| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1834/Э |
| Дугаар | 1851 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1851
2019 12 09 2019/ШЦТ/1851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Б.Ганзориг,
Хохирогч Х.Ариунболор,
Шүүгдэгч Р.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Нт холбогдох 1906 05929 2525 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Богд суманд 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Хүнсний технологч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 132 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Рын Н /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Р.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяндөхөмийн 6 дугаар гудамжны 13 тоотод иргэн Х.Ариунболортой маргалдан түүний цээж рүү гараараа цохиж, үснээс зулгаан газар унагаж, хавирга луу өшиглөн зодож баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим, баруун, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ариунболорын өгсөн: “2019 оны 09 сарын 17-ны өдрийн оройн 21 цаг 00 минутын үед зах яваад ирсэн чинь хажуу талын айлын хүн “хүүхдүүдийг чинь зодсон” гэж хэлсэн. Тэгээд би утсаар ярьж “яагаад хүүхэд зодож байгаа юм бэ” гэж асуусан чинь “гэртээ байж бай, би явж ороод нүүр нүүрээ харж байгаад яръя” гэж хэлчихээд шууд орж ирээд л “чи хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд яадаг юм” гээд үснээс зулгааж, тэгээд дээрээс дарж дэвсээд зодсон. Тэрнээс өмнө болохоор манай нөхөр лүү яриад байсан, тэгэхээр нь “яахаараа дандаа шөнөөр залгадаг юм, манай нөхөр лүү ямар хэргээр яриад байгаа юм” гэж шууд загнаад “битгий дахиж залгаад байгаарай” гээд хэлчихсэн, тэрнээс болж намайг зодсон байх гэж би бодож байна. Манай хүүхдүүдээс болсон зүйл байхгүй, хүүхдүүд угаасаа хүүхэд зоддоггүй. Тэрнээс болж зодчихоод манай нөхрийн хажууд баахан доромжилчихоод гараад явсан. Тархины зураг авхуулсан 120.000 төгрөг болон шүүх эмнэлгийн 8000 төгрөг, нийт 128.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ариунболорын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 00 минутын үед гэртээ ороход манай хүргэн Батбөх надад танай 3 хүүхдийг Н гэдэг эмэгтэй зодоод гарнаас нь базаж түлхээд гараад явсан гэж хэлсэн... Н манай гэрт орж ирээд миний цээж рүү гараараа цохиж, үснээс зулгаагаад орны толгой дээр хүзүүгээр дээрээс дарж байгаад газарт унагаасан. Тэгээд миний дээрээс цээж, хавирга луу өшиглөсөн. Тэгтэл гаднаас манай нөхөр орж ирээд салгатал Н гэрээс гараад явсан... Баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлийг Н нь надад гараараа алгадаж учруулсан. Зүүн чихний орчим цус хуралт гэмтэл нь намайг газарт унасан байхад зүүн талын ээмэгтэй чихэн дээр гараараа цохиж учруулсан... Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.11-14/,
“... би утсаар ярьж “хүүхдүүд яагаад зодож байгаа юм” гэж хэлсэн чинь “гэрт чинь ороод яръя” гэсэн, тэгээд 10 минутын дараа орж ирээд намайг цохиж аваад үснээс зулгаан орны толгойноос боогоод дээрээс дэвсэж өшиглөөд байсан... Нараа гэрт орж ирээд “чамайг зодоход яадаг юм” гээд намайг алгадаж дайраад байсан тэгээд намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11361 дугаартай:
1. Х.Ариунболорын биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим, баруун, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна... шинжээчийн №11361 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн Х.Ариунболорын биед учирсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.33-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Р.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяндөхөм 6-13 тоотод иргэн Х.Ариунболортой маргалдан түүний цээж рүү гараараа цохиж, үснээс зулгаан газар унагаж, хавирга луу өшиглөн зодож баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим, баруун, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Ариунболорын өгсөн: “... Н манай гэрт орж ирээд миний цээж рүү гараараа цохиж, үснээс зулгаагаад орны толгой дээр хүзүүгээр дээрээс дарж байгаад газарт унагаасан. Тэгээд миний дээрээс цээж, хавирга луу өшиглөсөн... Баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлийг Н нь надад гараараа алгадаж учруулсан. Зүүн чихний орчим цус хуралт гэмтэл нь намайг газарт унасан байхад зүүн талын ээмэгтэй чихэн дээр гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.11-14/,
“... намайг цохиж аваад үснээс зулгаан орны толгойноос боогоод дээрээс дэвсэж өшиглөөд байсан... Нараа гэрт орж ирээд “чамайг зодоход яадаг юм” гээд намайг алгадаж дайраад байсан тэгээд намайг зодсон..." гэх мэдүүлэг /хх15-16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11361 дугаартай:
1. Х.Ариунболорын биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим, баруун, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Нийн яллагдагчаар өгсөн: “... шинжээчийн №11361 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн Х.Ариунболорын биед учирсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.33-36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ариунболорын өгсөн: “... шууд орж ирээд л “чи хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд яадаг юм” гээд үснээс зулгааж, тэгээд дээрээс дарж дэвсээд зодсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Р.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Х.Ариунболорын баримтаар нэхэмжилсэн 128.000 төгрөгийг шүүгдэгч Р.Нээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Р.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Р.Нийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Р.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Р.Нт оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Р.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Рын Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нт 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Р.Нт оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Р.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Нээс 128.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Ариунболорт олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР