Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1854

 

                                             

 

 

 

 

 

 2019          12           09                                    2019/ШЦТ/1854

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ат холбогдох 1906 05953 2536 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12 дугаар гудамжны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Дгийн А /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.А нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Бямбажавыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 1.200.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бямбажавын өгсөн: “... 2018 оны 07 сарын дундуур Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнжийн хажууд таксинд явж байсан чинь нэг эрэгтэй хүн гар өргөсөн, “хаашаа явах вэ гэсэн чинь надад мөнгө алга, чи намайг хүүхдийн 100-ын тийшээ хүргээд өгөөч” гээд гуйсан, тэгээд зөвшөөрч аваад явсан... би өдөржингөө хамт явсан, тэгээд А “чи надад их тус болсон болохоор одоо би чамд тус болноо, чи Оюу толгойд ажилд орох уу” гэсэн, тэгэхээр нь би “тэгье” гэсэн чинь “за тэгвэл маргааш уулзъя” гээд салсан, тэгээд маргааш нь 3 үеийн намтар, цээж зургийн хамт өгсөн, тэгсэн чинь ажил хөөцөлдөж байгаа болохоор мөнгө хэрэг болж магадгүй гэсэн. Хэд хоногийн дараа залгаад “мөнгө хэрэг болоод байна 300.000 төгрөг өгчих” гээд авсан, дараа нь 150.000, 450.000 гээд 3 удаа мөнгө шилжүүлсэн. Тэгээд бас бэлэн мөнгөөр 300.000 орчим төгрөг өгсөн байгаа... ажилд оруулж өгнө гэхээр нь итгээд мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.6-10/,

ХААН банкны Д.Аын 5800369051 дугаартай дансны хуулга /хх.18-25/,

Хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Аын яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын дунд үед хүүхдийн 100-ын тэндээс такси барьж цагаан өнгийн приус 20 маркийн машинд суусан юм. Тухайн үед таксины жолооч залуу нь манай Увс аймгийн залуу байсан учир бид хоёр хоорондоо ярилцан танилцаж байсан юм. Тэр үед манай аав Сүхээ гэх хүн Увс аймгаас ирсэн, лам болон эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байсан юм. Тэгээд надад өөрт хувийн унаа байхгүй тул би таксины жолооч Бямбаа гэх залууд мөнгийг нь өгөөд манай аав, бид хоёрт үйлчлэн хамт явж өгөхийг гуйгаад утасны дугаарыг нь аваад салсан юм. Тэгээд маргааш өглөө нь би нөгөө Бямбаа гэх залуу руу утсаар ярьж дуудаад Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Корей тауны гадна ирүүлсэн юм. Тэгээд тэр өдөр лам хард үзүүлээд өдөржин тэр залуутай хамт явж байгаад салсан юм. Тэгээд дахиад 7-10 хоногийн дараа би тэр залуу руу утсаар ярьж байгаад уулзаж “Чи надад тус болсон юм чинь би чамайг Оюу толгой жолоочын ажилд оруулж өгье, надад таньдаг хүн байгаа” гээд худал хэлчихсэн юм. Тэгээд “ажилд оруулахад 300.000 төгрөг хэрэг болно, чи мөнгөө бэлдээд бичиг баримттайгаа хамт өгчих” гэж хэлсэн юм. Тэгээд тэр Бямбаа гэх залуу миний 5800369051 тоот ХААН банкны данс руу 2018 оны 07 сарын 02-ны өдөр 58.000 төгрөг, 2018 оны 07 сарын 10-нд 200.000 төгрөг, 07 сарын 19-нд 100.000 төгрөг, 2018 оны 10 сарын 28-нд 150.000 төгрөг, 2018 оны 12 сарын 12-нд 450.000 төгрөг нийт 958.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Заримдаа би тэр залууг дуудаж машинаар нь үнэгүй хүргүүлж авдаг байсан бөгөөд “чамайг ажилд оруулах гэхээр мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд бэлнээр мөнгө авдаг байсан юм. Би Бямбаагаас авсан мөнгөө хуввьдаа хэрэглээд л дуусгасан. Түүнийг ажилд оруулах боломж байгаагүй, би анхнаасаа л түүнд худал хэлээд мөнгө авчихсан юм. Би дансаар 958.000 төгрөг л авсан байгаа, бэлэн мөнгө авсан, гэхдээ яг хэзээ, хэд хэдэн төгрөг авч байснаа мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, намайг уучлаарай, би дахин ийм алдаа гаргахгүй, миний буруу...” гэх мэдүүлэг /хх.54-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.А нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Бямбажавыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 1.200.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бямбажавын өгсөн: “... А “чи надад их тус болсон болохоор одоо би чамд тус болноо, чи Оюу толгойд ажилд орох уу” гэсэн, тэгэхээр нь би “тэгье” гэсэн чинь “за тэгвэл маргааш уулзъя” гээд салсан, тэгээд маргааш нь 3 үеийн намтар, цээж зургийн хамт өгсөн, тэгсэн чинь “ажил хөөцөлдөж байгаа болохоор мөнгө хэрэг болж магадгүй” гэсэн. Хэд хоногийн дараа залгаад “мөнгө хэрэг болоод байна, 300.000 төгрөг өгчих” гээд авсан, дараа нь 150.000, 450.000 гээд 3 удаа мөнгө шилжүүлсэн. Тэгээд бас бэлэн мөнгөөр 300.000 орчим төгрөг өгсөн байгаа....” гэх мэдүүлэг /хх.6-10/,

ХААН банкны Д.Аын 5800369051 дугаартай дансны хуулга /хх.18-25/,

Хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Аын яллагдагчаар өгсөн: “... “Чи надад тус болсон юм чинь би чамайг Оюу толгойд жолоочийн ажилд оруулж өгье, надад таньдаг хүн байгаа” гээд худал хэлчихсэн юм. Тэгээд “ажилд оруулахад 300.000 төгрөг хэрэг болно, чи мөнгөө бэлдээд бичиг баримттайгаа хамт өгчих” гэж хэлсэн юм. Тэгээд тэр Бямбаа гэх залуу миний 5800369051 тоот ХААН банкны данс руу 2018 оны 07 сарын 02-ны өдөр 58.000 төгрөг, 2018 оны 07 сарын 10-нд 200.000 төгрөг, 07 сарын 19-нд 100.000 төгрөг, 2018 оны 10 сарын 28-нд 150.000 төгрөг, 2018 оны 12 сарын 12-нд 450.000 төгрөг нийт 958.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Заримдаа би тэр залууг дуудаж машинаар нь үнэгүй хүргүүлж авдаг байсан бөгөөд “чамайг ажилд оруулах гэхээр мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд бэлнээр мөнгө авдаг байсан юм. Би Бямбаагаас авсан мөнгөө хуввьдаа хэрэглээд л дуусгасан. Түүнийг ажилд оруулах боломж байгаагүй, би анхнаасаа л түүнд худал хэлээд мөнгө авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Д.А нь хохирлын 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч О.Бямбажав нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Ат оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц овогт Дгийн Аыг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Ат оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          4. Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 1.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР