Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1853

 

 

 

 

 

2019         12         09                                         2019/ШЦТ/1853

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0445/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Год холбогдох 1906 05346 2474 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1961 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1б дүгээр хэсэг Улаанхуарангийн 1082 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, 1982 онд Барилгын цэргийн шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Х овогт Сгийн Г /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд иргэн Г.Энхтөгсийн гээгдүүлсэн Самсунг эс-10 маркийн гар утсыг завшиж 2.749.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гын өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шавар болчихсон утас байхаар нь аваад хамт явсан залуустаа аваачиж харуулахад нөгөө 2 залуу маань би авна чи авна гэж байгаад Атар авсан. Сүүлд нь ах яаж зүгээр байхав гээд хэдэн төгрөг өгсөн. Авгайг нь барьж байхад утсаар ярьсан, нөгөө утас чинь тийм утас байж гээд утсаа буцааж өгөөд би ч нөгөө мөнгийг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхтөгсийн өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд шоуны тайзны ажил хийж байсан. Би өөрийн Самсунг эс-10 маркийн гар утсаа халааснаасаа гаргаж ирээд утсаар ярьж буцаад халаасандаа хийсэн. Тэгээд 15 цагийн үед гар утсаа шалгахад миний гар утас байгаагүй. Миний гар утас халааснаас унасан байж магадгүй. Би уг гар утсаа 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Мобиком компаниас 2.749.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхжаргалын өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шоуны талбайд цагийн ажил хийхээр болсон. Олон нийтийн радио телевизийн газар ажилладаг нэг залуу өөрийн гар утсаа алга болгочихлоо гээд тэнд ажиллаж байсан бүх хүмүүсийг цуглуулж гар утсаа хайгаад байсан...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ганчимэгийн өгсөн: “... Уг гар утсыг манай нөхөр Н.Атарбаян надад ажлын газрын хүнээсээ 100.000 төгрөгөөр худалдаж авсан гээд авч ирж өгсөн. Би уг утсанд 88043834, 98886414 гэсэн дугааруудыг хэрэглэн ашиглаж байсан. Уг гар утсыг манай нөхрийн ажлын газрын ах нь олсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Атарбаянгийн өгсөн: “... Би 2019 оны 09 дүгээр сарын эхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамт ажилладаг ах болох С.Г гэх хүнээс Самсунг эс-10 маркийн гар утсыг 100.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо уг гар утсыг манай эхнэр С.Ганчимэг ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /хх.18/,

Гар утас хүлээн авсан тэмдэглэл /хх.21/,

Гар утсыг хохирогч Г.Энхтөгсөд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.22/,

Эд зүйлийн үнэлгээ /хх. 28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би ус зөөгөөд машиныхаа шланкийг хурааж байгаад газраас нэг том мэдрэгчтэй гар утас олсон... Тэгээд би гар утасны эзэн асууж магадгүй гээд нэг хоног өөртөө байлгасан боловч хүн асууж сургалаж ирээгүй, тэгэхэд манай ажлын Атарбаян гэх залуу та надад өгчихөөч гэхээр нь би тэр утсыг ажиллуулж мэдэхгүй учраас өгчихсөн юм, тэгэхэд Атарбаян надад 100 мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.32-33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд иргэн Г.Энхтөгсийн гээгдүүлсэн Самсунг эс-10 маркийн гар утсыг завшиж 2.749.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхтөгсийн өгсөн: “... Тэгээд 15 цагийн үед гар утсаа шалгахад миний гар утас байгаагүй. Миний гар утас халааснаас унасан байж магадгүй. Би уг гар утсаа 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Мобиком компаниас 2.749.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхжаргалын өгсөн: “... Олон нийтийн радио телевизийн газар ажилладаг нэг залуу өөрийн гар утсаа алга болгочихлоо гээд тэнд ажиллаж байсан бүх хүмүүсийг цуглуулж гар утсаа хайгаад байсан...” гэх мэдүүлэг /хх.11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ганчимэгийн өгсөн: “... Уг гар утсыг манай нөхөр Н.Атарбаян надад ажлын газрын хүнээсээ 100.000 төгрөгөөр худалдан авсан гээд авч ирж өгсөн... Уг гар утсыг манай нөхрийн ажлын газрын ах нь олсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Атарбаянгийн өгсөн: “... Би 2019 оны 09 дүгээр сарын эхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамт ажилладаг ах болох С.Г гэх хүнээс самсунг эс-10 маркийн гар утсыг 100.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо уг гар утсыг манай эхнэр С.Ганчимэг ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /хх.18/,

Гар утас хүлээн авсан тэмдэглэл /хх.21/,

Гар утсыг хохирогч Г.Энхтөгсөд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.22/,

Эд зүйлийн үнэлгээ /хх. 28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би ус зөөгөөд машиныхаа шланкийг хурааж байгаад газраас нэг том мэдрэгчтэй гар утас олсон...Тэгээд би гар утасны эзэн асууж магадгүй гээд нэг хоног өөртөө байлгасан боловч хүн асууж сургалаж ирээгүй, тэгэхэд манай ажлын Атарбаян гэх залуу та надад өгчихөөч гэхээр нь би тэр утсыг ажиллуулж мэдэхгүй учраас өгчисхсөн юм, тэгэхэд Атарбаян надад 100 мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

С.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.Энхтөгс нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн учир шүүгдэгч С.Гыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Ганбодын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Год эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Год оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Сгийн Гыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Год 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Год оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Год сануулсугай.

          5. С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР