| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0155/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 151
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Н.Ү,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н.Ү-т холбогдох 1928002800171 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, “Терра энержи” ХХК-д түлшний нярав ажилтай, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч Н.Ү нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед ******* УНЛ улсын дугаартай Тоёота Альпард маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багт байрлах 11 дүгээр усан сангийн гадна 1 нас 11 сартай Ба овогтой Ж-ыг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Ү-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч талаас дахиж Улаанбаатар хот явж шинжилгээ өгнө гэж хэлсэн. Би одоохондоо өгөх мөнгө байхгүй байна, Улаанбаатар хот явж эмчид үзүүлчихээд ирэхээр нь баримтаар нь төлөхөд болохгүй зүйл байхгүй гэж хэлсэн. Бусдаар эмчилгээний зардал өгөхгүй гэж хэлээгүй. Би бүх баримтаа бүрдүүлээрэй, хэрэг болно шүү гэж сайн хэлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би охинтойгоо хамт гурван хүүхдийг нь өсгөлцөж байна. Бид нар нэг гэрт нэг ам бүлд амьдардаг. Б.Жа-ын аав нь манай охиноос салаад явсан. Б.Жа-ын ээж буюу миний охин Ч гэрээрээ байдаг. Одоо 3 сартай нялх хүүхэдтэй, мөн дээрээс нь өвчтэй нэг хүүхэдтэй учраас гэрээс гараад яваад байх боломж байхгүй. Тийм учраас би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Би сая Б.Жа-ыг Улаанбаатар хот руу өөрийн биеэр авч яваад Гэмтлийн эмнэлэг,Эх нялхсын эрүүл мэндийн төв зэргээр үзүүлж харуулаад ирсэн. Манай охин Ч, хүргэн Бу нарын дунд хүү Б.Жа нар худаг руу миний машинтай усанд явсан юм. Тэгсэн хүүхэд машинд дайруулсан гээд эмнэлэг дээрээс дуудсан юм. Тэгээд эмнэлэг дээр очиход миний зээ хүү Б.Жа амьсгаа их өндөртэй хөл хугарсан гэсэн оноштой байсан юм. тэгээд яаралтай эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Миний хүүгийн элэг бяцарсан элгэн дээр цус хурсан гэсэн. Баруун хөлийн дунд чөмгөөрөө хугарсан гэсэн оноштойгоор эмчлүүлсэн. Одоо биеийн байдал харьцангуй дээрдсэн байгаа. Сая Улаанбаатар хотод очиж үзүүлж харуулаад эм бичүүлээд ирсэн одоо гэрээрээ эмээ уугаад байж байна. Гомдол санал байхгүй. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-18-19-р хуудас/
Гэрч А.Чи мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед нөхөр Буянхүү, хүү Жаргалын хамт Дунд сайханд байх аав Хашбаатарынхаас угаалгын машиныг нь аваад замаараа 11-р усан сангаас ус авахаар усан сангийн урд хаалганы өмнө зүүн тийш харж зогссон. Манай нөхөр Буянхүү машин барьж байсан. Би урд суудалд сууж хүүхэд ард суудалд сууж явсан. Машинаас эхлээд нөхөр бид хоёр бууж машины арын суудлын завсраас усны савнуудаа нэг нэгээр нь буулгаад худаг руу очсон. Тэр үед миний хүү Жаргал машины арын суудалд сууж үлдсэн. Тэгээд 30 литрийн савтай усаа дүүргэж машин руугаа нөхөртэйгөө дамжилж авч очиж машины буруу талын арын хаалгаар хийгээд арын хаалгыг гүйцэд хаалгүйгээр завсартай орхиод буцаж худгаас үлдсэн нэг савтай усаа нөхөртэйгөө дамжлаад явах үед Альпард маркийн автомашин ирж зогсоод араасаа 3 усны сав буулгаж байх үед усан сангийн хүн гарч байна 10 минут болно гэсэн гэж тэр хүнд хэлэхэд өө хаачиж байгаа юм уу гэж хэлээд савнуудаа машиндаа ачаад буцаад машиндаа суугаад машинаа асаагаад хөтлөх үед миний хүү Жа Альпард машины баруун талын хойд дугуйнд дайруулах гэж байхыг хараад зогсоочээ хүүхэд дайрлаа гэж хашхирсан боловч сонсоогүй. Баруун хөлөөс зүүн мөр дээгүүр жишиж дайрч гараад машин зогссон. Альпардын жолооч бууж ирээд юу болсон бэ та хоёрыг гараа даллаад байхаар чинь зогслоо гэхээр нь хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд хүүхэд дээрээ очоод хүүхдээ тэврээд автал ухаангүй болсон байсан. Тэр үед жолооч түргэн рүү залгаад одоо мөд ирэхгүй байх шууд түргэн рүү явъя гэж хэлээд Альпардны ард сууж эмнэлэг дээр ирж хүлээн авахын эмч үзээд хөл нь хугарсан байна гээд яаралтай тусламж үзүүлж эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Одоо гэмтлийн тасагт эмчлүүлж байгаа. Баруун хөл дунд чөмгөөрөө хугарсан. Элгэнд уйланхай үүссэн бяцралттай, бүдүүн нарийн гэдэс дарагдаж шалбархай үүссэн байдалтай гэмтлийн тасагт эмчлэгдэж байна. Одоогоор санал хүсэлт байхгүй. Эмнэлгээс гараад эрүүл саруул болбол гомдол саналгүй. Эндээс эмнэлгээс гарахаар нь Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Ө.Буянхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед эхнэр А.Чи, хүү Жа нарын хамтаар хадам ээжийн 21-94 УБК улсын дугаартай Корсо маркийн авто машинаар ус авахаар явсан. Баруунсайханы 15 дугаар гудамжинд байх 11-р усан сангаас ус авах гээд очсон. Тэгсэн худгийн ах 15 минутын дараагаар онгойно ойрхон гарчихаад ирнэ гэж хэлэхээр нь би манайх хөхүүл хүүхэдтэй одоо ус аваад явчихъя гэж гуйгаад усан сангаас ус авахаар болсон. Тэгээд усны саваа машинаас аваад эхнэр бид хоёр машинаас буусан. 1 нас 8 сартай миний хүү Жаргал машиндаа ганцаараа үлдсэн юм. Эхнэр бид хоёр савандаа усаа дүүргээд устай саваа бариад машин дээрээ ирж байхад миний машины баруун талд цагаан өнгийн Альпард маркийн автомашин ирж зогссон. Машинаас нэг залуу гарч ирээд худаг онгойж байна уу гэж асуухаар нь би 10 минутын дараагаар онгойно гэж байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу буцаад машин руу алхсан. Тэгсэн миний хүү Жаргал машины зөв талын хаалгаар буугаад машины араар тойроод гүйгээд гараад ирэхээр нь би миний хүү машиндаа ор гэж хэлсэн. Тэгсэн манай хүү машины хойд талаар тойроод буцаад гүйгээд явчихсан. Эхнэр бид хоёр машины зөв талын хойд хаалгыг онгойлгоод савтай усаа машинд ачсан. Эхний савтай усаа аччихаад дараагийн усаа ачих гэж байхад манай эхнэр газар самардаад хашхираад газар унасан. Би юу болов гээд харсан чинь миний хүү машины баруун талд зогсож байсан. Альпард маркийн автомашины буруу талын хойд талын дугуйн доогуур яг дайруулж байсан. Би хараад хашхирсан, өөр юу ч хийж чадаагүй. Миний хүү баруун хойшоо хараад хэвтчихсэн байсан. Машины дугуй миний хүүгийн баруун талын хөлөөс их бие хэсэг рүү жишиж зөөлөн дээгүүр нь гараад явсан. Эхнэр бид хоёр тэнд зөндөө хашхирсан. Тэгсэн машины жолооч сонсоогүй. Миний хүүгийн дээгүүр гарчихаад зогссон. Тэр үед эхнэр бид хоёр гүйгээд хүү дээрээ очиход Альпардны жолооч машинаасаа гараад ирсэн. Би жолоочид хандаад та хүүхэд дайрчихлаа шүү дээ гэсэн чинь яана аа тийм үү яаж байгаад дайрагдчихваа гэсэн. Тэгэхээр нь би бид хоёр зөндөө хашхираад байхад гэсэн чинь машин дотроос сонсох боломжгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн жолооч түргэн дуудчихаад түргэн дуудлагатай байгаа гэж байна шууд эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр хүүгээ аваад Альпарданд суугаад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр ирээд хүлээн авах дээр ирэхэд түргэн тусламжийн эмч үзээд баруун хөлийн дунд чөмөг тасраад зөрсөн, элэг бяцралттай гэж хэлээд сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасагт хэвтүүлсэн. Эмнэлгээс яаралтай тусламжийг үзүүлсэн. Одоо эмчилгээ үйлчилгээ хийгдэж байгаа ийм зүйл болсон. Хүү минь эрүүл саруул эсэн мэнд болоод эмнэлгээс гарвал гомдол санал байхгүй. Хэрэв хүүхдийн биеийн байдал хүндэрвэл бас гомдолтой болох байх. /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Д.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед нөхөр Үийн хамт төв орчихоод замаараа худгаас ус авах гээд худаг дээр ирсэн. Урд суудалд сууж явсан. Худаг дээр ирж нөхөр ус авах гээд усны савнуудаа буулгаж худаг руу очиход худгийн хүн яаралтай ажил гарлаа гээд худгаа хаагаад явсан. Тэгэхээр нь манай нөхөр машиныхаа багаажид усны савнуудаа хийж баруун талаар суугаад бүсээ зүүгээд машинаа асааж хөдөлсөн чинь хойноос хүмүүс даллаад байна гээд зогссон. Тэгээд нөхөр буугаад буцаж удалгүй орж ирэхдээ хүүхэд дайрчихсан байна шүү дээ гэж хэлээд утсаа аваад түргэн тусламж дуудах гэтэл утас нь ярьж байгаа дохио өгөөд байна гээд хүүхдийн ээж нь тэвэрсэн байдалтай машинд сууж эмнэлэг рүү явсан. Эмнэлгийн гадаа ирээд бид нар эмнэлэг рүү орсон. Эмнэлгийн хүлээн авах дээр ирээд ээж нь хүүхдээ тэврээд орсон. Нөхөр бид 2 үүдэнд үлдээд хүлээсэн. Удахгүй гэмтлийн эмч ирж үзээд баруун хөл хугарсан байна. Дотор эрхтэнг нь эход харна гэж хэлсэн. /хх-ийн 26-р хуудас/
Гэрч Д.Тө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би 11-р усан сан дээр ус түгээж байсан. Хүмүүс ирээд ус аваад байсан. Өдөр 13-14 цагийн хооронд байх цайны цаг болж байсан. Дайруулдаг хүүхдийн аав, ээж ус аваад машиндаа савтай усаа хийж байсан. Тэгсэн цагаан өнгийн машин ирээд зогсож байгаа харагдсан. Тэгээд би худгаа хаагаад гарч байхад цагаан машины жолооч ус авна гэхээр нь би хүнд юм өгчихөөд ирнэ гэж хэлсэн. Тэгээд худгийн урд явж байхад хүн чарлаад явчихсан. Тэгээд харсан хүүхэд дайрчихлаа л гэж хашхирч байсан. Тэгсэн удаагүй нөгөө дайруулсан гэх хүүхдийг машиндаа хийж аваад эмнэлэг рүү явчихсан. Би ч яваад өгсөн ийм л зүйл болсон. /хх-ийн 27-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 679 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Жа-ын биед баруун хөлийн дунд чөмөгний яс зөрсөн хугаралтай, элэгний дээд хэсгийн хальсан бүрхүүлийн доорх цус хуралт, баруун гуяны гадна хэсгийн арьсанд зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Б.Жа-ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл (автохөсгийн осол)-ээр үүссэн байх боломжтой. Б.Жа-ын биед учирсан гэмтэл нь түүний цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Жа-ын биед учирсан элэгний хальсан доорх цус хуралт, баруун гуяны гадна талд үүссэн зулгаралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Жа-ын баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 29-р хуудас/
Шинжээч эмч Б.Пү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 679-р дүгнэлтэд Б.Жа-ын гэмтлийн зэргийг тогтоосон. 2019 оны 11 дүгээр сарын 17-нд гэмтлийн тасагт орж хэвтэн эмчлүүлж байсан хүүхдийн биеийг үзсэн. Уг хүүхэд нь хэвтрийн байдалтай баруун хөл гэмтэлтэй гипс тавиулсан байсан. Хүүхдийн биеийг гаднаас үзэхэд элэг болон дотор эрхтний өөрчлөлт мэдэгдэхгүй байсан. Ингээд уг хүүхдийн өвчний түүхийг нь үзэхэд баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан, элэгний дээд хэсгийн хальсан бүрхүүлийн дор цус хуралттай гэсэн байсан. Энэ нь тусгай багажийн шинжилгээгээр оношлогдсон байсан. Түүнээс биш элэг бяцарсан болон элгэнд уйланхай үүссэн гэсэн онош тавигдаагүй байсан. Тэрхүү хальсан бүрхүүлийн доорх цус хуралт нь элэгний бүтцэд нөлөөлөхөөргүй ба биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах бага хэмжээтэй байсан учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Нарийн хэмжээг нь санахгүй байна. Түүний хэмжээ нь өвчний түүхэндээ байгаа. /хх-ийн 90-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 1 нас 8 сартай Б.Жа нь Баруунсайханы 15-2 тоот хашааны зүүн талд байрлах 11-р усан сангийн өмнө Тоyota alphard маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дайруулсан үйлдэл нь зам тээврийн осол мөн. Тоyota alphard маркийн автомашины жолооч На овогтой Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтыг зөрсөн. /хх-ийн 31-р хуудас/
Шүүгдэгч Н.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эхнэртэйгээ хамт төвөөр орчихоод буцаж явах замдаа ус аваад харих гээд Баруунсайханы 15 дугаар гудамжны эхэнд байх 11 дүгээр усан сан дээр очсон. Усан сан дээр ирэхэд усан сангийн урд талд саарал өнгийн машинтай хүмүүс ус аваад усаа ачиж байгаа харагдсан. Тэгээд би усны саваа машины арын багажаас аваад усан сан руу явахад усан сангийн ах өмнөөс гарч ирээд худаг 10-15 минут түр хаахаар болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь эргээд усны саваа машины арын багаажид хийгээд буруу талын хойд талаар тойроод машиндаа очиж суугаад бүсээ зүүгээд машинаа асаагаад урд байсан траншейны нүхийг тойрох зорилгоор машинаа зүүн гар тал руугаа дараад хөдөлсөн. Машинаа хөдлөөд зөв талын толиндоо харахад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараараа даллаж байгаа харагдсан. Тэгээд юу болов гээд зогсоод машинаасаа буугаад ирсэн чинь хүүхэд дайрагдсан байсан. Тэгээд түргэн тусламж руу залгасан чинь утас нь яриад байсан. Дахин залгасан чинь яриад байсан. Тэгээд ер нь яаралтай эмнэлэг хүргэе гэж бодоод хүүхдийг аав ээжийн хамтаар машиндаа суулгаж аваад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр ирээд хүлээн авахад хүлээлгэж өгөөд байдлыг ажиглаад байж байхад цагдаа нар ирээд хэрэг болсон газар луу намайг аваад явсан. Намайг машиндаа суухад гадаа болон ойр орчимд нэг ч хүүхэд харагдаагүй. Эмнэлэгт байхад нь олон удаа очиж уулзсан. Эмчилгээний зардлуудыг нь төлсөн байгаа. Нийт 1.870.000 төгрөг өгсөн. Сүүлийн 7 хоногт уулзаагүй утсаар яриагүй байна. Өнгөрсөн 7 хоногт утсаар ярьж байхад бие нь сайжирсан хэвийн болсон гэж хэлж байсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэг, эх нялхсын эмнэлэг зэрэгт үзүүлсэн. /хх-ийн 38-39-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-р хуудас/
Өвчний түүх /хх-ийн 58-69-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-46, 82-88/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ү нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед ******* УНЛ улсын дугаартай Тоёота Альпард маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багт байрлах 11 дүгээр усан сангийн гадна 1 нас 11 сартай Ба овогтой Жа-ыг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жа-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 679 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Жаргалын биед баруун хөлийн дунд чөмөгний яс зөрсөн хугаралтай, элэгний дээд хэсгийн хальсан бүрхүүлийн доорх цус хуралт, баруун гуяны гадна хэсгийн арьсанд зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Б.Жа-ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл (автохөсгийн осол)-ээр үүссэн байх боломжтой. Б.Жа-ын биед учирсан гэмтэл нь түүний цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Жа-ын биед учирсан элэгний хальсан доорх цус хуралт, баруун гуяны гадна талд үүссэн зулгаралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Жа-ын баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 29-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч Н.Ү нь хохирогчийн эмчилгээний төлбөр болон бусад зардалд 1.920.000 төгрөг төлсөн болох нь мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарыг зүгээс хохирогчийн элэг бяцарсан, элгэнд уйланхай үүссэн бяцралттай, бүдүүн нарийн гэдэс дарагдаж шалбархай үүссэн гэх мэдүүлэг өгсөн байх боловч энэ нь шинжээчийн дүгнэлтэд: Б.Жа-ын биед баруун хөлийн дунд чөмөгний яс зөрсөн хугаралтай, элэгний дээд хэсгийн хальсан бүрхүүлийн доорх цус хуралт, баруун гуяны гадна хэсгийн арьсанд зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. ...Б.Жа-ын биед учирсан элэгний хальсан доорх цус хуралт, баруун гуяны гадна талд үүссэн зулгаралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... /хх-ийн 29-р хуудас/ гэснээр болон шинжээч эмч Б.Пүрэвжавын: ...Хүүхдийн биеийг гаднаас үзэхэд элэг болон дотор эрхтний өөрчлөлт мэдэгдэхгүй байсан. Ингээд уг хүүхдийн өвчний түүхийг нь үзэхэд баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан, элэгний дээд хэсгийн хальсан бүрхүүлийн дор цус хуралттай гэсэн байсан. Энэ нь тусгай багажийн шинжилгээгээр оношлогдсон байсан. Түүнээс биш элэг бяцарсан болон элгэнд уйланхай үүссэн гэсэн онош тавигдаагүй байсан. Тэрхүү хальсан бүрхүүлийн доорх цус хуралт нь элэгний бүтцэд нөлөөлөхөөргүй ба биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах бага хэмжээтэй байсан учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан... /хх-ийн 90-р хуудас/ гэснээр үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Алтанцэцэг нь хохирогч Б.Жа-ын хөл хугарсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотойгоор дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа гэм буруутай этгээд болох Н.Ү-өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ямар нэгэн нотлох баримт шаардахгүйгээр нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал болон шүүгдэгчийн чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 1.920.000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бо овгийн Н-ийн Ү-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Ү нь шүүхээс тогтоосон торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Шүүгдэгч Н.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөрт 1.920.000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А нь хохирогч Б.Жа-ын хөл хугарсан хүндэвтэр гэмтлийг эмчлэх, сувилахтай холбоотой цаашид гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Н.Ү-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА