Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 153

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: Б.Х,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Х-д холбогдох 1928002570155 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехник, гагнуурчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 1 дүгээр заставд жолооч ажилтай, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 5а-9 тоот хашаа дотор 5778 ХОА улсын дугаартай Субару простер маркийн автомашиныг жолоодож хөдлөхдөө эрэгтэй, 1 нас 1 сартай А.О-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Х яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хилийн заставаас чөлөө аваад Өмнөговь аймагт хүүхдээ эмнэлэгт үзүүлэх зорилгоор эхнэр, 2 хүүхдийн хамт ирсэн. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа эхнэртээ болон өөртөө чөлөө авсан. 10 дугаар сарын 22-ны өглөө онц зүйл хийхгүй байж байгаад А-ийнд очсон. Өдөр 12 цагийн үед гадаа гарч машинаа цэвэрлээд байж байгаад 15 цагийн үед Бу хоол хийсэн. Тэгээд Буянхишиг төв рүү өөрийнхөө машиныг унаад явсан. Манай эхнэр талийгаач хүүг гадаа тоглож байхад нь гэр лүү нь аваад орсон. Манай охин гэрт уйлаад байхаар нь би охиноо аваад машиндаа суугаад эхнэр талийгаач хүүтэй гэрт үлдсэн. Машиныхаа салоныг арччихаад машинаа гэрийн хажуу руу тавьчихъя гээд хөдөлсөн. Машин хөдлөхөд түк гээд дуу гарсан. Толиндоо хартал хойно талийгаач хүү байсан. Талийгаач хүүг аваад шууд эхнэрээ дуудаад эмнэлгийн байгууллага дээр ирсэн. Эмнэлэг дээр очоод түргэн тусламж үзүүлэх гэсэн боловч талийгаач хүү өөд болсон байна гэж хэлсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би жижүүртэй байсан. Манай эхнэр жижүүрээс буугаад гэрт ирсэн байсан. Өглөө би ажил дээр очоод эхнэр гэрт ирчихээд хүүхдүүдээ орхиод төв рүү явсан байсан. Намайг ажил дээр байж байхад эхнэр 15 цагийн үед утсаар ярьсан. Нэхэмжилж байгаа зүйл, гомдол, санал, хүсэлт байхгүй. Хохирол төлбөрт 9.000.000 төгрөг төлсөн. Х-ийг ялгүй гаргах боломж байвал ялгүй гаргах хүсэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр Б.Б-ийн хамтаар 2016 оноос 2018 оны 10 сар хүртэл хилийн цэргийн 0131-р ангийн 0153 дугаар салбар буюу Өмнөговь аймгийн Номгон сумын Шүүлэн булагын заставд ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард хилийн цэргийн 0131-р ангид томилогдож ирсэн. Тэгээд Дундсайханы 5а-9 тоот хашааг худалдаж авсан. 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой заставд хамт ажиллаж байсан Х, эхнэр Тү нар хүүхдийнхээ хамтаар манайд өөрийнхөө машинтай ирсэн. Х эхнэр хүүхдийнхээ хамтаар аймагт ирэхээрээ байнга манайхаар ирдэг. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өглөө би ажилдаа явахад манай гэрт Х, Тү нар хүүхдийнхээ хамтаар үлдсэн. Мөн манай том хүү Гэ, бага хүү О нар үлдсэн байсан. Манай эхнэр тухайн өдөр ээлжээс бууж байсан. Намайг ажил дээрээ очиж байхад 15 цаг 40 минутын үед эмнэлгээс залгаад яаралтай эмнэлэг дээр ир гэж хэлсэн. Тэгээд яасан талаар асуухад юм хэлэхгүй байсан. Тэгээд би итгэхгүй ажил дээрээ байж байхад дахин эмнэлгээс залгаад яаралтай ир хүүхэд чинь хүнд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр лүүгээ яриад эмнэлгээс дуудаад байна гэж хэлсэн эхнэр намайг ирээд авсан. Тэгээд эхнэр бид хоёр эмнэлэг дээр очсон чинь манай хүү машинд дайруулсан гээд ирчихсэн байсан. Манай хүүг нас барчихсан гэж хэлсэн. Миний хүү 1 нас 1 сартай. Миний хүүг манай хадам аав хардаг байсан. Тухайн үед манай хадам аав Дундговь аймаг руу ажлаар явчихсан байсан. Тухайн өдөр миний хүү төрсөн ах Гэ-ын хамтаар үлдсэн байсан. Мөн Х эхнэрийн хамтаар манай гэрт байсан. Манай том хүү Гэ 9 настай. Талийгаач их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Манай хүү хөлд орчихсон байсан. Өөрөө гэрээс гараад ороод ирж чаддаг байсан. Манай эхнэр төв рүү явчихсан байсан юм байна лээ. Нэгэнт ийм зүйл болоод өнгөрсөн одоо гомдлоо гээд миний хүү босоод ирэх биш гэж бодож байна. Х-ийг ял шийтгэлгүй энэ асуудлаас салгамаар байна. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 8.606.109 төгрөг гарсан. Түүнийг Х төлөөд өгнө гэсэн болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Э.Тү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сар 20-ны өдөр би нөхөр Х-ийн хамтаар Хилийн Цэргийн 0131-р ангийн Цагаан Уулын Заставаас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирсэн. Даланзадгад суманд ирээд А, Бу нарын гэрт буусан. Тэднийх Даланзадгад сумын 4-р баг Дунд сайханд байдаг, яг тоотыг нь мэдэхгүй байна. Зүүн талд нь задгай хашаа байгаа. Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр машинаа угаагаад машин дотроо суугаад байж байсан. Тэгээд 16 цагийн орчимд нөхөр бид хоёр эмнэлэг явж хүүхдээ үзүүлье гэсэн юм. Би талийгаач хүүхдийг гадаа явж байхаар нь тэвэрч гэрт оруулж ирээд тавьчихаад уяаг нь хайгаад олох хооронд гэрээс гараад явчихсан байсан. Тэгээд хүүхэд уйлах чимээ гарахаар нь гүйгээд гарсан чинь гэрийн өмнө талд манай нөхөр талийгаачийг тэврээд миний өмнөөс гараад ирсэн. Тэгээд би хүүхдийг тэврээд бид хоёр эмнэлэг явсан. Эмнэлэг ороод талийгаачийг манай хүн тэврээд гүйгээд явсан. Би охинтойгоо машинд үлдсэн. Тэгээд би охинтойгоо буцаад гэр лүү явж гутлаа өмсөөд машинаа хашаанд орхиод гарч ирээд такси аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд цагдаа нар Ха-ийг аваад явсан. Ийм зүйл болсон. Талийгаачийн төрсөн ах нь Мө байсан. Мө надтай зөрөөд 00 орсон байсан. Манай нөхөр, охин хоёр машиндаа байсан. Ах М-той хамт үлдэх байсан. Мө одоо 2 дугаар ангийн сурагч байгаа юм. Талийгаачийн аав нь ажил дээрээ байсан. Талийгаачийн ээж нь банк орох ажилтай гээд түрүүлээд явчихсан байсан. Би болсон үйл явдлыг нүдээрээ хараагүй. Хүүхэд уйлахаар нь гараад ирэхэд манай нөхөр тэврээд өмнөөс гараад ирсэн. Манай нөхөр намайг машинд хурдан суугаарай гэхээр нь би машинд хөл нүцгэн байсан чигээрээ суугаад явсан. Нүүр хэсгээр нь ил шарх, сорви байхгүй байсан. Толгойны ар хэсгээс нь цус гараад байсан. Би түүнийг нь дараад сууж явсан. Х архи согтууруулах ундаа сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглээгүй байсан. /хх-ийн 29-р хуудас/

Гэрч Б.Ар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хоёр дүү буюу А, Бу хоёр 0131-р ангийн харьяа 4-р заставд амьдарч байгаад 2019 оны оны эхээр аймагт орж ирээд Хилийн цэргийн 0131-р ангид ажилласан. Манай хоёр дүү нартай хамт заставд ажилладаг байсан Х эхнэр нь Тү гэдэг хоёр хүн хүүхдийнхээ хамтаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирсэн шиг санаж байна. Энэ хоёр заставаас ирэхээрээ манай дүү нарынхаар л буудаг юм. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сар 22-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай дүү нар болох А, Бу нар над руу залгаад эмнэлгээс залгаад байна эмнэлэг явж байна яасан юм бол гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр яваад очиход талийгаач нас барчихсан байсан. Яг ямар асуудал болсныг мэдэхгүй байна. Сая сүүлд сонсоход заставаас ирсэн эхнэр, нөхөр хоёрын нэг нь талийгаачийг машинаараа хашаанд дайрсан гэж сонсоод байна. /хх-ийн 30-р хуудас/

Гэрч Б.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ээлжээс буугаад гэртээ ирсэн манай нөхөр надтай ээлжинд гарсан юм. Би өглөө 11 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрт Х эхнэр хүүхдийн хамтаар байсан. Манай том хүү Гэ бага хүү Одхүү нар байсан юм. Гэртээ ирчихээд сургуулийн хүүхдүүдээ зөөчихөөд дараагаар нь хоол хийж хүүхдүүдээ хооллочихоод Х болон тэд нарыг хоол идэж байх үед иргэний бүртгэлтийн газар орж ажил хөөцөлдөх гээд гарсан. Тэгээд Иргэний бүртгэл дээр байж байхад манай нөхөр залгаад эмнэлгээс яаралтай залгаж байна. Эмнэлэг дээр хурдан ир гэхээр нь нөхрөө дуудаад бид хоёр хамт эмнэлэгт очсон чинь ийм асуудал болчихсон байсан. Миний хүү 1 нас 1 сартай. Миний хүүг манай аав хардаг байсан. Тухайн үед манай аав Дундговь аймаг руу ажлаар явчихсан байсан. Талийгаач их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Манай хүү хөлд орчихсон байсан. Өөрөө гэрээс гараад ороод ирж чаддаг байсан. Ер нь бол байнга уяатай байдаг байсан. Санал хүсэлт гомдол байхгүй. Ха-ийг энэ асуудлаас ялгүй салгачихмаар байна. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 8.606.109 төгрөг гарсан. Зардлыг Х төлөөд өгчихсөн байгаа болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 31-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 дахь хэсэгт “Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт заасныг хэлнэ гэж тодорхойлсон байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15 дахь хэсэгт “Зам” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг хэлнэ гэж тодорхойлсон байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт “Зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам тусгаарлах зурвас замд хамаарна гэж тодорхойлсон байх тул А.О Дунд сайханы 5а-9 тоотод байх хашаанд Subaru Forester маркийн 57-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дайруулсан үйлдэл нь зам тээврийн осол биш гэж үзэж байна. /хх-ийн 33-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: А.О-ийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхны язарсан шарх, дагз, гавлын суурийн ясны дунд болон арын хонхор дахь хугарал, хатуу бүрхүүлийн урагдал, тархины эдийн бяцрал, аалзан хальс доорх цус харвалт, дух, хамар, дээд уруул, зүүн бугалганы цус хуралт, зүүн хацар, шанаа дагзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас /дайрагдах/ үүсгэгдсэн байх боломжтой. А.О нь гавал-тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 35-36-р хуудас/

Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Бага насаа гэрээр өнгөрөөгөөд 1998 онд Манхан сумын сургуульд ороод 2012 онд Сэлэнгэ аймгийн Эрдэнэбүрэн сумын Амарбаясгалан хийдэд шавилан сууж лам болсон юм. 2006 оноос Ховд аймгийн Хөгжил гэдэг сургуульд 7-р ангид ороод 2009 онд тухайн сурч байсан сургууль Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болсон. Тэгээд тухайн сургуульд сантехникч, гагнуурчны ангид сууж 2011 онд тусгай дунд боловсролын гэрчилгээтэй төгссөн. 2011 онд Говь-Алтай аймгийн 0214-р ангид хугацаат цэргийн алба хаагаад 2011-2013 онд Дорноговь аймгийн Сулин хээрийн 0198 дугаар ангид гэрээт цэргийн алба хаасан. 2013 оноос Хилийн цэргийн 0131-р ангид ахлагчаар ажиллаж байна. Гэр бүлийн хүн Э.Тү-тэй 2015 онд Улаанбаатар хотод танилцаад 2015 ондоо гэр бүл болоод 2016 онд том хүү Баянмөнх төрсөн. 2018 онд охин М төрсөн. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хилийн заставаас охин М-ийг эмнэлэгт үзүүлэх зорилгоор эхнэр Тү, хүү Ба нарын хамтаар Заставаас Даланзадгад суманд ирсэн. Даланзадгад суманд ирээд заставд хамт ажиллаж байсан найз А-ийн гэрт ирж хоносон. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө ажлаараа буюу Хилийн цэргийн 0131-р анги орж эхнэртээ болон өөртөө чөлөө авсан. Тэгээд тухайн өдрөө ангийн хашаанд машиндаа гагнуур хийлгэж өдрийг өнгөрөөсөн. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өглөө босоод онцын зүйл хийхгүй байж байгаад өдөр машиндаа цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн. Тэгээд 15 цагийн үед манай найз А-ийн эхнэр Бу хоол хийгээд бид нар бүгдээрээ хоол идсэн. Хоол идчихээд би машиндаа ороод машинаа үргэлжлүүлээд цэвэрлэсэн. Тэгж байхад Бу төв рүү явлаа гээд машинтайгаа гараад явсан. Тэр үед талийгаач О гадаа тоглож байсныг манай эхнэр аваад гэр лүү орсон. Би гэрт ороод охин Мөнхцэцэгээ аваад машинд орж суугаад салоноо цэвэрлэж байгаад машинаа гэрийн баруун тал руу авч очиж зогсоох гээд машинаа хөдөлгөсөн. Тэр үед машины ар хэсэгт түк гэсэн чимээ гарсан. Би толиндоо харсан чинь талийгаач О газар хэвтэж байгаа харагдсан. Би машинаас бууж очоод хүүг тэврээд харсан чинь толгойноос нь цус гарч байсан. Тэгээд эхнэрээ дуудахад эхнэр гэрээс гараад ирсэн. Тэгээд би талийгаачийг эхнэртээ өгөөд би машинаа унаад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. /43-44-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-15-р хуудас/

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21-р хуудас/

Нас барсан тухай гэрчилгээний хуулбар /хх-ийн 62-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 63-70-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-57-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 5а-9 тоот хашаан дотор 57-78 ХОА улсын дугаартай Субару простер маркийн автомашиныг жолоодож хөдлөхдөө эрэгтэй, 1 нас 1 сартай А.йо-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач А.О-ийн биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.О-ийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхны язарсан шарх, дагз, гавлын суурийн ясны дунд болон арын хонхор дахь хугарал, хатуу бүрхүүлийн урагдал, тархины эдийн бяцрал, аалзан хальс доорх цус харвалт, дух, хамар, дээд уруул, зүүн бугалганы цус хуралт, зүүн хацар, шанаа дагзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас /дайрагдах/ үүсгэгдсэн байх боломжтой. А.О нь гавал-тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 35-36-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...талийгаачийн оршуулгын зардалд нийт 9.000.000 төгрөг төлсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч Б.Ха-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “шүүгдэгчийг ял шийтгэлгүй энэ асуудлаас салгамаар байна” гэх мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан байх тул шүүгдэгч Б.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 0-5 насны 2 хүүхэдтэй зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д 9.000.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Х-ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  5. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д 9.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА