Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1865

 

 

 

 

 

 

 

 

  2019         12         12                                       2019/ШЦТ/1865

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хулан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лид холбогдох 1906 05732 2212 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 3 дугаар байрны 226 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Довогт Бын Л /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Л нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк Сайт” хотхоны 1 давхарт байрлах “Лакс Кид” хүүхдийн хувцасны дэлгүүрээс иргэн Н.Цэндсүрэнгийн “Виво У-93” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэндсүрэнгийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Лакс Кидс” гэх нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүрийг ажиллуулдаг. Тус дэлгүүрт хэвлэх төхөөрөмжтөй холбож барааны код хэвлэхэд ашигладаг “Виво У-93” загварын гар утас байдаг бөгөөд уг утсыг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн үед би өөрөө ашиглаж бар код хэвлээд гар утсаа дэлгүүрийнхээ кассны хэсгийн ширээний доор байрлуулсан. Тэгээд 15 цагийн үед дахиад бар код хэвлэх шаардлагатай болоод гар утсаа авах гэтэл ширээн доор байгаагүй. Тэгээд утас руугаа залгаж үзэхэд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгэхээр нь дэлгүүрийнхээ хяналтын камерийн дүрс бичлэгийг шүүж үзэхэд цагаан өнгийн биеийн тамирын хослолтой, дотуураа цагаан өнгийн футболктой, хар өнгийн пүүзтэй үл таних эрэгтэй хүн авч буй дүрс бичлэг байхаар нь хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад тухайн үедээ дуудлага өгсөн. Би тухайн хүний царайг харвал танина...” гэх мэдүүлэг /хх.6/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хх.8-10/,

          Дамно ХХК-й 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №Б31-19-523 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.19-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Лийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байдаг “Лакс кидс” нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүр оймс авах гээд орсон чинь худалдагч нь цаашаа яваад өгсөн юм, тэгэхээр нь текнийх нь хажууд хүүхдийн хувцас үзэж байгаад тек рүү нь харсан чинь Ай фоун-6, мөн миний авсан утас байсан юм. Тэгээд тэр хар гар утсыг нь лангуун доор нь шургаж ороод аваад гарсан юм. Тэгээд тэр утсаа Монтел дээр очоод утас авна гээд нэг эрэгтэй хүн зогсож байхаар нь 110.000 төгрөгөөр зарсан, тэр мөнгөө үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Л нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк Сайт” хотхоны 1 давхарт байрлах “Лакс Кид” хүүхдийн хувцасны дэлгүүрээс иргэн Н.Цэндсүрэнгийн “Виво У-93” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэндсүрэнгийн өгсөн: “... Тэгээд 15 цагийн үед дахиад бар код хэвлэх шаардлагатай болоод гар утсаа авах гэтэл ширээн доор байгаагүй. Тэгээд утас руугаа залгаж үзэхэд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгэхээр нь дэлгүүрийнхээ хяналтын камерийн дүрс бичлэгийг шүүж үзэхэд цагаан өнгийн биеийн тамирын хослолтой, дотуураа цагаан өнгийн футболктой, хар өнгийн пүүзтэй үл таних эрэгтэй хүн авч буй дүрс бичлэг байхаар нь хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад тухайн үедээ дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.6/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хх.8-10/,

          Дамно ХХК-й 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №Б31-19-523 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.19-20/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Лийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд тэр хар гар утсыг нь лангуун доор нь шургаж ороод аваад гарсан юм. Тэгээд тэр утсаа Монтел дээр очоод утас авна гээд нэг эрэгтэй хүн зогсож байхаар нь 110.000 төгрөгөөр зарсан, тэр мөнгөө үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.62/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Л нь өөр дүүргүүдэд шалгагдаж байгаа хулгайн гэмт хэргүүдийг нэгтгэн шийдүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах хүсэлтэй гэх боловч нийслэлийн дүүргийн Цагдаагийн газруудаас шүүгдэгчийг хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаагүй болохыг тодорхойлсон албан бичгүүд хэрэгт авагдсан байх тул уг хүсэлтийг хангах шаардлагагүй юм.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Лийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Лийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Б.Л нь хохирогч Н.Цэндсүрэнд 400.000 төгрөг нөхөн төлсөн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Лийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан болно.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Лид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд ялтан гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул урьд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгон, шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Лид эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Б.Лийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилж, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл  цагдан хорисон нийт 58 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Довогт Бын Лийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Б.Лид Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лид 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Лид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Лийг урьд нь цагдан хорьсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          7. Б.Л нь хохирогч Н.Цэндсүрэнд 400.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР