| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1835/Э |
| Дугаар | 1852 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1852
2019 12 09 2019/ШЦТ/1852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Б.Ганзориг,
Хохирогч Х.Дарияаш,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тт холбогдох 1906 06246 2505 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Архангай аймагт 1975 оны 03 дугаар сарын 09-нд өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Төрийн банкны Картын төвд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дүгээр хороо Дунд Дарь Эхийн 35 дугаар гудамжны 1843 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Нын Т /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Аялгуу” гэх нэртэй караокед Х.Дарияаштай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тын өгсөн: “Караокеноос гараад би баруун хойшоо, Х.Дарияаш зүүн хойшоо явж байсан. Тэгсэн гэнэт л хойноос намайг хэлэх хэлэхгүйгээр доромжилжоод тэгээд араас ирээд 3 удаа цохисон. Намайг дахиад цохих гэхээр нь би хамраа дараад нүүр лүү нь түлхсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Дарияашийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 28-ны орой Сансарын тэнд караокед сууж байгаад Т алга болчихсон болохоор нь хайгаад явж байтал Т нэг өрөөнд 2 залуу, 1 эмэгтэйтэй хамт сууж байсан. Би Тыг авч явах гэсэн явахгүй болохоор нь цаашаа өрөө лүүгээ явсан, тэгсэн миний араас Одноо эгч бас тэр өрөө лүү орсон, нөгөө улаан плажтай эмэгтэй Тын өвөр дээр сууж байсан гэсэн. Би өрөө лүү очин Мөнхжаргалыг дагуулж ирээд, Мөнхжаргал явья гэсэ,н тэгсэн намайг “Мөнхжаргалыг дагуулж ирлээ” гээд тэр өрөөнөөс дагуулж гарсанд дургүй нь хүрсэн шинжтэй 3 эмэгтэй байхад заавал намайг онцолж “казак санаа гаргалаа” гэж яс үндэс, хэл амаар доромжилсонд нь тухайн үедээ уурлаж бааран дотор бол би за ёстой гээд өөрийгөө бариад гарсан. Гадаа гарсан хойноо яагаад 3 хүн байхад ганцхан намайг онцлон ингэж хэлж байгаа юм бол гээд гомдох сэтгэл төрсөн. Тэгээд араас нь очоод 2-3 удаа алгадсан. Би хамар янзлуулах 4.800.000 төгрөг, 8 анги цэвэрлэх байсан 640.000 төгрөг, хамарны ухархайн зураг авахуулсан 120.000 төгрөг, Перфект эмнэлэгт зургаа авч очиж үзлэг хийлгэсэн 20.000, ажилгүй байсны мөнгө зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Дарияашийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд н.Тайван, н.Одноо нар гэрт ирсэн... бид хэд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Аялгуу” гэх нэртэй караокед орж уусан... Тайван нэг харахад байхгүй байсан. Тэгээд хайсан чинь 2 залуу, нэг хүүхэнтэй сууж байсан... Тайван гаднаас орж ирээд надад “казак, хүн биш” гээд уурласан... гадаа гараад би Тайванд “чи намайг яс үндэс, хэл амаар доромжилсон” гэж хэлсэн чинь 2 удаа алгадсан... мөн гараараа нэг удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... би Тайванд 390.000 төгрөгийн эмчилгээ орно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.9-11, 12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11925 дугаартай:
“1. Х.Дарияшийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Тын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аялгуу” нэртэй караокед орж уусан... би “Цэцэг” зочид буудлын хажууд явж байхад Х.Дарияаш нь хэл амаар доромжлоод байхаар нь гараараа нүүр хэсэгт нэг удаа түлхсэн... маргааш өглөө нь очсон чинь нүүр нь хавдсан байсан... дүгнэлтэнд дурдсан гэмтлийг би учруулсан... би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... би учирсан хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.31-32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Аялгуу” гэх нэртэй караокед Х.Дарияаштай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Дарияашийн өгсөн: “... Тайван гаднаас орж ирээд надад “казак, хүн биш” гээд уурласан... гадаа гараад би Тайванд “чи намайг яс үндэс, хэл амаар доромжилсон” гэж хэлсэн чинь 2 удаа алгадсан... мөн гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-11, 12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11925 дугаартай:
“1. Х.Дарияшийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Тын яллагдагчаар өгсөн: “... би “Цэцэг” зочид буудлын хажууд явж байхад Х.Дарияаш нь хэл амаар доромжлоод байхаар нь гараараа нүүр хэсэгт нэг удаа түлхсэн... маргааш өглөө нь очсон чинь нүүр нь хавдсан байсан... дүгнэлтэнд дурдсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Н.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Х.Дарияашийн сургуулийн 8 анги цэвэрлэгээний 1 сарын нийт хөлс 640.000 төгрөг, цаашид гарах хамрын эмчилгээний төлбөр 4.800.000 төгрөг, нийт 5.440.000 төрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 268.000 төгрөгийг шүүгдэгч Н.Таас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогч Х.Дарияаш нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Таас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Н.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Тт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овгийн Нын Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Тт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Тт сануулсугай.
5. Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Таас 268.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Дарияашд олгосугай.
7. Хохирогч Х.Дарияаш нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Таас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР