Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 108

 

Ц.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00471 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил Роял гарден хотхон 28-09-01 тоотод оршин суух, Монгол овогт Цэдэндоржийн Туулын нэхэмжлэлтэй, Ховд аймаг Жаргалант сумын Рашаант баг 14-01 тоотод оршин суух, Жантекей овогт Хананын Маратад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагч Х.Марат түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 6.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт хүнсний ногоо худалдан борлуулдаг Х.Мараттай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ХААН банкны 5845258648 тоот харилцах данс руу Ховдын шар төмс худалдан авахаар 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Х.Маратын Улаанбаатар хот руу явуулсан төмс нь чанарын шаардлага хангаагүй ялзарсан муудсан төмс явуулсан учир би хүлээн авалгүй утсаар нь холбогдоход Би муу ногоо явуулжээ. Та намар болтол хүлээвэл би тарьсан ногооноосоо явуулна гэсэн. Тэгээд би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.Мараттай ярих гэсэн боловч утсаа авалгүй өдий хүртэл намайг хохироож явна. Төмс ачиж ирсэн жолооч Н.Отгонжаргал нь надад ууттай зүйл ачуулсан. Би доторх талыг нь задалж үзээгүй гэж тайлбарласан. Иймд Х.Маратаас төмсний үнэ 6,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ц.Туул надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 6,000,000 төгрөг шилжүүлж Ховд аймгаас Улаанбаатар хот руу төмс ачуулсан. Тухайн үед явуулсан төмс агуулахад тодорхой журмын дагуу, хэвийн темпратурт хадгалагдаж, ямар нэгэн хэлбэрээр ялзарч муудсан зүйл огт байхгүй байсан. Улаанбаатарт уг төмсийг хүлээж авахад ялзарч муудсан чанарын шаардлага хангаагүй байсан гэж Ц.Туул үзэж байгаа. Би огт итгэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00471 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 д зааснаар хариуцагч Х.Маратаас 6,000,000 төгрөгийг /зургаан сая/ гаргуулж нэхэмжлэгч Ц.Туулд олгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маратаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “  Шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж  үзэж байна. Учир нь хариуцагч Х.Маратын хувьд шүүх хуралдааны товыг хэлэх үед тээврийн замд явж байсан бөгөөд 2-3 хоногоор хойшлуулж өгөөч гэдгээ шүүгчийн туслахад мэдэгдсэн байдаг. Х.Маратын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь заалтыг анхан шатны шүүх зөрчсөнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Ц.Туул нь доголдолтой төмс хүлээж авсан гэдгээ хэрхэн ямар баримтаар нотлоод байгаа нь тодорхойгүй байхад Ц.Туулыг Х.Маратаас төмсний төлбөрийг гаргуулах ёстой гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

             Нэхэмжлэгч нь  худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  Х.Маратад холбогдуулан  гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэснийг  хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх бөгөөд  шүүхээс шаардлагын үндэслэлийг  тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж байгаа эсэх, эсхүл гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй тул өгсөн авсан зүйлээ буцааж авах гэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар шүүхээс тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй  байна.Шаардлагаа нотлохоор шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас дахь бичгийн баримтууд нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2,44.4-т заасан шаардлага хангаагүйгээс гадна тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Х.Маратын Хаан банкны  5845258648 тоот харилцах данс руу Ховдын шар төмс худалдан авахаар 6.000.000 төгрөг шилжүүлсэн гэжээ.  Хэргийн 4 дүгээр талд  2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ц.Туулаас 3.000.000 төгрөгийг 2 хувааж  нийт 6.000.000 төгрөгийг Хаан банкны 5845258646 тоот харилцах дансанд гүйлгээ хийсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан данс,  6.000.000 төгрөгийг шилжүүлсэн  данс хоёр нь зөрүүтэй байна. Уг шилжүүлэг хийсэн данс нь Х.Маратын данс мөн эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад шүүх  нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “төмс худалдан авахаар амаар харилцан тохиролцож” Х.Маратын Хаан банкны  5845258648 тоот   дансанд  6.000.000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,зохигчдын тайлбараар нотлогдож байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Хариуцагч нь тухайн үед явуулсан төмс агуулахад тодорхой горим журмын дагуу хэвийн темпратурт хадгалагдаж,  ямар нэгэн хэлбэрээр ялзарч муудсан зүйл огт байхгүй,  уг төмсийг хүлээж авахад ялзарч муудсан чанарын шаардлага хангаагүй байсан гэж Ц.Туул үзэж байгаа иймд   “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”  гэсэн хариу тайлбар ирүүлжээ. Нэхэмжлэлд “Улаанбаатар хот руу явуулсан төмс нь чанарын шаардлага хангахгүй, ялзарсан, муу чанарын төмс явуулсан байсан” гэж  бичсэн байсан боловч уг үйл баримт тээвэрлэлтийн явцад муудсан уу? аль эсхүл хүлээн авсны дараа муудсан уу?  гэх маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхойгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй зэрэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт байгаа баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00471 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч Х.Маратад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д. ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА