| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1865/Э |
| Дугаар | 1892 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1892
2019 12 17 2019/ШЦТ/1892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пт холбогдох 1906 06206 2632 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Эмээлтэд ясны үйлдвэрт ажилладаг гэх, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 17 дугаар гудамжны 9 тоотод суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 315 тоотод түр оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бы П, /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.П нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нийтийн тээврийн автобусны жолоочийн “... дансны дугаараа мессежээр явуулчих, удахгүй таны данс руу мөнгө явуулна...” гэж бусадтай ярьж байхыг сонсож, улмаар жолоочийн хэлсэн утасны дугаар луу өөрийн ашигладаг ХААН банкны 5028806842 тоот дансаа явуулж нийт 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баатархүүгийн өгсөн: “... би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найз болох Түвшинтөр над руу яриад надаас 350.000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд над руу “Өөр хүний дугаараас хүний данс явуулна” гэж ярьсан. Тэгээд ярьсны дараа 88920509 гэх дугаараас “5028806842, Чулуунцэцэг” гэх данс ирсэн бөгөөд би тус дансыг найзын мөнгө явуулах данс гэж бодоод өөрийн 5361112991 тоот данснаас гэртээ байхдаа 350.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тус данс руу мөнгө явуулсны дараа нь буюу 3 минутын дараа дахин өөр 96010189 гэх дугаараас 5151035003 гэх данс ирсэн. Тэгээд би гайхаж найз руугаа залгаж асуухад “96010189 гэх дугаараас ирсэн данс руу мөнгийг шилжүүлэх ёстой байсан” гэж хэлсэн. Улмаар өөр данс руу мөнгө шилжүүлснээ мэдсэн. Манай найз автобусны жолооч бөгөөд автобусанд явж байхдаа надтай ярьж мөнгө авахаар болсон. Цааш нь мөнгө авах хүндээ миний дугаарыг хэлсэн байх бөгөөд тэр хооронд автобусанд явж байсан үйлчлүүлэгч нарын нэг нь миний дугаар луу дансаа явуулсан юм шиг байна. Тэгээд тэр дор нь мөнгө шилжүүлсэн хүний утас руу залгахад огт утсаа аваагүй бөгөөд маргааш нь мессежээр холбогдоход тийм зүйл байхгүй гээд огт холбоогүй болсон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунцэцэгийн өгсөн: “... 5028806842 тоот дансыг миний нөхөр болох П бид хоёр ашигладаг бөгөөд би мөнгө их ашигладаггүй учир нөхөр тус дансны картыг ихэвчлэн ашигладаг... 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би Дорнод аймагт станцын заслын ажил хийж байсан бөгөөд миний данс болон картыг нөхөр П ашиглаж байсан. Банкны мэдээлэл нь 8892-0509 дугаарт ирдэг бөгөөд тухайн үед тус дугаарыг ч гэсэн нөхөр барьж байсан. Би Амгалан амаржих эмнэлэгт хэвтэж байгаад өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан. Нөхөртэйгээ энэ талаар сайн ярилцаагүй байна. Хальт асуухад тус мөнгөөр нь цахим тоглоом тоглосон гэж хэлсэн ба өөрийгөө тэр тоглоомонд нэлээн донтсон байсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Түвшинтөрийн өгсөн: “... би шугамын автобус барьдаг бөгөөд автобусаа бариад Зүүн салаа-Халдвартын чиглэлд явж байхад 21 цаг 40 минутын орчимд Баатархүүгийн 99240425 дугаар луу залгаж ахдаа мөнгө зээлж өгөхөөр болсон. Ах руугаа залгаж Баатархүүгийн утасны дугаарыг нь өгч, тус дугаар луу нь дансны дугаараа явуулаарай гэж хэлсэн. Мөнгө зээлж байгаа ах нь хөгшин хүн бөгөөд утсаараа ярьж байхдаа Баатархүүгийн утасны дугаарыг 2-3 удаа хэлж өгсөн. Тэр хүнтэйгээ яриад утсаа салгатал Баатархүү залгаж орж ирсэн бөгөөд “Мөнгийг чинь явуулсан, данс руу хийчихлээ” гэж ярьсан. Тэгэхээр нь би гайхаж “Ийм хурдан дансаа явуулахгүй дээ” гэж хэлээд нөгөө ах руугаа залгахад “Дансаа явуулаагүй байна” гэж хэлсэн. Тэгээд Баатархүү лүү буцаж залгахад “Чулуунцэцэг гэдэг хүний данс ирээд 350.000 төгрөгийг хийсэн” гэж хэлсэн. Тэгээд Баатархүүгийн мөнгө өөр хүний данс руу орсон гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,
ХААН банкны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 29/0960 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх.14-16/,
Хохирогч Б.Баатархүүгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баатархүүд хохирол нөхөн төлсөн тухай мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пийн яллагдагчаар өгсөн: “... автобусны жолооч ах нэг хүнтэй яриад “Энэ дугаар луу дансаа явуулчих, удахгүй таны данс руу 350.000 төгрөг явуулна” гэж ярьж байсан. Тэрийг нь би сонсоод тус автобусны жолоочийн ярихдаа хэлсэн дугаар луу эхнэр Б.Чулуунцэцэгийн 5028806842 тоот ХААН банкны дансыг явуулсан юм. Тэгээд 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буугаад мобайл банкаараа дансаа шалгахад 350.000 төгрөг орсон байсан ба удалгүй миний барьж байсан 88920509 дугаарт ХААН банкнаас мөнгө орсон талаар мессеж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.26-28/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.П нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нийтийн тээврийн автобусны жолоочийн “... дансны дугаараа мессежээр явуулчих, удахгүй таны данс руу мөнгө явуулна...” гэж бусадтай ярьж байхыг сонсон, улмаар жолоочийн хэлсэн утасны дугаар луу өөрийн ашигладаг ХААН банкны 5028806842 тоот дансаа явуулж нийт 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баатархүүгийн өгсөн: “... би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найз болох Түвшинтөр над руу яриад надаас 350.000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд над руу “Өөр хүний дугаараас хүний данс явуулна” гэж ярьсан. Тэгээд ярьсны дараа 88920509 гэх дугаараас “5028806842, Чулуунцэцэг” гэх данс ирсэн бөгөөд би тус дансыг найзын мөнгө явуулах данс гэж бодоод өөрийн 5361112991 тоот данснаас гэртээ байхдаа 350.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тус данс руу мөнгө явуулсны дараа нь буюу 3 минутын дараа дахин өөр 96010189 гэх дугаараас 5151035003 гэх данс ирсэн. Тэгээд би гайхаж найз руугаа залгаж асуухад “96010189 гэх дугаараас ирсэн данс руу мөнгийг шилжүүлэх ёстой байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунцэцэгийн өгсөн: “... 5028806842 тоот дансыг миний нөхөр болох П бид хоёр ашигладаг бөгөөд би мөнгө их ашигладаггүй учир нөхөр тус дансны картыг ихэвчлэн ашигладаг... Банкны мэдээлэл нь 88920509 дугаарт ирдэг бөгөөд тухайн үед тус дугаарыг ч гэсэн нөхөр барьж байсан... Хальт асуухад тус мөнгөөр нь цахим тоглоом тоглосон гэж хэлсэн ба өөрийгөө тэр тоглоомонд нэлээн донтсон байсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Түвшинтөрийн өгсөн: “... Баатархүүгийн 99240425 дугаар луу залгаж ахдаа мөнгө зээлж өгөхөөр болсон. Ах руугаа залгаж Баатархүүгийн утасны дугаарыг нь өгч, тус дугаар луу нь дансны дугаараа явуулаарай гэж хэлсэн... Тэр хүнтэйгээ яриад утсаа салгатал Баатархүү залгаж орж ирсэн бөгөөд “Мөнгийг чинь явуулсан, данс руу хийчихлээ” гэж ярьсан. Тэгэхээр нь би гайхаж “Ийм хурдан дансаа явуулахгүй дээ” гэж хэлээд нөгөө ах руугаа залгахад “Дансаа явуулаагүй байна” гэж хэлсэн. Тэгээд Баатархүү лүү буцаж залгахад “Чулуунцэцэг гэдэг хүний данс ирээд 350.000 төгрөгийг хийсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11/,
ХААН банкны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 29/0960 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх.14-16/,
Хохирогч Б.Баатархүүгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баатархүүд хохирол нөхөн төлсөн тухай мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пийн яллагдагчаар өгсөн: “... автобусны жолооч ах нэг хүнтзй яриад “Энэ дугаар луу дансаа явуулчих, удахгүй таны данс руу 350.000 төгрөг явуулна” гэж ярьж байсан. Тэрийг нь би сонсоод тус автобусны жолоочийн ярихдаа хэлсэн дугаар луу эхнэр Б.Чулуунцэцэгийн 5028806842 тоот ХААН банкны дансыг явуулсан юм. Тэгээд 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буугаад мобайл банкаараа дансаа шалгахад 350.000 төгрөг орсон байсан ба удалгүй миний барьж байсан 88920509 дугаарт ХААН банкнаас мөнгө орсон талаар мессеж ирсэн....” гэх мэдүүлэг /хх.26-28/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Пийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Пийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Б.П нь хохирлын 350.000 төгрөгийг нөхөн төлсөн учир түүнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Пийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Б.Пт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан болно.
Шүүгдэгч Б.Пт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Пт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шидвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Бы Пийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, Б.Пт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар, Б.Пт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шидвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР