Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар ХШТ/2025/04

 

П.М, Ц.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч П.М-н өмгөөлөгч О.Билгүүн, Д.Гүрдорж, хохирогч Д.Б /цахим/, түүний өмгөөлөгч С.Баатар /цахим/, нарийн бичгийн дарга  Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 100 дугаар магадлалтай, П.М, Ц.Г нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж, хохирогч Д.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 20ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 01-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, урьд 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан:

1981 оны 01 дүгээр сарын 09-нд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 01 жил 06 сар хорих ял,

1986 оны 04 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн В-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 04 жил хорих ял,

1991 оны 01 дүгээр сарын 07-нд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ял,

1992 оны 05 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн В-д зааснаар 03 жил хорих ял,

1996 оны 02 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ял,

2000 оны 06 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, *** овогт П.М;

 

2.Монгол улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт Ц.Г.

 

Шүүгдэгч П.М, Ц.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж,

шүүгдэгч П.М-г бусдыг хуурч эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

маргаан бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж,

хохирогч Д.Б нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэл болон газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргааныг, иргэний нэхэмжлэгч С.Э нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж нар гаргасан гомдолдоо Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ДШМ/100 дугаартай магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

1.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно”, 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж тус тус заасан.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад П.М-н бусдыг залилсан гэх үйлдэл нь хэзээ үйлдэгдсэн, хаана үйлдэгдсэн, яаж үйлдэгдсэн талаар тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тухайлбал гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэнийг тогтоох нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох, үйл явдлыг сэргээн дүрслэхэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдал юм. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд “Ц.Г-той бүлэглэж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.Б-д 2011 оны 05 дугаар сард *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоот хаягт байршилтай, 5000 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 500,000 төгрөгөөр өөрийн хамтран амьдрагч байсан гэх Ж.Г-ээр дамжуулан худалдсан, улмаар нэр шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа бусдад итгэмжлэл өгч, газрын гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр шинээр баримт бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч, тухайн газрыг үргэлжилсэн үйлдлээр иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдаж хохирол учруулсан” гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх яллах дүгнэлттэй адил дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулах, өөрчлөх, хүчингүй болголгүйгээр хэвээр үлдээсэн нь илт үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч П.М-г гэмт хэрэг хэзээ үйлдсэнийг тогтоогоогүй бөгөөд гэмт хэрэг Д.Б-д худалдсанаар, шинээр газрын гэрчилгээ гаргуулснаар, С.Э-д худалдсанаар алинаар нь үйлдэгдэж төгссөн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авснаар төгсөхөөр хууль тогтоогч хуульчилсан. Уг гэмт хэргийн тухайд П.М-н үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээр бол хохирогч Д.Б-ы эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө авсан үед гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь 2011 оны 05 дугаар сард Д.Б-д худалдсан гэж цаг хугацааны хувьд тодорхойгүй огноог заах, эсхүл 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг шинээр авсан нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мэтээр дүгнэлтийг хийж, цаг хугацааны хувьд тодорхой дүгнэлтийг хийж чадаагүй нь шүүх гэмт хэргийг хэзээ үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь илэрхий байна.

Мөн дээрх гэмт хэргийг хаана үйлдсэнийг тогтоож чадаагүй. Тухайлбал, гэмт хэрэг Д.Б-д 2011 оны 05 дугаар сард худалдсанаар үйлдэгдсэн гэж дүгнэж буй бол хаана худалдсан, мөнгө шилжүүлсэн талаар, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авснаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэж буй бол хаана гэрчилгээ авсан талаар, С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдсанаар үйлдэгдсэн гэж дүгнэж буй бол хаана 20,000,000 төгрөгийг авснаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж буй талаар тогтоох шаардлагатай байсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар огт дүгнэлт хийгээгүй. Гэмт хэрэг хаана үйлдэгдсэнийг тогтоох, гэмт хэргийг шалгах, хэргийн болон шүүхийн харьяалал өөрчлөгдөх онцгой ач холбогдолтой байтал уг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг огт тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

1.2.Улсын яллагч, анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд нь гэмт хэргийг хэн үйлдсэн талаар эргэлзээгүй тогтоож чадаагүй байна. Учир нь шүүгдэгч П.М нь тухайн газрыг Д.Б-д 300,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож байсан талаар мэдүүлдэг. Харин гэрч Ж.Ө нь газар худалдах талаар өөрийн эгч Ж.Г-тэй тохиролцсон, түүнд мөнгийг өгч тэрнээс газрын гэрчилгээ авсан талаараа мэдүүлдэг. Мөн гэрч Ж.Г нь газрыг худалдах талаар өөрийн дүү Ж.Ө-тай тохиролцож, түүнээс төлбөрийг авч, түүнд гэрчилгээг өгсөн талаар, хохирогч Д.Б нь газар худалдах тохиролцоог Ж.Г, Ж.Ө нар хийж, хоорондоо төлбөр мөнгийг солилцсон талаар мэдүүлдэг.

Дээрхээс үзвэл газрын талаарх бодит тохиролцоо П.М, Д.Б нарын хооронд бус, Ж.Г, Ж.Ө нарын хооронд болсон гэдэг нь харагдаж байна. Гэтэл газартай холбоотой биечлэн тохиролцоо хийгээгүй, Ж.Г-ийн хэлснээр газраа түрээслэх талаар ойлголт авсан П.М-г Д.Б-ыг залилсан гэж дүгнэж буй нь илт үндэслэлгүй. Харин Ж.Г-ийг өөрийн биш хөрөнгийг захиран зарцуулах тохиролцоог хийж, газрыг нь худалдана гэж Ж.Ө-аас авсан 500,000 төгрөгөөс газрын түрээсийн төлбөр гэж 300,000 төгрөгийг П.М-д өгч, үлдсэн мөнгийг өөртөө авах замаар Д.Б-ыг бодитоор хуурч, бодит байдлыг нуух замаар залилсан гэж үзэх үндэслэлтэй байхад өөрөө хууртагдаж яваа П.М-г гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна.

2. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч тухайн газрыг үргэлжилсэн үйлдлээр иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдаж Д.Б-ыг хуурч залилсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.” гэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд “Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Б-д бичиг баримтыг өөрт нь байгаа тул найдвартай гэж итгүүлэн хуурч улмаар түүнд мэдэгдэлгүй шинээр бичиг баримтыг гаргуулан авч газрын үнэ ханш нэмэгдсэн байдлыг далимдуулан давхар өндөр үнээр буюу 20,000,000 төгрөгөөр зарж бичиг баримтыг С.Э-ы нэр дээр шилжүүлэн өгч, хохирогч Д.Б-д болж буй бодит үйл явдлыг нуух замаар 500,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.” гэж тус тус дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж, эрүүгийн эрх зүйн онолыг гажуудуулсан дүгнэлтийг хийсэн.

Учир нь анхан шатны шүүх Д.Б-д газрыг худалдсан, дахин газрын гэрчилгээг авч, тухайн газрыг үргэлжилсэн үйлдлээр иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдсан, гэмт хэрэг 2011 оны 05 дугаар сард худалдсанаар эхэлж, үргэлжлэн 2023 онд С.Э-д худалдсанаар төгссөн мэтээр дүгнэлтийг хийсэн.

Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 345 дугаар тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд уг зохицуулалтын хувьд “тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй” нь тус бүрдээ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх шаардлагатай юм.”, Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 146 дугаар тогтоолд “Нийтлэг зорилгыг хангах болон нэгдмэл санаа бодлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн адил төсөөтэй хэд хэдэн үйлдэл хийхийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үздэг бол тодорхой хугацааны дотор тасралтгүй үйлдэгдсэн тохиолдолд удааширсан гэмт хэрэгт тооцогдоно. Удааширсан гэмт хэрэг нь тодорхой цаг хугацаанд завсарлагагүй, тасралтгүйгээр үргэлжилдэг, агуулгын хувьд нэг үйлдэл (эс үйлдэхүй)-ээр хэрэгжүүлдэг өвөрмөц шинжтэй билээ.

Өөрөөр хэлбэл, удааширсан гэмт хэрэг нь гэмт этгээд тодорхой нэгэн үйлдэл (эс үйлдэхүй) хийснээр эхлээд хэсэг хугацаанд үргэлжилж тэрээр гэмт хэргээс өөрөө татгалзсан эсхүл түүнийг нь эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас таслан зогсоосноор дуусгавар болдог онцлогтой юм.” гэж үргэлжилсэн үйлдлийг тайлбарлажээ.

Дээрх тогтоолуудад дурдсан тайлбараас үзвэл П.М-н үйлдэл тус бүр нь гэмт хэргийн шинжийг хангасан байх, эсхүл Д.Б-ы эд хөрөнгийг шилжүүлэн авахын тулд адил төсөөтэй хэд хэдэн үйлдэл хийсэн байх ёстой. Хэрэв П.М-н үйлдэл гэмт хэрэгт тооцогдож, тухайн гэмт хэрэг нь үргэлжилсэн гэж үзэхийн тулд П.М нь Д.Б-ы эд хөрөнгийг удаа дараа өөртөө шилжүүлэн авах, Д.Б-аас өөр этгээдүүдийг адил аргаар залилах, эсхүл хуурах, төөрөгдөлд оруулах, бодит байдлыг нуух үйлдлийг хэд хэдэн удаа хэрэгжүүлсний үндсэн дээр Д.Б-ы эд хөрөнгийг авсан байх ёстой.

Гэтэл бодит байдалд П.М нь Д.Б-ыг удаа дараагийн үйлдлээр хуурах, төөрөгдөлд оруулсан, түүний эд хөрөнгийг хэд хэдэн удаа авсан зүйл огт байхгүй буюу тухайн үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэх боломжгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг. Гэтэл анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг 12 жил үргэлжилсэн гэж дүгнэлт хийж байгаа нь хэт нэг талыг баримталсан дүгнэлтийг хийсэн гэж үзэхээр байна. Хэрэв уг гэмт хэрэг нь үргэлжилсэн гэмт хэрэг юм бол П.М нь газрыг бусад этгээдэд худалдалгүйгээр өөрийн өмчлөлд хэвээр байлгасан бол хэзээ ч гэмт хэрэг төгсөлгүй үргэлжлээд байх байсан мэтээр анхан шатны шүүх дүгнэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ДШМ/100 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, П.М-г цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Б гаргасан гомдолдоо Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ДШМ/100 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Хохирогч Д.Б миний бие эгч Ж.Г-тэй хамтран амьдарч байсан шүүгдэгч П.М-оос *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоот хаягт байрлах, 5000 м.кв өмчлөлийн хоосон газрыг тухайн үеийн ханшаар 500,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг эгч Ж.Ө П.М-д аваачиж өгсөн. П.М газрын ногоон гэрчилгээгээ өгсөн. Түүнээс хойш би тухайн газарт хашаа барьж, худаг гаргаж амьдрах болсон. Газрын бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авъя, гарч хөөцөлдье гэхээр П.М “...санаа зоволтгүй, дараа болъё, хэд хоногоос шилжүүлж өгье...” гэж цааргалсаар Ж.Г эгчийг хорт хавдартай болмогц салаад Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш бичиг баримтаа шилжүүлж авахаар 10 гаруй удаа хот руу П.М-ийг хайж явсан. Очоод утсаар ярихаар П.М тэнд хүрээд ир, энд хүрээд ир гэж худлаа хэлээд өөрөө зугтаагаад явчихдаг байсан.

Гэтэл надтай хамт манай хашаанд /тухайн газарт/ хамт ногоо тарьдаг байсан, мөн надтай хамт П.М-ийг хайгаад хот руу явж байсан Ц.Г, нөгөө олддоггүй П.М-ийг олоод, багын найз нь болчихсон, надад байгаа газар өмчлөх ногоон гэрчилгээг “хаясан” гээд дахин гаргуулж авсан. П.М, Ц.Г хоёр нь Ц.Г-ын салсан эхнэрийнх нь хүүхэд болох С.Э-д миний газрыг 20,000,000 төгрөгөөр худалдаж намайг залилан мэхэлсэн. Би газраа авахаар сумынхаа газрын албанд хандсан ч хүлээж авалгүй шүүхэд ханд гэсэн. Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад “...гэмт хэргийн шинжтэй тул цагдаагаар шалгуул” гэсэн утгатай 992 дугаартай шүүгчийн захирамж (1 дүгээр хавтас хэргийн 23-25 дахь тал) гаргасан. Ингээд цагдаагаар шалгагдаад хэрэг шүүхэд шилжсэн. Гэтэл шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ иргэний журмаар нэхэмжлэл гарга гэсэн утгатай шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх хохирлыг буруу тодорхойлж, тогтоохын зэрэгцээ эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчсөн. Надад учирсан, тус эрүүгийн хэргийн хохирлыг шүүх 500,000 төгрөг гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь би энэ олон жилийн турш газар худалдаад авчихсан гэж итгэж найдан ойр орчимд ганцхан айлаас өөр хүнгүй, эзгүй шахам газар өөрийн зардлаар тог цахилгаан татуулж, хашаа болон амбаар сав, жорлон барьж, худаг ус гаргуулж, газрыг боловсруулж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан. Мөн одоо 500,000 төгрөгийн үнэтэй газар гэж хаана ч байхгүй. Ер нь бол шүүх П.М, Ц.Г хоёрын худлаа мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Би газраа авмаар байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ДШМ/100 дугаартай магадлалыг хянан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.М-н өмгөөлөгч Д.Гүрдорж хэлсэн тайлбартаа Анхан болон давж заалдах шатын шүүхийн шийтгэх  тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдлоо гаргасан.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн нотолбол зохих байдлыг тодорхойлсон. Үүнд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд тогтоох ёстой байдаг талаар хуульчилж өгсөн. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлд анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга зэргийг шийтгэх тогтоолд тусгана гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн, хэн үйлдсэн талаар эргэлзээтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ гэмт хэргийг 2011 оны 05 дугаар сард Д.Б-д худалдсанаар, эсхүл 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр газрын гэрчилгээг дахин авснаар, иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдсанаар гэж гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн талаар тодорхой үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Хэрэв 2011 оны 05 дугаар сард үйлдэгдсэн бол энэ гэмт хэрэг 05 дугаар сарын хэдэнд үйлдэгдсэн талаар тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг хэзээ үйлдэгдсэнийг тогтоосноор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тоолох нөхцөл бүрдэнэ.

Залилах гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг өөрт шилжүүлж авснаар төгсдөг гэж ойлгодог. Хэрэв П.М-ийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол 2021 оны 05 дугаар сарын хэдний өдөр үйлдэгдээд түүнээс хойш П.М-ийн үйлдэлд хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой талаар анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан. Мөн гэмт хэргийг хаана үйлдсэнийг тогтоож чадаагүй бөгөөд 2011 оны 05 дугаар сард үйлдсэн гэж байгаа бол *** аймгийн *** сум уу, *** хотод уу гэдэг нь тодорхойгүй. Мөн 2023 онд С.Э 20,000,000 төгрөгөөр худалдсанаар гэсэн бөгөөд С.Э-д худалдсан үйлдэл нь хаана болсон талаар мөн адил тогтоогоогүй. Хэрэгт авагдсан шүүгдэгч П.М, Ц.Г нарын мэдүүлгээс харахад “С.Э-д 20,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод аваачиж өгсөн” гэж байгаа нь энэ хэргийн харьяалал Улаанбаатар хотын харьяаллаар явах боломжтой байсан бөгөөд энэ байдлын талаар анхан шатны шүүх тогтоох ёстой гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд дараах эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон. Энэ нь гэрчээр оролцсон гэрч н.Ө, Д.Б нарын мэдүүлгээс харахад тухайн газартай холбоотой тохиролцоог 2011 онд П.М, Д.Б нарын хооронд бодит тохиролцоо огт явагдаагүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээс харагдаж байна. Тухайн тохиролцоо нь эгч дүүс болон Г, Ө гэдэг хүмүүсийн хооронд газартай холбоотой бодит тохиролцоо явагдсан. Тиймээс Г, Ө нар нь өөрийн өмчлөлийн биш газрыг худалдахаар тохиролцоод, тухайн худалдах үнээ 500,000 төгрөгөөр тохирч, Ө нь тухайн 500,000 төгрөгөө Г-т өгсөн тул Г нь газрын гэрчилгээг өгсөн. Гэтэл энэ үйлдэлд нь П.М гэдэг хүний үйлдэл оролцоо огт байхгүй. Өөрөөр хэлбэл, Г нь П.М-д “танай газрыг түрээсэлсэн шүү” гэж хэлээд 300,000 төгрөгийг өгсөн байдаг. Үүнээс харахад Д.Б-ыг хуурч мэхлээд төөрөгдөлд оруулсан этгээд нь П.М биш Г юм биш үү, П.М нь Г-т залилуулж, хууртагдсан тохиолдол байгаа биш үү гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал байсаар байхад тодорхойгүй байдлыг үндэслээд П.М-ийг гэм буруутайд тооцож байгаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

2.Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Улсын дээд шүүхээс үргэлжилсэн гэмт хэрэг гэдгийг удаа дараалан тайлбарлаж тогтоолуудыг гаргасан байдаг. Энэ тогтоолд зааснаар үзэхэд П.М-ийн үйлдэл тус бүр нь гэмт хэргийн шинжийг хангасан байх ёстой, эсхүл Д.Б-ы эд хөрөнгийг шилжүүлж авахын тулд адил төстэй хэд хэдэн үйлдлийг хийсэн байх ёстой. Хэрэв П.М-ийн үйлдлийг гэмт хэрэг гэж байгаа бол тухайн гэмт хэрэг үргэлжилсэн гэж үзэхийн тулд П.М нь Д.Б-ы эд хөрөнгөд удаа дараалан халдах, эсхүл хуурах, төөрөгдөлд оруулах, бодит байдлыг нуух үйлдлийг хэд хэдэн удаа хийсний дүнд Д.Б-ы эд хөрөнгийг өөртөө шилжүүлж авах буюу эд хөрөнгийг шилжүүлж авахаас өмнө гэмт хэргийн объектив шинжээр үйлдсэн байх ёстой гэж Улсын дээд шүүх дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх 2011 онд ямар нэгэн байдлаар хуурах, бодит байдлыг төөрөгдүүлэх үйлдэл гаргаагүйгээр 300,000 төгрөг, 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан байтал, сүүлд 2023 онд өөр этгээдэд өөрийнхөө газраа шилжүүлж худалдсан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнээс харахад 2011 онд гэмт хэрэг эхлээд 12 жилийн хугацаанд үргэлжилж байгаад 2023 онд дуусаж байгаа харагддаг. Хэрэв П.М нь С.Э-д газраа худалдаагүй байсан бол энэ гэмт хэрэг хэзээ ч төгсөхгүйгээр үргэлжлээд явах байсан бөгөөд ийм эргэлзээтэй тайлбар хийж байгаа нь Улсын дээд шүүхийн тогтоол тайлбартай нийцэхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, П.М-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч П.М-ийн өмгөөлөгч О.Билгүүн хэлсэн тайлбартаа Өмгөөлөгч Д.Гүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах 3 агуулгаар дэмжиж байна.

1.Хоёр шатны шүүх үргэлжилсэн үйлдлийн талаар хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэл гэдэг ойлголтоор гэм буруутай этгээд нь нэг объект руу халдсан байх шаардлагатай. Гэтэл 2011 онд Д.Б-аас 500,000 төгрөг авсан, 2023 онд С.Э-д газар шилжүүлж өгсөн гэх 2 үйлдлээс харахад нэг нь мөнгөн хөрөнгийн объект, нөгөө нь газар өмчлөх эрхийн объект байна. Анхан болон давж заалдах шатны шүүх үргэлжилсэн үйлдэл гэж буруутгаж байгаа зүйл нь нэг объект буюу нэг халдлагын зүйлд хамаарахгүй тул үргэлжилсэн үйлдлийн эхний шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх П.М-ийг 2011 онд Д.Б-д газраа 500,000 төгрөгөөр зарсан үйлдэлд гэм буруутай гэж дүгнэснээс харахад тухайн үед энэ гэмт хэрэг төгссөн байна. Гэтэл П.М 2023 онд С.Э-д өөрийн өмчлөлийн газраа 20,000,000 төгрөгөөр зараад, тухайн хүн нь тухайн газрын өмчлөгч болсон нь хууль ёсны үйлдэл юм. Энэ үйлдлийн улмаас С.Э хохироогүй. Гэтэл С.Э-ы хохироогүй үйлдэл болон Д.Б-ы хохирсон гэх 2 үйлдлийг хооронд нь холбоод үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэж байгаа нь буруу. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүх П.М-ийг Д.Б-аас 500,000 төгрөг аваад залилсан гэж үзэж байгаа бол тэр үед гэмт хэрэг төгссөн байх тул хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх захиргааны журмаар шаардах эрхтэй гэж магадлалд бичсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “эрүүгийн журмаар гомдол гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй” гэсэн тайлбар гаргасан. Гэтэл хоёр шатны шүүх Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн шийтгэх тогтоолоор сунгаж байгаа нь буруу гэж үзэж байна.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозид нь “...эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж заасан. Гэтэл П.М-ийн С.Э-д газар зарсан үйлдэл нь түүнийг хохироож байгаа үйлдэл биш бөгөөд С.Э “гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн. Гэтэл залилах гэмт хэргийг С.Э-д газар зарсан үйлдлээр төгссөн гэж дүгнэж байгаа нь буруу байна. Эдгээрээс харахад газар зарсан гэмт хэрэг үйлдсэн хугацааг шүүх буруу тооцсон байна. Мөн хоёр шатны шүүх П.М нь Д.Б-ыг хуурч залилсан гэсэн. Гэтэл эдгээр хүмүүс нь хоорондоо огт уулзаагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Харин Г гэдэг хүн нэг талд нь түрээсэлнэ гэж, нөгөө талд нь худалдана гэж ярьсан байна. Иймд эдгээр 3 үндэслэлээр П.М-д холбогдох хоёр шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Тус шүүх хуралдаанд хохирогч Д.Б-ы өмгөөлөгч С.Баатар хэлсэн тайлбартаа Энэ гэмт хэргийн тухайд хохирол хор уршгийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Тухайн үед Д.Б нь энэ газрыг худалдаж авсан гэдэг ойлголттойгоор маш их хөрөнгө оруулалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн газрын ханшнаас хэд дахин илүү хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирлыг 500,000 төгрөг гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч нь хохирогч Д.Б-д газраа худалдсан гэдэг итгэл үнэмшлийг төрүүлсэн. Үүнээс хойш Д.Б нь тодорхой нийгмийн харилцаанд оролцоод газраа худалдаж авсан гэдэг итгэл үнэмшилтэй байсан тул 500,000 төгрөг гэсэн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв хохирлыг 500,000 төгрөг гэж тогтоовол Д.Б-ы тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалт болох худаг гаргасан, тог татуулсан, хашаа барьсан, нойл гаргасан, амбаар, саравч барьсан гэх бүх зардлуудыг тооцож үзээгүй. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Гэрч Ө нь “500,000 төгрөгийг *** аймгийн *** сум дахь П.М, Г нарын гэрт нь аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг *** аймгийн *** сум гэж үзэж байна. Иймд хохирол хор уршгийг буруу шийдвэрлэсэн” гэв. 

 

Тус шүүх хуралдаанд прокурор Г.Эрдэнэ хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч П.М, цагаатгагдсан этгээд Ц.Г нарт холбогдох хэргийн материалтай танилцаад дараах дүгнэлтийг хийсэн.

Анхан шатны шүүх Ц.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон байна гэж дүгнэсэн. Шийтгэх тогтоолд Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь үгүйсгэгдсэн, гэм буруутай эсэхэд нь эргэлзээ үүссэн, мөн түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн гурван өөр агуулга дурдагдсан байна. Гэтэл Ц.Г-д холбогдох хэрэг нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан ямар нотлох баримтаар хэрхэн няцаагдаж, үгүйсгэгдсэн, түүний гэм бурууд үндэслэл бүхий ямар эргэлзээ үүссэн, гэмт хэргийн шинжийг хэрхэн хэлбэрийн төдий агуулж буй талаар тодорхой дүгнэлтүүд хийгдээгүй байна. Харин хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Ц.Г нь “П.М тухайн газрыг хохирогч Д.Б-д өмнө худалдсан байсан, газрын гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөхгүй явж байсан гэдгийг эртнээс мэдэж байсан атлаа П.М-оос өөрт нь олгосон итгэмжлэлийн дагуу өмнөх газрын гэрчилгээг хүчингүй болгуулж, дахин шинээр гаргуулж аваад хүү С.Э-даа шилжүүлсэн бүртгэлийг хийлгэсэн” идэвхтэй үйлдэл нотлогдсон байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ магадлалын 18 дугаар талд анхан шатны шүүх П.М-ийг Ц.Г-той бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн нь мөн ойлгомжгүй болсон байна.

Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай албан ёсны тайлбарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг иргэний нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамаарч эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх талаар тайлбарласан. Хоёр шатны шүүх хохирогч Д.Б-ыг худалдаж авсан газраа П.М-д залилуулж хохирсон үйл баримт болсон гэдгийг тогтоосон атлаа хохирлын асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, үндэслэлгүй болсон. Мөн газрын гэрчилгээ С.Э-ы нэр дээр шилжсэн гэсэн шалтгаанаар уг асуудлыг шийдвэрлээгүй атлаа битүүмжлэлийг хэвээр үлдээсэн нь мөн ойлгомжгүй болжээ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж, хохирогч Д.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн П.М, Ц.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь  гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн арга, гэмт халдлагад өртсөн харилцаа, эрх ашиг сонирхол, халдлагын зүйл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлснээр хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд шинжлэн судалж, нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах замаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож өөрийн дотоод итгэлд тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бодит байдлаар сэргээн тогтоож, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй билээ.

 

2.Хохирогч Д.Б анх 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *** аймгийн *** сумын Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаснаас хойш (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал), *** аймгийн *** сум дахь прокурорын газар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол гаргаж (1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал), 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр П.М, Ц.Г нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, тэднийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж (1 дүгээр хавтаст хэргийн 1, 7 дахь тал), улмаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл (2 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал) хугацаанд явагдсан мөрдөн шалгах ажиллагаа болон мөн тухайн хэрэг анхан шатны шүүхэд хянагдаж байхад шүүхийн даалгаснаар хийгдсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн, хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

3.Шүүгдэгч П.М нь 2011 оны 05 дугаар сард *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоот хаягт байршилтай 5000 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг хохирогч Д.Б-д 500,000 төгрөгөөр худалдаж, түүнд газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь хадгалуулж үлдээсэн боловч тухайн газар өмчлөх эрхийг Д.Б-ы нэр дээр шилжүүлж өгөхгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй явсаар, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр газар өмчлөх эрхийн бичгээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр газрын гэрчилгээг өөрийн нэр дээр дахин гаргуулан авч, улмаар уг газрыг иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдсан болох нь анх 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр П.М-ийн нэр дээр олгосон Газар өмчлөх эрхийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал), Өдрийн сонинд нийтлэгдсэн газрын гэрчилгээ гээгдүүлсэн тухай зар, Газрын кадастрын зураг (1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал), 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр П.М-оос иргэн Ц.Г-д олгосон төлөөлөх эрхийн итгэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал), Ц.Г нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр дахин олгуулах тухай” хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал), 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” Улсын байцаагчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал), 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр П.М-ийн нэр дээр дахин олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал), 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Э-ы нэр дээр олгосон Газар өмчлөх эрхийн гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал), Д.Б нь 2011 оны 05 дугаар сард эгч Ж.Г, Ж.Ө нараар зуучлуулан П.М-оос 500,000 төгрөгөөр газар худалдан авсан талаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 209 дэх тал), мөн С.Э нь 2023 оны 04 дүгээр сард түүний эх Э-тай урьд нь хамтран амьдарч байсан Ц.Г-оор зуучлуулан П.М-оос 20,000,000 төгрөгөөр газар худалдан авсан талаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 214 дэх тал), мөн дээр дурдсан үйл баримтын талаар Ж.Г (1 дүгээр хавтаст хэргийн 97, 246 дахь тал), Ц.Г (1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал), Ж.Ө (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал), Д.Э (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал), П.М (1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал), Д.Б (1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал) нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан шинжлэн судалж, болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.

 

4.Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж нар нь уг маргаан бүхий газрыг Д.Б-д худалдаагүй, харин түрээслүүлэх талаар тохиролцож байсан, гэтэл түүнтэй хамтран амьдарч байсан Ж.Г, түүний дүү Ж.Ө нар уг газрыг Д.Б-д 500,000 төгрөгөөр худалдаж, үүнээс 300,000 төгрөгийг өөрт нь өгсөн талаар хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурджээ.

 

Гэвч гомдолд дурдсан нөхцөл байдал нь хохирогч Д.Б-ы өгсөн “2011 оны 05 дугаар сард Ж.Г, Ж.Ө гэдэг хоёр эгчээр дамжуулан П.М-ийн газрыг 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэндээ хашаа бариад жорлон, худаг ухаад ногоо тариад одоог хүртэл амьдарч байна… Газрын ногоон гэрчилгээ нь надад байсан боловч П.М нь нэрээ шилжүүлэхгүй түр байж бай гээд алга болсон… Ногоон гэрчилгээ надад байгаа гэдгийг мэдэж байсан мөртлөө шинэ гэрчилгээ гаргуулж аваад өөр хүнд худалдаж намайг хохироож байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал), гэрч Ж.Г-ийн өгсөн “Ж.Ө 500.000 төгрөг өгөөд газрыг Б-ы нэр дээр шилжүүлээрэй гэсэн, би мөнгийг П.М-д өгсөн, тэр мөнгөө аваад Улаанбаатар хот руу явсан, тэр үед газрын үнэ 500,000 төгрөг байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал), гэрч Ж.Ө-ы өгсөн “П.М нь манай эгч Ж.Г-тэй сууж байхдаа 2011 онд энэ газраа зарна гэж хэлэхээр нь нөхрийн дүү болох Б-д худалдаж авч өгье гээд П.М, Ж.Г нарт 500,000 төгрөг өгсөн…” гэх мэдүүлэг, мөн гэрч Д.Б-ы өгсөн “… одоогоос 10 гаран жилийн өмнө тухайн газрыг манай эхнэрийн эгч Г, хамтран амьдрагч М нар нь зарна гээд байхаар нь эхнэр Ө-тай ярилцаад тухайн газрыг өөрийн төрсөн дүү болох Б-д бэлэн 500,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Тэгээд тухайн үед тэр М, Г нар нь манай дүү Б-д газрынхаа ногоон гэрчилгээг өгөөд удахгүй нэрийг нь шилжүүлж өгнө гэж хэлээд өөрсдөө байхгүй болчихсон. ...Тэр үед түрээслэх талаар огт ярилцаагүй…” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал) болон тухайн газрыг Д.Б 2011 оноос бодитой эзэмшиж, ногоо тарьж байсан талаар бусад гэрчийн өгсөн мэдүүлгүүдээр бүрэн няцаагджээ.

 

Ийнхүү хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, хохирогч Д.Б болон бусад нэр бүхий гэрчүүд нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М-ийн эсрэг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж нарын гаргасан “Ж.Г нь өөрийн биш … газрыг нь худалдана гэж Ж.Ө-аас авсан 500,000 төгрөгөөс газрын түрээсийн төлбөр гэж 300,000 төгрөгийг П.М-д өгч, үлдсэн мөнгийг өөртөө авах замаар Д.Б-ыг … залилсан, … өөрөө хууртагдаж яваа П.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж буй нь үндэслэлгүйгэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Харин анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч П.М-ийн гэм буруугийн талаар “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй…” гэсэн хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн дүгнэлтийг дараах байдлаар зөвтгөн өөрчлөв.

 

5.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан эсэхийг тогтоохын тулд гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо зэрэг объектив талын шинжийг шалгахаас гадна гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэсэн шунахай сэдэлт хэзээ төрсөн, улмаар гэмт үйлдэл хэрэгжиж эхэлсэн болон үргэлжилсэн  хугацааг бодитой тодорхойлох нь шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргахад зарчмын ач холбогдолтой юм.

 

Ийнхүү шүүх гэмт хэргийн субъектив талын шинжийг тодорхойлохдоо таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд гагцхүү нотлох баримтаар тогтоогдсон хэргийн объектив нөхцөл байдалд тулгуурлан гэм буруутай этгээдийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоосноор шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлага хангагдана.

 

5.2.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” хэмээн тодорхойлжээ.

 

Шүүгдэгч П.М нь 2011 оны 05 дугаар сард хамтран амьдрагч Ж.Г-ээр зуучлуулан өөрийн өмчлөлийн газрыг хохирогч Д.Б-д тухайн үеийн зах зээлийн үнэлгээ болох 500,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцож, газар өмчлөх эрхийг боломжтой үедээ зохих журмын дагуу шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу Д.Б-ы өмнөөс Ж.Ө 500,000 төгрөгийг шилжүүлж, П.М нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээний хамт Д.Б-д хүлээлгэн өгсөн үйл баримтаас үзэхэд тэдний хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох үндэслэлтэй бөгөөд энэхүү үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хохирогч Д.Б-ы хувьд П.М-оос шилжүүлэн авсан газартаа хашаа барих, цахилгааны шугам татах, худаг гаргах зэргээр хөрөнгө оруулалт хийснээс гадна хөрсөө боловсруулан Ц.Г, Я.Г нарын хамт ногоо тарьж, түүнийгээ худалдан борлуулах замаар тухайн газрыг өөрийн амжиргааны эх үүсвэр болгон тогтвортой ашиглаж байсан талаар хохирогч Д.Б болон нэр бүхий гэрчүүд мэдүүлснийг үгүйсгэх нөхцөл байхгүй байна. 

 

 Харин шүүгдэгч П.М нь 2011 оны 05 дугаар сард газраа Д.Б-д шилжүүлэн өгснөөс хойш тухайн газар өмчлөх эрхийг албан ёсоор шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байсаар 12 жилийн дараа буюу өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй газрын зах зээлийн үнэлгээ өссөн нөхцөл байдлыг далимдуулан уг газрыг бусдад худалдаж ашиг олох зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.Г-д төлөөлөх эрхийн итгэмжлэл олгож (1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал), уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь хохирогч Д.Б-д хадгалагдаж байгааг мэдсээр байж гэрчилгээг үрэгдүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн нэр дээр дахин газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, улмаар уг газрыг иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдаж, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Э-ы нэр дээр Газар өмчлөх эрхийн гэрчилгээ (2 дахь хавтаст хэргийн 236 дахь тал) олгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ы газар өмчлөх эрх хохирсон байх тул шүүгдэгч П.М-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар) тогтоолын 7 дахь хэсэгт “... гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг ... шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ... тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан нь залилах гэмт хэргийн талаар шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт болно.

 

Шүүгдэгч П.М анх 2011 онд хохирогч Д.Б-тай газар худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцож, газрын төлбөрт 500,000 төгрөг шилжүүлэн авч, газраа хүлээлгэн өгсөн боловч зохих журмын дагуу газар өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхээс зайлсхийж, улмаар 12 жилийн дараа Д.Б-д худалдсан газраа түүнд мэдэгдэхгүйгээр бусдад давхар худалдаж ашиг олох гэсэн гэмт санаа төрж, түүнийгээ бодитой хэрэгжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.Г-д төлөөлөх эрхийн итгэмжлэл олгож, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн нэр дээр дахин газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авснаар гэмт үйлдэл нь эхэлж, улмаар уг газрыг иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдаж, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Э-ы нэр дээр Газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулснаар тухайн залилах гэмт хэргийг төгссөн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч П.М-ийн хохирогч Д.Б-ыг залилж, газар өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн гэж дүгнэв.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч П.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

 

6.Шүүгдэгч П.М-оос 2023 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөгөөр газар худалдан авсан С.Э-ыг хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоож (1 дэх хавтаст хэргийн 88, 89 дэх тал), улмаар С.Э нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор өгсөн анхны мэдүүлэгтээ П.М-оос 20,000,000 төгрөгөө нэхэмжилсэн байна.

 

Гэвч мөрдөн байцаалтын шатанд С.Э-ыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосны дараа (2 дахь хавтаст хэргийн 212 дахь тал), тэрбээр П.М-оос 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан газрын өмчлөх эрхийг хэвээр үлдээж, уг газрыг Д.Б-ы эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүссэн агуулга бүхий мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 214 дэх тал) өгсөн байна.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалаг анх 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр П.М-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд П.М-ийг хохирогч С.Э-д 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж байсан (1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал) бол 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар татах тухай тогтоолдоо өөрчлөлт оруулж (2 дахь хавтаст хэргийн 237 дахь тал), “П.М-ийг  Ц.Г-той бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.Б-д 2011 оны 05 дугаар сард *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоот хаягт байршилтай 5000 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 500,000 төгрөгөөр өөрийн хамтран амьдрагч байсан гэх Ж.Г-ээр дамжуулан худалдсан, улмаар нэр шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа бусдад итгэмжлэл өгч газрын гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр шинээр баримт бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч тухайн газрыг үргэлжилсэн үйлдлээр иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдаж хохирол учруулсан…” хэмээн дүгнэлтээ өөрчилж, С.Э-ы эрх зүйн байдлыг иргэний нэхэмжлэгчээр үлдээсэн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.М, Ц.Г нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ С.Э-ыг хохирогчоор тооцоогүй, харин түүнийг шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр оролцуулж, шүүгдэгч П.М-ийг зөвхөн хохирогч Д.Б-ыг залилсан үйлдэлд гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

7.Шүүгдэгч Ц.Г-ын хувьд анх 2011 оны 05 дугаар сард П.М нь газраа Д.Б-д худалдах үйл ажиллагаанд оролцоогүйгээс гадна 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр П.М-ийн олгосон итгэмжлэлийн дагуу холбогдох баримтыг бүрдүүлж, П.М-ийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг дахин гаргуулж, уг газрыг урьд нь хамтран амьдарч байсан Д.Э-ийн хүү С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдахад зуучилсан үйлдэлд хохирогч Д.Б-ыг хуурч мэхлэн, хохирол учруулах гэсэн санаа зорилго тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгуулах талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хангах боломжгүй гэж дүгнэв.

 

8.Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Д.Б-ы зөрчигдсөн эрхийг сэргээхгүй орхигдуулж, түүнийг газар өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой маргаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй байна.

 

Хохирогч Д.Б, иргэний нэхэмжлэгч С.Э нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд хэн аль нь П.М-оос худалдан авсан газрыг өмчлөх эрхтэй хэмээн маргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр уг маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байх тул энэ талаар хохирогч Д.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хяналтын шатны шүүх хуралдаанаас хохирогч Д.Б, иргэний нэхэмжлэгч С.Э нарын дунд үүссэн газар өмчлөх эрхтэй холбоотой маргааныг эрүүгийн хэрэгтэй хамтруулан нэг мөр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

9.Иргэний нэхэмжлэгч С.Э-ы хувьд түүний эхтэй хамтран амьдарч байсан Ц.Г-оор зуучлуулан 2023 оны 05 дугаар сард П.М-оос газар худалдаж авахдаа тухайн газрыг 2011 оноос эхлэн эзэмшиж буй хохирогч Д.Б-тай уулзаж, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй талаар асууж тодруулаагүй, түүнчлэн энэ талаар Д.Б-тай урьд нь хамтран ногоо тарьж байсан Ц.Г-оос мэдсэн байх боломжтой байсан боловч П.М-д газрын төлбөр шилжүүлж, улмаар өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсны дараа Д.Б-аас газар чөлөөлөхийг шаардсан үйл баримтаас үзэхэд С.Э-ыг газар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй.

 

Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасныг үндэслэн  2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Э-ы нэр дээр олгогдсон Газар өмчлөх эрхийн *** дугаартай гэрчилгээг (2 дугаар хавтаст хэргийн 236 дахь талд эх хувиараа хавсаргагдсан) хүчингүйд тооцож, *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоот хаягт байршилтай, *** нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Б-ыг бүртгэж, шинээр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Маргаан бүхий газрын өмнөх “***” хаягийг *** аймгийн *** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “***” болгон өөрчилсөн (1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал) байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, тухайн газрыг битүүмжилж, хадгалах хамгаалах үүргийг Д.Б-д хариуцуулж үлдээсэн *** аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал) хохирогч Д.Б-д газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгч С.Э-ы нэр дээр олгогдсон Газар өмчлөх эрхийн *** дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсонтой холбогдуулан шүүгдэгч П.М-оос 20,000,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Э-д олгуулах нь зүйтэй.

 

10.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгуулах тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгож,  газар өмчлөх эрхийг сэргээн олгуулах талаар хохирогч Д.Б-ы гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч *** овогт П.М-ийг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хассугай.

 

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Э-ы нэр дээр олгогдсон Газар өмчлөх эрхийн *** дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож, *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоот хаягт байршилтай, *** нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Б-ыг бүртгэж, шинээр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “*** аймгийн *** сумын *** дугаар баг, ***…” гэснийг “*** аймгийн *** сумын *** дугаар баг, ***...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоол болон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 100 дугаар магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.М-оос 20,000,000 (хорин сая) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Э-д олгуулсугай.

 

4.Хохирогч Д.Б-ы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ЦОГТ

 

                                           ШҮҮГЧИД                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

                   Б.БАТЦЭРЭН

                                                                                               

                                                                                                Ц.ОЧ

           

                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН