилцааны асуудал шиг шийдвэрлэх боломжгүй. Монгол улс нь соёлын өвтэй холбоотой Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай конвенц, 1970 оны ЮНЕСКО-гийн конвенц, Дэлхийн өвийн конвенц, Биет бус соёлын өвийн конвенц, Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах конвенцуудад тус тус нэгдэн орсон. Эдгээр конвенцууд нь тухайн улсын түүх соёлын хосгүй үнэт зүйл болох өвийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой. Тэгвэл манай улс 2015 оны Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт “Соёлын өвийн эсрэг” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд энэ хуулийн агуулга, үзэл баримтлалд “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” 1970 оны ЮНЕСКО-гийн конвенцын үзэл баримтлал бүхэлдээ тусгалаа олсон байдаг. Тэгвэл 2014 онд батлагдсан “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч байна” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ” гэж тус тус заасан атал шүүгдэгч Х.Б нь зохих байгууллага буюу төрийн өмчид байх ёстой соёлын биет хөдлөх өвийг өөрийн эзэмшилд байлгаснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийг завших гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хэдийгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “уг эд зүйлийг соёлын биет өв гэдгийг мэдээгүй” гэж тайлбарладаг боловч тухайн эд зүйлийн шинж тэмдэг, бичээс, тамга, дүрслэл, хуучирсан хийц зэргийг харгалзан үзвэл, уран зураг сонирхон цуглуулж, арилжаалдаг Х.Б нь уг эд зүйлийн соёл, түүхийн үнэ цэнийг танин мэдэх бодит боломж бүрэн байсан үйл баримт тогтоогдсон. Энэхүү гэмт хэргийн шинжийг тогтоохдоо шүүгдэгч уг эд зүйлийг соёлын биет өв гэдгийг мэдэж байсан, эсхүл мэдэх бодит боломжтой байсан эсэхийг нотлох нь чухал бөгөөд үүнд шүүгдэгчийн хувийн байдал, мэдлэг, туршлага нь онцгой ач холбогдолтой. Шүүгдэгч Х.Б нь уран зураг болон энэ чиглэлээр сонирхдог, цуглуулга, арилжаа эрхэлдэг этгээд болохын хувьд өөрийн эзэмшилд байсан зүйлсийг соёлын өв болохыг мэдэж байсан бөгөөд түүнээс хураан авсан зүйлс нь соёлын өвийн талаар ямар нэгэн ойлголтгүй энгийн иргэний гэрээс олдсон эд зүйл биш юм. Түүнчлэн шүүгдэгч нь соёлын биет өвийг олдвор хэлбэрээр олсон, худалдан авсан, өвлөсөн, эсхүл санамсаргүй байдлаар эзэмшсэн аль ч тохиолдолд хуулиар тогтоосон журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх, бүртгүүлэх, шилжүүлэх үүрэгтэй. Нөгөөтээгүүр, уг гэмт хэргийн халдлагын зүйл нь түүх, соёлын дурсгалын хосгүй, онцгой, нөхөж баршгүй үнэ цэнтэй объект байдаг тул түүнийг төрөөс онцгойлон хамгаалахаар хуульчилсан учраас өмчийн эсрэг гэмт хэргийн завших шинжээр тайлбарлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь соёлын биет өв гэдгийг мэдсээр байж, хууль бусаар өөрийн мэдэлд байлгаж, эзэмшиж байснаараа дээрх гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд энэ талаар дүгнэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, хяналтын шатны шүүх хуралдаанаас хууль хэрэглээний ойлголт нэг мөр тогтох тул зөрчил, гэмт хэргийн ялгааг тодорхойлох нь зүйтэй. Учир нь, Зөрчлийн тухай хуульд соёлын өвийг нээж, илрүүлсний дараа зохих байгууллагад бүртгүүлээгүй үйлдэл зөрчилд тооцогдохоор хуульчлагджээ. Зөрчлийн дээрх шинжийг зөрчилд холбогдогч нь соёлын биет өвийг мэдсэн эсэхээс үл шалтгаалан сэжүүр, таамаг байсан тохиолдолд өөрийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас зохих байгууллагад бүртгүүлээгүй байхыг ойлгохоор хуульчилсан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь соёлын биет өв гэдгийг мэдсээр байж, нуун далдалж, санаатайгаар төрд шилжүүлэхгүй, өөрийн эзэмшилд байлгаснаар соёлын өвийг завших гэмт хэрэгт тооцохоор харагдаж байна. Бид зөвхөн шүүгдэгчийн өгсөн “би соёлын өвийг таньж мэдээгүй, мэдэхгүй гэсэн” мэдүүлэгт үндэслэн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваад байвал цаана нь хууль зөрчиж, энэ төрлийн арилжаа хийдэг ченж, эртний эдлэл худалдан авч, зарж, борлуулан ашиг олдог хүмүүсийг өөхшүүлсэн асуудал бий болж, эрүүжүүлэн хуульчилсан хуулийн үзэл баримтлалаасаа ухарсан, эсрэг шийдвэр бий болох юм. Одоогийн байдлаар прокурорын хяналтад энэ төрлийн арилжаа хийдэг этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа тул энэ хуралдаанаас хууль хэрэглээний нэгдмэл ойлголтод хүрч, хууль зүйн дүгнэлт хийсэн шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хэмээн хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд Х.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэргийг анхан, давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хасч хязгаарлах замаар тэдний хууль ёсны эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ... Банк бус санхүүгийн байгууллагын байранд соёлын биет өвд хамаарах ... ширхэг хэсэг, ... ширхэг, ... ширхэг, ... ширхэг зэргийг соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлэлгүйгээр, археологи болон палеонтологийн олдворыг төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшин ашиглаж, өөрийн хөрөнгийн адил захиран зарцуулах боломжийг бий болгож соёлын биет өвийг завшсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээ, хууль зүйн дүгнэлт нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд түүх, соёлын дурсгалт зүйл нь төрийн хамгаалалтанд байна гэж заасан бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “... түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн” гэж тодорхойлсон болно.

 

Гэтэл шүүгдэгч Х.Б нь Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр “... Байгалийн хадны нүүрэн талд урт эвэртэй зогсож буй янгирыг хортонтуулах арга барилаар тойм дүрсэлсэн”,

“... Хадны нүүр талын толигор хэсэг дээрээ хонхойлгох арга барилаар хоёр морьтныг дүрсэлсэн”,

“... хадны толигор хэсэг дээр нэг морьтон болон хоёр янгирыг хонхойлгох арга барилаар загварчлан дүрсэлсэн. Хүрлийн үед (НТӨVIII-VII зуун) холбогдох бүхий хэсгүүд нь соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төрөлд хамаарна”;

“...  хийсний дараа мөнгөн усны амилгам алт шармалаар өнгөлсөн. Товруу чимэглэлүүдийг бүсний таар бөс даавуун хийцлэл дээр хадаж тогтоохдоо цагаан тугалга эсвэл хар тугалганы найрлага өндөртэй зэсийн давтмал хайлшаар арлаж, тавлаж хадсан хийцлэлтэй, чимэглэл нь дээрээ угалзан болон цэцгэн хээний дүрслэлтэй 3 талт болон дөрвөлжин хэлбэртэй товруутай, гурван аралтай байна. Дээрх бүсний товруун чимэглэл, хадгалагдсан байдал, дүрслэл, ур хийц, бусад газраас олддог археологийн олдвортой адил төстэй зэрэгт үндэслэн дундад зууны үед холбогдох боломжтой хэмээн үзэж байна. Соёлын биет өв, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна”;

“... 10 хуудас бүхий модоор хийгдсэн. Нурууг арьсаар бөхөлсөн, тодорхой элэгдэл хоргодол, он цаг зэргийг нь харахад түүх, соёлын дурсгалт зүйл мөн хэмээн үзэж байна. Энэхүү самбар нь ХIХ-ХХ зууны эхэн үед холбогдоно. Соёлын биет өв, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарна”;

Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай хадны зургийн хэсгүүдийг эх төрхийг алдагдуулж унаган газраас нь зориудаар ховхолж авсан байна.

Хадны зургууд нь хүрлийн үед холбогдох хадны зургийн дурсгал бөгөөд байгалийн хад нь дээрээс хурц үзүүртэй багаж ашиглан ховхолж, зөөж тээвэрлэсэн байж болох гэмтлүүд хадны ирмэг хүрээ хэсгүүдэд хагарсан, цуурсан ул мөрнөөс харагдаж байна” /хавтас хэргийн 43-49 дүгээр хуудас/,

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн 24/03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... шинжилгээнд ирүүлсэн 70 см урттай, угаараа 40 см, үзүүр хэсэгт 35 см хөндлөн огтлолттой зүйл нь чулуужсан модны (petrified wood) хэсэг бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1, 6.1.5 зэрэг заалтаар соёлын биет өв, палеонтологийн олдвор мөн болно. Энэхүү олдвор нь гадаад байдал, чулуужилт, цахиуржсан байдал зэргээрээ Юрийн галавын хожуу үед (одоогоос 160-150 орчим сая жилийн өмнө) хамаарах Дорноговь аймгийн нутагт байрлах, улсын хамгаалалтад байдаг Сүйхэнт хэмээх палеонтологийн олдворт газрын чулуужсан модтой ихээхэн төстэй бөгөөд чулуужилт, хадгалалт харьцангуй сайн олдвор байна. Шинжилгээнд ирүүлсэн чулуужсан модыг хаанаас хэрхэн олж авсан талаар тодорхой мэдээлэл олж авах нь нэн чухал. Учир нь чулуужсан мод нь цааш үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд тонуулчид үргэлжилсэн томоохон хэмжээтэй олдвороос таслан авсан байх бүрэн боломжтой.

Энэ олдвор нь шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдолтой дээж болно” /хавтас хэргийн 55-56 дугаар хуудас/ гэж тус тус тодорхойлогдсон түүх, соёлын биет өвд хамааралтай болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан дагуу төрийн өмчид хамаарах археологи, палеонтологийн олдворыг ... зориулалт бүхий байранд хадгалах байдлаар эзэмшиж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Соёлын биет өвийг завших гэмт хэрэг нь төрийн өмчлөлд хамаарах эд зүйлийг өөрийн өмчтэй адилтган хууль бус эзэмшил тогтоож, эзэмшилдээ бүрэн оруулсан боловч түүнийг үрэгдүүлээгүй шинжээр нь бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялган зүйлчлэх учиртай.

 

Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг “соёлын биет өв” гэж хуульчлан тогтоосон түүх, соёлын өвийг хадгалж хамгаалахыг Монгол Улс Үндсэн хуулиараа баталгаажуулсан бөгөөд олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орж, 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийг баталж хэрэгжүүлсэн түүхэн туршлагатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байна.

 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б-ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар үндэслэлтэй дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Х.Б нь эртний эдлэл сонирхож цуглуулдаг хүний хувьд археологи, палеонтологийн олдвор болох сүг зураг бүхий хадны хэлтэрхий, чулуужсан мод болон агсарга бүс зэргийг нь соёлын биет өв болохыг мэдээгүй гэж мэдүүлсэн нь бодит үнэнд нийцэхгүй бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хууль гарсныг мэдээгүй гэсэн нь үндэслэлгүй ба хууль мэдэхгүй байх нь аливаа хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болж чадахгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2006 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1303 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

             ШҮҮГЧИД                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                     Ц.ОЧ

 

                                                                  Ч.ХОСБАЯР

 

                                                          Б.ЦОГТ