Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Найрамдлын өндөрлөг 30 дугаар байрны 10 тоотод оршин суух ******* овогт ******* *******

Хариуцагч: Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д хариуцагдах, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот “Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлын байраар хангахыг хариуцагчид даалгах” тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ц.******* миний бие 2009 онд Төрийн албаны шалгалт өгч Монгол Улсын Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, 2015 онд төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэвээ авсан төрийн жинхэнэ албан хаагч.

2007-2010 онд Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны байцаагч, мэргэжилтэн, 2011-2012 онд Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн, 2013-2016 он хүртэл Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтэн, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2017.07.20-ны Б/23 тоот тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад уг ажлаас чөлөөлөгдсөн тушаал, албан шийдвэргүйгээр 2016.10.12-ны өдрөөс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/39 тоот тушаалаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон.   

Гэтэл намайг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1-р сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ажлаас гэнэт халлаа. Ажлаас халах тухай үндэслэл нь Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 17-ны өдрийн 117/Ш2017/0001 дугаар захирамжаар *******г хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан тул ажлаас чөлөөллөө гэсэн байна.

Миний хувьд өнгөрсөн жилүүдэд үр дүнгийн гэрээгээ сайн биелүүлж А, B үнэлгээ авч албан үүргээ хангалттай биелүүлдэг байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсанд би гомдолтой байна.

Миний бие Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015.07.20-ны Б/23 тоот тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр Халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний  ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 01-ний Б/21 тушаалаар бүтэц орон тоог баталсан юм.

Тус тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний  орон тоо нь тус байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан агуулга нь хэвээр байх тул уг албан тушаалд эгүүлэн томилуулахыг шаардаж, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандлаа. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2017 оны 2 сарын 15-ны өдөр гомдол гаргаж хариуг 2017 оны 3-р сарын 21-ний өдөр хүлээн авсан. Уг албан бичгийн хариуг шаардаж 4-р сарын 20-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******тай уулзахад тодорхой хариу өгөөгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... Энэ нэхэмжлэлийн шаардлага нь Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, мөн хугацааны цалин гаргуулах, шинэ бүтэц орон тооны шинэчлэлээр миний эрхэлж байсан ажил Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт хамаарч байгаа учраас энэ албан тушаалд томилуулах юм. Сүүлд сул чөлөөтэй байгаа ажлын байраар хангаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хугацааны хувьд би хугацаа алдаагүй. Хариуцагч намайг тухайн үед ажлын байраар хангасан гэж байна. Би ажлын байраар  хангагдсан бол өнөөдөр энд сууж байхгүй байсан байх. Албан ёсны ажлын байраар намайг хангаагүй. Анх намайг ажилд томилсон тушаал зөрчилтэй. Энэ нь гэдэг хүний оронд томилсон мэтээр түр томилж, зөрчилтэй тушаалаар миний эрхийг зөрчсөн. Би анх ажилд томилоход нь жирэмсэн хүний оронд томилогдохгүй гэж хэлж байсан. Ер нь бол би төрийн жинхэнэ албан хаагчийнхаа хувьд түр тушаалаар томилогдохгүй байх эрх зүйн үндэстэй. Хариуцагч намайг түр ч гэсэн ажлын байраар хангасан гэж үзэж  ажлын байрыг зөвшөөрч гомдол гаргаагүй гэж байна.  Би энэ талаар  хариуцагчид удаа дараа хэлж байсан. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ажилтныг ажилд томилсон тушаалаа танилцуулдаггүй. Надад 2016 оны 10 сард гарсан тушаалыг 2017 оны 1 сард танилцуулсан. Би өөрөө явж байж бичиг хэрэг дээрээс очиж авсан. Тухайн үед яг ямар ажил  дээр томилогдсон гэдгээ мэдээгүй цалингаа аваад явсан. Надад тушаалыг танилцуулаагүй. Мониторинг ирэх үеэр бид нарын хувийн хэрэгт хийх бөөн тушаалыг ад өгчихсөн байсан. Тэгэхэд өөр ажилд томилогдсон тушаалыг 1 сард хувийн хэрэгтээ авч хийсэн. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр томилсон гэхэд ажил хүлээлцсэн акт байхгүй. Хуучин Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан ажлаа хүлээлгэж өгөөгүй, шинэ ажлаа ч хүлээж аваагүй. Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, халагдчихгүй юмсан гэсэн байдлаар ажлаа хийгээд явж байсан. Тэгээд хуучин ажлаа хийж байгаа нь ч бүү мэд, шинэ орон тоон дээр ажиллаж байгаа нь ч бүү мэд, ер нь юу хийж байгаагаа мэдээгүй. Би сонирхоогүй, хий гэсэн ажлын чиглэлийн дагуу ажлаа хийгээд явсан. Өнөөдөр ажлаас гар гэхгүй бол ажиллаад байя гэсэн хүмүүс байсан. Тийм байдлаар ажиллаж байгаад өнөөдөр ийм байдалд бид нарыг хүргэсэн. Төрийн албаны Дундговь аймгийн салбар зөвлөлийн тогтоол нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн бүтэц, орон тоонд Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны орон тоо байгаа гэдгийг баталж өгсөн.

Надад өгсөн  ажлаас халах мэдэгдэл нь он, сарын алдаатай 2016 оны 1 дүгээр сарын  19-ний өдөр гэж бичигдсэн байсан. Сонсох ажиллагааны хурал хийсэн боловч тухайн үед тэмдэглэл үйлдээгүй. Хуралд ******* мэргэжилтэн сууж байсан. Би тэр үед бичиг хэргийн ажилтан Жавхлантөгсөд тэмдэглэл үйлдээч гэж хоёр удаа сануулахад үйлдэхгүй суугаад байсан. Сүүлд нь нөхөж бичиж болохгүй. Хүний амьдралын асуудлыг шийдвэрлэж байгаа учраас тэмдэглэл үйлдэх ёстой. Хэрвээ одоо тэмдэглэл нь байгаа гэж байгаа бол миний талд сайн байна. Яагаад гэхээр Хөдөлмөр халамжийн газрын удирдлагын зүгээс таныг орон тоо гарангуут ажилд авна гэж хариу өгсөн байдаг. Одоо ын  болон захиргаа хүний нөөцийн хэлтсийн  хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтны  хоёр орон тоо хэвээр байгаа байх гэж бодож байна. Тухайн үед би ажлын байраар хангаж өгөөч гэж мэдэгдлийн хариуг өгсөн. г томилогдсон ажилдаа ажиллахыг зөвшөөрөхгүй. Энэ ажлын байр нь ажлын байраар хангах гэдэгт орж байж болно.  Мөн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, ажлын чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн гээд ер нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт байгаа сул орон тоо ажлын байраар хангах гэдэгт орно. Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтийг захиргаа хүний нөөц,  дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хийдэг. Ийм бичилт хийлээ, тушаал гарлаа гэдгийг танилцуулдаггүй. Миний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэний тухайн онд хийсэн ажлын тайланг мэргэжилтэн хийж өг гэсэн учраас би хийж өгсөн. Энэ  тайлбар он, сартайгаа надад бий.  Миний хуучин хөдөлмөрийн хэлтэст хийж байсан ажлыг Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд тусгагдсан гэдгийг ажлаас халагдсан, халагдаагүй бүх ажилчдыг байлцуулсан хурал дээр мэдэгдсэн, танилцсан. Энэ тушаалыг хүчингүй болгосноор миний хөдөлмөрлөх эрх сэргэнэ. Өмнөх тушаал дээрээ гомдол гаргах эрхтэй байсан боловч надад гомдол гаргах эрхийн хугацаагүйгээр би энэ ажлаас халагдсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ц.******* 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн  даргын албан тушаалд томилогдсоноор миний хөдөлмөрлөх эрх сэргэнэ. Мөн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст сул байгаа ямар нэгэн ажлын байраар хангагдаж эрх сэргэгдэнэ. гийн хэргийг шүүх шийдвэрлэхдээ намайг татан оролцуулж, ямар нэгэн асуулт асуугаагүй байсан учраас миний эрх зөрчигдөж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. бол хөдөлмөрийн хэлтэст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажлын нэг хэсгийг л хийж байсан. Шинэ орон тоо батлагдсанаас хойш г энэ ажлын байран дээр томилоогүй. ийг байсан мэтээр ойлгуулаад намайг түр тавьсан...Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна ” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Өнөөдрийн маргаан нь хэзээ эхэлсэн нь тодорхойгүй гэж хэлж болохоор хөдөлмөрийн маргаан юм. Хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс хоёр нэгдэж 2016 оны 10 дугаар сараас бүтцийн өөрчлөлтөөр олон хүний ажлын байр нэмэгдсэн, хасагдсан үйл явдлууд болсон. Энэ үед 2016 оны 10 дугаар сарын  12-ны өдрийн  39  дүгээр тушаалаар гэдэг хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд Ц.*******ыг түр томилсон байдаг. Энэ нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг ажлын байраар хангасан мэт харагддаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар ажилтнаас үл хамаарах шалтгаанаар хөдөлмөрийн орон тоо цөөрсөн, орон тоо хасагдсан гэж үзэж үзэх юм бол  хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эрхтэй. Ийм учраас энэ хүнийг ажлын байраар хангаж байна гэж ажил олгогч үзсэн байдаг. Ажил олгогч төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаар хангаж байгаа нь өөрөө  хууль зүйн хувьд учир дутагдалтай. Нэхэмжлэгч гэдэг хүний оронд анх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр олон бужигнаан дунд ажилд шилжиж томилогдсон гэж хэлж байна. Бид нар ч гэсэн тэр үед шүүх дээр хэд хэдэн маргаан ирж байсныг мэдэж л байсан. Тухайн үед нэхэмжлэгч ажил олгогчид жирэмсэн хүний оронд түр томилогдохыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байсан талаар дурьдлаа. Хэргийн материалд 2016 оны  10 дугаар сарын 12-ны өдрийн  Б/39 дугаартай тушаал байдаг. Мөн хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа бас дурьдсан байсан. Үүнийг Ц.*******ыг ажлын байраар хангасан гэж үзэхгүй. Учир нь хүний оронд хүүхэд хуурч байгаа юм шиг нэр хэмээж тушаал гаргаад түр байж бай гээд юу гэж хэлснийг нь мэдэхгүй, түр ажлын байранд томилсон байдаг. Тэгээд шүүх дээр ******* гэдэг хүн маргахаар нь шүүхийн шийдвэрээс үл хамаараад  Ц.*******ын эрх ашиг зөрчигдөхгүй, энэ хүний цаашдын ажил амьдрал хамаагүй, *******г ажилд авъя гээд эвлэрчихсэн байдаг. Энэ хүний цаана аж амьдрал, ажил төрөл, үр хүүхдээ тэжээх асуудал явж байна. Тэрийг яагаад харж үзээгүй юм. Хэрвээ үнэхээр эрх нь зөрчигдөхгүй гэж үзэж байсан бол  өнөөдөр энэ хүн нэхэмжлэл гаргаад сууж байх ёсгүй байх гэж үзэж байна. Ингээд ******* гэдэг хүнийг ажилд аваад Ц.******* гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн. 

Анхнаасаа олон орон тоо байхад энэ хүнийг яагаад ажлын байраар хангаагүй юм бэ. Заавал яагаад гэдэг  чөлөөтэй байгаа хүний орон тоон дээр түр томилчихсон юм бэ. Үүнийгээ ажлын байраар хангасан гэж ярьж болохгүй. Тэгээд асуудал үүсэхээр хурдан эвлэрдэг. Тэр маргаан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хэргийн оролцогч нар эвлэрсэн. Төрийн жинхэнэ албан хаагч нар  ийм эрхийн баталгаагүй ажиллаж байж болохгүй. Мөн Ц.******* гэдэг хүн ийн ажилд түр томилогдсон юм бол өнөөдөр нь энэ ажилдаа орсон юм уу гэхээр ороогүй байдаг. Тэс өөр ******* гэдэг хүнтэй шүүх дээр эвлэрээд  өөрийнхөө нэг үйл ажиллагааг нуун далдлах үүднээс халхавч байдлаар ашиглаад нэхэмжлэгчийн  хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Энэ чинь тоглоом биш, өнөөдөр Ц.******* нь төрийн албан хаагчийнхаа шалгалтыг өгч, тангарагаа өргөчихсөн хүн. Ийм байхад ямар ч  шалтгаангүйгээр дунд нь тоглолт хийгээд нөгөө хүн нь төөрөгдөөд ажлын байраар хангагдаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг ийм ойлгомжгүй нөхцөл байдлыг анхнаасаа үүсгэсэн. Энэ дунд нэхэмжлэгч хохирч байна.

Хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж гуравдагч этгээд хэлж байна. Үүн дээр тайлбар хийе. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал хийгдсэн байх ёстой. Төрийн албатай холбоотой маргааны талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад уг зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хариуцагч тал эс биелүүлэх юм бол  шүүхэд хандах эрх нь нээлттэй. Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр нэхэмжлэгчид 2017 оны  3 дугаар сарын  23-ны өдөр ирсэн байдаг. Үүнээс хойш хуулийн хугацаандаа буюу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хэдийгээр нэхэмжлэгч томилсон тушаалыг нэг  сард  үзсэн гэж тайлбарлаж байгаа ч 4 сарын хугацаанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан ажлыг хийж гүйцэтгэж байсан. Мэдээж үүнийгээ мэдэж байсан байх. Харин энэ тушаалыг 1 сард мэдсэн гэдгийг үгүйсгэх боломжгүй. Ер нь бол ажилтантай холбогдож гарсан тушаалыг ажилтанд танилцуулж байх үүргийг ажил олгогч удирдлага өөрөө хүлээсэн байх ёстой байдаг. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт харамсмаар зүйл ярьж байна. Дундговь аймгийн хэмжээнд хөдөлмөрийн асуудал хариуцсан газрын дарга, мөн тухайн ажлыг нарийвчлан хариуцаж байгаа хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийг өөрөө тушаалаа мэдэхгүй яасан юм бэ гэж яриад зогсож байгаа нь дэндүү харамсалтай байна. Зөвхөн дотроо байгаа ажилтны ажлын асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа хүн аймгийн хэмжээнд яаж ханддаг вэ гэдэг нь харамсмаар харагдаж байна. Энэ тушаалыг харахад Ц.*******ын хөдөлмөрлөх эрхийг анхнаасаа ноцтой зөрчсөн.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаал дээр нэхэмжлэгчийг яагаад гомдол гаргаагүй юм бэ гэж ярьж байна. Энэ үед маш олон халаа сэлгээ явагдаж байсан.  Ажлын байраар хангагдаж байвал  энэ хүн болох байх гэж бодоод явж байсан. Өнөөдөр тухайн үед мэдсэн, мэдээгүй, би ч мэдэгдээгүй гээд бөөрөнхийлөх зүйл байхгүй. Хэн ч гэсэн удирдлага нь  түр ч гэсэн ажиллаж бай гэвэл ажилтай байвал гэсэн бодлоор ажиллаад явж байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Тэгэхээр 10 дугаар сарын 12-ны өдөр чамайг ажлын байраар хангасан чи гомдолтой байсан бол 11 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө гомдлоо гаргахгүй яасан юм бэ гэж хэлэх боломжгүй.  Нэгэнт ажлын байраар хангаад байгаа юм шиг яваад байхаар энэ хүнд  горьдлого төрөөд яваад байсан. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр  хууль бус тушаал гаргаад ажлаас чөлөөлсөн.

2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаал нь өөрөө утга агуулгын илэрхий алдаатай. 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байгаа юм. Энэ нь хэзээнээс ямар учраас чөлөөлөөд байгаа нь тодорхойгүй.  Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн байгаа. Энэ шүүхийн шийдвэр нь *******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж тогтоож, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөөгүй байдаг. Зөвхөн хэргийн оролцогчдын хүсэл сонирхлын үүднээс эвлэрлийг баталгаажуулсан захирамж юм. Мөн удирдлагаас гарсан шийдвэр нь удаа дараа алдаатай байдаг. Шийдвэр гаргахдаа 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэл өгөөд 1 дүгээр сарын 23-ны өдөр хурал хийсэн талаар хариуцагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хэлэлцүүлгийн шатанд хангалттай ярьлаа. Тэр хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох  ажиллагааг хийсэн юм шиг харагдаж байна. Гэхдээ тэр сонсох ажиллагаа  хийсэн талаар хэргийн материалд нотлох баримтууд огт байдаггүй. Сонсох ажиллагаа хийсэн талаарх нотлох  баримтыг яагаад хэрэгт өгөхгүй байгаа талаар хариуцагч тал тайлбарлах байх. Энэ хүний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас сонсох ажиллагааг хийгээд тодорхой хугацаанд тайлбар гаргах эрхийг нь хангах ёстой байсан.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах тухай бий. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Ц.******* гэдэг хүний өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг нь хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байранд тусгагдсан байдаг. Ийм учраас хэрвээ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар гэдэг хүний оронд намайг томилоогүй байсан бол би ажлын байраар хангагдаж гэдэг хүний ажлын байранд орох ёстой байсан гэсэн үүднээс энэ  шаардлагыг гаргасан юм. Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар ажлын байрны орон тоо нь хасагдсан, цөөрсөн бол өөр ажлын байранд нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр ажлын байраар ажил олгогч хангах үүрэгтэй.  Хөдөлмөрийн тухай хуулийн  129 дүгээр зүйлийн  129.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн байгаа. Энэ хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилсэн цаг хугацаатай яваад байсан юм. ******* нь ажлын байраар хангагдаад яваад байна гэж бодоход  ажил олгогч нь  шүүх дээр  Ц.*******ын хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчөөд яваад байсан байдаг.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд тайлбар хэлэхэд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал маш дордсон байдаг. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч учраас төрийн жинхэнэ албаар ямар нэг байдлаар  хангагдах эрхтэй гэж үзэж байна. Ажлын байраар хангах  гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар ажлын байраар хангагдахыг хэлнэ.

Ийнхүү нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Зөвхөн хариуцагчийг ажлын байр байхгүй гэж хэлэхээр сул ажлын байр байхгүй юм чинь одоо яах юм гэсэн байдлаар шүүх хандаж болохгүй. Энэ хүний эрхийг зөрчиж байгаагаа чи өөрөө мэднэ. Нэгийг нь нөгөөгөөр нөхөөд хэдэн ажилтнаа бүлтэлзүүлээд байдаг. Энэ бол чиний буруу. гэдэг хүний оронд *******ыг түр томилчихоод дараа нь түүний оронд г оруулсан байдаг. Нэхэмжлэгч хэрвээ гэдэг хүний оронд намайг түр томилоогүй байсан бол би Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох байсан гэж үздэг. Энэ үүднээс энэ албан тушаалд томилуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилж өгөөч гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаснаар бусад нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж байгаа зүйл биш гэдгийг хэлмээр байна. Энэ тушаалыг хүчингүй болгох хангалттай үндэслэл бий. Хэн нэгэн албан тушаалтан, бичиг хэргийн ажилтан ч бай хэн нэгний хайхрамжгүй байдлаас болоод 2016 оныг 2-3 удаа алдаж бичсэн байдаг. Энэ үйл баримтыг нь шүүх өөгшүүлээд байх боломжгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.  

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... Иргэний нэхэмжлэгч Ц.*******ыг хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016.10.12-ны өдрийн Б/39 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан Л.ийн оронд тус газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд түр томилсон. Уг албан тушаалыг Л.ээс өмнө ******* хариуцан ажиллаж байсан байдаг. Гэтэл ******* өөрийн хариуцсан ажилдаа эргэж орох хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* миний бие 2017.01.17-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1117/ШЗ2017/0001 дугаар бүхий шийдвэрийн дагуу *******г үүрэгт ажилд нь эгүүлэн томилж, нэхэмжлэгч Ц.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэгч Ц.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн тэрээр хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоонд тус байгууллагын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан агуулга нь хэвээр байх тул албан тушаалд эгүүлэн томилохыг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд бигчээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие шинэ бүтцээр орон тоо хасагдаж ажлаас чөлөөлөгдөх байсан Ц.*******ын амаар гаргасан хүсэлтийг харилцан ярилцаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын биелэлтийг хангаж, албан тушаал, цалин хөлсийг нь бууруулахгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд түр томилсон. ... Иймд Ц.*******ын 2016.06.23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж ажлын байраар хангахыг даалгах тухай шаардлагад дурдсан ажлын байраар дахин хангах боломжгүй болно “ гэжээ.

Хариуцагч ******* 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ц.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудтай танилцсан. Анх 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/21 тоот тушаалаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  бүтэц, орон тоо өөрчлөгдөж ирсэн. Тэр бүтэц, орон тоо өөрчлөгдөхөд иргэн Ц.*******ын ажлын байрны орон тоо хасагдсан. Энэ ажлын байрны орон тоо хасагдсантай холбогдуулаад Ц.******* амаар өөр ажил, албан тушаал дээр үлдэх, ажлын байраар хангаж өгөөч гэсэн хүсэлтийг хэлсэн. Энэ хүсэлтийн дагуу би өөртэй нь харилцан ярилцаж тохиролцоод Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан албан тушаал дээр шилжүүлэн томилсон. Тухайн үед үүнээс өөр боломж байхгүй байсан. Энэ үед нь  хүүхэд асрах чөлөөгөө авсан байсан юм. Энэ хүний орон тоо бас хасагдаад ирсэн байсан. Хүүхэд асрах чөлөөтэй хүнийг ажлаас халах боломж байхгүй. Тэр утгаар нь ийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөөг олгож түүний оронд Ц.*******ыг түр томилсон юм.

Нэхэмжлэгч тухайн үед энэ албан тушаалыг зөвшөөрөөд 1 сарыг хүртэл ажилласан. Энэ хугацаанд уг албан тушаал дээр урьд нь ажиллаж байсан ******* гэдэг хүн би ажлын байрандаа ажиллах ёстой, миний ажлын байран дээр өөр хүн томилогдсон байна гэж шүүхэд гомдол гаргасан. Ийнхүү шүүхийн шийдвэр гарч тухайн иргэнийг ажилд нь томилох шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийг биелүүлж г хуучид ажилд нь томилж, Ц.*******ыг ажлаас нь чөлөөлсөн юм.

Хэрвээ ******* 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргана гэсний дагуу гаргах боломжтой байсан. Гэтэл тухайн иргэн гомдол гаргаагүй. Бид хоёрын харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлах ажлыг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хийсэн. Сүүлд нэмэгдүүлсэн ажлын байраар хангаж өгнө үү гэсэн шаардлагын тухайд тайлбар хэлэхэд дахин ажлын байраар хангах боломж надад алга байна. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар тухайн албан тушаалтны ажил үүргийг нь өөрчилж цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр ажиллуулсан. Хэрвээ шүүгчийн захирамж гараагүй байсан бол тухайн хүн албан тушаалдаа ажиллаад явах боломж байсан байх. Би нэхэмжлэгчийг ажлын байраар хангасан гэж үзэж байгаа. Түр томилсон тушаалыг заавал жинхэлж байж ажлын байраар хангасан гэж үзнэ гэсэн зүйл, заалт хуулин дээр  байхгүй. Ажилд томилсон тушаал дээр гомдол гаргах бүрэн эрх нь байсан. Энэ хуулиа хэрэгжүүлээгүй хүлээн зөвшөөрөөд 4 сар цалин авч ажилчихаад араас нь би хүлээн зөвшөөрөөгүй гэж гомдол ярьж байгаа нь харамсалтай байна. Одоо сул орон тоо байхгүй. Жирэмсэн хүний орон тоо байгаа. Энэ хүн жирэмсэн хүний орон тоо дээр түр орохгүй байх. Захиргаа хүний нөөцийн хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтны  орон тоо бол цалин мөнгө нь байхгүй. Энэ ажлын байр 2 орон тоогоор батлагдаж ирсэн нь үнэн. Энэ ауудал түрүүчийн Б.Дашбилэгийн шүүх хуралдаан дээр яригдсан. Энэ маань цалин нь хүрэлцэхгүй, 2016 оны 9 сард батлагдсан бүтэц орон тоо 2017 онд төсөв нь багасаад ирсэн. Тэгээд ачааллын хувьд нэг хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн хүрэлцэж байгаа юм. Гэвч бид хоёр орон тоогоороо цалингаа нэхэж байгаа. Тодотголд оруулах хүсэлт тавьсан. Тодотгол харамсалтай нь батлагдаж ирээгүй. Мөн энэ ажлын байр нь нягтлан мэргэжил шаарддаг учраас мэргэжил нь таарахгүй. *******, ******* нарыг харьцуулах асуудлыг би өөрөө шийдээд явсан. Тэр үед хэлтсийн дарга нар томилогдоогүй, хуулиараа томилох албан тушаалтан шийдвэрээ гаргаж явах бүрэн боломж байсан учраас тухайн албан тушаалтныг  удаан жил ажилласан байдал, ёс зүй, ажлын хариуцлага бүгдийг харж байж энэ хүнийг нь дэвшүүлээд явуулах боломжтой юм байна гэж харсан. Хурлаар  хэлэлцэх боломж байхгүй. Дарга нар бүгд томилогдоогүй байсан.

Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаал дээр шалгалт зарлагдах байх. Би одоо шалгалт зарлана, зарлахгүй, шууд нөөцөөс авна гэдэг зүйлийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Бидний зүгээс *******гийн өөрийнх нь хүсэлтээр түүнийг судлах тухай албан бичгийг хүргүүлсэн. Ямар хариу ирэхийг мэдэхгүй. Хэрвээ нөөцөөс авах боломжгүй гэвэл сонгон шалгаруулалт явагдана. Дээд газраас хариу ирсний дараа аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хариуг өгнө. Энэ хүн энэ шалгалтад тэнцээд  манай байгууллагад ажиллах боломжтой. Манай байгууллагад шууд шалгалт авах эрх байхгүй. Мөн *******ыг шалгалтад тэнцээгүй байхад нь шууд ажилд авах боломжгүй.

Шүүхийн шийдвэр гарсны дараа  2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр мэдэгдэл өгсөн. Тушаал дээрх он сарын хувьд бичиг хэргийн ажилтны буруугаас алдаа гарсан байна. Энэ бол процессын алдаа. Харин нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийнхээ шаардлагадаа засаад оруулсан байна. Энэ тушаалтай шүүхийн шатанд хэргийн материалтай танилцахдаа ч анзаараагүй юм байна. Гэвч тушаал маань утга найруулга, үг зүйн хувьд бүрэн ойлгомжтой, ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тодорхой байна.   

Сонсох ажиллагааг хийсэн. Тэмдэглэл нь бий. Шүүхээс шаардвал өгөхөд бэлэн. Тэр өдөр Ц.******* нь чи намайг бодохгүй анхнаасаа халчихгүй яасан юм бэ  гэдэг зүйлийг ярьж байсанд нь харамсаж байсан. Би өөрийг нь бодоод ажилд түр томилсон байсан. Одоо энэ хүн 4 сарын хугацаанд юу хийснээ мэдээгүй явсан гэж байна. Гэтэл би энэ хугацаанд тодорхой үүрэг даалгавар өгч судалгаа гаргуулж, оны эцэст энэ хүн энэ ажлын үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж явсан. Гэтэл өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх хүртлээ юу хийж байснаа мэдээгүй гэж ярьж байгааг гайхаж байна. Тухайн үед нь Ц.*******д ажил зуучлал  хариуцаж байсан мэргэжилтний компьютер болон хэрэглэж байсан бичиг баримтуудыг нь хүртэл хүлээлгэн өгч байсан. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрэх боломжгүй. Өнөөдөр хэлтсийн дарга болно гэж байна. Өмнөх хурал дээр мэргэжилтэн болно гэж байсан. Нэхэмжлэгчийг ойлгохгүй байна. Хэлтсийн даргаар томилогдоход хуулийн дагуу шалгалт өгдөг журамтай. Эхлээд нөөцөөс нөхнө, нөөцөд тухайн албан тушаал дээр ажиллах хүн байхгүй бол Төрийн албаны тухай хуульд зааснаар шалгалт зарлагдана. Хэн нэгэн дарга болно гээд шууд дарга болдог удирдах албан тушаал биш. Нэхэмжлэлийг миний гаргасан тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан байдаг. Хэрвээ миний гаргасан тушаал хүчингүй болвол *******гийн одоо ажиллаж байгаа албан тушаал дээр очих юм болов уу гэж харсан. Түүнээс биш хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга болно гэж нэхэмжлэл гаргаагүй байх. Хэрвээ хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга болно гэж байгаа бол гуравдагч этгээдээр г татаж шүүх хуралдааныг хойшлуулж цаг алдах шаардлага  байгаагүй юм болов уу гэсэн зүйл харагдаж байна. Миний бурууг өмгөөлөгч шийдэхгүй байх. ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.     

Гуравдагч этгээд ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ажилд зуучлал хариуцсан ажилтан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, бүтцийн өөрчлөлтөөр Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/66 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар түр томилогдон ажиллаж байна.

Тус газарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсан Ц.******* нь тус шүүхэд эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж, намайг гуравдагч этгээдээр татсан байна. Үүнд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Ц.******* нь нэхэмжлэлдээ “өмнөх албан тушаалаас чөлөөлөхгүйгээр өөр албан тушаалд томилсон” гэж  дурдсан байна. Нэхэмжлэгч нь төрийн албаны тухай хуулинд зааснаар дээд албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эхний ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ажил олгогчоос шаардан авах, ажил албан тушаалд томилогдсон тушаалтныхаа тушаалыг гаргуулан авах эрхтэй байсан хэдий ч өөрийн хариуцлагагүй тоомжиргүй байдлаас тушаалаа гардаж аваагүй нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болохгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоо нь Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хадгалагдсан тул уг албан тушаалд томилуулна гэж дурдсан байна. Энэ нь логикийн хувьд болон хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Ц.******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн атлаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоо байгаа гэж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гуйвуулж, шүүхийг буруу мэдээллээр хангаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дээрх орон тоонуудыг тус тусад нь 1, 1 байхаар баталж, түүнийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга үндэслэн тушаалаа гаргасан. Мөн хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод ХАБЭА асуудлаар заасан чиг үүрэг нь  /асуудлыг хянах, хэрэгжилтийг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах/ зэргээр удирдах чиг үүрэгтэй ажиллахыг тодорхойлж, тус газрын дарга баталсан байхад хүчээр мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой адилтгаж, гуйвуулан тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь аливаа мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоос тусдаа батлагддаг, хэрэгжүүлэх чиг үүрэг нь зохион байгуулах чанартай, ажлын байранд тавигдах шаардлага нь өөр, ажил тайлагнах, хариуцлага хүлээх зэрэг илтэд ялгаатай байдаг. Ц.*******ын ажиллаж байсан ажилд ******* нь шүүхийн шийдвэрээр ажиллаж байгаа бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад гэвэл нэхэмжлэгч нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэргэжилтнээс чөлөөлөгдсөн атлаа одоо хэлтсийн даргын ажилд томилуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд заасан ерөнхий шаардлагад эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй хүн ажиллахаар заасан бөгөөд Ц:******* нь төрийн удирдлага мэргэжилтэй. Тус газрын дарга нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль холбогдох дүрэм журмыг баримтлан тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдлэг сайтай, төрийн албаны ёс зүйн дүрмээ сахиж ажилладаг, зохих мэдлэг, мэргэжилтэй хүнийг эрхийнхээ хүрээнд томилсон гэж миний бие үзэж байна. ******* миний бие Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилогдохдоо Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч байсан ч албан тушаалын шатлал өгсөж ажиллаж байгаа учраас 2017 оны 05 сарын 26-ны өдөр төрийн албаны шалгалтыг ТЗ-9 гэсэн ангилалд өгч тэнцэн, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн төрийн жинхэнэ албан хаагч юм.

Ц.******* нь 2017 оны 01 сарын 23-ны өдөр гарсан тушаалтай холбоотой нэхэмжлэлээ 2017 оны 5 сард гаргаж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх хянах байх. Ц.******* нь өмнө нь төрийн албаны салбар зөвлөлд энэ асуудлаар гомдол гаргасан гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа ч гомдлынхоо хариуг 4 сард хүлээн авсан гэх баримт байхгүй байна гэж бодож байна. Нэхэмжлэгч нь гэнэт халсан мэт нэхэмжлэлдээ дурдсан атлаа хавсаргасан баримтдаа мэдэгдэл өгсөн нь өмнө нь няцаах эрхээ эдлэх боломжтой байсан гэдгийг нь харуулж байна. Хэдийгээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нь хүний эрхийн асуудал боловч хууль, дүрэм, журмын дагуу ажлаа хийж яваа Төрийн жинхэнэ албан хаагч миний эрхийг зөрчиж, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасанд миний бие гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ц.*******ын нэхэмжлэл нь утга агуулга, үндэслэл нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарахгүй өөр чиг үүрэгтэй албан тушаалд хамаарах асуудлаар гаргасан. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан ажилтан биш зэргээр хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Ц.******* нь анхнаасаа хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд томилогдон ажиллаж байгаагаа мэдэж байсан бөгөөд “тэр үеэс миний эрх зөрчигдөж байна” гэсэн өргөдөл гомдлоо зохих байгууллагад нь гаргах боломжтой байсан. Гэтэл эрхээ эдлээгүй атлаа ажлаас чөлөөлөх тушаал гарснаас 4 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ийм учраас Ц.*******ын “2017 оны 01 сарын 23-ны өдрийн Б/01 тушаал хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, НД, ЭМД төлүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд ******* 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Ц.******* нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоон дээрээс чөлөөлөгдсөн. Энэ орон тоо одоо аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт байгаа ба ******* гэдэг хүн ажилладаг. Нэхэмжлэгч нэг сард ажлаасаа чөлөөлөгдсөн атлаа 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд хир нийцэж байгаа юм бол. Мөн нэхэмжлэгч нь 10 сард энэ ажилд түр томилогдсон. Ц.*******ын хувьд тухайн үед өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзсэн бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

Өнөөдөр Ц.******* нь шүүх хуралдаан дээр би ажлаас халагдах хүртлээ ямар ажил хийгээд яваад байгаагаа мэдээгүй, сонирхоогүй гэж байна. Үүнээс үзэхэд юу хийгээд яваад байгаагаа мэддэггүй, хариуцлагаа ухамсарладаггүй төрийн жинхэнэ албан хаагч хойшдоо төрийн албанд мэргэжилтэн хийх нь боломжгүй юм болов уу гэсэн эргэлзээтэй зүйл бодогдлоо. Иймд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд ******* 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Энэ хүн 2017 оны 1 сард ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтнээс чөлөөлөгдсөн. Гэтэл одоо хэлтсийн дарга болно гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөх хурал дээр хэлэх зүйлээ хэлсэн болохоор одоо тайлбар байхгүй” гэв. 

Гуравдагч этгээд ******* 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “ Миний хувьд шүүгчийн захирамжаар эвлэрээд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш томилогдон ажиллаж байна. Харин Ц.******* нь миний ажил, албан тушаал дээр түр томилсон тушаалтай ажиллаж байсан. Би өмнө нь энэ ажилд хууль ёсоор томилогдон ажиллаж байсан учраас өөрийнхөө ажлын байран дээр ажиллах ёстой гэж үзэж байнагэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот “Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, мөн ажлын байраар хангахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.  

1/ Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Л.т хүүхэд асрах чөлөөг олгож, Ц.*******ыг ажилд түр томилох тухай” Б/39 тоот тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалт ... ыг тус тус үндэслэн Лхагвасүрэн овогтой ийн өргөдлийн дагуу 2017 оны 1 дүгээр сарын 15 хүртэл хүүхэд асрах чөлөөг олгож, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ц.*******ыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байна. Дээрх тушаалын агуулгаас үзэхэд Ц.******* нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр томилогдсон байх ба энэ түр ажиллах хугацаанд нь Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжаар *******г урьд нь эрхэлж байсан ажил болох ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... Энэ шүүхийн шийдвэр нь *******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж тогтоож, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөөгүй байдаг. Шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, зөвхөн хэргийн оролцогчдын хүсэл сонирхлын үүднээс эвлэрлийг баталгаажуулсан захирамж юм... “, мөн нэхэмжлэгч нь “... гийн хэргийг шүүх шийдвэрлэхдээ намайг татан оролцуулж, ямар нэгэн асуулт асуугаагүй байсан учраас миний эрх зөрчигдөж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн, ... бол хөдөлмөрийн хэлтэст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажлын нэг хэсгийг л хийж байсан ...” гэх тайлбаруудыг тус тус гаргах хэдий ч Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт “... *******г тус байгууллагын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ний ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаснаар дээрх хүмүүсийн эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй болно ...” гэж өөр этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд болон маргаан бүхий албан тушаалын чиг үүргийг урьд нь ******* гүйцэтгэж байсан талаар дүгнэсэн байна.

 Иймээс Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжийг биелүүлж, Ц.*******ыг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр “... г томилогдсон ажилдаа ажиллахыг зөвшөөрөхгүй. Энэ ажлын байр нь ажлын байраар хангах гэдэгт орж байж болно ...” гэж маргадаг боловч Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “*******г ажилд томилох тухай” Б/02 тоот тушаалын талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

2/Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ц.*******ын хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь түүний урьд өмнө нь эрхэлж байсан ажил болох Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг нь Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан үүрэгт тусгагдаж үүний улмаас Ц.******* нь өөр албан тушаалд түр томилогдсон үеэс буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр “... Тухайн үед яг ямар ажил  дээр томилогдсон гэдгээ мэдээгүй цалингаа аваад явсан. ... Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, халагдчихгүй юмсан гэсэн байдлаар ажлаа хийгээд явж байсан. Тэгээд хуучин ажлаа хийж байгаа нь ч бүү мэд, шинэ орон тоон дээр ажиллаж байгаа нь ч бүү мэд, ер нь юу хийж байгаагаа мэдээгүй. Би сонирхоогүй, хий гэсэн ажлын чиглэлийн дагуу ажлаа хийгээд явсан ...” гэж тайлбарлах хэдий ч түүний 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар Ц.******* нь тухайн байгууллагад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан ажлыг хийж байсан, мөн түүний шүүх хуралдаан дээрх “... Би анх ажилд томилоход нь жирэмсэн хүний оронд томилогдохгүй гэж хэлж байсан. Ер нь бол би төрийн жинхэнэ албан хаагчийнхаа хувьд түр тушаалаар томилогдохгүй байх эрх зүйн үндэстэй...” гэх тайлбараас нь үзэхэд нэхэмжлэгч нь тухайн ажилд түр томилогдсон гэдгээ мэдэж байсан болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн “...  хуучин ажлаа хийж байгаа нь ч бүү мэд, шинэ орон тоон дээр ажиллаж байгаа нь ч бүү мэд, ер нь юу хийж байгаагаа мэдээгүй. Би сонирхоогүй, хий гэсэн ажлын чиглэлийн дагуу ажлаа хийгээд явсан...” гэх тайлбар нь хуульд заасан хугацааг хэтрүүлэх үндэслэл шалтгаан биш бөгөөд түүний өмгөөлөгчөөс гаргасан “... Энэ хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилсэн цаг хугацаатай яваад байсан юм.. “ гэх тайлбарыг нь хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн хуучин эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын чиг үүрэгт тусгагдаж ирсэн гэдгийг өөр ажилд түр томилогдохоосоо өмнө мэдэж байсан болох нь түүний шүүх хуралдаан дээр гаргасан “... Миний хуучин хөдөлмөрийн хэлтэст хийж байсан ажлыг Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд тусгагдсан гэдгийг ажлаас халагдсан, халагдаагүй бүх ажилчдыг байлцуулсан хурал дээр мэдэгдсэн, танилцсан... “ гэх тайлбараар нь нотлогддог ба мөн Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн Б/66 тоот тушаалаар *******г тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад уг асуудалтай холбогдуулж маргаан гаргаагүй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.*******ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

3/Ажлын байраар хангахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Ц.******* нь Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба уг маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгч актад дурьдагдсан ажил, албан тушаалд томилогдож улмаар түүний хөдөлмөрлөх эрх сэргэх байсан байна. Гэвч шүүх маргаан бүхий тушаалыг  үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн учир өөр ажлын байраар хангахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “... энэ тушаалыг хүчингүй болгох хангалттай үндэслэлүүд бий. Албан тушаалтан, бичиг хэргийн ажилтан ч бай хэн нэгний хайхрамжгүй байдлаас болоод 2016 оныг 2-3 удаа алдаж бичсэн байдаг. Энэ үйл баримтыг нь шүүх өөгшүүлээд байх боломжгүй гэж бодож байна ...  ” гэх тайлбарыг гаргадаг боловч Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/01 тоот тушаалын агуулгаас үзэхэд тухайн актад тухайн албан тушаалтны хүсэл зориг бүрэн гүйцэт илэрхийлэгдсэн, оны алдаа нь уг актын агуулгыг өөрчлөхөөргүй байх тул утга агуулгын илэрхий алдаатай байна гэж үзэх боломжгүй байна. .

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “... Хэргийн материалд 2016 оны  10 дугаар сарын 12-ны өдрийн  Б/39 дугаартай тушаал байдаг. Үүнийг Ц.*******ыг ажлын байраар хангасан гэж үзэхгүй. Учир нь хүний оронд хүүхэд хуурч байгаа юм шиг нэр хэмээж тушаал гаргаад түр байж бай гээд юу гэж хэлснийг нь мэдэхгүй, түр ажлын байранд томилсон байдаг...” гэж маргах хэдий ч шүүх нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу хүчингүй болгуулахыг хүссэн актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн  “Ц.*******ыг ажлаас чөлөөлөх” тухай Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлын байраар хангахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн  “Ц.*******ыг ажлаас чөлөөлөх” тухай Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажлын байраар хангахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргад эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, ******* нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                    

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           В.ЦЭРЭНРАГЧАА