Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01180

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр       

Дугаар 184/ШШ2016/01180

Улаанбаатар хот

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 7 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, /РД:УГ85112325/ Намнан овогт Заанхүүгийн Наранцацралын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамж, 26 тоот хаягт оршин суух, /РД:ШД73050689/ Солоон овогт Мижиддоржийн Бадмаад холбогдох,

 

11,820,870 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмагнай, хариуцагч М.Бадмаа, хариуцагчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, гэрч Д.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Наранцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр М.Бадмаатай зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч М.Бадмаа зээлийн гэрээний үүргээ зөрчиж сар бүр төлөх 1,120,000 төгрөгийн тохиролцсон хугацаанд төлөөгүй. Миний зүгээс удаа дараа утсаар болон өөртэй нь очиж уулзаж мөнгөө хүүгийн хамт төлөхийг шаардсан боловч төлж барагдуулаагүй. Гэрээгээр тохирсны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлүүлэх эрхтэй тул үндсэн зээлээс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хугацаанд тооцсон алданги 3,500,000 төгрөг болж байна.

Иймд гэрээнд заасны дагуу үндсэн зээл 7,000,000 төгрөг болон зээлийн хүү 1,120,000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу алданги 3,500,000 төгрөг, нийт 11,820,870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Бадмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.Наранцацралын нэхэмжилсэн 11,820,870 төгрөгийн зээлийн гэрээг хуурамч гэж үзэж байна. Учир нь би 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Гурвалжин-2” барилгын материалын захад Б-58 дугаартай лангууг ажиллуулж  байсан. Гэтэл Наранцацрал нь 7,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн. Ингээд бид 2 худалдах худалдан авах гэрээ хийе гэж ярилцсан боловч Наранцацралт нь надад “...лангуу зарсан гэдгийг “Гурвалжин-2” захын захиргаа мэдвэл миний нэр лүү шилжүүлж өгөхгүй тиймээс зээлийн гэрээ хийе дараа нь би олон юм ярьж асуудал гаргахгүй гэж хэлэхээр нь зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү болсон үйл явдлыг гэрчлэх Д.Амаржаргал гэрчилнэ. Би лангугаа зараад 7,000,000 төгрөгийг бол авсан. Харин зээлийн гэрээ хийгээгүй. Түрээсийн гэрээг 12 дугаар сарын 31-нээр гэрээ шинэчилэхэд нэрээ солиулахаар тохирсон байсан. Наранцацрал нэр шилжүүлэхээс өмнө лангуугаа захын дотоод журам зөрчсөн гээд хураалгасан гэж байсан. Өөр хүнд давхар түрээслэсэн байсан гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа лангууг түрээслэхдээ Гурвалжин 2 шинэ зах байгуулагдахад  лангууны урьдчилгаа 480,000 төгрөг лангууны сарын түрээс 240,000 төгрөг байсан. Лангууны барьцаа 1,000,000 төгрөг нийтдээ 1,800,000 төгрөг өгч байж лангуугаа авсан. Хууль ёсны түрээслэгч байсан. Лангуу түрээслээд сарын дараа нөхөр нь аваарт ороод лангуугаа ажиллуулж чадахгүй болсон учир худалдах тухайгаа хажуу лангууны түрээслэгч Амаржаргалд хэлж байсан юм билээ. Лангууны түрээслэх эрхээ худалдана гэсэн сургаар Наранцацралт Бадмаатай ирж уулзаад түрээслэж байгаа лангууг авахаар болж 2013 оны 3 дугаар сарын 26-нд лангууг аваад сарын дараа буюу албан ёсны гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 26-нд  гэрээ хийсэн. Гэрээ хийгдэх үед Наранцацралт лангууг худалдаж авах гэрээ хийхдээ худалдах худалдан авах гэрээний талаар ойлголттой харин Бадмаа ямар ч ойлголтгүй байсан. Гэрээ хийхэд нэр шилжүүлж өгөхгүй учраас мөнгөө өгсөнөө баталгаажуулах зорилгоор гэрээг хийсэн. Тиймээс энэ зээлийн гэрээ биш өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ юм. Наранцацралт ажиллуулж байхдаа 2, 3 хүнд түрээслүүлсэн байдаг. Сүүлийн түрээслүүлж байсан хүн болох Жамъяансүрэнд лангуугаа түрээслэж байгаад лангуугаа хураалгасан. 2014 оны 12 дугаар сарын 30-нд түрээсийн гэрээ шинэчилэх байсан. Он гараад гэрээ шилжүүлнэ гэсэн асуудал яригдаж байсан. Түрээсийн гэрээгээр олгогдсон эрхийн дагуу захын удирдлагаас зөвшөөрөл авагдсан нь харагддаг. Түрээсийн гэрээндээ цааш нь худалдаж борлуулах эрхгүй гэсэн байгаа. Харин тухайн байгууллагаас зөвшөөрөл авах эрхтэй гэж заасан байдаг.  Зөвшөөрөл авсан учраас нэхэмжлээд мөнгө өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Наранцацрал нь хариуцагч М.Бадмаад холбогдуулан 11,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг авсан. Удаа дараа шаардсан боловч төлөөгүй, гэрээний дагуу хүү алданги нэхэмжилж байгаа, 7,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн...” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, 7,000,000 төгрөгийг авсан боловч энэ нь лангуу худалдаж авсан төлбөр ..., гэрээг нэр дээр нь шилжүүлж шинэчилж байгуулахаас өмнө З.Наранцацрал лангуугаа захын захиргаанд хураалгасан..., зээл биш учир мөнгийг төлөхгүй...” гэж тайлбаран маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулдагдсан, гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг авсан, өгсөн дээр талууд маргахгүй байна.

 

Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 7,000,000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн хоног  тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-р тал/

 

Хариуцагч 7,000,000 төгрөгийг өөрийн ажиллуулж байсан гэх Гурвалжин-2 барилгын материалын захад Б-58 тоот лангууг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж төлбөрт авсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаарх тайлбараа хариуцагч  нотолж чадахгүй байна. Мөн хариуцагч дээрх Б-58 тоот лангууг “Ийли” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний дагуу ашиглаж байсан нь хэрэгт авагдсан “Түрээсийн гэрээ”-ээр тогтоогдож байх бөгөөд уг гэрээний 4.9, 4.25-д түрээслэгч тал буюу М.Бадмаа нь түрээсэлж буй лангууг бусдад худалдан борлуулах, шилжүүлэх, давхар түрээслэхгүй байх үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбараа баримтаар нотолж чадахгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу шаардаж буй 7,000,000 төгрөгийг лангуу худалдсан төлбөрт авсан гэдгээ нотолж чадахгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд З.Бадмаа нь хариуцагчид 7,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч М.Бадмаа нь шилжүүлэн авсан мөнгөө нэхэмжлэгчид буцаан өгөөгүй болох нь тогтоогдсон тул зээлийг гэрээний дагуу зээлдүүлэгч үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн 8 сарын хүүнд 1,120,000 төгрөг, алдангид 3,500,000 төгрөг нийт 11,620,000 төгрөгийг зээлдэгч М.Бадмаагаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагыг хангаж хариуцагч М.Бадмаагаас 11,620,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Наранцацралд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйдтйн 232.4-д заасныг баримтлан хариуцагч М.Бадмаагаас 11,620,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Наранцацралд олгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бадмаагаас 204,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Наранцацралд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН