| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1286/Э |
| Дугаар | 1873 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1873
2019 12 13 2019/ШЦТ/1873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг /ҮД:1711/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Өт холбогдох 1806 01572 1578 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Бортолгойн 36 дугаар гудамжны 116 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын 6 байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас цагдан хорьсон 42 хоногийг дүйцүүлэн хасч, эдлэх ялыг 64 цагийн хугацаагаар тогтоосон, Б овогт Эын Ө /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Ө нь 2018 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 2 дугаар гудамжны 6-46 тоот нийтийн байранд иргэн С.Батзаяагийн “Самсунг Галакси Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Өөлүн-Эрдэнчимэгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батзаяагийн өгсөн: “... нөгөө хүүхэнтэй юм ярьж байгаад үүрэглээд 10 минут хэрээтэй болоод сэртэл нөгөө хүүхэн байхгүй байхаар нь өөрийн Самсунг Жи-7 маркийн гар утсаа үзтэл алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.30-31/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Өийн яллагдагчаар өгсөн: “... Батзаяа гэх залуугийн түрээсэлж амьдардаг гэх нийтийн байранд очсон юм. Тэдний гэрт ороод байж байтал Батзаяа нь ууж байгаад үлдээсэн гээд 1 хагас шил архи гаргаж ирсэн юм. Тэгээд архи уугаад сууж байгаад би Батзаяагийн утсаар ярих гэж түүний утсыг аваад гадна гарч утсаар ярьж байгаад тэр чигээрээ такси бариад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.52-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Ө нь 2018 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 2-6-46 тоот нийтийн байранд иргэн С.Батзаяагийн “Самсунг Галакси Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 486.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батзаяагийн өгсөн: “... нөгөө хүүхэнтэй юм ярьж байгаад үүрэглээд 10 минут хэрээтэй болоод сэртэл нөгөө хүүхэн байхгүй байхаар нь өөрийн Самсунг Жи-7 маркийн гар утсаа үзтэл алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Өийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд архи уугаад сууж байгаад би Батзаяагийн утсаар ярих гэж түүний утсыг аваад гадна гарч утсаар ярьж байгаад тэр чигээрээ такси бариад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.52-53/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Өийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Өийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Өийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Э.Өээс энэ гэмт хэрэг улмаас бусдад учруулсан хохирлын 486.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батзаяад олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Өөлүн-Эрдэнчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Өийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Өөлүн-Эрдэнчимэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас цагдан хорьсон 42 хоногийг дүйцүүлэн хасч тогтоосон 64 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 8 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Өт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Э.Өт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч урьд нь ял шийтгэгдэж байсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршийг арилгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд уг хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Өийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорисон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Эын Өийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өөлүн-Эрдэнчимэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, Э.Өөлүн-Эрдэнчимэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас цагдан хорьсон 42 хоногийг дүйцүүлэн хасч тогтоосон 64 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 8 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Өөлүн-Эрдэнчимэгт оногдуулсан 1 жил 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Өөлүн-Эрдэнчимэгийг урьд нь цагдан хорисон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Өээс 486.000 төгрөг гаргуулж хохирогч С.Батзаяад олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР