Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0567

 

“Сс” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 511 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын давж заалдах гомдлын дагуу “Сс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийг Ажлын хэсгээс дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 434 дугаар шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаатайгаар тус тус түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 434 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болсонд тооцож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахыг зорьсон боловч маргаан бүхий актын үндэслэл болон хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох маргаан бүхий актын үндэслэл болон хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаартай албан бичиг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/337, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/371, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар бичгүүдээс зөрүүтэй, нөхцөл байдлыг цаашид тодруулж үзэх шаардлагатай байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна” дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгын талаар буруу дүгнэлт хийсэн, хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаартай албан бичигт “... Нэг сумын нутаг дэвсгэрт 20-25 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дээр нэг зэрэг уул уурхайн олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа учир цаашид шинээр уурхай нээх гэж буй болон хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн ашигтлалтын тусгай зөвшөөрлүүд, ирээдүйд ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, ирээдүйд ашиглалт болох магадлалтай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн хүрээнд судалж цуцлах шийдвэр гаргах саналыг хүргүүлж байна” гэжээ. Уг албан бичигт нэхэмжлэгч “Сс” ХХК тус сумын нутаг дэвсгэрт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж байгаа эсхүл байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх агуулга огт байхгүй байна.

“Сс” ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргахдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргаас маргаан бүхий лицензүүдийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсан эсэх талаарх тодруулгуудыг авч хавсаргасан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/337, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/371, мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар албан бичгүүдээр “Сс” ХХК нь маргаан бүхий талбайнуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, ашиглалт явуулах талаар ямар нэгэн хүсэлт ирүүлж байгаагүй талаар дурьдсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанчлан дээр албан бичгүүд агуулгын өөр хоорондоо зөрүүтэй агуулга байхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1669 дугаартай захирамж, уг захирамж өөрчлөлт оруулсан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2172 дугаартай захирамжуудаар маргаан бүхий лицензийн талбайнуудад “Сс” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үйл ажиллагаа явуулсан эсэхийг тодруулах зорилгоор үзлэг хийлгэхээр Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд даалгавар хүргүүлсэн. Тус шүүхээс даалгаврын дагуу үзлэг хийж, үзлэгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий талбайд ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг тогтоосон.

Байгаль орчин аялал жууулчлалын яамны ажлын хэсгийн дүгнэлтэнд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг үндэслэсэн ба нэхэмжлэгч уг үндэслэлд заасан “Байгаль орчинд хортой нөлөөлж” буй эсэхийг тогтоох зорилгоор шүүхээс үзлэг хийхэд ашиглалтын болон олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дээрх нөхцөл байдлыг зөвшөөрсөн байхад шүүхээс “цаашид тодруулах шаардлага байх бөгөөд шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэг буюу “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан хуулийн уг зохицуулалт 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан агуулгын хувьд ижил зохицуулалт юм.

Хэдийгээр 2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уг зохицуулалтыг шүүхийн практикт хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар гаргаагүй боловч 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасныжжг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 20-д “...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно” гэж тайлбарласан.

Улсын дээд шүүхийн дээрх тайлбар нь 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг шүүхийн практикт хэрэглэхтэй холбоотой гарсан боловч уг тайлбарт дурьдсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 болон 2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтууд нь агуулгын хувьд ижил байдлаар зохицуулагдсан заалт юм.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой талаараа шүүхэд илэрхийлсэн тохиолдолд шүүхээс уг журмыг баримталж шийдвэр гаргадаг бөгөөд энэ нь шүүхийн тогтсон жишиг юм. Уг маргааныг анхан шатны журмаар шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс шүүхэд удаа дараа бичгээр гаргаж өгсөн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий захиргааны акт алдаатай гарсныг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын зүгээс гаргасан тайлбарыг хэрэгт ач холбогдолтой, бүхий л талаас судалж үзэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлүүдээс үзвэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0511 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд бичгээр болон шүүх хуралд амаар гаргасан тайлбарыг буруу тайлбарлаж дүгнэсэн, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байх тул анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга давж заалдах гомдолдоо:

“...Сс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 511 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэг. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “Сс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ уг шүүх хурлын зарыг өмнө нь болон одоо ч баримтлан мөрдөж буй нийтэд ил тод мэдээлж байгууллагынхаа вэб хуудсанд байршуулан хэргийн оролцогч нарыг бүрэн оролцуулах боломж олгодог зарчмаа хэрэгжүүлэхгүйгээр хуралдаж шийдвэр гаргажээ.

Энэ үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжийг олгоогүй хязгаарласан гэж үзэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Сс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг явуулахдаа мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйн улмаас хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Хоёр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж хуульчилсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Сс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бодитой хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ үйлдэл нь шүүхийн шийдвэрийн 17 дугаар хуудасны 3 дахь догол мөрнөөс уншихад тодорхой харагдана.

Гурав: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 511 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж шүүхийн шийдвэр бодитой нөхцөлд биелэх боломжтой байх зарчимд нийцээгүй шийдвэр болсон.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0511 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 660 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Өвөлжөө уул-1” нэртэй 10992.92 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын MV-16869 дугаартай тусгай зөвшөөрлийг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Өвөлжөө уул-1” нэртэй 2473.4 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын MV-020436 дугаартай тусгай зөвшөөрлийг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс, “Галын овоо” нэртэй 8796.37 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглалтын MV-020451 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус “Сс” ХХК-д олгосон боловч Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/302 тоот албан бичгүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/20 дугаартай дүгнэлт гарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 434 дүгээр шийдвэрээр “Сс” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-016869, MV-020436, MV-020451 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.

Нэхэмжлэгчээс 2016 оноос хойш маргаан бүхий актууд гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компани ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхайн болон олборлолтын ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, хөрс хуулалтын ажил хийгээгүй байхад байгаль орчинд хортой нөлөөлсөн, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дүгнэлт гаргахдаа ашиглалт бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж болзошгүй хэмээн үзэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь мөн шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 434 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна

Анхан шатны шүүх уг маргаан бүхий актуудыг “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бодитоор хэрэгжүүлэлгүй ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилсан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн ч хэрэгт авагдсан нотлох баримт зөрүүтэй учир энэ нөхцөл байдлыг цаашид тодруулж үзэх шаардлагатай бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийг 3/гурав/ сарын хугацаагаар, Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 434 дүгээр шийдвэрийг дахин шинэ акт гарах хүртэл 6/зургаа/ сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хуульд нийцээгүй дүгнэлт болсон байна.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж тус тус зааснаар хэрэв байгаль орчин, түүний баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй бодитоор бий болсон буюу эдгээр нөхцөл байдал бий болсны улмаас байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн саналыг харгалзаж үзсэний үндсэн дээр байгаль орчинд хортой нөлөөлж байгааг тогтоосон дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах эрхтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй.

Гэтэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/337, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/371, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот албан бичиг болон маргаан бүхий газруудад 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс хийсэн үзлэгийн баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч “Сс” ХХК нь эзэмшил бүхий MV-016869, MV-020436, MV-020451 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад олборлолт, ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй болох нь тогтоогдож байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийн үндэслэл болсон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1-2103 тоот албан бичиг болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын “Санал хүргүүлэх тухай” 1/302 тоот албан бичгүүдээс өөрөөр нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөөлөл үзүүлж байгаа, зөрчил гаргах боломжтой талаар тогтоосон баримт байхгүй байна.

Ийнхүү тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэн, зохих арга хэмжээ авч хуульд заасны дагуу дүгнэлт гаргах эрх нь хариуцагчид нээлттэй байтал нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл, бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр хариуцагч нараас маргаан бүхий актуудыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байтал анхан шатны шүүх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр “...баримтууд зөрсөн, ... шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн...” хэмээн дүгнэсэн, нотлох баримтуудыг буруу үнэлсэн тухайн нөхцөл байдлыг тогтоож, дахин шинэ акт гаргах боломжтой гэдгээ хариуцагч байгууллага илэрхийлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/337, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/371, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоотуудад “.... маргаан бүхий талбайд ашиглалт явуулах ямар нэгэн хүсэлт ирүүлж байгаагүй, газар хөндөж олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаагүй” гэдгийг нэхэмжлэгчийн хувьд тодорхойлсны зэрэгцээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичигт “ ...тус сумын нутаг дэвсгэр дээр 20-25 ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр нэгэн зэрэг уул уурхайн олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа учир ... дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайд ... цаашид шинээр уурхай нээх гэж буй ... ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд судалж, цуцлах шийдвэр гаргах саналыг хүргүүлж байна” гэж дурьдсан нь утга агуулгын зөрүүтэй буюу шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэх ойлголт биш бөгөөд харин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тухайн тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж зааснаар байгаль орчныг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх үүргийг хүлээх боловч нэхэмжлэгчийг маргаан бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар ямар хэмжээний хор уршиг байгаль орчинд учрах, байгаль орчны тэнцвэрт байдал хэрхэн алдагдах, иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан тооцоолж, судалгаа шинжилгээ хийгээгүй буюу дүгнэлт гаргахад шаардагдах хангалттай нотлох баримтыг бүрдүүлээгүй атлаа аймгийн Засаг даргын албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргасан нь хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн хариуцагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасанчлан “...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан ... ” гэж тайлбарлаж байх боловч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тусгайлан хуульчилсан тул дээрх тайлбар нь захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Дээрхээс гадна хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжийг олгоогүй хэмээн давж заалдах гомдолдоо тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурж, товыг мэдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй үйлдэлд анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагч нар нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах эрх, оролцоог хангаагүй ба бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх тусгай зарчимд нийцүүлэн шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 434 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн “Сс” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч нараас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгааг баримтаар тогтоож, энэ талаар холбогдох баримтад үндэслэн санал гаргах, тус саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргах, мөн уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах боломжтой бөгөөд нэхэмжлэгч “Сс” ХХК-ийн эзэмшлийн MV-016869, MV-020436, MV-020451 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай эсэхийг нарийвчлан шалгаж тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 511 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сс” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 434 дугаартай шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтыг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА