Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1895

 

 

 

 

 

  2019         12         17                                       2019/ШЦТ/1895

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч, шүүгдэгч Б.А, Б.Д,

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д, Н.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 04848 1916 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Дорноговь аймагт 1993 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хуягт тээвэрлэгчийн механик жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хуягт тээвэрлэгчийн механик жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 30 дугаар гудамжны 512 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Л овогт Бы А /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, “Голомт” банкны зээлийн судалгааны ажилтан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 11 дүгээр гудамжны 449 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Н овогт Бы Д /РД: /,

3. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Гурван Хан-Хөхий” ХХК-д барилгын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 61 дүгээр байрны 2-35 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Нийн Т /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө    Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэрийг нь хоргоосон гэх шалтгаанаар Б.Дгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Д, Н.Т нар нь бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Атэй эхнэрийг нь өдөж хоргоосны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Аийн хохирогчоор өгсөн: “08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би эхнэр болон найзуудтай нь караокед ороод тэндээс гарч таксидаад Сансарын Баянцээлийн орчим бууж эхнэр найзуудтайгаа түрүүлээд буусан, би таксины мөнгө төлчихөөд буусан, манай эхнэр урдаас ирээд “3 залуу явуулахгүй байна” гэсэн. Тэгсэн Д ирээд мөрлөсөн. Би Дд “эхнэрээ аваад явлаа” гээд явах гэсэн чинь эхнэрийн араас дагаад байсан, тэгэхээр нь Дг цохиод зугтаасан чинь Т араас барьж авсан, Д хүрч ирээд нүүр лүү цохин газар унатал дээрээс нуруу хэсэг рүү өшиглөсөн, би манараад доошоо харж хэвтсэн. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Зүүн нүд хавдсан, зүүн хамрын яс муруйсан, 2 өвдөг шархтай, далны хавьд өвдөлттэй байсан. Нүдээ гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “хэдэн сар хараадах, өөрчлөлт гарвал хагалгаанд орно” гэсэн. Бид 3 эвлэрсэн бие биенээсээ уучлал гуйсан. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Дгийн хохирогчоор өгсөн: “08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Цогтзаяа, Т хоёртой явж байгаад барьж явсан ундааны саваа хогын сав руу шидэх санаатай шидсэн чинь Аийн эхнэрийг оночихсон байгаа. Бүх зүйл тэрнээс л болсон. Тэгээд “чи яаж байгаа юм” гэхээр нь би харин оночихлоо гэсэн чинь “чи бөгс рүү нь оночихлоо” гэсэн, тэгээд маргалдаад байж байсан чинь А цаанаас ирээд мөрлөж цохиод зугтаачихсан. Миний уруул халуун оргиод уруулаа барьсан чинь цус гарчихсан байсан, би уурандаа Аийн хойноос очоод Аийн нүүр лүү нь 2 удаа цохиод доошоо тонгойхоор нь нуруу хэсэг рүү нь цохисон. Бүх зүйл их хурдан болж өнгөрсөн, тухайн үед миний дээд уруул сэтэрсэн байсан, би гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан одоо бол эдгэсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Ад хохирлын мөнгө 2.450.000 төгрөгийг Т бид 2 хувааж өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аийн хохирогчоор өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн гудамжинд эхнэр болон түүний найзуудтай явж байсан. Т, Д, Цогтзаяа гэх 3 залуу эхнэрийг маань өдөн хоргоож улмаар маргалдсан. Би уурандаа Дгийн нүүрэн хэсэгт нэг удаа цохиод зугтсан. Миний араас Т гүйж ирээд намайг барьж авсан бөгөөд араас нь Д нь ирж намайг цохиж зодсон. Би газарт унаад Дд зодуулсан... миний нүүр хэсэг битүү хавдар байна, зүүн нүд тагларсан мөн хамар хугарсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дгийн хохирогчоор өгсөн: “... намайг харж байхад Т араас нь хөөн барьж авсан бөгөөд би очоод охиулсан уурандаа нүүрэн хэсэг нь 2 удаа гараараа цохисон бөгөөд нуруу хэсэгт нь нэг удаа цохисон. А эхлээд нүүрэн хэсэгт нэг цохиод цааш зугтсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9947 дугаартай: “... Аийн биед дээд хамрын таславчийн мурийлт, зүүн даланд цус хуралт, баруун зүүн өвдөгөнд цус хуралт, хамар ясны хугаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9975 дугаартай: “... Дгийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор caлстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухай цаг хугацаанд   үүссэн   байх   боломжтой.   Гэмтлийн   хөнгөн   зэрэгт   xaмаарна...” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Тгийн гэрчээр өгсөн: “... Д араас зам дагаад ирж байсан хоёроос гурван эмэгтэйн нэгнийх нь бөгс рүү барьж байсан ундааны саваараа хатгаад байх шиг байсан. Энэ үед хоёр залуу Д дээр ирээд манай найз охины бөгсийг алгадлаа гээд Дгийн нүүрэн хэсэгт нэг нь цохиод зугтсан. Тэр залуугийн араас ухас хийгээд цамцнаас нь зуураад зогсоосон. Тэр залуу өөдөөс зодолдох гээд байсан. Энэ үед Д бид хоёр одоо өргөдөл гаргасан залуу болон хамт явсан залуутай нь харилцан зодолдсон. Би одоо өргөдөл гаргасан байгаа залуутай харилцан зодолдсон... Намайг харахад тэр хүний нэг нүд нь хавдсан байсан бөгөөд өөр гэмтэл гэхээр зүйл анзаараагүй. Би А гэх хүний биеийн аль хэсэгт хэдэн удаа цохиж зодсоноо хэлж мэдэхгүй байна. Би тааралдсан газар нь цохисон...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цогтзаяагийн өгсөн: “... Д түрүүлээд явж байсан. Би яг юу болсныг хэлж мэдэхгүй нэг харахад Дг тэнд байсан хоёр залуугийн нэг нь шууд цохиод цааш зугтсан. Энэ үед Т нь тэр залуугийн араас хөөгөөд гүйсэн бөгөөд замын хажуу талд барьж аваад зууралдаад байсан. Би очоод юу болсон талаар асуухад тэнд байсан хамгаалагч нар салгаад байж байсан. Д тэр залуутай хэд хэд цохилцоод харилцан зодолдсон... Манай найз Д нь хохирогч Аптангэрэлийг гараараа хоёроос гурван удаа цохисон байх...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтантуулын өгсөн: “... Цэрэндулам бид хоёр түрүүлээд явж байтал гурван залуу явж байсны нэг нь болох /Д/ өндөр залуу нь өдөөд гараас татаад байхаар нь би тэр залууд хандаж “би нөхөртэй яв” гэж хэлэхэд тэр хамаагүй гээд байсан. Манай найзууд болон нөхөр араас ирээд бид хамт цааш явах гэж байтал нөгөө өндөр залуу нь намайг эхлээд мөрлөж, би зөрөөд явах гэтэл буцаж ирээд манай нөхрийг мөрлөсөн. Эхлээд хэн нь цохисныг хараагүй, манай нөхөр цааш зугтаад явахаар би араас нь гүйтэл өндөр залуугийн нөгөө хоёр нь араас нь гүйж очоод манай нөхрийг барьж аваад нэг нь тэвэрсэн байсан бөгөөд нөгөө хоёр нь зодоод байсан. Би яг хэн нь тэврээд хэн нь зодож байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.26-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө    Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэрийг нь хоргоосон гэх шалтгаанаар Б.Дгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Д, Н.Т нар нь бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Атэй эхнэрийг нь өдөж хоргоосны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аийн хохирогчоор өгсөн: “... Би уурандаа Дгийн нүүрэн хэсэгт нэг удаа цохиод зугтсан. Миний араас Т гүйж ирээд намайг барьж авсан бөгөөд араас нь Д нь ирж намайг цохиж зодсон. Би газарт унаад Дд зодуулсан... миний нүүр хэсэг битүү хавдар байна, зүүн нүд тагларсан мөн хамар хугарсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дгийн хохирогчоор өгсөн: “... би очоод цохиулсан уурандаа нүүрэн хэсэг нь 2 удаа гараараа цохисон бөгөөд нуруу хэсэгт нь нэг удаа цохисон. А эхлээд нүүрэн хэсэгт нэг цохиод цааш зугтсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9947 дугаартай: “... Аийн биед дээд хамрын таславчийн мурийлт, зүүн даланд цус хуралт, баруун зүүн өвдөгөнд цус хуралт, хамар ясны хугаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9975 дугаартай: “... Дгийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор caлстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухай цаг хугацаанд   үүссэн   байх   боломжтой.   Гэмтлийн   хөнгөн   зэрэгт   xaмаарна...” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цогтзаяагийн өгсөн: “... Дг тэнд байсан хоёр залуугийн нэг нь шууд цохиод цааш зугтсан. Энэ үед Т нь тэр залуугийн араас хөөгөөд гүйсэн бөгөөд замын хажуу талд барьж аваад зууралдаад байсан... Д тэр залуутай хэд хэд цохилцоод харилцан зодолдсон... Манай найз Д нь хохирогч Аптангэрэлийг гараараа хоёроос гурван удаа цохисон байх...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Алтантуулын өгсөн: “... өндөр залуугийн нөгөө хоёр нь араас нь гүйж очоод манай нөхрийг барьж аваад нэг нь тэвэрсэн байсан бөгөөд нөгөө хоёр нь зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Аийн хохирогчоор өгсөн: “... Д ирээд мөрлөсөн. Би Дд эхнэрээ аваад явлаа гээд явах гэсэн чинь эхнэрийн араас дагаад байсан тэгэхээр нь Дг цохиод зугтаасан чинь Т араас барьж авсан Д хүрч ирээд нүүр лүү цохин газар унатал дээрээс нуруу хэсэг рүү өшиглөсөн, би манараад доошоо харж хэвтсэн... Зүүн нүд хавдсан, зүүн хамрын яс муруйсан, 2 өвдөг шархтай, далны хавьд өвдөлттэй байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Дгийн хохирогчоор өгсөн: “... А цаанаас ирэн мөрлөж цохиод зугтаачихсан. Миний уруул халуун оргиод уруулаа барьсан чинь цус гарчихсан байсан би уурандаа Аийн хойноос очин Аийн нүүр лүү нь 2 удаа цохиод доошоо тонгойхоор нь нуруу хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А, Б.Д, Н.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д, Н.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Б.Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь, Б.Д, Н.Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Б.А, Б.Д, Н.Т нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Б.Д, Н.Т нар нь Б.Ад 2.450.000 төгрөг хувь тэнцүүлж нөхөн төлсөн, Б.А, Б.Д нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Б.Д, Н.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.А, Б.Д, Н.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Т нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Б.А, Б.Д, Н.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.А, Б.Д, Н.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Б.А, Б.Д, Н.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л овогт Бы Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н овогт Бы Д, Г овогт Нийн Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Т нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.А, Б.Д, Н.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А, Б.Д, Н.Т нарт сануулсугай.

5. Б.А, Б.Д, Н.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Д, Н.Т нар нь Б.Ад 2.450.000 төгрөг хувь тэнцүүлж нөхөн төлсөн, Б.А, Б.Д нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А, Б.Д, Н.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР