Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1903

 

                                             

 

 

 

 

 

 2019          12          18                                     2019/ШЦТ/1903

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч, Н.Баасанбат, Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

            Иргэдийн төлөөлөгч Н.Чинзоригт,

            Улсын яллагч Д.Уянга,

            Хохирогч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Р.Шүрхүү /ҮД:0848/,

            Шүүгдэгч Я.У, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ /ҮД:0533/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ут холбогдох 1806 06714 1458 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

            Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 эгчийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 43 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Л овогт Яын У /РД: /,

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

            Я.У нь:

            1. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, 2018 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, мөн 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Золзаяаг байнга зодсон, түүнд хүчээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн, зодсоны дараа гэр оронд нь очуулахгүй дагуулж явах, гэр бүлийнхэндээ гэмт хэргийн талаар худлаа ярихыг зааж зааварлах, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, гараар болон төмөр, чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр түүнд олон тооны шарх, зовиур үүсгэн зодож тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт,

            2. 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Золзаяад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараар болон чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр олон тооны шарх, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            3. 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Золзаяад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр бие махбодийн, сэтгэл санааны шаналал, олон тооны шарх, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            4. 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Золзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, архи, согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлган, осгоож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Уын өгсөн: “Би өнгөрсөн хугацаанд их зүйл ойлгосон, болж өнгөрсөн зүйлд харамсаж байна. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хүндэвтэр хохирол учруулсан, хүнийг алсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрчийн мэдүүлэг, архи, согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлсэн гэж нэг талыг барьсан, камерын бичлэг шалгаж өгөөгүй...” гэх мэдүүлэг,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.30/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн: “... Өрөөний урд хананд байх орон дээр 20-25 орчим насны эмэгтэй хүний цогцос харагдаж байх ба уг цогцосыг цайвар өнгийн судалтай хөнжилөөр бүтээсэн байх бөгөөд хөнжилийг сөхөж үзэхэд цогцос нүүр хэсгээрээ дээшээ харсан, хоёр нүд аниастай, ам жимийсэн, уруул хөхөрч хавдсан, толгойдоо хүрэн өнгийн мөрөө шүргэсэн урт үстэй, үсний болон хүзүү хэсэг шороо мэт зүйл өвсний хэсэг наалдаж бохирлогдсон, толгойн хэсэг зүүн тийш, хөл хэсэг баруун тийш шулуун жийсэн, хоёр гар биеийн дагуу шулуун байрлалтай, цээжин хэсгээрээ бүдэг улаан өнгийн хөхөвчтэй, доод бүсэлхий хэсгээрээ хар өнгийн дотоожтой, биеийн бусад хэсгээрээ нүцгэн харагдах ба зүүн хөлийн шагайн хэсэгт улаан өнгийн даавуу уясан байх ба духны баруун дээд хэсэг, зүүн нүдний дээд зовхи, хамар, дээд уруулын дээд хэсэг, эрүүний доод хэсэг, хүзүүнд цээжний зүүн тал хоёр гарын бугалга, шуу, сарвуу, зүүн ташаа, гуяны гадна дээд хэсэг, хоёр өвдөг шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэлтэй байна гэж шинжээч эмч Т.Сэлэнгэ тодорхойлсон цогцсыг шинжээчид шилжүүлэн өгч шинжилгээнд 02-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ШШҮХ-д хүргүүлэв...” гэх тэмдэглэл /хх.1.18-24/,

            Хэргийн газрын үзлэгийн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.25-26, 31-34/,

            Цогцост үзлэг хийсэн: “... Үзлэгийг 2018 оны 08 сарын 18-ны өдөр 13 цаг 47 минутад эхлүүлж ... нас бараад 6-8 цаг болж байна гэснээр үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.27-29/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн: “... Уг ажиллагааны явцад ямар нэг хяналтын камертай хашаа, талбай үгүй байсан ба гэрэлтүүлгийн шонгийн модгүй байсан. Мэдүүлэг шалгах явцад хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, ул мөргүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.37-42/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнгийн өгсөн: “...Талийгаач Г.Золзаяа нь миний төрсөн дүү Төрмөнхийн Ганбаатарын төрсөн ганц охин хүүхэд нь байсан юм. Би талийгаач Золзаяагийн авга ах нь байгаа юм. Миний төрсөн дүүгийн охин нь нас барсан ба түүний ээж Нарантуяа нь Өвөрхангай аймагт амьдардаг юм. Мөн Нарантуяа нь бичиг үсэг мэдэхгүй, ямар нэг зүйлийг ойлгохгүй учраас хүсэлтээр нь хохирогчоор оролцож байна. Мөн авга ахынх нь хувьд ч оролцох шаардлагатай. Ер нь бол ээж болон бусад дүү нартай нь харилцаа холбоотой байдаг. Талийгаач Золзаяагийн хувьд бол хамгийн сүүлд 2017 оны хавар уулзаад түүнээс хойш уулзаагүй байсан. Ер нь бага хүүхэд байхаасаа эхлэн төлөв томоотой, хүний үгнээс гардаггүй, дуу шуу цөөтэй хүүхэд байсан. Элдэв ааш араншин гээд байх зүйлгүй хүүхэд байсан. Талийгаач нь албан ёсоор бол ээж Нарантуяагийн хамт ба өөрөөс нь гарсан хүүхдийн хамт Өвөрхангай аймагт амьдарч байсан. Төрсөн хоёр эгч нь тусдаа гарчихсан хүмүүс байдаг юм. Хүүхдийнх нь эцэг гээд Өвөрхангай аймгийн Коллежид суралцаж байхдаа танилцсан гээд нэг залуу байдаг байсан. Тэгээд юу болж явсныг мэдээгүй байтал хүүхдийнх нь эцэг салж яваад, өөр нэг залуутай нийлээд Улаанбаатар хотод ирээд гэрийнхэнтэйгээ холбогдохгүй явж байгаад нас барсан байна... Хэдийгээр осгож нас барсан гэж байгаа боловч биед үүссэн гэмтэл шархнуудыг нь харахад зодож, цохисон У гээд байгаа залуугаас болж миний дүү нас барсан. Түүнээс өөрийгөө аваад явах боломжтой байсан байна. Буяны ажилд гарсан зардал мөнгөний талаарх баримтууд нь байгаа. Би нэг мөр нягталж үзээд холбогдох дараа дараагийн шатанд нь гаргаж өгөх хүсэлтэй байна. Буяны ажилд гарсан мөнгийг нэхэмжилж байна. Мөн хуулийн дагуу У гэгчид арга хэмжээ авахуулах хүсэлттэй байна. Ер нь бол талийгаач нь Нарантуяа гэх айлыг цаашид авч явах хүн байсан. Ганц сургууль төгссөн, бичиг боловсролтой хүн нь байсан...” гэх мэдүүлэг /хх.1.49/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Янжмаагийн өгсөн: “... бид нар хамт ажиллаж байгаад ажил тараад 21 цаг болж явж байхад нөхөр У нь урдаас ... ирээд шууд манай нөхрийг алгадаж авсан бөгөөд тухайн үед У нь согтуу байсан... би хажууд нь хамт байж байгаад тайвшруулж байгаад дагуулаад гэртээ орсон. Манай гэрт ороод би хоол хийгээд, бид хоол идчихээд 1 цаг гаран сууж байгаад У нь “явья аа, Янжаа эгчээ бид хоёр Өвөрхангай явлаа” гэж хэлээд эхнэрийгээ дагуулаад л гарсан. Тэр хоёр гараад явахаар нь би нөхрийн хамт унтсан бөгөөд тэгсэн үүрээр 05 цагийн үед л байхдаа, нэг хүн хаалга нүдээд эхэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр босоод хаалгаа тайлахад У “Заяа ухаан алдаад уначихлаа, та очиж аваад үүрч ирээчээ” гэж хэлсэн бөгөөд У “би өөрөө даахгүй байна” гэж байсан. Тэгээд манай нөхөр Утай хамт яваад Заяаг үүрээд авчирсан. Тэгээд манай гэрт нөхөр үүрээд оруулж ирсэн. Манай гэрт оруулж ирэхэд Заяа нь тэр чигтээ нил ус болж норсон байсан болохоор нь У нь Заяагийн хувцасыг тайлаад орон дээр хэвтүүлсэн. Тухайн үед нөхөр нь болох У “зүрх нь цохилж байна” гээд байсан, тухайн үед би Заяад ойртоогүй, тэгээд байж байгаад У “эмнэлэг дуудна” гээд гараад явсан бөгөөд эргэж ирээгүй, өчигдөр орой манайхаас гарахдаа зүгээр байсан бөгөөд харин эргэж шөнө нөхөр нь үүрч ирэхэд ийм байдалтай болсон. Тэгэхээр өчигдөр шөнө манайхаас нөхөртэйгээ хамт гарч яваад л ийм болоод ирсэн... сэргэхгүй, хөдлөхгүй байж байгаад нас барсан. Нөхөр нь л “зүрх нь цохилоод байна” гэсэн... орж ирэхдээ куртикгүй, 2 гуталгүй, хөл нүцгэн, бусдаар бол яг өмсөж байсан хувцастайгаа орж ирсэн. Манайд орж ирэхдээ л ухаангүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.50-52/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Цэнгэлийн өгсөн: “... Би өчигдөр орой 17:30-д гэртээ 9 тоот өрөөнд орж ирсэн. Тэгтэл 18:00 цаг гээд 7 номерын өрөөнд /жижүүрийн өрөөнд/ хөгжим тавиад бүжиглэж, дуулаад байсан. Тэгээд нэг завсарлаад архины мөнгөн дээрээ маргалдаад байсан, 6000 төгрөг ярьж байгаад гарцгаасан, тэгээд 21 цаг өнгөрч байхад ахин хөгжим асаагаад л 3 номер, 7 номерын өрөөнийхөн орж гараад л юм ярьж байхад нэг залуугийн дуу гараад чангараад байсан. Тэгэхээр нь би хаалгаараа харахад туранхай, саарал подволктой, намхан, жижиг халимаг үстэй, эрүүн доороо жижиг сахалтай эрэгтэй гарчихаад буцан орж байсан ба би шөнө 02 цаг хүртэл кино үзэж байхад шөнө 00 цагийн орчим миний харсан залуу байрны үүдэнд дотор зогсчихоод “Заяа пизда минь явья л даа” гэж орилоод харин цаана нь нэг эмэгтэй “Пизда энэ байшинг нь шатаачихъя л даа” гэж орилж байснаа намжаад №3 дугаартай өрөөнд орцгоох шиг болсон ба №7 дугаартай өрөөний гэрэл асаалттай хүнгүй байсан юм. Тэгээд шөнө ахин хүн орилж чарлаагүй бөгөөд би шөнө 02 цагт гарч бие засахад 3 дугаартай өрөөнд хүмүүс ярилцсан чимээ сонсогдож байсан, тэгээд би гэртээ орж унтаад өглөө 06:40 босоход саарал подволктой эрэгтэй, бас нэг эмэгтэй болон жижүүрийн дуу гараад байрнаас гарцгаасан, тэгэхэд нөгөө шөнө “байр шатаана” гэж орилсон эмэгтэй ахин “Ээ пиздаануудаа” гэж орилох шиг болсон ба удалгүй намайг бие засахаар гарч байхад тааралдаад 3 номерт “хүн нас барчихсан” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.53-54/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Очгэрэлийн өгсөн: “... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж буюу 100 айлын тэнд байрлах Иргэний бүртгэл мэдээллийн төвийн үүдэнд байрлалтай хүнсний ТҮЦ-ийг манай ээж, бид хоёр хамтран ажиллуулдаг юм.Тэгээд өнөөдөр өглөө буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед би өөрийн бага дүү Дэлгэрмөрөнгийн хамтаар ТҮЦ-ээ ажиллуулаад байж байтал 30 орчим настай, 160-165 см орчим өндөртэй, богино халимаг үстэй, саарал өнгийн өмдтэй, хүн орж ирээд “утсаар яриулах уу” гэхээр нь би өөрийн бага дүү болох Б.Дэлгэрмөрөнгийн нэр дээр бүртгэлтэй байдаг 96205225 дугаарын утсыг уг хүнд өгч яриулсан юм. Тэгээд нэг их анзаараагүй сууж байтал нөгөө хүн “Та яг үнэнгээ хэлчих, Нандиа зүгээр үү” гэж чанга чанга дуугараад орилсон байдалтай яриад байсан юм. Тэгээд ярьж дуусангуутаа намайг тэр ахаас юу ч асуугаагүй байхад “ах нь барилга дээр ажиллаж байгаад ирлээ, хувцас минь нороод халаасанд байсан мөнгө бас норчихсон шүү” гэж хэлээд халааснаасаа 1.000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд, усанд нороод шавар болчихсон байх 1.000 төгрөг өгөөд утсаар ярьсан төлбөрөө хийсэн юм. Тэгээд л тэр хүн гараад явсан ба төд удалгүй 12 цагийн үед цагдаагийн газраас 3 хүн манай ТҮЦ дээр ирээд дээрх хүний зургийг харуулаад асууж сураглаад байхаар нь би болсон асуудлыг хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.57/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ажрахгүйн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед эхнэр Золзаяагийн хамтаар У манай гэрт хоол идчихээд 14 цагийн үед буцаагаад эхнэртэйгээ хороолол орно гээд явсан юм. Тэгээд ... 14-нөөс 15-нд шилжих шөнө ганцаараа буцаад манайд 02 цагийн үед согтуу байдалтай ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “эхнэртэйгээ маргалдаад зодоод Өвөрхангай руу хөөгөөд явуулчихлаа” гэж хэлж байснаа “нэг сэрсэн чинь би гол дээр унтаж байсан. Золзаяа намайг хаячихаад явчихаж, хаашаа явсан байх уу” гээд 2 өөр юм яриад байсан. Тэгээд У явсны дараа эхнэр бид 2 ажил дээрээ ирэхэд Золзаяа ажил дээрээ ирчихсэн байсан. Золзаяа хэлэхдээ “гол дээр архи уугаад нүүр маажаад намайг зодоод байхаар нь би зугатчихсан юм” гэж хэлж байсан. Нүүр царай нь хэвийн байсан гэж харж байсан... орой 19 цаг болж байхад ажил тарж Золзаяаг дагуулаад эхнэр, бид 3 Дарь-Эхийн шинэ буудал дээр буугаад дэлгүүр ороод хоолны эд зүйл худалдаж аваад гэр лүүгээ явж байхад өөдөөс ганцаараа согтуу ирсэн. Өөдөөс ирэнгүүтээ ямар нэг юм хэлэлгүй намайг гараараа нэг удаа шанаадсан. Тэгэхээр нь “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “бүгдийг чинь ална шүү” гээд дайраад байсан... араас 20 минутын дараа манай эхнэр, Золзаяа, У хоёрыг дагуулаад эвлэрсэн бололтой орж ирсэн. Тэгээд хоол идчихээд Золзаяа, У хоёр “хороолол явлаа” гэж 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад гараад явсан. 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04-05 цагийн үед манай хаалгыг хүн цохихоор нь онгойлгосон чинь У ганцаараа согтуу байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “танайхаас гараад архи аваад Золзаяатай гол дээр архи уулаа” гэхээр нь “Золзаяа архи дарс уудаггүй шүү дээ” гэсэн чинь “би архи хүчээр өгчихсөн юмаа, тэгээд их уухгүй, хурдан тасарчихлаа, тэгээд би наашаа авч ирэх гэж гол гарч байгаад бид хоёр гол дотор уначихлаа, би ганцаараа авч ирж дийлэхгүй байна, та хамт явж аваад ирээч” гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд цуг гараад гол орсон. Намайг гол дээр очиход дөнгөж гэгээ ороод үүр цайж байсан. Тэгээд гол дээр очиход Золзаяа хажуу тийшээ харсан байдалтай, хувцас нь нойтон 2 гар нь хайрга чулуу, шавар болсон байдалтай байсан. Тэгээд би Золзаяаг сэрээх гэсэн чинь тасарчихсан хүн шиг сэрэхгүй байхаар нь өргөөд Ут үүрүүлсэн. Тэгээд хэсэг явж байгаад явган хүний зам дээр гарч ирээд би хэсэг үүрч явсан ба намайг үүрч явахад амьсгалж байсан юм. Тэгээд манай гэрт ороод “осгосон байж магадгүй” гээд У “хөнжил нөмрүүлье” гэхээр нь хөнжил гаргаж өгсөн чинь хөнжлөө нөмрөөд хамт унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед Уыг сэрээсэн ба Золзаяаг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан... тээр хойно нь манай жижүүр “нас барсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.59-60/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэнпүрэвийн өгсөн: “... 2018 оны 08 сарын 15-ны өдөр 3 тоотыг түрээсэлж байгаа Ажрахгүй, Янжмаа нар дээр нутгийн найзууд нь гэх хүмүүс ирсэн. Ажрахгүй “Би ирсэн 2 хүнийг 1 цагийн үед хөөж гаргасан” гэсэн. Би өглөө 6 цаг өнгөрч байхад сэрээд 3 тоот өрөө лүү ороход 4 лээ унтаж байсан... энэ хоёр хэзээ орж ирсэн юм гэж асуухад ... нөхөр нь 4 цагт хаалга нүдээд “гол дээр манай эхнэр ухаан алдаад уначихлаа, би дийлэхгүй байна. Та хамт яваад авч ирээд өгөөч гэж хэлсэн, тэгээд Ажрахгүй хамт өргөж ирсэн” гэсэн. Ажрахгүй, Янжмаа нар сэрүүн байсан. Нөгөө хоёр нь толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч унтаад харагдахгүй байсан. Бид 3 юм яриад байж байхад нөхөр нь сэрээд хөнжлөө сөхсөн.Тэр үед эхнэрийг нь харахад уруул, нүүр нь хөхөрч хавдсан, цээж нь мөн хөхөрч бие нь сонин харагдаж байсан. Би нөхөрт нь “гар нь хүйтэн, бие нь хөрсөн байна” гэхэд “амьсгаатай байгаа, ухаан алдсан байгаа” гэж хэлж байсан. Тэгээд нөхөр нь түргэн дуудах гэж гараад тэр чигээрээ алга болсон. Түргэн ирээд “нас барсан байна” гэж хэлж байсан... Тэр үед зүгээр байсан. Ямар нэг ил харагдах гэмтэл харагдаагүй, бага зэрэг халамцуу харагдаж байсан... эхнэр бид хоёр маргалдаад гэж хэлж байсан. Өөрөө нүүр ам нь зүгээр байсан. “Маргалдлаа гээд ийм болгоод яаж байгаа юм” гэхэд “түргэн дуудаад ирье” гэж гүйн гараад явчихсан... Над руу түргэн очсон уу гэж залгаж байсан, маргааш нь буюу өнөөдөр залгаад "манай эхнэр зүгээр үү, яг үнэн үү” гэж асуугаад байсан, би ирүүлэх гэж “тариа хийгээд зүгээр болсон эмнэлэгт байгаа” гэж хэлсэн. Өнөөдөр мөн өөрөө хөлөө машинд дайруулсан гэж надад хэлж байсан. Түүнээс хойш дахин залгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.66-67/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн бусад нөхцөл байдлын талаар гэрч П.Алтангэрэл /хх.1.68-69/, Б.Отгонбаатар /хх.1.70-71/, Ч.Хуягбаатар /хх.1.78-79/, С.Цэрэнжав /хх.1.84-85/ нарын тус тус өгсөн мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн хувийн байдлын талаар С.Цэрэндолгор /хх.1.72-73/, Б.Эрдэнэбулган /хх.1.76-77/, Т.Гэндэн-Очир /хх.1.80-83/, Л.Алтанбагана /хх.1.101-102/, Л.Чанцалдулам /хх.1.103-104/ нарын тус тус өгсөн мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Амарсанаагийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 07 цаг 50 минут орчимд “21 настай эмэгтэй машинд шүргүүлсэн” дуудлагыг хүлээн авч, Банзүрх дүүргийн 27 дугаар хороо, 22-529 тоотод очсон. Үүдээр ороход зүүн талын орон дээр хоёр хөл нь ил гарсан байдалтай бусад хэсгээрээ хөнжлөөр бүтээсэн байдалтай байсан. Хөнжлийг сөхөж үзэхэд зүүн талын хэсгээр хөх сорвитой байсан. Энэ 5-7 ширхэг байсан. Амьсгал, зүрх судсыг шалгахад зүрхний үйл ажиллагаа болон амьсгалын үйл ажиллагаа зогссон байсан. Тус хаягт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэнд байсан эрэгтэй хэлэхдээ “шөнө 03 цагаас 04 цагийн үед найз залуу нь найз бүсгүйгээ тэвэрчихсэн, бид 2 зугаалж явж байгаад найз охин маань Сэлбийн гол руу хальтраад уначихлаа” гэж хэлээд орж ирсэн гэсэн. Тэгээд найз залуу нь оруулж орхиод гараад явсан гэсэн. Тэгээд би дуудлаганаасаа буугаад дараагийн дуудлагандаа явахаар болоод дугаараа андуурч 96761127 гэсэн дугаар луу залгахад “сая нэг хүн дуудлага өгье гэж гуйгаад байхаар нь утсаараа яриулсан” гэж хэлж байсан... Өнөөдөр буюу 2018 оны 08 сарын 17-ний өдрийн өглөө 11 цагийн үед 99898763 гэсэн дугаараас би “Золзаяагийн төрсөн ах нь байна, миний дүү нас барсан гэсэн, би дүүгээ хаанаас яаж олох уу” гэж залгасан. Би харин “дүү чинь нас барчихсан, шүүх эмнэлэг дээрээс асуу” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.74-75/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Золзаяагийн гэрчээр өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд анх Яын У гэх залуутай танилцаад үерхсэн юм. Тэгээд цагаан сарын шинийн 3-ний орой манайд Я.У байж байгаад хашааны гадаа гудамжинд танихгүй бие засаж байсныг хараад гэрт ирж намайг дагуулаад явсан. Явахдаа нэг шил “Нутгийн буян” гэх архи авч яваад жижиг 2 аяга хийж өгч уулгасан. Ихэнх архийг шилээр нь уучихаад мотоцикльтой төв рүү орж ирэхэд дэлгүүрээс нэг ширхэг “Нутгийн буян” гэх архи авч төвөөс урд зүгт хөдөө гарч, авсан архиа Я.У шилээр нь ганцаараа уучихсан. Тэгээд намайг хэн нэгэнтэй хий хардаад заавал “хэл чи” гээд нүдсэн, тэгээд нүдээд байхаар нь зохиогоод “утасны мөнгө нэхээд хүн ирсэн юм” гээд хэлчихсэн юм. Тэгтэл “чи яасан их хуурдаг юм” гээд нүдсэн. Би нүдүүлээд ухаан алдсан байсан. Нэг сэргэтэл “мотоциклийн араар суу” гээд байхаар нь суусан. Я.У нь Чанцал гэх эгчийндээ авч очоод “мотоциклоос ойччихлоо” гээд хэвтүүлсэн. Тэр айлд 8 хоног явуулахгүй байж байгаад миний биеийг гайгүй болсны дараа хүргэж өгсөн. Хүргэж өгөхдөө “байрны доороос өвс шидэж байгаад нүд рүү юм орсон” гээд хэлчихээрэй гээд байсан... Мөн 2018 оны 04 сарын 21-ний өдөр Я.Уын найз нь ирээд бид хоёр хамт хаалга руу гаргаж өгсөн. Тэгээд гэртээ ирээд Баажаа гэх залуу байхгүй байсан. Тэгтэл Я.У “Баажаа дээр очьё” гээд намайг дагуулаад явсан. Тэгснээ “Алтан шар зам” гэх баарны хажууд очтол Баажаа ирж явахаар нь дуудаад бид 3 хамт бааранд орсон. Бааранд ороод нэг шил 0,5 шилийн архи, 3 лаазтай “Hite” пиво авч сууж байтал анх ширээн дээр байсан пивонуудыг хамаад уучихсан. Дахиж нэг пиво захиалаад аягалтал хөөсрөөд байхаар нь үлээж газар асгасан. Түүнийг харсан үйлчлэгч нь “яагаад асгаж байгаа юм, аятайхан уучих л даа” гэтэл “танай баараар үйлчлүүлэхгүй” гэж хэрэлдээд гарч ирсэн. Я.У бид хоёр гэр лүүгээ явсан. Тэгээд “чи дуугарахгүй намайг гутамшиг болголоо” гээд намайг нүдэж чулуугаар цохиод нүд хөхрөөж зодсон. Тэгтэл эгч нь гарч ирээд “боль, яаж байгаа юм” гээд байсан. Тэгээд “эндээ хоно” гээд байсан. Тэгтэл “урагшаа явна” гээд намайг сундлаад явсан. Тэгснээ чулуугаар толгой руу цохиж толгой  хагалсан.   Мөн   миний  хамар  луу  унагаж  байгаад өшиглөсөн. Мөн толгойтой үснээс зуураад, гар өчиж “ална” хэмээн зодсон. Тэгээд манай гэрийн гадаа ирээд над руу том чулуу шидэхээр нь орилтол барьж аваад, ам дараад “дуугүй бай, алаад хаячихна шүү” гээд байсан. Би айгаад дагаад явсан. Тэгээд намайг дагуулаад байшингуудын орцоор 2-3 хоног хонож явсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө морь барианы хойд талд зодон, үсдэж чирч чулуугаар нүдэж, хөл гар луу олон удаа цохисон. Тэгээд намайг дагуулж яваад ээжийндээ очин хэвтэж байтал “босоодох, миний хөл хугарсан юм шиг байна, түшээдэх” гэхээр нь очтол сандал бариад далайхаар нь би очихгүй арагш ухартал хойд аав Ганаагийнхаа дээгүүр галын дэгээ төмөр авч толгой руу цохиж толгой хагалсан. Тэгээд хамт гарч алхсаар байгаад “чиний нүүрийг угааж өгье” гээд эмнэлэг дагуулж ирээд эмнэлгийн коридорт унтаад өгөхөөр нь би чимээгүй босож яваад түргэн /103/ дээр ирээд “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлж цагдаагийн байгууллагад хандсан... хий хардаж зодоод байдаг юм. Толгойг 8 удаа хагалсан, оёостой хацар дээрээс хазаж татсан, хамар сэт өшиглөж хугалсан, гap, хөл, бүх л биеэр хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх.1.90-92/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нарантуяагийн гэрчээр өгсөн: “... 2017 оны 09 сард манай дүүгийн хурим болоод, би хөдөө яваад найранд яваад гэртээ иртэл манайд нэг танихгүй залуу ирсэн байсан. Тэр үед У нь ирсэн байсан. Би тэр үед “чи юун хүн бэ, айл андуурсан юм уу яв” гэхэд “би хэнтэй уулзах гэж ирсэн юм” гэхээр нь “би чамайг танихгүй” гэхэд яваад өгсөн юм. Тэгтэл маргааш нь дахин ирээд би танай охин Золзаяагийн найз банди нь байна гэсэн юм. Тэгээд би Ууганаа гэдэг залуугийн зүс царайг харсан юм. Тэгээд үе үе манайхаар ирж очин байдаг байж байгаад сүүлдээ манайхаар байдаг болсон. Тэгээд нэг өдөр охин Золзаяа, Ууганаа хоёр “бид зах яваад ирье” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “машины бичиг баримт авах гэж байгаа юм” гэж хэлээд гарч яваад 8 хоног гэртээ ирээгүй. Ингээд би араас нь эрэл сураг болоод олдохгүй байтал шөнө утас дуугараад утсаа автал “танай хүүхэд эмнэлэгт түргэн дээр ирсэн байна, ээж нь мөн үү хүрээд ир” гэхээр нь би Өвөрхангай аймгийн эмнэлгийн түргэн тусламж дээр очсон. Тэр үед толгойдоо оёдол тавиулаад байж байсан. Уыг толгойг нь хагалсан гэж уйлаад байж байсан. Яагаад хагалсан юм гэдгийг асуухад хүүхдийнхээ мөнгийг ав гэж авахуулаад, тэгээд архи авч уугаад, тэгээд зодсон байсан. Нийт 3 удаа зодуулсан гэдгээ эмнэлэг дээр хэлсэн. Тэгээд манай охин эмнэлэгт хэвтэх болоод хэвтэж байтал Ууганаа нь эмнэлгээс оргуулаад авч явсан байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй байсан. Би 2018 оны 04 сараас хойш холбогдох гээд чадахгүй байсан. Би нилээн хайж сураг гаргаж байсан. Уын ээжээс нь хүртэл асуухад “сураггүй байна” гэж байсан гэх мэдүүлэг /хх.1.88/,

            “... Золзаяа эхээс 4-үүлээ. Дээрээ 2 эгч, нэг эрэгтэй дүүтэй. Яг хэзээ У, Золзаяа нар танилцсаныг мэдэхгүй байна. Золзаяа нь Утай 2017 оны 12 дугаар сарын сүүлээр танилцсан гээд гэртээ дагуулж ирсэн. Тэрнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын дундуур хүртэл манай гэрт хамт амьдарч байсан. 4 дүгээр сарын дундуур өдрийг мэдэхгүй байна, Золзаяа, У нар захаас машины бичиг баримт авчраад ирье гээд явсан. Тэр өдрөө Золзаяа, У нар гэрт ирж хоноогүй. Уын ээжээс тэр хоёрыг гэрт очиж сурахад манайх руу явсан гэж хэлсэн. Мөн Уын 10 дугаар багт байдаг 2 эгч дээр нь очиж сурахад мотоциклоо үлдээчихээд Золзаяа, У нарыг манайх руу очих гээд явсан гэж хэлсэн. Тэрнээс хойш сураггүй 4-5 хоногийн дараа аймгийн эмнэлгийн яаралтай тусламжаас 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 05 цагийн орчим манай айлын хүн Одсүрэн рүү утсаар залгаад Золзаяаг У гэдэг залуу зодсон байна. Уыг цагдаа нар аваад явсан. Золзаяа эмнэлэг дээр байна гэхээр нь Одсүрэнтэй би хамт эмнэлэг орсон. Золзаяагийн хамар нь баруун тийшээ мурийсан, хамрын дунд хэсэгт үзүүртэй, ирмэгтэй зүйлээр цохичихсон бололтой, гүнзгий оромтой, толгойн орой хэсэгт 8-9 ширхэг оёдол тавиулчихсан, баруун гарын тохойн дээд хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан юм шиг гүнзгий оромтой цус гараад тогтохгүй байсан. Мөн баруун гарын тохой хэсэг нь хавдартай, зүүн гарын бугуй, сарвуу хэсэг хавдартай, зүүн хөлний өлмий хэсэг нь хавдаад гишгэж чадахгүй байсан. Баруун талын нүд нь арай илүү улайчихсан, зүүн талын нүд нь бага зэрэг улайчихсан байсан. “Толгой эргээд байна” гэж ярьж байсан. Тэр өдөртөө аймгийн гэмтлийн тасагт хэвтсэн. 2018 оны 02-р сард cap шинийн 03-ны өдөр Арвайхээр суманд 10-р багт байх гэртээ У нь манай охин Золзаяаг зодоод зүүн нүд нь хавдчихсан, хөх няц болчихсон байсан. Тухайн үед 8 хоног гэртээ байлгаж байгаад нүд нь гайгүй болохоор нь дагуулаад ирсэн. Охиноос юу болсон талаар асуухад “өвс буулгаж нүдээ цохиулсан” гэж ярьж байсан. 2018 оны 03-р сард төрсөн эгч Нандинцэцэгт Золзаяа нь Ут зодуулсан талаар хэлсэн. Би сүүлд мэдсэн. 2018 оны хавар сарыг нь мэдэхгүй, манай хүргэн Эрдэнэчулуун хөлөө гэмтээчихсэн тэдний малыг хариулах хүнгүй болоод У, Золзаяа хоёр хонь хариулахаар очсон байсан. Манай охин Нандинцэцэгийн гэрт нь Золзаяаг У нь нүүр лүү хөлөөрөө өшиглөөд нүүр ам нь цус болчихсон байсан гэж Нандинцэцэг надад сүүлд хэлсэн. Нандинцэцэг “яагаад манай дүү Золзаяаг зодоод байгаа юм, би дүүгээ аваад үлдэнэ” гэхэд У уурлаад Золзаяаг гэрээс чирээд гарсан. Шөнө дунд хамт орж ирэн хоол идчихээд унтаад өгсөн талаар Нандинцэцэг надад хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нарантуяагийн гэрчээр өгсөн: “... Манай охин Золзаяа нь дөлгөөн даруухан зантай, хүний үгээр хүүхэд. Хүн тэгье гэвэл за л гэнэ. Хүний үгнээс гараад байдаггүй. Золзаяа 2 нас гарантай охинтой. Архи уудаггүй. Тамхи татдаггүй хүн. Өвөрхангай аймгийн Богд суманд ЕБС-ийн 9 дүгээр анги төгссөн. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах МСҮТ-ийн барилгын ангийг сантехникч мэргэжлээр төгссөн. Тэрнээс хойш хүүхэд гаргаад саванд нь шавхаргатай эмнэлгээс гаргаснаас болж гэртээ очоод 2 хоног хүүхдээ хөхүүлэхгүй бие нь муудаад байхаар нь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нярайн тасагт хэвтээд, ухаан санаа орж гараад байхаар нь сэтгэцийн тасагт 3 cap хэвтүүлж эмчилгээ хийгээд гайгүй болсон. Гэхдээ уур уцаар ихтэй, хүний үг сонсохдоо тааруу болсон. Юм л бол унтаад байдаг байсан. У нь манайд байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, элдэв янзын зан гаргадаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.96-97/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одсүрэнгийн өгсөн: “... Золзаяагийн ээж Нарантуяа нь “манай охин гэрээсээ гараад хэд хоног ирсэнгүй” гэж байсан чинь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 05 цагт миний утас руу эмнэлгээс залгаад “Золзаяа гэх хүн зодуулсан байдалтай ирчихсэн байна” гэсэн тэгээд би ээж Нарантуяаг дагуулаад эмнэлэг орсон чинь толгойн хэсэгт хэд хэдэн газар хагарсан ба “оёдол тавьсангүй” гэж эмч нар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.94-95/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Пүрэвлхамын өгсөн: “... 2018 оны 04 сарын 20-дын үеэр яг өдрийг санахгүй байна, онош нь тархиндаа гэмтэж, нөхөртөө зодуулсан шалтгаанаар хэвтэж байсан. Хэвтэн эмчлүүлж байсан эхний 2 хоногтоо зовиур ихтэй, нүүр нэлэнхийдээ хавдсан, толгойны ард дагз хэсгээр нь хавдсан, үсний ар тал хэсэг нь бага зэргийн цус болсон байсан, угааж өгсөн. Би 2018 оны 04 сарын 26-27-нд шилжих шөнө тухайн үед ээлжийн сувилагчаар үүрэг гүйцэтгэсэн. Г.Золзаяа нь 2018 оны 04 сарын 26-ны өдөр 16 цаг 56 минутад эмнэлгээс гараад ирэхгүй байхаар нь 20 цагт тухайн өдрийн жижүүр эмч Батмягмарт өөрийн биеэр мэдэгдсэн. Эмч Батмягмарт мэдэгдэхээс өмнө Г.Золзаяагийн ар гэрийнх нь хүн болох эгчтэй нь утсаар ярихад “гэртээ ирээгүй” гэсэн. Г.Золзаяагийн хүүхдийг харж байгаа тул гэрээс гарах боломжгүй байгаагаа утсаар хэлсэн. Шөнийн 23 цаг 40 минутад 7032102 дугаарын утсаар Г.Золзаяаг эмнэлэгт хэвтэж байгаад алга болсон талаар мэдэгдсэн. Г.Золзаяагийн ар гэрийнхнээс гэртээ ирсэн эсэхийг асуух гэж өөрийн 86696677 дугаарын утсаар, мэсийн сувилагч Өнөржаргалын 99323008 дугаарын утсаар 20 цаг, 21 цаг, 22 цаг 30 минут, маргааш өглөөний 06 цагт залгаад ар гэрийнх нь утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш Г.Золзаяа эмнэлэгт ирээгүй... Золзаяа эмнэлгээс явдаг өдөр нөхөр нь ирчихсэн яваад байсан. Эмнэлгээс гарахдаа хамт яаж явсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.98-99/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бат-Очирын өгсөн: “... Уыг ээжээс нь сурахад аймгийн цагдаад найз охиныгоо зодсон хэрэгт шалгагдаж байгаад найз охиныгоо дагуулаад явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.105/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Яын өгсөн: “...Зодсон талаар үзэж хараагүй. “Золзаяа нь Я.Ут зодуулсан, аймгийн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэх гэж байна” гээд Золзаяагийн ээж над руу утсаар ярихаар нь би аймгийн гэмтэлийн эмнэлэг орж Золзаяа дээр очсон, тухайн үед Золзаяагийн нүүрэн хэсэг нь хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад Г.Золзаяа юм дугарахгүй байснаа “У хаана байна, таньтай тааралдсан уу? би Ут үнэхээр хайртай, салж чадахгүй” гээд яриад байсан. Би “Утай хэзээд уулзанаа, миний хүү биеэ бод” гэж хэлсэн. Тэгээд Золзаяа тэр өдрөө гэмтлийн тасагт хэвтсэн. Золзаяа эмнэлэгт хэвтсэнээс хойш У 2-3 хоног сураггүй алга болсон. Тухайн үед гэртээ ирээгүй. Тэгээд л удаагүй 2018 оны 04 сарын 26 билүү 27-ны өдөр “У, Золзаяаг эмнэлэгт хэвтэж байхад нь аваад явсан байна” гэж Золзаяагийн ээж билүү, Одсүрэн хоёрын нэг нь ярьсан санагдаж байна. Бид нар ах дүү нараараа зөндөө У, Золзаяа нарыг хайсан. Золзаяагийн ээж, Одсүрэн гэдэг хүмүүс нэлээн хайсан, мөн аймгийн цагдаагийн ажилчид хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх.1.109-111/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “... Хүнд осголт явагдах нь хүний биеийн температур 35 ба түүнээс доош болоход осголтын процесс явагдаж осголт эхэлнэ. Ер нь бол зуны улиралд агаарын температур гэнэт буурсанаар хүний биеийн организмд осголт үүсэх тохиолдолд байдаг. Энэ нь орчины температураас организмын температур нөлөөтэй юм... дух, бүсэлхий, нуруу, өвдөгний зулгаралт гэмтэлүүд нь татах, чирэх, үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний улмаас үүсгэгдэх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хх.1.112-113/,

            Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын цогцост хийсэн шинжээчийн 1828 дугаартай:

            “1. Талийгаач Г.Золзаяагийн цогцост үхэлд нөлөөлөөгүй ходоодны амсар, кардын урагдсан шарх, булчин болон гялтан хальсан доорх давхаргын цус хуралт, бага сэмжний голомтлог цус хуралт, зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9-р хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9-р хавирга шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархайн хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх ходоодны амсар, кардын урагдсан шарх, булчин болон гялтан хальсан доорх давхаргын цус хуралт, бага сэмжний голомтлог цус хуралт гэмтэл нь хүчтэй огилт, агшилтын улмаас үүснэ. Бусад зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9-р хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9-р хавирга шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархайн хуйханы язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Талийгаачийн ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох боломжгүй байна.

            4. Талийгаач нь АВО системээр В(Ш) бүлгийн цустай байна.

            5. Талийгаач нь 2018.08.16-ны өдрийн 14:10 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байжээ.

            6. Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ.

            7. Талийгаачийн охин хальс хуучин урагдалтай байна. Хэзээ хамгийн сүүлд бэлгийн харьцаанд орсныг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх.1.115-121/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1072 дугаартай, хэргийн задгай материалаар хийсэн нэмэлт шинжилгээний: “... Талийгаач Г.Золзаяагийн зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9 дүгээр хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9 дүгээр хавирга шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархай хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нь бүгд талийгаачийг амьд ахуйд нь буюу нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна. Зүүн 10, баруун 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай,чамархай хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэг, дээрх гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.1.124-127/,

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаартай:

            “1. Г.Золзаяагийн биед тархи доргилт, толгойн баруун ар дээд хэсэг, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр хэсэгт шарх, баруун гарын сарвуу хэсэгт зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд дурдсан 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Тогтоолд дурдсан 2018 оны 02 дугаар сард зодуулсан гэх шарх, сорви гэмтэл тогтоогдсонгүй.

            4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.1.136/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 898 дугаартай:

            “1. Я.У нь болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            2. Я.У нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

            3. Я.У нь тухайн гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна.

            4. Я.У нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Я.У нь өөрийн хийсэн хэргийг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.142-143/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нандинцэцэгийн өгсөн: “... Г.Золзаяа нь миний төрсөн дүү байсан юм, тэгээд нас барчихсан юмаа. Я.У нь Г.Золзаяагийн найз залуу байсан юмаа. Г.Золзаяа 2018 оны хавар манайд ямаа самнах гэж ирэхдээ “манай нөхөр болох гэж байгаа юм” гээд тэр Я.У гэдэг залууг дагуулж ирсэн байсан, тэгээд манайд 20 гаран хоносон. Манайд байх хугацаандаа 2-3 удаа хэрэлдэж маргалдан манай дүүг зодож цохисон. Нэг өдөр би малынхаа байранд ямаа самнаж байгаад гэртээ орсон чинь Г.Золзаяагийн хамраас нь цус гоожсон уйлаад сууж байхаар яасан бэ гэж асуусан чинь “Я.У миний хамар луу өшиглөчихлөө” гээд байсан, тэгэхээр нь би Я.Ут хандаж “чи яваа, би дүүгээ авч үлдэнэ” гэсэн чинь Я.У надад “чи зарах гэж л байгаа биз, ээжид нь аваачиж өгье” гээд манай дүүг нүдээд “би чамайг заавал авч явна” гээд хад руу дагуулж явсан, тэгээд би нөхөр П.Эрдэнэчулууны хамт араас нь хайгаад олоогүй, тэгээд бүр шөнийн 01 цаг болж байхад Г.Золзаяа, Я.У 2 орж ирэхээр нь “яагаад алга болчихов” гэж Г.Золзаяагаас асуусан чинь Я.У “намайг зодож хөдөө хэвтүүлчихээд босох гэхээр босгохгүй зодож цохиод байсан юм” гэж хэлсэн, тэгээд маргааш өглөө нь манай нөхөр П.Эрдэнэчулуун Богд сумын төв рүү Г.Золзаяа, Я.У нарыг хүргэж өгөөд, тэгээд аймаг руу явж эргэн уулзалгүй манай дүү нас барчихсан юм. Өшиглүүлсэн гээд хамраас нь цус гарсан байсан, хавдсан шалбарсан зүйл анзаарагдаагүй, хөдөө бас нүдсэн гэж хэлсэн, аймагт очсоных нь дараа ээж надад хэлэхдээ “Г.Золзаяагийн хөл, гар, нуруу нь хөхрөөд толгойг нь хагарчихсан байна лээ” гэж надад хэлсэн. Би Я.Уаас “яагаад Г.Золзаяаг зодоод байдаг юм” гэсэн чинь “яадаг юм, чамд хамаагүй” гээд байдаг байсан юм. Манайд байхдаа ийм асуудал болсон, өөр хаана юу болсныг мэдэхгүй. Манай дүү Г.Золзаяа надад хэлэхдээ “Я.У намайг байнга зоддог, би ээжээс нуугаад хэлдэггүй юм” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.36/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Эрдэнэчулууны өгсөн: “... Г.Золзаяа 2018 оны хавар 03 сарын 20-дын үеэр манай гэрт ямаа самнах гэж ирэхдээ “манай нөхөр болох гэж байгаа юмаа” гээд тэр Я.У гэдэг залууг дагуулаад ирсэн байсан, тэгээд манайд 20-оод хоносон. Манайд байх хугацаандаа 2-3 удаа хэрэлдэж, маргалдаж Г.Золзаяаг цохиж зодсон. Нэг өдөр би айлд орчихоод гэртээ ирсэн чинь Г.Золзаяагийн хамраас нь цус гоожсон, манай гэрийн шал нил цус болсон, 2-3 аяга хагарсан байсан, тэгээд эхнэр надад хэлэхдээ “Я.У, Г.Золзаяагийн хамар луу өшиглөөд, зодсон байна, тэгээд ийм зүйл боллоо” гэсэн. Тэгж байснаа Г.Золзаяаг зодон уйлуулж Я.У хад руу дагуулаад явсан юм. Жаахан байж байгаад эхнэр Н.Нандин-Эрдэнийн хамт тэр хоёрыг хайгаад олоогүй, тэгээд бүр шөнийн 01 цаг болж байхад Г.Золзаяа, Я.У 2 орж ирж амраад маргааш өглөө нь би Богд сумын төв рүү Г.Золзаяа, Я.У нарыг хүргэн өгч, тэгээд аймаг руу яван эргэж уулзаагүй. Хэдэн сарын хэдний өдөр байсныг би сайн санахгүй байна, 2018 оны 03 сард л болсон асуудал, 11 цагийн орчим болсон асуудал байгаа юм. Өшиглүүлсэн гээд хамраас нь цус гарсан байсан. Зүүн шанаа нь бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.2.39/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 5003 дугаартай дүгнэлт, шинжилгээнд хүргүүлсэн Г.Золзаяагийн хувцасны гэрэл зургууд /хх.2.59-62/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1328 дугаартай, хэргийн материалаар хийсэн дахин шинжилгээний:

            “1. Ирүүлсэн материалаас үзэхэд Г. Золзаяагийн биед учирсан цээжний зүүн 9-р хавирганы хугарал гэмтэл нь 2018 оны 04 дүгээр сарын 21, 23, 24-ны өдрүүдэд үүссэн байх боломжтой байна.

            2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 286 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

            3. Г. Золзаяагийн биед тухайн үед тархи доргилт, хамар ясны ил хугарал, дагзны хуйх, хамрын нуруунд шарх, зүүн хацрын төвгөр, баруун сарвуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, цээж, нуруу, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.2.66-67/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “... Нам хэмийн үйлчлэл гэдэгт би хүний биеийн дулаанаас бага температурыг ойлгоно. Нам хэм гэдгийг хүний биеийн дулаан тасалгааны температур 1 цагт 1 хэмээр буурсан. Таны асууж байгаа 13 градусын дулаантай үед илүү хурдан биеийн дулааны хэмийг алдана гэсэн үг. Хөнгөн зэргийн согтолтын үед ядрах нь амархан, нарийн хөдөлгөөний тэнцвэр алдагдах, нүүр улайх, зүрхний хэмнэл түргэсэх байдал илэрнэ. Мөн тухайн хүний архи даах чадвар, архины дасан зохицох зэргээс шалтгаалж хөнгөн, хүнд байдлаар эмнэл зүйн шинж байдлаар илэрнэ. Нам хэмийн үйлчлэл буюу согтуугаар хүйтэн орчинд ухаангүй орхигдох, хүйтэн усанд унах, нойтон болох үед биеийн хэм буурах нь тасалгааны орчинд температур буурахаас гурав дахин, хүйтэн усанд тогтмол байсан бол 20-25 дахин хурдацтайгаар биеийн дулаан алдалт явагддаг... Цохиулж зодуулсантайгаар холбоотойгоор түр ухаан алдсан тохиолдолд хөнгөн зэргийн согтолттойгоор хавсарч осголтын байдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй... Шүүх эмнэлгийн осгосон практикт захын судаснууд тэлсэнээр хүмүүс “дулаахан байна” гэсэн мэдрэмжийг өгснөөр хувцсаа тайлах, нимгэлэх үйлдэл хийдэг. Энэ нь осгох процессыг түргэсэх байдлыг бий болгодог. Архи уусан хүний осголт нь эрүүл хүнийхээс арай хурдтай явагдана...” гэх мэдүүлэг /хх.2.78-79/,

            Цаг уур, орчны шинжилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8/931 дугаартай: “... Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 12.0 мм бороо орж, газрын гадаргын хамгийн бага температур +13° С байсан байна...” гэх албан бичиг /хх.2.80/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Я.Уын 2018 оны 08 дугаар сарын 17-ний өдөр гэрчээр өгсөн: “... 2018 оны 08 сарын 15-нд ажил тараад хамт ажилладаг Ажирахгүй ахын гэрт нь очсон юм. Тэгээд архи ууж байхад Ажирахгүй ах, Золзаяа бид хоёрыг яв гээд хөөхөөр нь Золзаяа бид хоёр нилээн орой ойролцоогоор 02 цагаас 03 цагийн үед гэрээс нь гараад 7 буудлын 32 руу нийтийн байр байдаг гэж сонсож байсан учраас бид хоёр явах гэж гарсан. Тэгээд гол гарах гэж явж байгаад ус руу хамт уначихсан юм. Бид хоёрын гарч байсан голын хэсэгт гүүр барьж байсан юм. Тэр үед би нилээн согтуу байсан юм. Нэг мэдсэн чинь үүр цайж байсан, миний бөгсөн бие усан дотор, цээж эрэг хэсэг дээр манай эхнэр Золзаяа цээж хэсгээрээ ус руу орсон байдалтай байсан. Тэгээд босож ирээд үүрч явсан цүнхээ хайтал миний хажууд байсан. Цүнхний нэг үүргэвч нь мөрөнд байсан юм. Тэгээд Золзаяаг уснаас татаж гаргаад цээжин дээр нь нилээн хэдэн удаа дарсан юм. Золзаяаг амьсгалж байна уу гээд чагнахад дуугараад байсан учраас сэргээх гэж цээжин дээр нь дарсан, мөн бүх хувцас нь норсон байхаар нь цүнхнээсээ эхнэрийн бэлтгэлийн өмдийг гаргаж ирээд өмсөж явсан бараан өнгийн жийнсэн өмдийг нь сольсон. Тэгээд дээгүүр нь өмссөн байсан хувцасыг нь тайлж өөрийнхөө куртикийг өмсүүлээд голоос холдуулсан. Үүрээд холдуулсан боловч би дийлэхгүй байсан. Тэгээд дийлэхгүй байсан учраас Ажирахгүй ахын гэр лүү нь гүйж очоод би Золзаяаг дийлэхгүй байна, та хамт яваад өргөлцөөд өгөөч гэсэн. Тэгтэл Ажирахгүй ах, надтай хамт Золзаяагийн байгаа газар луу явж, бид хоёр ээлжилж үүрээд гэрт нь оруулж ирсэн. Гэрт нь орж ирэхэд 04 цагаас 05 цаг болж байсан байх. Тэгээд гэрт нь орж ирээд би Золзаяагийн бүх хувцсыг нь тайлаад орон дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлээд дулаацуулах гээд хажуугаар нь ороод тэврээд хэвтсэн юм. Тэгээд нэг мэдсэн чинь би унтчихсан өглөө болсон байсан. Өглөө сэрэхэд 08 цагаас 09 цаг болж байсан байх. Тэгээд Золзаяагийн бие нь цэв хүйтэн ч юм шиг санагдаад байхаар нь босоод байрны эгч Цээгийгээс утсаа өгчих нэг ярих гэсэн юм гэхэд нэгжгүй гэсэн. Тэгээд би эхнэрийн хөлийг хучиж орхин гараад буудал рүү гүйн буудал дээр сууж байсан нэг эгчийн утаснаас 103 руу залгаад эхнэртэйгээ усанд осгочихлоо, бие нь эвгүй юм шиг байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би буудал дээр түргэн хүлээгээд нилээн удаж ямар ч байсан түргэн тусламж Ажирахгүй ахынд ирэхэд би үүдэнд зогсож байсан. Дотогшоо орж чадахгүй байсан, тэгээд түргэний эмч ирээд өнгөрсөн байна гэсэн юм. Тэгээд цагдаа дуудъя гээд Цээгий эгч цагдаа дуудсан юм. Тэгээд манай эхнэрийг цагдаа нар ирээд авч явсан. Тэр үед би коридорт уйлаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.86-87/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Я.Уын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр өгсөн: “... 2018 оны 08 сарын 12-нд билүү 13-нд байрнаасаа бид хоёр гарсан юм. Тэгээд цагийн ажил хийж байгаад 2018 оны 08 сарын 13-нд ажил тарсан. Ажил тарахад xaмт ажилладаг Ажирахгүй, Янжмаа гээд эхнэр, нөхөр хоёртой ажлаасаа цуг гарсан. Тэгээд явж байтал Ажирахгүй, Янжмаа хоёр ард үлдээд дэлгүүр орж Золзаяа бид хоёр түрүүлээд явж байтал араас дуудсан, тэгээд Золзаяа бид хоёр хүлээгээд байж байтал Ажирахгүй ах ундааны савтай зүйл барьсан байсан, тэгээд энд жоохон сууя гээд хүүхдийн тоглоомын талбайд суусан. Тэгтэл ундааны савтай зүйл нь архи байсан. Тэгээд тэрийг нь хуваан ууж дуусахад манайд очъё гээд гэрт нь очиж намайг нэг архи авчих гэж гуйхаар нь би авсан, уг авсан архиа хувааж уусан. Ер нь бол тэрнээс хойш 2 хоног Ажирахгүй ахынд хоносон юм. Тэгээд архи ууж байхад Ажирахгүй ах Золзаяа бид хоёрыг яв гээд хөөхөөр нь Золзаяа бид хоёр нилээн орой ойролцоогоор 02 цагаас 03 цагийн үед гараад 7-н буудлын 32 гэдэг газарт нэг нийтийн байр байдаг гэж сонсож байсан учраас бид хоёр гол гарах явж байгаад ус руу хамт уначихсан юм. Бид хоёрын гарч байсан голын хэсэгт гүүр барьж байсан юм. Тэр үед нилээн согтуу байсан учраас бүдэг бадаг санаад байсан. Нэг мэдсэн чинь үүр цайж байсан, миний бөгсөн бие усан дотор, цээж эрэг хэсэг дээр манай эхнэр Золзаяа цээж хэсгээрээ ус руу орсон байдалтай байсан. Тэгээд босож ирээд үүрч явсан цүнхээ хайтал миний хажууд байсан. Цүнхний нэг үүргэвч нь мөрөнд байсан юм. Тэгээд Золзаяаг уснаас татаж гаргаад цээжин дээр нь нилээн хэдэн удаа дарсан юм. Золзаяаг амьсгалж байна уу гээд чагнахад дуугараад байсан учраас сэргээх гэж цээжин дээр нь дарсан, мөн бүх хувцас нь норсон байхаар нь цүнхнээсээ эхнэрийн бэлтгэлийн өмдийг гаргаж ирээд өмсөж явсан бараан өнгийн жийнсэн өмдийг нь сольсон. Тэгээд дээгүүр нь өмссөн байсан хувцсыг нь тайлж өөрийнхөө курткийг өмсүүлээд голоос холдуулсан. Үүрээд холдуулсан боловч би дийлэхгүй байсан. Тэгээд дийлэхгүй байсан учраас Ажирахгүй ахын гэр лүү нь гүйж очоод “би Золзаяаг дийлэхгүй байна, та хамт яваад өргөлцөөд өгөөч” гэсэн. Тэгтэл Ажирахгүй надтай хамт Золзаяагийн байгаа газар луу явж бид хоёр ээлжлэн үүрээд гэрт нь оруулж ирсэн. Гэрт нь орж ирэхэд 04 цагаас 05 цаг болж байсан байх. Тэгээд гэрт нь орж ирээд би Золзаяагийн бүх хувцсыг нь тайлаад орон дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлж дулаацуулах гээд хажуугаар нь орж тэврээд хэвтсэн юм. Тэгээд нэг мэдсэн чинь би унтчихсан өглөө болсон байсан. Намайг сэрэхэд 08 цаг юм уу 09 цаг болж байсан байх. Тэгээд Золзаяагийн бие нь цэв хүйтэн ч юм шиг санагдаад байхаар нь босож байрны эгч Цээгийгээс “утсаа өгчих, нэг ярих гэсэн юм” гэхэд нэгжгүй гэсэн. Тэгээд би эхнэрийн хөлийг хучиж орхиод гарч буудал рүү гүйгээд буудал дээр сууж байсан нэг эгчийн утаснаас 103 руу залгаад “эхнэртэйгээ усанд осгочихлоо, бие нь эвгүй юм шиг байна” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би буудал дээр түргэн хүлээгээд нилээн удаж, ямар ч байсан түргэн тусламж Ажирахгүй ахынд ирэхэд би үүдэнд зогсож байсан. Дотогшоо орж чадахгүй байсан, тэгээд түргэний эмч ирээд өнгөрсөн байна гэсэн юм. Тэгээд цагдаа дуудъя гээд Цээгий эгч цагдаа дуудсан юм. Тэгээд манай эхнэрийг цагдаа нар ирээд авч явсан. Тэр үед би коридорт уйлаад сууж байсан... Өвөрхангай аймагт байхдаа бид хоёр жоохон маргалдаад бид хоёр мотоциклоос унаж, Золзаяа бэртчихээд ээж нь цагдаад өгсөн байсан юм. Тэгээд би айгаад зугтааж байсан юм. Тэр асуудал бол 2018 оны 04 сард байсан. Зугтаах ч гэж дээ эмнэлэг дээр байхад цагдаа нар намайг ирж авсан, би тэгээд цагдаагаас зугтаасан юм. Тэр үеэс хойш ухаан санаа орон гаран болчихсон, мөн айсан учраас цагдаа дээр очоогүй зугтаасан юм. 2018 оны 08 сарын 15-аас 16-нд шилжих шөнө талийгаач Г.Золзаяаг зодож цохьсон зүйл байхгүй. Ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Уруул нь жоохон хөхөрч царай нь цонхийсон, нүүр нь усанд байсан болохоор бэлцийгээд хөхөрсөн байсан... 2018 оны 08 сарын 16-ны өдөр байрнаас өдөр 14 цаг 30 минутын үед гарч тэгээд голын эрэг хавиар эхнэрийнхээ хувцаснуудыг авах гээд очсон чинь хүн авсан байсан... Г.Золзаяаг нас барсан гэдгийг түргэн тусламжаар ирсэн эмчийн утсыг 103 руу залган авч тэгээд эмч рүү ярьж мэдсэн юм. Тэрнээс өмнө мэдээгүй, тэрнээс өмнө Ажирахгүй ах руу ярихад ухаан алдчихсан байна, түргэн ирээд тариа хийгээд аваад явсан гээд байсан юм. Ажирахгүй ах руу Энхмандахын гэрт очоод эхнэр Цээгийгийнх нь утаснаас байрны эгч Цээгийгийн утас руу яриад “Аагий ахтай яръя” гэж хэлэээд ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.161-162/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Я.Уын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улиастайд байх хуванцар савын үйлдвэрт Янжмаа болон түүний нөхөр Ажирахгүй ах нартай хамт ажиллаж байгаад ажил оройн 18 цагаас 19 цагийн хооронд тарсан юм. Ингээд бид дөрөв ажлаас хамт гарсан юм. Тэгээд Золзаяа бид хоёр Янжмаа эгч, Ажирахгүй ах хоёроос түрүүлээд явж байтал тэр хоёр ард дэлгүүр лүү орсон юм. Тэгээд бид хоёрыг араас Ажирахгүй ах дуудаад хүлээж бай гэсэн юм. Тэгээд хүүхдийн тоглоомын талбай дээр жоохон сууя гээд суухад Ажирахгүй ах цүнхнээсээ савтай юм гаргаж ирсэн юм. Тэр нь юу байсан гэхээр архи байсан юм. Ингээд архи уух болоод бид дөрөв хувааж уугаад Ажирахгүй ахын гэрт шууд ирсэн. Ажирахгуй ахынх Дарь-Эхэд нийтийн байранд байдаг юм. Ингээд гэрт нь ирэхэд нилээн орой болсон гадаа бүрэнхий болсон байсан юм. Тэгээд гэрт нь ирээд байж байтал Доржоо гээд нийтийн байранд байдаг бололтой залуу нэг архи авч орж ирээд тэр архийг нь бас бүгд хувааж ууж дуусаад Золзаяа бид хоёр орой болчихлоо автобус зогсохоос өмнө явлаа гэхэд Доржоо нь та хоёр байж бай энд нэг караоке байдаг юм, хамт оръё гээд гуйгаад байхаар нь ороод 2 цаг дуулж байгаад гарч ирсэн. Караокед орж хүн бүрийн нэг нэг пиво уучихаад гарч ирээд буцаад Ажирахгүй ахынд ирсэн юм. Тэгээд тэднийд байж байгаад Ажирахгүй ах бид хоёр бага зэрэг маргалдаад би уурлаад явлаа гээд гарсан юм. Тэгтэл Золзаяа миний араас гарч ирээд бид хоёр шууд автобусын буудал руу явсан юм. Тэгээд буудал дээр зогсож байтал 3 залуу ирээд надаас тамхи асуусан, би байхгүй гэхэд байлгачих гээд байсан. Тэгтэл тэр залуучуудын нэг нь миний цээж рүү өшиглөөд би бөгсөөрөө хойшоо суугаад босож ирээд тэр залууг би гэмгүй хүнийг яаж байгаа юм гээд бариад автал Золзаяа салгахад тэр залуу Золзаяагийн шанаа руу нь нэг алгадах үед цагдаагийн машины маяк дуут дохио дугарахад тэр залуучууд цаашаа явсан. Тэгээд бид хоёр гудамж руу ороод чигээрээ гүйгээд шинэ тавьж байгаа гүүрээр цаашаа гаръя гэж бодоход нөгөө гурван залуу араас ирж байгаа юм шиг харагдсан. Тэгээд Золзаяа бид хоёр шинэ барьж байгаа Сэлбийн голын тэнд байх гүүрний овгор шорооны налуу хэсэг рүү гулгаж нуугдах гэж ортол ус руу орчихсон юм. Тэгээд эхнэр бид хоёр босож ирээд би түрүүлж уснаас гараад эхнэрийг татаж гаргаж ирээд бид хоёр тэнд бөөлжиж огиулсан юм. Тэгээд би эхнэрийг араас нь тэвэрчихсэн сууж байтал нөгөө гүрван залуу араас гүйж ирээд наад залуугийнхаа цүнхийг нь үзчих гэсэн юм. Би хар цүнх үүрсэн байсан юм. Тэгээд би та нарт ямар нэгэн гэм хийгээгүй биз дээ, яагаад ингэж байгаа юм гээд цүнхээ ухуулаагүй юм. Тэгтэл цаанаас нэг залуу нь наадахаа хая хая, явъя гэж хэлээд явсан юм. Тэгээд эхнэр бид хоёр тэндээ баахан хэвтсэн, тэр үед эхнэрийн цээж хэрчигнээд /ус залгисан юм шиг/ байхаар нь би өвдөг дээрээ цээжийг нь доош харуулаад нуруу руу нь жоохон цохьсон юм. Тэгээд болохгүй байхаар нь дээш харуулж байгаад цээжин дээр нь дарсан юм. Тэгээд нилээн тэгж тэгж байгаад босож ирээд би эхнэрийг үүрээд явтал даахгүй байхаар нь хуурай газарт хэвтүүлж байгаад үүрч явсан цүнхнээсээ хуурай бэлтгэлийн өмд гаргаж ирээд өмсүүлээд куртикийг нь тайлж бас нэг хар куртик өмсүүлчихээд өргөх гэтэл би дийлэхгүй байхаар нь Ажирахгүй ахынх руу шууд гүйсэн. Тэгээд очиход Ажирахгүй ах орондоо орсон унтаж байхаар нь Заяа усанд уначихаад бөөлжөөд босохгүй байна, би даахгүй байна гээд Ажирахгүй ахын эхнэрийн улаан куртикийг нь аваад Золзаяа дээр очсон юм. Тэр үед Золзаяа амьсгалж байхаар нь бид хоёр ээлжлэн үүрч тэврээд гэрт нь ирсэн. Тэгээд орон дээр хэвтүүлээд нойтон хувцсыг нь тайлж хажуугаар нь нүцэглээд хэвтсэн юм. Тэгээд өглөө болтол унтахад бие нь хүйтэн даарсан шинжтэй байсан. Тэгээд түргэн дуудах гээд нийтийн байрны эгчээс утсыг нь гуйхад нэгжгүй байсан. Тэгээд автобусын шинэ буудал руу гүйж очоод 2, 3 хүнээс утас гуйхад олдохгүй байтал нэг настай эгч утсаа өгсөн юм. Тэгээд би 103-т дуудлага өгсөн. Би байрнаас гарахдаа байрны эгчээс нийтийн байрны хаягийг нь авсан байсан юм. Тэгээд халаасанд 40.000 орчим төгрөг байсан учраас унасан гол руугаа очиж мөнгөө зөндөө удаан хайсан, тэгээд урагшаа яваад урд буудлаас байрны эгчийн утас руу залгаад Заяа яаж байна түргэн дуудсан уу, ирсэн үү гэхэд түргэн тусламж ирчихээд явсан бие нь гайгүй байна, тариа хийчихээд тэгээд явсан гэхээр нь би 100 айл руу яваад Паспортын хэлтэс орж лавлагаа авах гэж нилээн удаан очер хүлээсэн. Үдийн цай дууссаны дараа лавлагаа авсан. Тэр үед урьд нь надтай хамт ажиллаж байсан Төрбат гэдэг билүү надтай хамт 100 айлын өдрийн ажил дээр хамт ажиллаж байсан залуу таараад 20,000 төгрөг зээлчих гэж гуйхаар нь одоо чамд 10.000 төгрөг өгье, эхнэр бие нь муу байгаа гээд 100 айлын ХААН банкин дээр очиж 20.000 төгрөг авч 10.000 төгрөгийг нь нөгөө залууд өгөхөд нэг шил архи аваад бид хоёр хамт хувааж уусан юм. Тэгээд би хоёр лааз пиво авч өгөөд нилээн орой 16 цаг болсон байсан байх. Тэгээд би согтоод хорооллын Гандангийн арын буудал дээр унтчихсан байсан. Тэгээд автобусны мөнгө төгрөг ч байхгүй байсан учраас тэнд манай ээжийн ахын хүүхэд Энхмандахынх байдаг учраас тэднийд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Энхмандахын эхнэрийн утсаар байрны эгч рүү ярьж Заяагийн бие яаж байна, эмнэлэг рүү явсан уу гэхэд Гэмтэлийн эмнэлэг рүү явсан байх гэхээр нь би Гэмтэлийн эмнэлэг рүү ганцаараа очоод тэр хавиар 2, 3 давхарт хайгаад хүлээн авах дээр нь очиж асуухад Золзаяа гэдэг өвчтөн ирээгүй гэсэн. Тэгээд утсаар ярих хүн олдохгүй байж байгаад нэг хүнээс утас авч 103 руу залгаад өчигдөр Дарь-Эхэд өгсөн дуудлагаар очсон хүн аль эмнэлэг рүү очсон юм гэхэд мэдэхгүй гээд очсон ээлжийн эмчийн дугаарыг надад өгөхөөр нь би гуйж ярьж байгаа хүнийхээ утаснаас залгахад авахгүй байхаар нь буцаад Энхмандахын гэрт ирээд эхнэрийнх нь утсаар эмч рүү дахин залгаж асуухад нас барсан байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.170-171/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Я.Уын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолтой өмгөөлөгчийн хамт уншиж танилцлаа. Би надад сонсгосон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл, 11.7 дугаар зүйл болон бусад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүн алах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн хэрэг гарсан газрын ойр орчим далан дээр байсан хяналтын камерын бичлэгийг шалгуулмаар байна. Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дарь-Эхийн шинэ буудал дээр хэрэг гарсан өдөр оройн 21:40 цагийн үед талийгаачийн хамт автобусанд суух гээд 2 давхар “Элбэг” нэртэй супермаркетын хажуугаар явсан, талийгаач бид хоёртой хамт 3 үл таних эрэгтэй хүн таарсан, тухайн 3 залуу надаас тамхи нэхэж намайг 1 залуу нь цохиход би зөрүүлээд цохиж, талийгаач бидний дундуур ороход эхнэрийг халзан толгойтой шивээстэй 40 орчим насны залуу талийгаачийн нүүр лүү баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би тухайн залууг эхнэрийгээ өмөөрөөд цохиод салгаад эхнэрийгээ газар унасан байхад нь босгоод эхнэрийгээ аваад баруун тийшээ гудамжаар орж гүйгээд шинэ баригдаж байсан гүүрний хойд талд байх далан руу ороод бид 2 унасан. Бидний хувцас нороод би эхнэрийгээ татаж гаргаж ирээд далан дээр уснаас дөнгөж гарч ирээд байж байхад 3 залуу араас гүйж ирээд 30-35 орчим насны туранхай өндөр залуу араас миний элэг рүү өшиглөөд миний үснээс араас зулгаагаад миний урдаас асаагуурын гэрэл тусгаад нэг залуу нь цүнхийг нь онгойлго гэж хэлээд нэг залуу нь миний цүнхийг онгойлгоод байсан. Тэгээд би эвхэрч унаад хэсэг ухаан алдсаны дараа хэсэг хэвтэж байгаад босож ирэхэд талийгаач хэвтэж байсан, түүний хажууд үл таних 2 залуу байсан, нэг залуу нь сууж байсан, нэг залуу нь зогсож байсан, тэгээд “наадхаа хая хая” гэж хоорондоо яриад цаашаа далан дээгүүр ирсэн зүг рүүгээ зүүн тийшээ явсан. Би эхнэрийнхээ хажууд очоод “явж чадах уу, чадахгүй бол би хүн дуудаад ирье” гэхэд эхнэр хариу юм хэлээгүй, би эхнэрийнхээ өмссөн байсан бүх хувцас нь норсон байхаар жинсэн өмдийг тайлаад өөрийнхөө цүнхэнд байсан газар хэвтэж байсан өмдийг эхнэртэй өмсүүлээд, эхнэрийнхээ өмссөн байсан курткийг тайлаад өөрийнхөө өмсөж явсан курткийг өмсүүлээд эхнэрээ тэврээд 1 цаг гаруй хугацаанд сууж байхдаа унтсан байж байгаад эхнэрээ 200 метр орчим газар үүрээд урагшаа Ажрахгүйгийн гэр лүү явж байгаад түүний эхнэрийн улаан өнгийн куртикийг аваад Ажрахгүйн хамт талийгаач дээр голын эрэг дээр очоод талийгаачийг үүрээд Ажрахгүйн гэрт хүргээд талийгаачийн өмссөн байсан хувцасыг тайлаад эхнэрээ даарсан байна гээд өвөртлөөд хэвтсэн, 1 цаг гаруй хугацаанд хамт унтаад гэгээ орсон байхад сэрээд талийгаачийн гүрээний судсанд гараараа тэмтрэхэд судасны цохилт мэдрэгдсэн болохоор нь би хурдан түргэн дуудъя гээд Ажрахгүй болон түүний эхнэр нараас гар утас байгаа эсэхийг асуухад байхгүй гэхээр нь би нийтийн байрны Цээгий гэх эмэгтэйгээс гар утас байна уу гэхэд тэр эмэгтэй нэгж байхгүй гэхээр нь би нийтийн байрнаас гараад хүнээс утас олж утсаар яръя гээд нийтийн байрны хаягийг Цээгий гэх эмэгтэйгээс аваад нийтийн байрнаас гараад автобусны буудал дээр очоод танихгүй эмэгтэйн утсаар “усанд унаад эхнэр хөшөөд босохгүй байна” гэж хэлээд Ажрахгүйн амьдардаг нийтийн байрны хаягыг хэлж дуудлага өгсөн юм. Би түргэний эмнэлэгт дуудлага өгөөд усанд унасан далан дээр үүрээр 07:00 цагийн үед очиход манай эхнэрийн өмсөж явсан хувцас нойтон байсан, миний Нокиа маркийн гар утас байхаар нь гар утсаа аваад цаашаа алхаад 100 айлын ХААН банк руу очиход банк онгойгоогүй байхаар нь хүлээж байгаад банк онгойход нь данснаасаа 40.000 төгрөг аваад нийтийн байрны Цээгий гэх эмэгтэйн утас руу залгаад “манай эхнэр Г.Золзаяа яаж байна” гэхэд тэр “түргэн ирээд явсан танай эхнэр босоод цай уугаад сууж байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би Ажрахгүйтай ярья гээд Ажрахгүйтай утсаар ярихад “эхнэрийг дулаан хөнжилд оруулаад халуун цай өгөөд байлгаж байна” гэж хэлэхээр нь би тайвшираад тухайн өдрөө танил Тогтох гэх залуутай архи ууж байгаад согтсон байсан. Маргааш нь би Цээгий рүү өглөө утсаа ярихад “танай эхнэрийг өчигдөр 14:00 цагийн үед түргэн ирээд аваад явчлаа, гэмтэлийн эмнэлэг рүү авч явсан байх” гэхээр нь би гэмтэлийн эмнэлэг дээр очиж эхнэрийг сураглаад асуусан, би надад сонсгож байгаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүн алах гэмт хэрэг үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би харанхуй шөнө байсан учраас 3 залуугийн нүүр царайг харж чадаагүй. 1 нь 40 орчим насны халзан толгойтой хар бараан царайтай зүүн нүднийхээ хөмсөгний дээд талд босоо шивээстэй, 170 см орчим өндөртэй, саарал өнгийн юүдэнтэй цамцтай байсан, нөгөө 2 залууг нь би сайн хараагүй. Би 27-р хорооны “Элбэг” дэлгүүрийн гадна камер байдаг бол камерын бичлэгийг шалгуулмаар байна. Би талийгаачийг огт цохиж зодоогүй, надад зодох шалтаг шалтгаан байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.2.119-122/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.179-180/,

            Я.Уын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх.1.241/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5003 дугаартай дүгнэлт /хх.2.59-62/,

            Амь хохирогч Г.Золзаягийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.2.73-76/,

            Хохирлын баримтууд /хх.2.77-92/,

            Хүсэлтийг хангахаас татгалзах болон хангах тухай прокурорын тогтоолууд /хх.2.96,111/,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх.2.206-224/,

            Я.Уын хувийн байдлын талаарх баримтууд /хх.2.231-241/,

            Амь хохирогч Г.Золзаягийн төрсөн охин З.Ану-Эрдэний асран хамгаалагчаар Л.Нарантуяаг тогтоох тухай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/221 дугаартай захирамжийн хуулбар /хх.3.47/,

            Амь хохирогч Г.Золзаягийн төрсөн охин З.Ану-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.3.48/,

            Амь хохирогч Г.Золзаягийн төрсөн эх Л.Нарантуяаг хохирогчоор тогтоох тухай хүсэлт /хх.3.49/,

            Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай “амь хохирогч Г.Золзаягийн төрсөн эх Л.Нарантуяаг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” захирамж /хх.3.69/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяагийн хүсэлт /хх.3.72/,

            Хохирол төлсөн баримтууд /хх.3.93-95, шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            1. Я.У нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, 2018 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, мөн 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Золзаяаг байнга зодсон, түүнд хүчээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн, зодсоны дараа гэр оронд нь очуулахгүй дагуулж явах, гэр бүлийнхэндээ гэмт хэргийн талаар худлаа ярихыг зааж зааварлах, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан, гараар болон төмөр, чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр түүнд олон тооны шарх, зовиур үүсгэн байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.30/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Золзаяагийн гэрчээр өгсөн: “... Тэгээд намайг хэн нэгэнтэй хий хардаад заавал “хэл чи” гээд нүдсэн, тэгээд нүдээд байхаар нь зохиогоод “утасны мөнгө нэхээд хүн ирсэн юм” гээд хэлчихсэн юм. Тэгтэл “чи яасан их хуурдаг юм” гээд нүдсэн. Би нүдүүлээд ухаан алдсан байсан. Нэг сэргэтэл “мотоциклийн араар суу” гээд байхаар нь суусан. Я.У Чанцал гэх эгчийндээ авч очоод “мотоциклоос ойччихлоо” гээд хэвтүүлсэн. Тэр айлд 8 хоног явуулахгүй байж байгаад миний биеийг гайгүй болсоны дараа хүргэж өгсөн. Хүргэж өгөхдөө “байрны доороос өвс шидэж байгаад нүд рүү юм орсон” гээд хэлчихээрэй гээд байсан... Тэгээд “чи дуугарахгүй намайг гутамшиг болголоо” гээд намайг нүдэж чулуугаар цохиод нүд хөхрөөж зодсон. Тэгтэл эгч нь гарч ирээд “боль, яаж байгаа юм” гээд байсан. Тэгээд “эндээ хоно” гээд байсан. Тэгтэл “урагшаа явна” гээд намайг сундалаад явсан. Тэгсэнээ чулуугаар толгой руу цохиж толгой  хагалсан. Мөн   миний  хамар  луу  унагаж  байгаад өшиглөсөн. Мөн толгойтой үснээс зуураад, гар өчиж “ална” хэмээн зодсон. Тэгээд манай гэрийн гадаа ирээд над руу том чулуу шидэхээр нь орилтол барьж аваад, ам дараад “дуугүй бай, алаад хаячихна шүү” гээд байсан. Би айгаад дагаад явсан. Тэгээд намайг дагуулаад байшингуудын орцоор 2-3 хоног хонож явсан...” гэх мэдүүлэг /хх.1.91/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нарантуяагийн гэрчээр өгсөн: “... 2018 оны 02 дугаар сард cap шинийн 03-ны өдөр Арвайхээр суманд 10-р багт байх гэртээ У нь манай охин Золзаяаг зодоод зүүн нүд нь хавдчихсан, хөх няц болчихсон байсан. Тухайн үед 8 хоног гэртээ байлгаж байгаад нүд нь гайгүй болохоор нь дагуулаад ирсэн. Охиноос юу болсон талаар асуухад “өвс буулгаж байгаад нүдээ цохиулсан” гэж ярьж байсан. 2018 оны 03-р сард төрсөн эгч Нандинцэцэгт Золзаяа нь Ут зодуулсан талаар хэлсэн... Манай охин Нандинцэцэгийн гэрт нь Золзаяаг У нь нүүр лүү хөлөөрөө өшиглөөд нүүр ам нь цус болчихсон байсан гэж Нандинцэцэг надад сүүлд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.97/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нандинцэцэгийн өгсөн: “... Манайд байх хугацаандаа 2-3 удаа хэрэлдэж, маргалдан манай дүүг зодож цохисон. Нэг өдөр би малынхаа байранд ямаа самнаж байгаад гэртээ орсон чинь Г.Золзаяагийн хамраас нь цус гоожсон уйлаад сууж байхаар яасан бэ? гэж асуусан чинь Я.У миний хамар луу өшиглөчихлөө гээд байсан... Г.Золзаяагаас асуусан чинь Я.У “намайг зодоод, хөдөө хэвтүүлчихээд босох гэхээр босгохгүй зодож цохиод байсан юм” гэж хэлсэн... Өшиглүүлсэн гээд хамраас нь цус гарсан байсан, хавдсан шалбарсан зүйл анзаарагдаагүй, хөдөө бас нүдсэн гэж хэлсэн аймагт очсоных нь дараа ээж надад хэлэхдээ Г.Золзаяагийн хөл, гар, нуруу нь хөхрөөд толгойг нь хагарчихсан байна лээ гэж надад хэлсэн... Манай дүү Г.Золзаяа надад хэлэхдээ “Я.У намайг байнга зоддог, би ээжээс нуугаад хэлдэггүй юм” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.36/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Эрдэнэчулууны өгсөн: “... Г.Золзаяагийн хамраас нь цус гоожсон, манай гэрийн шал нил цус болсон, 2-3 аяга хагарсан байсан. Тэгээд эхнэр надад хэлэхдээ “Я.У, Г.Золзаяагийн хамар луу өшиглөөд, зодсон байна, тэгээд ийм зүйл боллоо” гэсэн. Тэгж байснаа Г.Золзаяаг зодоод уйлуулаад Я.У хад руу дагуулаад явсан юм... Өшиглүүлсэн гээд хамраас нь цус гарсан байсан. Зүүн шанаа нь бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.2.39/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 5003 дугаартай дүгнэлт, шинжилгээнд хүргүүлсэн Г.Золзаяагийн хувцасны гэрэл зургууд /хх.2.59-62/ зэрэг нотлох баримтуудаар,

            2. Я.У нь 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Золзаяад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараар болон чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр олон тооны шарх, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.30/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Золзаяагийн гэрчээр өгсөн: “... Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө морь барианы хойд талд зодож, үсдэн чирч чулуугаар нүдэж, хөл гар луу олон удаа цохисон. Тэгээд намайг дагуулж яваад ээжийндээ очин хэвтэж байтал “босоодох, миний хөл хугарсан юм шиг байна, түшээдэх” гэхээр нь очтол сандал бариад далайхаар нь би очихгүй арагш ухартал хойд аав Ганаагийнхаа дээгүүр галын дэгээ төмөр авч толгой руу цохиж толгой хагалсан... хий хардаад зодоод байдаг юм. Толгойг 8 удаа хагалсан оёостой хацар дээрээс хазаж татсан, хамар сэт өшиглөж хугалсан, гap, хөл, бүх л биеэр хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх.1.91/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одсүрэнгийн өгсөн: “... Золзаяа гэх хүн зодуулсан байдалтай ирчихсэн байна гэсэн. Тэгээд би ээж Нарантуяаг дагуулаад эмнэлэг орсон чинь толгойн хэсэгт хэд хэдэн газар хагарсан ба “оёдол тавьсангүй” гэж эмч нар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.95/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нарантуяагийн гэрчээр өгсөн: “... Золзаяаг У гэдэг залуу зодсон байна. Уыг цагдаа нар аваад явсан. Золзаяа эмнэлэг дээр байна гэхээр нь Одсүрэнтэй би хамт эмнэлэг орсон. Золзаяагийн хамар нь баруун тийшээ мурийсан, хамрын дунд хэсэгт үзүүртэй, ирмэгтэй зүйлээр цохичихсон бололтой, гүнзгий оромтой, толгойн орой хэсэгт 8-9 ширхэг оёдол тавиулчихсан, баруун гарын тохойн дээд хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан юм шиг гүнзгий оромтой цус гараад тогтохгүй байсан. Мөн баруун гарын тохой хэсэг нь хавдартай, зүүн гарын бугуй, сарвуу хэсэг хавдартай, зүүн хөлний өлмий хэсэг нь хавдаад гишгэж чадахгүй байсан. Баруун талын нүд нь арай илүү улайчихсан, зүүн талын нүд нь бага зэрэг улайчихсан байсан. “Толгой эргээд байна” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.96/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Пүрэвлхамын өгсөн: “... 2018 оны 04 сарын 20-дын үеэр яг өдрийг санахгүй байна, онош нь тархиндаа гэмтэж, нөхөртөө зодуулсан шалтгаанаар хэвтэж байсан. Хэвтэж эмчлүүлж байсан эхний 2 хоногтоо зовиур ихтэй, нүүр нэлэнхийдээ хавдсан, толгойны ард дагз хэсгээр нь хавдсан, үсний ар тал хэсэг нь бага зэргийн цус болсон байсан, угааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.98-99/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бат-Очирын өгсөн: “... Уыг ээжээс нь сурахад аймгийн цагдаад найз охиныгоо зодсон хэрэгт шалгагдаж байгаад найз охиныгоо дагуулаад явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.105/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Яын өгсөн: “... тухайн үед Золзаяагийн нүүрэн хэсэг нь хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад Г.Золзаяа юм дуугарахгүй байснаа “У хаана байна, таньтай тааралдсан уу? би Ут үнэхээр хайртай, салж чадахгүй” гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.109-111/,

            Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаартай:

            “1. Г.Золзаяагийн биед тархи доргилт, толгойн баруун ар дээд хэсэг, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр хэсэгт шарх, баруун гарын сарвуу хэсэгт зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...

            4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.1.136/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1328 дугаартай хэргийн материалаар хийсэн дахин шинжилгээний:

            “1. Ирүүлсэн материалаас үзэхэд Г. Золзаяагийн биед учирсан цээжний зүүн 9-р хавирганы хугарал гэмтэл нь 2018 оны 04 дүгээр сарын 21, 23, 24-ний өдрүүдэд үүссэн байх боломжтой байна.

            2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 286 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

            3. Г. Золзаяагийн биед тухайн үед тархи доргилт, хамар ясны ил хугарал, дагзны хуйх, хамрын нуруунд шарх, зүүн хацрын төвгөр, баруун сарвуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, цээж, нуруу, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.2.66-67/ зэрэг нотлох баримтуудаар,

            3. Я.У нь 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Золзаяад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр бие махбодийн, сэтгэл санааны шаналал, олон тооны шарх, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            4. Я.У нь 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч эмэгтэй Г.Золзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлган, осгоож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хэргийн газрын үзлэгийн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.18-24, 25-26, 31-34/,

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх.1.27-29/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн: “... Уг ажиллагааны явцад ямар нэг хяналтын камертай хашаа, талбай үгүй байсан ба гэрэлтүүлгийн шонгийн модгүй байсан. Мэдүүлэг шалгах явцад хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, ул мөргүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.37-42/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнгийн өгсөн: “... Хэдийгээр осгож нас барсан гэж байгаа боловч биед үүссэн гэмтэл шархуудыг нь харахад зодож цохисон, У гээд байгаа залуугаас болж миний дүү нас барсан...” гэх мэдүүлэг /хх.1.49/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Янжмаагийн өгсөн: “... Тэгэхээр нь манай нөхөр босоод хаалгаа тайлахад У “Заяа ухаан алдаад уначихлаа, та очоод аваад үүрээд ирээчээ” гэж хэлсэн бөгөөд У “би өөрөө даахгүй байна” гэж байсан. Тэгээд манай нөхөр Утай хамт яваад Заяаг үүрээд авчирсан. Тэгээд манай гэрт нөхөр үүрээд оруулж ирсэн. Манай гэрт оруулж ирэхэд Заяа нь тэр чигтээ нил ус болж норсон байсан болохоор У нь Заяагийн хувцсыг тайлаад орон дээр хэвтүүлсэн... өчигдөр орой манайхаас гарахдаа зүгээр байсан бөгөөд харин эргэж шөнө нөхөр үүрч ирэхэд ийм байдалтай болсон...” гэх мэдүүлэг /хх.1.50-52/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Очгэрэлийн өгсөн: “... нөгөө хүн “Та яг үнэнгээ хэлчих, Нандиа зүгээр үү” гээд чанга чанга дуугараад орилсон байдалтай яриад байсан юм. Тэгээд ярьж дуусангуутаа намайг тэр ахаас юу ч асуугаагүй байхад “ах нь барилга дээр ажиллаж байгаад ирлээ, хувцас минь нороод халаасанд байсан мөнгө бас норчихсон шүү” гэж хэлээд...” гэх мэдүүлэг /хх.1.57/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ажрахгүйн өгсөн: “... Тэгээд ... 14-нөөс 15-нд шилжих шөнө ганцаараа буцаад манайд 02 цагийн үед согтуу байдалтай ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “эхнэртэйгээ маргалдаад зодоод Өвөрхангай руу хөөгөөд явуулчихлаа” гэж хэлж байснаа “нэг сэрсэн чинь би гол дээр унтаж байсан. Золзаяа намайг хаячихаад явчихаж, хаашаа явсан байх уу” гээд 2 өөр юм яриад байсан. Тэгээд У явсаны дараа эхнэр бид 2 ажил дээрээ ирэхэд Золзаяа ажил дээрээ ирчихсэн байсан. Золзаяа хэлэхдээ “гол дээр архи уугаад нүүр маажаад намайг зодоод байхаар нь би зугатчихсан юм” гэж хэлж байсан. Нүүр царай нь хэвийн байсан гэж харж байсан... 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04-05 цагийн үед манай хаалгыг хүн цохихоор нь онгойлгосон чинь У ганцаараа согтуу байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “танайхаас гараад архи аваад Золзаяатай гол дээр архи уулаа” гэхээр нь “Золзаяа архи дарс уудаггүй шүү дээ” гэсэн чинь “би архи хүчээр өгчихсөн юмаа, тэгээд их уухгүй, хурдан тасарчихлаа, тэгээд би наашаа авч ирэх гэж гол гарч байгаад бид хоёр гол дотор уначихлаа, би ганцаараа авч ирж дийлэхгүй байна та хамт яваад аваад ирээч” гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд цуг гараад гол орсон. Намайг гол дээр очиход дөнгөж гэгээ ороод үүр цайж байсан. Тэгээд гол дээр очиход Золзаяа хажуу тийшээ харсан байдалтай, хувцас нь нойтон 2 гар нь хайрга чулуу, шавар болсон байдалтай байсан. Тэгээд би Золзаяаг сэрээх гэсэн чинь тасарчихсан хүн шиг сэрэхгүй байхаар нь өргөөд Ут үүрүүлсэн. Тэгээд хэсэг явж байгаад явган хүний зам дээр гарч ирээд би хэсэг үүрч явсан ба намайг үүрч явахад амьсгалж байсан юм. Тэгээд манай гэрт ороод “осгосон байж магадгүй” гээд У “хөнжил нөмрүүлье” гэхээр нь хөнжил гаргаж өгсөн чинь хөнжлөө нөмрөөд хамт унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед Уыг сэрээсэн ба Золзаяаг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан... тээр хойно нь манай жижүүр “нас барсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.59-60/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэнпүрэвийн өгсөн: “... 2018 оны 08 сарын 15-ны өдөр 3 тоотыг түрээсэлж байгаа Ажрахгүй, Янжмаа нар дээр нутгийн найзууд нь гэх хүмүүс ирсэн. Ажрахгүй “Би ирсэн 2 хүнийг 1 цагийн үед хөөж гаргасан” гэсэн, би өглөө 6 цаг өнгөрч байхад сэрээд 3 тоот өрөө лүү ороход 4 лээ унтаж байсан... энэ хоёр хэзээ орж ирсэн юм гэж асуухад ... нөхөр нь 4 цагт хаалга нүдээд “гол дээр манай эхнэр ухаан алдаад уначихлаа, би дийлэхгүй байна. Та хамт яваад авч ирээд өгөөч гэж хэлсэн, тэгээд Ажрахгүй хамт өргөж ирсэн” гэсэн. Ажрахгүй, Янжмаа нар сэрүүн байсан. Нөгөө хоёр нь толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч унтаад харагдахгүй байсан. Бид 3 юм яриад байж байхад нөхөр нь сэрээд хөнжлөө сөхсөн.Тэр үед эхнэрийг нь харахад уруул, нүүр нь хөхөрч хавдсан, цээж нь мөн хөхөрч бие нь сонин харагдаж байсан. Би нөхөрт нь “гар нь хүйтэн, бие нь хөрсөн байна” гэхэд “амьсгаатай байгаа, ухаан алдсан байгаа” гэж хэлж байсан. Тэгээд нөхөр нь түргэн дуудах гэж гараад тэр чигээрээ алга болсон. Түргэн ирээд “нас барсан байна” гэж хэлж байсан... Тэр үед зүгээр байсан. Ямар нэг ил харагдах гэмтэл харагдаагүй, бага зэрэг халамцуу харагдаж байсан... эхнэр бид хоёр маргалдаад гэж хэлж байсан. Өөрөө нүүр ам нь зүгээр байсан. “Маргалдлаа гээд ийм болгоод яаж байгаа юм” гэхэд “түргэн дуудаад ирье” гэж гүйн гараад явчихсан... Над руу түргэн очсон уу гэж залгаж байсан, маргааш нь буюу өнөөдөр залгаад “манай эхнэр зүгээр үү, яг үнэн үү” гэж асуугаад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.66-67/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Амарсанаагийн өгсөн: “... Үүдээр ороход зүүн талын орон дээр хоёр хөл нь ил гарсан байдалтай бусад хэсгээрээ хөнжлөөр бүтээсэн байдалтай байсан. Хөнжлийг сөхөж үзэхэд зүүн талын хэсгээр хөх сорвитой байсан. Энэ 5-7 ширхэг байсан. Амьсгал, зүрх судсыг шалгахад зүрхний үйл ажиллагаа болон амьсгалын үйл ажиллагаа зогссон байсан. Тус хаягт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэнд байсан эрэгтэй хэлэхдээ “шөнө 03 цагаас 04 цагийн үед найз залуу нь найз бүсгүйгээ тэвэрчихсэн, бид 2 зугаалж явж байгаад найз охин маань Сэлбийн гол руу халтираад уначихлаа” гэж хэлээд орж ирсэн гэсэн. Тэгээд найз залуу руу нь оруулж орхиод гарч явсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.74-75/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “... Хүнд осголт явагдах нь хүний биеийн температур 35 ба түүнээс доош болоход осголтын процесс явагдаж осголт эхэлнэ. Ер нь бол зуны улиралд агаарын температур гэнэт буурсанаар хүний биеийн организмд осголт үүсэх тохиолдол байдаг. Энэ нь орчины температураас организмын температур нөлөөтэй юм... дух, бүсэлхий, нуруу, өвдөгний зулгаралт гэмтлүүд нь татах, чирэх, үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний улмаас үүсгэгдэх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хх.1.112-113/,

            Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын цогцост хийсэн шинжээчийн 1828 дугаартай:

            “1. Талийгаач Г.Золзаяагийн цогцост үхэлд нөлөөлөөгүй ходоодны амсар, кардын урагдсан шарх, булчин болон гялтан хальсан доорх давхаргын цус хуралт, бага сэмжний голомтлог цус хуралт, зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9-р хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9-р хавирга шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархайн хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх ходоодны амсар, кардын урагдсан шарх, булчин болон гялтан хальсан доорх давхаргын цус хуралт, бага сэмжний голомтлог цус хуралт гэмтэл нь хүчтэй огилт, агшилтын улмаас үүснэ. Бусад зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9-р хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9-р хавирга шууд бус хугарал, орчины эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархайн хуйханы язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...

            6. Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас баржээ...” гэх дүгнэлт /хх.1.115-121/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1072 дугаартай, хэргийн задгай материалаар хийсэн нэмэлт шинжилгээний: “... Талийгаач Г.Золзаяагийн зулайн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархай, зулай, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, зүүн 9 дүгээр хавирга бороо үүсгэсэн хуучин хугарал, зүүн 10, баруун 9 дүгээр хавирга шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай, чамархай хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд талийгаачийг амьд ахуйд нь буюу нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна. Зүүн 10, баруун 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, уруулын дотор салстын цус хуралт, баруун зулай,чамархай хуйхны язарсан шарх, дух, цох, хамрын нуруу, үзүүр, зүүн хацар, дээд уруул, хүзүү, зүүн чих, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний зулгаралт, баруун бугалга, шуу, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэг, дээрх гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.124-127/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 898 дугаартай:

            “1. Я.У нь болсон явдалыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            2. Я.У нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

            3. Я.У нь тухайн гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна.

            4. Я.У нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Я.У нь өөрийн хийсэн хэргийг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.142-143/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: “... Нам хэмийн үйлчлэл гэдэгт хүний биеийн дулаанаас бага температурыг ойлгоно. Нам хэм гэдгийг хүний биеийн дулаан тасалгааны температур 1 цагт 1 хэмээр буурсан. Таны асууж байгаа 13 градусын дулаантай үед илүү хурдан биеийн дулааны хэмийг алдана гэсэн үг. Хөнгөн зэргийн согтолтын үед ядрах нь амархан, нарийн хөдөлгөөний тэнцвэр алдагдах, нүүр улайх, зүрхний хэмнэл түргэсэх байдал илэрнэ. Мөн тухайн хүний архи даах чадвар, архины дасан зохицох зэргээс шалтгаалж хөнгөн, хүнд байдлаар эмнэл зүйн шинж байдлаар илэрнэ. Нам хэмийн үйлчлэл буюу согтуугаар хүйтэн орчинд ухаангүй орхигдох, хүйтэн усанд унах, нойтон болох үед биеийн хэм буурах нь бол тасалгааны орчинд температур буурахаас гурав дахин, хүйтэн усанд тогтмол байсан бол 20-25 дахин хурдацтайгаар биеийн дулаан алдалт явагддаг... Цохиулж зодуулсантайгаар холбоотойгоор түр ухаан алдсан тохиолдолд хөнгөн зэргийн согтолттойгоор хавсарч осголтын байдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй... Шүүх эмнэлгийн осгосон практикт захын судаснууд тэлсэнээр хүмүүс “дулаахан байна” гэсэн мэдрэмжийг өгсөнөөр хувцсаа тайлах, нимгэлэх үйлдэл хийдэг. Энэ нь осгох процессыг түргэсэх байдлыг бий болгодог. Архи уусан хүний осголт нь эрүүл хүнийхээс арай хурдтай явагдана...” гэх мэдүүлэг /хх.2.78-79/,

            Цаг уур, орчны шинжилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8/931 дугаартай: “... Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 12.0 мм бороо орж, газрын гадаргын хамгийн бага температур +13° С байсан байна...” гэх албан бичиг /хх.2.80/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх.1.37-42/-ийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу тухайн хэрэг гарахаас өмнө үйлдсэн гэж үзэхээр байна” гэсэн боловч уг тэмдэглэлийн оныг ташаа бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд түүнчлэн Я.У нь “талийгаачийн осгосон газрын орчимд хяналтын камер байсан” гэх боловч дээрх тэмдэглэлд “... Уг ажиллагааны явцад ямар нэг хяналтын камертай хашаа, талбай үгүй байсан ба гэрэлтүүлгийн шонгийн модгүй байсан. Мэдүүлэг шалгах явцад хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, ул мөргүй болно...” гэж дурьдсан байх тул уг хэргийн газарт хяналтын камер байсан эсэхийг шалгуулах тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангах шаардлагагүй байна.

            Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Я.Уыг гэрчээр болон сэжигтнээр шөнийн цагт өмгөөлөгчгүй байцаасан” гэх тайлбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяагийн анх гэрчээр өгсөн мэдүүлэг/хх.1.88/-т зурсан гарын үсэг нь биш байна” гэх тайлбар зэргийг хүлээн авч тэдгээр мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлэлгүй, нотлох баримтаас хасч тооцсон болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Уын өгсөн “... хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулах болон хүн амины гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн “... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах болон хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй, эсхүл эргэлзээтэй...” гэсэн үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд Я.У нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх.1.170-171/, мөн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх.2.119-122/ “... Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дарь-Эхийн шинэ буудал дээр хэрэг гарсан өдөр оройн 21:40 цагийн үед талийгаачийн хамт автобусанд суух гээд 2 давхар “Элбэг” нэртэй супермаркетын хажуугаар явсан, талийгаач бид хоёртой хамт 3 үл таних эрэгтэй хүн таарсан, тухайн 3 залуу надаас тамхи нэхэж, намайг 1 залуу нь цохиход би зөрүүлж цохиод талийгаач бидний дундуур ороход эхнэрийг халзан толгойтой шивээстэй 40 орчим насны залуу талийгаачийн нүүр лүү баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би тухайн залууг эхнэрийгээ өмөөрөөд цохиод салгаад эхнэрийгээ газар унасан байхад нь босгоод эхнэрийгээ аваад баруун тийшээ гудамжаар орж гүйгээд шинэ баригдаж байсан гүүрний хойд талд байх далан руу ороод бид 2 унасан. Бидний хувцас нороод би эхнэрийгээ татаж гаргаж ирээд далан дээр уснаас дөнгөж гарч ирээд байж байхад 3 залуу араас гүйж ирээд 30-35 орчим насны туранхай өндөр залуу араас миний элэг рүү өшиглөөд миний үсний араас зулгааж миний урдаас асаагуурын гэрэл тусгаад нэг залуу нь цүнхийг нь онгойлго гэж хэлээд нэг залуу нь миний цүнхийг онгойлгоод байсан. Тэгээд би эвхэрч унаад хэсэг ухаан алдсаны дараа хэсэг хэвтэж байгаад босож ирэхэд талийгаач хэвтэж байсан, түүний хажууд үл таних 2 залуу байсан, нэг залуу нь сууж байсан, нэг залуу нь зогсож байсан тэгээд “наадхаа хая хая” гэж хоорондоо яриад цаашаа далан дээгүүр ирсэн зүг рүүгээ зүүн тийшээ явсан...” гэж,

            Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт Я.У нь “... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр талийгаач бид хоёр огт маргалдаагүй. Тухайн өдрийн шөнө Ажрахгүйн гэрээс би талийгаачийн хамт гарсан. “Элбэг” хүнсний дэлгүүрийн үүдэнд 3 залуу намайг мөрлөсөн. Талийгаач “та нар манай нөхрийг зүгээр явуулаач” гэж хэлэхэд нэг халзан залуу нь талийгаачийг “гичий минь чамд ямар хамаатай юм бэ? зүгээр бай” гэж хэлээд нэг удаа алгадсан. Цаанаас дахин нэг залуу ирж намайг цохисон. Би гудамжаар талийгаачийг аваад зугтаасан. Талийгаач бид хоёр шинэ баригдаж буй гүүрний доорх далан руу унасан. Тэр үед араас нэг залуу ирж намайг хавсарч унагаад элэг рүү өшиглөхөд би ухаан алдсан. Тэр газарт би хэр удаан хэвтсэнээ мэдэхгүй байна. Намайг сэрэхэд талийгаачийн хажууд хоёр залуу зогсож байснаа явсан. Би талийгаачийг ухаан орохыг хүлээж, 1 цаг гаран хугацаанд хажууд нь суусан. Талийгаач ухаан орохгүй байсан учир 100 метр газар үүрч явсан. Би талийгаачийг даахгүй байсан учир орхиж, ганцаараа Ажрахгүйн гэрт очсон...” гэж тус тус мэдүүлсэн боловч энэ талаар шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр анх гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.1.86-87/ болон 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг /хх.1.161-162/-тээ огт дурдаагүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар Я.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгт дурьдсан “хохирогчийг 3 залуу зодсон” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Янжмаагийн өгсөн: “... Тэгэхээр нь манай нөхөр босоод хаалгаа тайлахад У “Заяа ухаан алдаад уначихлаа, та очоод аваад үүрээд ирээчээ” гэж хэлсэн бөгөөд У “би өөрөө даахгүй байна” гэж байсан. Тэгээд манай нөхөр Утай хамт яваад Заяаг үүрээд авчирсан. Тэгээд манай гэрт нөхөр үүрээд оруулж ирсэн. Манай гэрт оруулж ирэхэд Заяа нь тэр чигтээ нил ус болж норсон байсан болохоор У нь Заяагийн хувцсыг тайлаад орон дээр хэвтүүлсэн... өчигдөр орой манайхаас гарахдаа зүгээр байсан бөгөөд харин эргэж шөнө нөхөр үүрч ирэхэд ийм байдалтай болсон...” гэх мэдүүлэг /хх.1.50-52/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ажрахгүйн өгсөн: “... Тэгээд ... 14-нөөс 15-нд шилжих шөнө ганцаараа буцаад манайд 02 цагийн үед согтуу байдалтай ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “эхнэртэйгээ маргалдан зодож Өвөрхангай руу хөөгөөд явуулчихлаа” гэж хэлж байснаа “нэг сэрсэн чинь би гол дээр унтаж байсан. Золзаяа намайг хаячихаад явчихаж, хаашаа явсан байх уу” гээд 2 өөр юм яриад байсан. Тэгээд У явсны дараа эхнэр бид 2 ажил дээрээ ирэхэд Золзаяа ажил дээрээ ирчихсэн байсан. Золзаяа хэлэхдээ “гол дээр архи уугаад нүүр маажаад намайг зодоод байхаар нь би зугатчихсан юм” гэж хэлж байсан. Нүүр царай нь хэвийн байсан гэж харж байсан... 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 04-05 цагийн үед манай хаалгыг хүн цохихоор нь онгойлгосон чинь У ганцаараа согтуу байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “танайхаас гараад архи аваад Золзаяатай гол дээр архи уулаа” гэхээр нь “Золзаяа архи дарс уудаггүй шүү дээ” гэсэн чинь “би архи хүчээр өгчихсөн юмаа, тэгээд их уухгүй, хурдан тасарчихлаа, тэгээд би наашаа авч ирэх гэж гол гарч байгаад бид хоёр гол дотор уначихлаа, би ганцаараа авч ирж дийлэхгүй байна та хамт явж аваад ирээч” гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд цуг гараад гол орсон. Намайг гол дээр очиход дөнгөж гэгээ ороод үүр цайж байсан. Тэгээд гол дээр очиход Золзаяа хажуу тийшээ харсан байдалтай, хувцас нь нойтон 2 гар нь хайрга чулуу, шавар болсон байдалтай байсан. Тэгээд би Золзаяаг сэрээх гэсэн чинь тасарчихсан хүн шиг сэрэхгүй байхаар нь өргөөд Ут үүрүүлсэн. Тэгээд хэсэг явж байгаад явган хүний зам дээр гарч ирээд би хэсэг үүрч явсан ба намайг үүрч явахад амьсгалж байсан юм. Тэгээд манай гэрт ороод “осгосон байж магадгүй” гээд У “хөнжил нөмрүүлье” гэхээр нь хөнжил гаргаж өгсөн чинь хөнжлөө нөмрөөд хамт унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед Уыг сэрээсэн ба Золзаяаг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан... тээр хойно нь манай жижүүр “нас барсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.59-60/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэнпүрэвийн өгсөн: “... 2018 оны 08 сарын 15-ны өдөр 3 тоотыг түрээсэлж байгаа Ажрахгүй, Янжмаа нар дээр нутгийн найзууд нь гэх хүмүүс ирсэн. Ажрахгүй “Би ирсэн 2 хүнийг 1 цагийн үед хөөж гаргасан” гэсэн, би өглөө 6 цаг өнгөрч байхад сэрээд 3 тоот өрөө лүү ороход 4 лээ унтаж байсан... энэ хоёр хэзээ орж ирсэн юм гэж асуухад ... нөхөр нь 4 цагт хаалга нүдээд “гол дээр манай эхнэр ухаан алдаад уначихлаа, би дийлэхгүй байна. Та хамт яваад авч ирээд өгөөч гэж хэлсэн, тэгээд Ажрахгүй хамт өргөж ирсэн” гэсэн... Тэр үед эхнэрийг нь харахад уруул, нүүр нь хөхөрч хавдсан, цээж нь мөн хөхөрч бие нь сонин харагдаж байсан. Би нөхөрт нь “гар нь хүйтэн, бие нь хөрсөн байна” гэхэд “амьсгаатай байгаа, ухаан алдсан байгаа” гэж хэлж байсан. Тэгээд нөхөр нь түргэн дуудах гэж гараад тэр чигээрээ алга болсон. Түргэн ирээд “нас барсан байна” гэж хэлж байсан... Тэр үед зүгээр байсан. Ямар нэг ил харагдах гэмтэл харагдаагүй, бага зэрэг халамцуу харагдаж байсан... эхнэр бид хоёр маргалдаад гэж хэлж байсан. Өөрөө нүүр ам нь зүгээр байсан. “Маргалдлаа гээд ийм болгоод яаж байгаа юм” гэхэд “түргэн дуудаад ирье” гэж гүйн гараад явчихсан... Над руу түргэн очсон уу гэж залгаж байсан, маргааш нь буюу өнөөдөр залгаад “манай эхнэр зүгээр үү, яг үнэн үү” гэж асуугаад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.66-67/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Амарсанаагийн өгсөн: “... Хөнжлийг сөхөж үзэхэд зүүн талын хэсгээр хөх сорвитой байсан. Энэ 5-7 ширхэг байсан. Амьсгал, зүрх судсыг шалгахад зүрхний үйл ажиллагаа болон амьсгалын үйл ажиллагаа зогссон байсан. Тус хаягт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэнд байсан эрэгтэй хэлэхдээ “шөнө 03 цагаас 04 цагийн үед найз залуу нь найз бүсгүйгээ тэвэрчихсэн, бид 2 зугаалж явж байгаад найз охин маань Сэлбийн гол руу халтираад уначихлаа” гэж хэлээд орж ирсэн гэсэн... Өнөөдөр буюу 2018 оны 08 сарын 17-ний өдрийн өглөө 11 цагийн үед 99898763 гэсэн дугаараас би “Золзаяагийн төрсөн ах нь байна, миний дүү нас барсан гэсэн, би дүүгээ хаанаас яаж олох уу” гэж залгасан. Би харин “дүү чинь нас барчихсан, шүүх эмнэлэг дээрээс асуу” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.74-75/ зэрэг хоорондоо уялдаа холбоо бүхий, хэргийн газар, цаг хугацаа болон бусад нөхцөл байдлын талаар харилцан илт зөрүүгүй нотлох баримтуудаар:

            Шүүгдэгч Я.У, амь хохирогч Г.Золзаяа нарын 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хэрэг гарахаас өмнөх өдрийн болон урд оройн зан харьцааны байдал, тухайн шөнө Н.Ажрахгүй, Л.Янжмаа нарын гэрээс явахад хохирогчийн нүүр царай нь хэвийн байсан, ямар нэг ил харагдах гэмтэл харагдаагүй, халамцуу байсан, харин дараа нь гол дээр хоорондоо маргалдсан, шүүгдэгч нь хохирогчид архи хүчээр уулгасан, өглөө нь хохирогчийн уруул, нүүр хөхөрч хавдан гэмтсэн байсан гэх зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.

            Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

            Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогчийн хоорондын харилцааны шинж чанар, урьд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаарна.

            Я.Уын 2018 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Золзаяад архи, согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, харгис хэрцгийгээр зодон биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, бусадтай харилцахыг хязгаарлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүйтэн, нойтон орчинд зориуд байлгасан үйлдэл, улмаар хүний амь нас хохирч болзошгүйг мэдэх боломжтой боловч түүнд хайхрамжгүй хандсан нөхцөл байдал, тэдгээрийн улмаас амь хохирогч Г.Золзаяа осгож нас барсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Харин Я.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг буюу бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг тус тус агуулаагүй байна.

            Мөн хүнийг алах гэмт хэргийг өөр гэмт хэрэг нуун далдлах, хялбарчлах зорилгоор гэдэг хүндрүүлэх шинж нь хууль зүйн хувьд өөрийн болон бусдын үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, эсхүл үйлдэх гэж санан төлөвлөж байгаа хэргийг үйлдэхэд учирч болох саадыг арилгах, хөнгөвчлөх, төгс үйлдэхэд шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх гэсэн шалтгааныг хамааруулж ойлгодог.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Я.У өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүнийг алсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан Я.Ут холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамт амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Я.У, талийгаач Г.Золзаяа нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан гэж үзнэ.

            Шүүгдэгч Я.У нь талийгаач Г.Золзаяаг зодсоныхоо дараа гэр оронд нь очуулахгүй дагуулж явах, гэр бүлийнхэндээ гэмт хэргийн талаар худлаа ярихыг зааж зааварлах, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан, бусадтай харилцахыг хязгаарлаж, гараар, төмрөөр, чулуугаар цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, чирэх зэргээр олон тооны шарх, зовиур үүсгэн зодсон зэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж, мөн зодох үедээ гар, хөлөөрөө, мөн чулуу, төмөр, сандал зэргийг ашиглаж олон тооны зулгарсан, язарсан, хөхөрсөн шарх үүсгэн гэмтээснийг онц харгис хэрцгийгээр зодсон гэж дүгнэсэн болно.

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тарчлаах шинжийн нэг үндсэн арга бол байнга зодох замаар бие махбодийн өвдөлт болон сэтгэцийн зовлон шаналал учруулан хүч хэрэглэсэн үйлдэл мөн. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт эрх зүйн эсрэг үйлдлийг гурав ба түүнээс дээш үйлдэхийг ойлгоно. Тарчлаах шинжтэйгээр байнга зодох нь зөвхөн хүч хэрэглэсэн үйлдлийг тодорхой үе шаттайгаар олон дахин үйлдэнэ гэсэн хэрэг биш, харин энэ нь хохирогчийн хувьд түүнийг зүгээр нэг бие махбодийн өвдөлт бус мөн түүнийг доромжлон гутааж, сэтгэцийн зовлон зүдгүүрт оруулах байдлаар гэмт этгээдээс түүнтэй харилцах талаар тогтоосон зан үйлийн шугамын дотоод нэгдэл, тэдний уялдаа холбоо юм.

Харгис хэрцгий харьцаж догшин авирлах гэдэгт бусдын амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, балмад үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлсэн, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан, танхайрах явцдаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан, эд хөрөнгө эвдэж хохирол учруулсан зэрэг үйлдлүүдийг хамааруулж болно.

            Прокуророос шүүгдэгч Я.Уын гэмт хэрэг тус бүрийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэнтэй нийцсэн байна.

            Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Я.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

            Иймд шүүгдэгч Я.Уыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн хүндэвтэр хохирол учруулах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

            Я.Уын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяа нь талийгаачийн оршуулгын зардал болон унааны зардалд нийт 5.905.300 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сараас одоог хүртэл хүн амын амьжиргааны доод түвшин, тэжээгчээ алдсаны сарын тэтгэмж 155.400 төгрөгийн зөрүү 20.600 төгрөг зэргийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Я.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нийт 5.229.600 төгрөг өгсөн, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх тул сэтгэл санааны хохирол гаргах боломжгүй, харин шатахууны үнэ гэх 1.017.000 төгрөгийн баримтууд /2.хх.90-91/ нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

            Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Я.Уаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Я.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Я.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

            Я.Ут оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг, мөн оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй.

            Шүүгдэгч Я.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хугацаатай хорих ял оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлт, “ял шийтгэлийг хөнгөрүүлнэ үү...” гэсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хангах үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч Я.Уын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл цагдан хоригдсон 497 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Я.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Л овогт Яын Уыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн хүндэвтэр хохирол учруулах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Я.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            4. Шүүгдэгч Я.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Я.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ут оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Уын урьд нь цагдан хоригдсон 497 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            8. Шүүгдэгч Я.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нийт 5.229.600 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

            10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нарантуяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Я.Уаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

            11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Я.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

 ШҮҮГЧ                                      С.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                 Н.БААСАНБАТ

                                                                                          Ц.АМАРГЭРЭЛ