Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 182/2017/01097/И |
Дугаар | 001/ХТ2018/00253 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00253
Ш.С-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01531 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2076 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Ш.С-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “У” ХХК, “М” ХХК-д холбогдох,
“М” ХХК болон “У” ХХК нарын хооронд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗБГ0003/100519 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу хаягт байрлах 44А байрны 18 тоот 4 өрөө иргэн Ш.С-ын өмчлөлийн орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Б.Анирмаа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ш.С- нь “М” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 82, 83, 148 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны 5 тоот хаягт байрлах 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 18 тоот хаягт байрлах 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тус тус захиалан бариулсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн гүйцэд барагдуулж дууссан бөгөөд тухайн орон сууцнуудыг өөрийн эзэмшилдээ улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон даруйд бүрэн авсан. “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр захиалагчид мэдэгдэлгүй, түүнээс зөвшөөрөл авалгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, улмаар 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “У” ХХК-тай ЗБГ0003/100519 дугаартай барьцааны гэрээ байгуулан, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахдаа 44А байрны 5 тоот болон 18 тоот хаягт байрлах орон сууцнуудыг мөн барьцаанд тавьсан. Иймд “М” ХХК нь Ш.С-тай байгуулсан гэрээгээ зөрчиж, өөрийн нэр дээр гэрчилгээ гаргасантай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01628 тоот захирамж, мөн 02738 тоот захирамжуудаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгосон.
Мөн “М” ХХК болон “У” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, 156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан заалтуудыг зөрчиж байгуулагдсан учраас уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн “У” ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Учир нь үл хөдлөх хөрөнгө барьцаалагдсан үеэс захиалагч байсаар байтал хуульд заасан шаардлагыг хангаж барьцааны гэрээ байгуулагдаагүй учир уг гэрээний Ш.С-ын өмчлөлийн 05, 18 тоот орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих ёстой. Гэтэл “М” ХХК нь өнөөдрийг хүртэл Ш.С-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, шилжүүлж өгөөгүй, гэхдээ “М” ХХК нь Ш.С-ыг өмчлөгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Ийм учраас “М” ХХК-д дээрх орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Банкны барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд нь “М” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэдэг нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог тул нэхэмжлэгч талаас гаргаж байгаа зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээг байгуулахад өмчлөгч этгээдээс зөвшөөрөл аваагүй гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тогтооход улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэх бөгөөд үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх хууль ёсны шаардлага тавигддаг. Иймээс зээлийн барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн, эсхүл улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийсэн баримт байхгүй байсан тул иргэн Ш.С-аас зөвшөөрөл авах шаардлагагүй.
Энэ хэрэгт Ш.С-ыг өмчлөгч гэж үзсэнтэй холбоотой захирамж нь уг хэрэгт оролцоогүй “У” ХХК-ийн хувьд нэгэнт тогтоогдсон үйл баримт биш юм. Дээрх барьцаа хөрөнгүүдийн хувьд хууль ёсны өмчлөгч нь “М” ХХК байгаа нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог учраас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимд үндэслэн тухайн хөрөнгүүдийг барьцаалсан. Иймд “М” ХХК болон “У” ХХК-иудын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх тул зээлийн барьцааны гэрээний дээрх орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн барьцааны гэрээгээр “У” ХХК-д барьцаалсан. Өнөөдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй байх тул орон сууцнуудыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөх боломжгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөх шаардлага гаргах эрх бүхий этгээд нь “М” ХХК бөгөөд Ш.С- нь зээлийн гэрээний оролцогч биш тул ийнхүү шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ш.С- нь дээрх гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүрэн төлж дуусгасан бөгөөд 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 83, 84, 148/01 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах нэмэлт гэрээг байгуулж, тус компаниас байрны үлдэгдэл төлбөр болох 77 058 ам.доллараас 37 058 ам.долларыг хөнгөлж, үлдэгдэл төлбөр нь 40 000 ам.доллар болгосон бөгөөд нийт 476 662 ам.долларыг төлсөн. Төлбөр тооцоог хийхдээ тус компанийн Капитрон банкин дахь 3053002467 тоот харилцах дансанд 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 149 802 ам.доллар, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 226 860 ам.долларыг шилжүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 30 000 ам.доллар, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30 000 ам.доллар, 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 40 000 ам.долларыг тус тус бэлнээр төлж дуусгасан.
Тухайн орон сууц, авто зогсоол нь иргэн Ш.С-ын өмч хөрөнгөөр бий болсон ба үүнийг анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102ШШ2015/01628 дугаар захирамжаар, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/02738 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр Зайсангийн тойруу Blue Sky хотхоны 44А байрны 05, 18 тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 49, 178, 190 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс дээрх шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандаж байна. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “Капитрон банк” ХХК болон “У” ХХК-иас эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Үүний нэг болох “У” ХХК-тай 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ0002/100319, ЗБГ0002/100319 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 3 158 000 еврог 2 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 46А тоот 50 хувийн гүйцэтгэлтэй 3,200 м.кв талбай бүхий дуусаагүй барилга, 55 хувийн гүйцэтгэлтэй 44А тоот дуусаагүй барилгыг тус тус барьцаалсан. Зээлийн хүүнд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 50 052 еврогийн хүү төлсөн бөгөөд 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ЗНГ0003/100519 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ЗБГ0003/100519 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж 90 хувийн гүйцэтгэлтэй 47 айлын орон сууцыг “У” ХХК-ийн шаардлагаар барьцаалсны нэг нь иргэн Ш.С-ын өмчлөлийн орон сууц бөгөөд банк болон манай компани түүнд мэдэгдэлгүйгээр барьцаалснаа хүлээн зөвшөөрч байна.
“У” ХХК нь зээлийн барьцаанд орон сууцнуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон. Учир нь тухайн зээлийг олгох явцад буюу 2010 оны 3 сард 50, 55 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, хэдийгээр 2010 оны 10 сард улсын комисс хүлээн авсан хэдий ч иргэд 2009 оны 12 сараас нүүн орж эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Ш.С- нь тэдний нэгэн адил 2010 оны 4 сард төлбөрийг дуусгасан учир 5 сараас эхлэн гэрээний дагуу орон сууцандаа амьдарч, ашиглалтын төлбөрөө төлж байсан нь үнэн болно.
Манай компани тухайн зээлийн төлбөрийг “У” ХХК-д бүрэн төлж барагдуулсан байна. “У” ХХК нь зээлийн төлөлт дууссанаас хойш өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаа өнгөрөөд байхад барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй, мөн зээлийн өр төлбөр нэхэмжилж нэг ч удаа шүүхэд хандаж байгаагүй, банкны эрх ашиг огт хөндөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн “У” ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 19-ний адөр байгуулсан ЗБГ0003/100519 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блю скай хотхоны 44А дугаар байрны 05 болон 18 тоот 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01531 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар “У” ХХК-д холбогдох 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 дугаартай “М” ХХК болон “У” ХХК-иудын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны 148.4 м.кв талбай бүхий 05 тоот орон сууц, мөн байрны 148.4 м.кв талбай бүхий 18 тоот орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ш.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Ш.С-аас “М” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны 148.4 м.кв талбай бүхий 05 тоот орон сууц, мөн байрны 148.4 м.кв талбай бүхий 18 тоот орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг тус тус даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 396 145 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2076 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ш.С-ын, “У” ХХК, “М” ХХК-иудад холбогдуулан гаргасан 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ003/100519 дугаартай зээлийн барьцааны гэрээний 05 болон 18 тоот орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ш.С-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 536 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасанчлан барьцаалагч нь барьцаалах эрхгүй болохыг мэдэж байсан бөгөөд мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь Орон сууц захиалгын гэрээний хувьд тухайн маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь хэний захиалгаар баригдсаныг шалгах боломжтой байсан бөгөөд орон сууцыг захиалсан этгээд орон сууцаа эзэмшиж байсаар байтал мэдээгүй, мэдэх боломжгүй байсан мэтээр дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн зээлийн гэрээг анх байгуулахдаа 2 сарын хугацаатай байгуулж, нэмэлт өөрчлөлт оруулахдаа 7 сарын хугацаатай буюу богино хугацаагаар байгуулсан байгаа нь захиалагчид мэдэгдэлгүйгээр зээл олгож хүүгийн орлого олох санаа зорилготой байсан нь харагддаг.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь хэсэгт “...барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх бол тухайн эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацаа...” гэж, 11.1.9 дэх хэсэгт “...барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх...” гэж тус тус заасныг зөрчин байгуулагдсан байгаа нь илт байтал энэ зүйл заалтад шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “...Барьцааны гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана...” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт “...зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...”-ыг бүрдүүлнэ, 23.4 дэх хэсэгт “...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ... эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ...” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан байдаг. Энэ талаарх үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар баримт байхгүй, хэрэгт өгөөгүй гэдгийг дүгнэсэн мөртлөө улсын бүртгэл хүчинтэй байгаагаас нэхэмжлэгчийг эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Хариуцагч “М” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг ашиглалтанд орсноос хойш өөрийн үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж байгаа, захиалагчид мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавьсан, банк хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, төлбөрийг бүрэн барагдуулсан байтал барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөхгүй байгаа зэргийг тодорхой тайлбарласан. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг бодитоор үнэлж чадалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн гүйцэтгэгч “М” ХХК нь орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд орон сууцуудыг ашиглалтанд оруулаагүй байдаг ба олон сая төгрөгийн үнэтэй хөрөнгүүдээ хүлээн авахгүй, эзэмшихгүй, ашиглахгүй байх ямар ч үндэслэл байхгүй байтал шийдвэрт “...нэхэмжлэгч Ш.С- нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалах үед буюу 2010 онд шударгаар эзэмшиж, оршин сууж байсан болохоо баримтаар нотлоогүй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй болно...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Магадлалд “...Нэхэмжлэгч тал орон сууцыг ашиглалтапд орохоос өмнө эзэмшилдээ байлгаж байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүйн гадна дээрх үйл баримтаар түүний тайлбар няцаагдсан гэж үзнэ...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиалагч нь орон сууцыг эзэмшилдээ байлгаж байсныг хариуцагч “М” ХХК нотлодог, хүлээн зөвшөөрдөг бөгөөд захиалагч захиалгын дагуу баригдсан өөрийн орон сууцаа эзэмшилдээ байлгахгүй, хүлээн авахгүй байх үндэслэлгүй юм. Тийм байтал баримтаар нотлоогүй гэж дүгнэн хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Банкнаас зээл олгохдоо бүх санхүүжилтыг банкнаас олгоогүй, захиалагч нарын хөрөнгөөр баригдсан гэдгийг мэдэж байсны дээр барьцаалах гэж байгаа үл хөдлөх хөрөнгө бүр захиалагчийн эрх, ашиг байгааг мэдээгүй гэх үндэслэлгүй юм. Ийм байтал эзэмшлийг шууд шалгах боломжгүй гэж банкны талд үйлчлэн түүнд ашигтай байдлаар хууль тайлбарлан дүгнэлт гаргасанд гомдолтой байна.
Хариуцагч “М” ХХК нь хариу тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, захиалагчид мэдэгдэлгүй богино хугацаанд зээл аваад буцаагаад төлөх зорилготой байснаа илэрхийлж бичгээр гаргасан тайлбарт тодорхой дурдсан байтал шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэгэнт захиалгын гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн байх тул хариуцагч даалган шийдвэрлэх боломжтой юм. “М” ХХК нь гүйцэтгэгчийн хувьд захиалагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй юм. Энэхүү үүргийнхээ дагуу барьцааны асуудлыг өөрөө шийдвэрлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хүсэлтээ гарган, захиалагчийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ийм боломжтой, хариуцагч энэ талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрдөг байтал шүүхээс хариуцагч ингэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн газар гаргаж өгөх үүрэгтэй гэж мөн л хуулийг банкны талд ашигтай тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв хариуцагч “М” ХХК нь зөвшөөрдөггүй тохиолдолд ийм дүгнэлт хийж болох юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.С- нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан барьцааны гэрээний Ш.С-ын эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч “М” ХХК-д холбогдуулан орон сууцуудыг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч “У” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч мэтгэлцсэн бол хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Хариуцагч “М” ХХК болон “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн дээрх шаардлага эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ш.С- нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ, “М” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “орон сууц захиалах, гүйцэтгэх” нэртэй гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны 5 тоотод байрлах 148,4 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн байрны 18 тоотод байрлах 148,4 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалан бариулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад “М” ХХК нь хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүй 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “У” ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулж, банкнас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх орон сууцаар хангуулахаар барьцаалсныг хууль зүйн үндэслэлгүй гэж заажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа барьцааны гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд “М” ХХК бүртгэлтэй байсан тул хэн нэгний зөвшөөрөл шаардлагагүй байсан гэжээ.
Маргааны зүйл болж буй барьцааны гэрээ “У” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан байх ба барьцааны зүйлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 44а, 46а байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 47 орон сууц тусгагджээ. Тэдгээрийн дотор нэхэмжлэгч Ш.С-ын одоогийн эзэмшиж буй 44а байрны 5, 18 тоот орон сууц орсон байна.
Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж байх үед буюу 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй орон сууцууд нь “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байжээ. “М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 44а байрны 5, 18 тоот орон сууцуудын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206013625, 2206013612 дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх шүүгчийн 2015 оны 01628 дугаар захирамжаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Ш.С-ын шаардлагыг “М” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба уг захирамж хүчин төгөлдөр байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д зааснаар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч “М” ХХК нь “У” ХХК-иас гэрээгээр зээл авах, эд хөрөнгө барьцаалах үед буюу 2010 оны 03-05 дугаар сард нэхэмжлэгч Ш.С- орон сууцыг өмчлөх эрхгүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгө 90% гүйцэтгэлтэй байжээ. Улмаар барьцааны гэрээ хийх үед тухайн эд хөрөнгийн өмчлөгч байсан “М” ХХК нь тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсаныг буруу гэж үзэхгүй бөгөөд барьцааны гэрээний талууд өмчлөх эрх олж аваагүй байсан нэхэмжлэгч Ш.С-аас зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, “М” ХХК болон “У” ХХК-ийн хооронд 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ш.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч Ш.С- шүүгчийн 2015 оны 01628 захирамжийн дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх тохиолдолд барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авах тул ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн хувьд ажил гүйцэтгэгчид шаардлага гаргах эрхтэй болно.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байна. Харин хуулийн 353 дугаар зүйлийн 353.1.-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэж үздэг.
Барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах болсон Ш.С- нь хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах зэрэг шаардлагыг гаргах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, Ш.С-ын өмчлөгч болоогүй байх үед нь хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бус харин зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг “М” ХХК-иас шаардах, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд ногдох хэмжээний үүргийг “М” ХХК-ийн өмнөөс банкинд гүйцэтгэж, зардлаа “М” ХХК-иас шаардах, өөрт учирсан хохирлыг арилгуулах зэрэг шаардлага гаргахад энэ хэргийн шийдвэр саад болохгүй болно.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2076 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 536 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН