Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 600

 

                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Баярбат, Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн,

          Б.Хишигсүрэн, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Эрдэнэзаяа,

Яллагдагч Б.Баярбатын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

Ялтан Б.Хишигсүрэнгийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Яллагдагч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч Г.Нямхүү,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 5/03 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Баярбат, Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт холбогдох эрүүгийн 201625013102 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржгон овогт Баярсайханы Баярбат, 1991 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн 2 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13-25 тоотод оршин суудаг,

2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УТ91030616/,

 

Боржигон овогт Бямбасүрэнгийн Оюунцэцэг, 1967 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн гудамж 8 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ШБ67123108/,

 

Боржигон овогт Батзоригийн Гантөмөр, 1986 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 16 дугаар гудамжны 14 тоотод оршин суудаг,

2002 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн шүүхийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 42 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, /РД: ЧЗ86021970/,

 

Боржигон овогт Пүрэвжавын Пүрэвсүрэн, 1987 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 9 дүгээр байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 458-А тоотод оршин суудаг,

2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: УС87110515/,

 

Боржгон овогт Баатарбилэгийн Хишигсүрэн, 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эцэг, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 28 дугаар байрны 31 тоотод оршин суудаг,

2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: УВ90022491/,

 

Боржигон хараат овогт Мөнхтогоогийн Түвшинбаяр, 1986 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сум, 1 дүгээр багийн Хараатад оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цагаан давааны 48-9А тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ГД86012472/.

 

Б.Баярбат нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд бусадтай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах хохирогч Х.Лхамаагийн хувийн хаусны подвалын цонхоор нэвтэрч “Айпад”, эмэгтэй хүний гоёлын ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг эд зүйлсийг хулгайлж 92.641.733 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 19-21 цагийн хооронд П.Пүрэвсүрэнтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух хохирогч П.Болормаагийн байранд нэвтэрч “Айпад”, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 16 цагаас шөнийн 00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Жапан таун” хотхоны с1-107 тоотод оршин суудаг хохирогч И.Идэрийн байранд нэвтрэн орж бэлнээр 1.200.000 иен, 3.400 ам.доллар, 200.000 төгрөг, гартаам хөөрөг, эмэгтэй хүний үнэт эдлэлүүд, “Канон” брэндийн зургийн аппарад зэрэг эд зүйлсийг хулгайлж 46.885.210 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд П.Пүрэвсүрэн, Б.Гантөмөр, Б.Хишигсүрэн нартай бүлэглэн, 40-35 УНХ улсын дугаартай “Тоёота Алпарт” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргүүдийг давтан үйлдэж, хохирогч нарт нийт 354.982.032 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

 

П.Пүрэвсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 19-21 цагийн хооронд Б.Баярбаттай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суудаг хохирогч Т.Болормаагийн байранд нэвтэрч “Айпад”, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд Б.Баярбат, Б.Гантөмөр, Б.Хишигсүрэн нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргүүдийг бусадтай булэглэн, давтан үйлдэж, хохирогч нарт нийт 215.455.089 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Б.Хишигсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд Б.Баярбат, Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Гантөмөр нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 19 цаг 20 минутаас 20 цагийн хооронд Б.Баярбат, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод оршин суудаг хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн 3 давхар хувийн сууцанд нэвтэрч алтан гулдмай, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, 350 евро, бэлэн 600.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

мөн М.Түвшинбаяртай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчим Төв аймгийн Зуун мод сум, 6 дугаар багт байрлах “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн арын байранд хохирогч Н.Батзоригийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан ба уг танхайн үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Ж.Очирпүрэвийг М.Түвшинбаяртай бүлэглэн зэвсгийн чанартай зүйл болох байшингийн дээврийн шиприйн хагархай болон чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

 

М.Түвшинбаяр нь Б.Гантөмөртэй бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн орчим Төв аймгийн Зуун мод сум, 6 дугаар багт байрлах “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн арын байранд хохирогч Н.Батзоригийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан ба уг танхайн үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Ж.Очирпүрэвийг Б.Гантөмөртэй бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

 

Б.Оюунцэцэг нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж АОС-34 тоотод оршин суудаг иргэн Х.Лхамаагийн гэрээс хулгай хийлгэхээр Б.Батбаярт зааж өгч гэмт хэрэг үйлдүүлэхээр захиалж, уг хулгайн хэрэгт хамтран оролцсоны улмаас 2016 оны 8 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 22 цагийн үед Б.Баярбат нь хохирогч Х.Лхамаагийн гэрт нэвтрэн орж “Айпад”, эмэгтэй хүний гоёлын ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг эд зүйлсийг хулгайлж 92.641.733 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Баярбат, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Б.Оюунцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Б.Гантөмөрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.3, М.Түвшинбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд   хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.” гэж заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасны дагуу хохирлыг тодорхой болгож, хохирлын үнэлгээг хуульд заасан журмын дагуу үнэлсний эцэст үнэлгээг нэг мөр тогтоож, уг тогтоосон нөхцөл байдлаа дүгнэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлсний дараа шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг “Шинжилгээ хийлгэхэд энэ хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” гэж тус тус заасныг зөрчиж хохирлын үнэлгээг тогтоосон байна гэж үзэв. Тодруулбал: Хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 89-өөс 95 дугаар хуудсанд хохирогч Д.Ууганбаярын эд зүйлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оиы 4 дүгээр сарын 11-ний өдрийн 214 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай баримтад 209.292.500 төгрөгөөр үнэлж, мөн хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 97-оос 99 дүгээр хуудсанд Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 272 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай баримтад 1.070.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байхад яллах дүгнэлтийн 3 дугаар хуудсанд 211.895.089 төгрөг гэж, хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 106-аас 109 дүгээр хуудсанд хохирогч И.Идэрийн эд зүйлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 274 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай баримтад 12.120.000 төгрөгөөр үнэлсэн байхад яллах дүгнэлтийн 3 дугаар хуудсанд 46.885.210 төгрөг гэж, хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоолыг хохирогч П.Болормаад танилцуулж гарын үсэг зуруулаагүй, хэргийн 3 дугаар хавтаст хэргийн 216 дугаар хуудсанд 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоол дээр шинжээч, хохирогч нарын гарын үсэг зуруулаагүй, мөн дээрх үйлдлүүдэд бэлэн мөнгө алдагдсан гэх ба 5 дугаар хавтасны 80-аас 81 дүгээр талд авагдсан Монгол банкны лавлагаагаар аль улсын ямар мөнгөн тэмдэгт нь тухайн үеийн ханшаар тооцоход Монгол улсын мөнгөн тэмдэгтээр тооцоход хэдэн төгрөгтэй тэнцэж ямар байдлаар хохирлын тооцоог тооцсон нь тодорхойгүй, эд зүйлийн үнэлгээ хийсэн үнэлгээтэй хохирлын хэмжээ илт зөрүүтэй, түүнчлэн эд зүйлийг үнэлэхдээ адил төстэй эд зүйлстэй харьцуулан үнэлгээ хийж улмаар эд зүйлсийг хэрхэн үнэлсэн талаарх эх сурвалжаа үнэлгээндээ дурдаагүй зэрэг болно. Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 290 дугаартай яллах дүгнэлтийг үндэслэн яллагдагч ...нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй байх тул эрүүгийн 201625013102 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Баярсайханы Баярбат, Боржигон овогт Пүрэвжавын Пүрэвсүрэн, Боржгон овогт Баатарбилэгийн Хишигсүрэн, Боржигон овогт Батзоригийн Гаитөмөр нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бямбасүрэнгийн Оюунцэцэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Мөнхтогоогийн Түвшинбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар яллах дүгнэлтэд хавсралтаар хураагдсан ирсэн эд зүйлсийг хавсралтаар хэргийн хамт прокурорт хүргүүлж, яллагдагч Б.Баярбат, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн урьд авсан цагдан хорих, Б.Гантөмөр, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хавтаст хэрэг прокурорт хүргэгдэн очтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Цэнд-Аюуш бичсэн прокурорын эсэргүүцэлдээ: “…Баянзүрх дүүргийн    Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг эрүүгийн 201625013102 дугаартай хэргийг хянаад 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаартай захирамж гаргаж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасныг эс зөвшөөрөх дор дурдсан үндэслэлүүд байна. Үүнд: Шүүгч ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” гэж тус тус заасныг зөрчиж, хохирлын үнэлгээг тогтоосон байна гэж үзэв гэсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд хулгайд эд зүйлсээ алдаж хохирсон 4 хохирогчийн алдагдсан эд зүйлсийг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчнээр үнэлүүлж, хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт хавсаргасан байхад хууль зөрчиж хохирлын үнэлгээг тогтоосон байна гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй заалт байна. Захирамжийн тодруулбал гэсэнд: Хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 89-өөс 95 дугаар хуудсанд хохирогч Д.Ууганбаярын эд зүйлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 214 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай баримтад 209.292.500 төгрөгөөр үнэлж, мөн хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 97-оос 99 дүгээр хуудсанд Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 272 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай баримтад 1.070.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байхад яллах дүгнэлтийн 3 дугаар хуудсанд 211.895.089 төгрөг гэж бичсэн байна гэсэн нь огт ойлгогдохгүй байна.

Хохирогч Д.Ууганбаярын үнэт эдлэлийг 209.292.500 төгрөгийн хохирол учирсан талаар анх Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ хийгдсэн ба алдагдсан эд зүйлсийн үнэлгээнээс үнэлэгдээгүй хоцорсон 2 ширхэг сейф, 21 ширхэгтэй түлхүүр, Ланд-200 загварын автомашины түлхүүр зэргийг мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Санчир нэмж үнэлүүлэхэд 1.700.000 төгрөгөөр үнэлсэн. Үүн дээр эд зүйлсийн хамт алдагдсан 350 евро буюу тухайн үеийн валютын ханшаар 932.589 төгрөгийг, мөн бэлнээр байсан 600.000 төгрөгийг нэмж нийт хохирлын тооцоо 211.895.089 төгрөг болсныг хүснэгтээр гаргаж, хэрэгт хавсарган ирүүлсний дагуу прокурор яллах дүгнэлтдээ учирсан нийт хохирлын хэмжээг бичсэн, үнэлгээний хувьд зөрүүтэй, эргэлзээтэй зүйл байхгүй болно. Хэргийн   4   дүгээр   хавтаст   хэргийн   106-109   дүгээр   хуудсанд   хохирогч И.Идэрийн эд зүйлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 274 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай баримтад 12.120.000 төгрөгөөр үнэлсэн байхад яллах дүгнэлтийн 3 дугаар хуудсанд 46.885.210 төгрөг гэж бичсэн байна гэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч И.Идэрийн гэрээс алдагдсан эд зүйлсийг Хөрөнгийн үнэлгээний төв нь 12.120.000 төгрөгөөр үнэлсэн ба үүн дээр алдагдсан 1.200.000 иен буюу хэрэгт хавсаргасан Монгол банкны тухайн үеийн валютын ханшны лавлагаагаар тооцоход 26.148.000 төгрөгийг, 3.400 ам.доллар буюу 8.417.210 төгрөгийг, бэлэн 200.000 төгрөгийг нэмж нийт 46.885.210 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул прокурор яллах дүгнэлтдээ бичсэн байна.

Хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоолыг хохирогч П.Болормаад танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээ хийлгэх тухай тогтоолд хохирогчоор заавал гарын үсэг зуруулна гэсэн заалт байхгүй бөгөөд хохирогч П.Болормаа хохирлын үнэлгээ болон хавтаст хэргийн материалтай танилцаж, санал хүсэлтгүй, харин хохирлоо төлүүлж авмаар байна гэсэн тул шүүгчийн захирамжийг хүлээн авах боломжгүй байна. Мөн дээрх үйлдлүүдэд бэлэн мөнгө алдагдсан гэх ба 5 дугаар хавтасны 80-81 дүгээр талд авагдсан Монгол банкны лавлагаагаар аль улсын, ямар мөнгөн тэмдэгт нь тухайн үеийн ханшаар тооцоход Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр тооцоход хэдэн төгрөгтэй тэнцэж, ямар байдлаар хохирлын тооцоог тооцсон нь тодорхойгүй, эд зүйлийн үнэлгээ хийсэн үнэлгээтэй хохирлын хэмжээ илт зөрүүтэй, түүнчлэн эд зүйлийг үнэлэхдээ адил төстэй эд зүйлстэй харьцуулан үнэлгээ хийж, улмаар эд зүйлсийг хэрхэн үнэлсэн талаарх эх сурвалжаа үнэлгээндээ дурдаагүй байна гэжээ. Мөрдөн байцаагч хохирлын тооцоог хүснэгтээр үйлдэж гарган, хавтаст хэрэгт хавсаргасан байгаа бөгөөд уг тооцоонд иен, ам.доллар алдагдах үеийн Монгол банкны лавлагааг авч хэрэгт хийсний дагуу гадаад валютыг Монгол төгрөгт хөрвүүлэн тооцсон тооцоо хүснэгтээр тодорхой гаргасан байхад тодорхойгүй гэснийг яаж тодорхой болгохыг ойлгохгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчний үнэлгээний талаарх тайланд үнэт эдлэл болон эд зүйлсийг хэрхэн үнэлсэн талаарх эх сурвалжаа тодорхой дурдсан байна. Иймд Б.Баярбат, Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна, эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Б.Баярбатын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих байдлын 1.2 буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5 буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ зэргийг тодорхой тогтоолгох зайлшгүй шаардлагатай байсан. Хохирол тогтоосон дүгнэлтүүд хуульд заасан үндэслэлтэй явагдаагүй гэж үзсэн. Б.Баярбат нь гэмт хэрэг гарснаас хойш нийт 8 сар цагдан хоригдож байгаа. Цагдан хоригдох хугацаанд нь эхнэр нь төрсөн. Хүүхэд нь одоо 8 сартай, хатгаа тусаад эмчилгээ хийлгэж байгаа. Түүний ар гэрийн байдал нь хүнд байгаа тул дээрх байдлыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж барьцаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Б.Баярбат тодорхой оршин суух хаягтай, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар гэмшиж, түүнийгээ илэрхийлж байгаа...” гэв.

 

Яллагдагч Б.Хишигсүрэнгийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Б.Хишигсүрэнг анх удаа гэмт хэрэг бүлэглэж үйлдэж оролцсон. Б.Хишигсүрэн тухайн хулгайн хэрэг үйлдэгдэхэд автомашин дотроо унтаж байсан. Б.Хишигсүрэнгийн хувьд шинэ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хулгай хийсэн нь нотлогдохгүй байна. Нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй, хэн үйлдсэн нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэхэд яаж нөлөөлсөн шалтаг шалтгаан нь тодорхойгүй, эд мөрийн баримтаар нотлох ажиллагаа хийгдэж чадаагүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа огт хийгдээгүй байна гэж үзэж байна. Мөн Б.Хишигсүрэнгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон. Б.Хишигсүрэнтэй холбоотой нотлогдвол зохих зүйлүүд нотлогдоогүй. Б.Хишигсүрэн нь цагдан хоригдоод 7 сар болж байгаа. Гэхдээ ямар хэрэг ямар хохирол учруулсан, яаж хулгай хийсэн гэдэг нь нотлогдоогүй учраас түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлж батлан даалтад гаргаж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан. Хохирлын хэмжээг бодитой тогтоогдоогүй учраас буцаасан нь зөв. Би шүүхийн шатанд түүний өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхэд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй. Энэ хүсэлтэд Б.Оюунцэцэг нь энэ гэмт хэрэгт ямар ч хамааралгүй. Гэмт хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагад туслалцаа үзүүлж, илрүүлсэн. Манай үйлчлүүлэгчийг энэ байдлыг шалгуулъя гэж удаа дараа мөрдөн байцаагчид хүсэлт тавихад прокурор М.Цэнд-Аюуш “үүнийг шалгах шаардлагагүй. Энэ хулгайч хүн” гэж хэлсэн байсан. Тийм учраас мөрдөн байцаагч “прокурор зөвшөөрөөгүй учраас би шалгаагүй” гэж хэлдэг. Энэ асуудал нь болсон эсэх талаар асуухад ахлах мөрдөн байцаагч Батбаяртай уулзахад бид нар уулзсан. “Ийм хөөрөг танд ирвэл хэлээрэй. Энэ гэмт хэрэгт хамтран оролцох хэрэгтэй байна” гэсэн. “Энэ хөрөг манайд ирлээ” гэхэд “та худалдаад авчих бид нар ажилтай байна” гэсэн. Тэр хүн тухайн хөөргийг өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад ийм хүн ирсэн гэж хэлсэн. Үүний дагуу энэ гэмт хэрэг илэрсэн гэдгийг хэлдэг...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Баярбат, Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Баярбат, Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч нар гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар …дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.Баярбат, Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн яллагдагч Б.Баярбат, Б.Хишигсүрэн нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 683 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Баярбат, Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.Баярбат, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, яллагдагч Б.Гантөмөр, Б.Оюунцэцэг, М.Түвшинбаяр нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ц.ОЧ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ