Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0564

 

 

“Г ч” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 490 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор “Г ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 490 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Г ч” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/291 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус сайдын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/238 дугаар тушаалын өөрийн ашиглаж байсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Г ч” ХХК-д буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Г ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ч давж заалдах гомдолдоо: “Г ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, гуравдагч этгээд “З” ТББ оролцуулан хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 490 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн 13 дугаар тал “... маргаж буй захиргааны актын алдаа нь ноцтой үр дагаврыг үүсгэж, нийтэд илэрхий мэдэгдэж байгаа тохиолдолд илт хууль бус болох бөгөөд захиргааны байгууллагын зүгээс бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа буюу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаа байхгүй байх тул илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Илэрхий алдаа гэдэг нь дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр буюу тухайн асуудлын талаар эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байх шаардлагатай. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаал нь илэрхий алдаатай буюу илт хууль бус бөгөөд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн талаар хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй дараах үндэслэлүүд байна. Үүнд:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт иргэн хуулийн этгээд газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргах ба иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллага гаргана. Сум, дүүргийн Засаг дарга шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаа хамтран байгуулж гэрээний үндсэн дээр газар ашиглуулах тухай зохицуулалтууд тусгагдсан байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Уг дуусгавар болгосон тушаалын хууль зүйн үндэслэлд заасан Газрын тухай хуулийн 39.1.3-д заасан хүсэлтийг манай компанийн зүгээс гаргаагүй. Газар ашиглах эрх дуусгавар болгохоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Газрын тухай хуулийг зөрчөөгүй болно. Шүүхэд хандсанаар уг тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон  үндэслэл нь хариуцагчийн өмнө албан бичгээр өгч байсан газар ашиглах эрхийг олгохдоо бусдын ашиглалтын газрын орц, гарцыг хаасан, MNS 6462:2013 стандартыг зөрчсөн учир гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Гуравдагч этгээд буюу иргэн аж ахуй нэгж байгууллагын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тушаалыг гаргасан нь илэрхий болсон. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 219 дүгээр талд Гуравдагч этгээд “З” ТББ-аас 2017 оны 10 сарын 05-ны өдөр 150/01 дүгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.О-д гаргасан хүсэлт байгаа нь тогтоогдсон. Тухайн гаргасан хүсэлтийн огноо нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр байх ба энэ өдөр нь пүрэв гараг, маргаан бүхий захиргааны актын огноо нь 2017 оны 10 сарын 09-нийн даваа гараг байна. Газар ашиглагчийн эрх зөрчигдөж байна гэсэн хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллага хүлээн аваад ажлын хоёр өдрийн дотор газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн илэрхийлнэ. Төрийн захиргааны төв байгууллагад гаргасан хүсэлтийг бичиг хэрэг бүртгэн хүлээж аваад холбогдох алба нэгжид шилжүүлэх, албан нэгжийн удирдах албан тушаалтан танилцаж холбогдох ажилтанд цохолт хийх, ажилтан судалж үзээд хариу хүргүүлэх төсөл бэлтгэх, сайдад танилцуулах  ажил ажлын нэг өдөрт хийгдсэн байх боломжгүй.

Гэрээ байгуулсан засаг дарга, хамгаалалтын захиргаанаас тухайн асуудлыг тодруулж санал авахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлд заасныг зөрчиж гуравдагч этгээдийн хүсэлтийг ажлын хоёр өдрийн дотор хангаж шийдвэрлэсэн бөгөөд тушаалын 2 дахь заалт “... холбогдох хэсгийг хүчингүй болгож эдгээр аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээг цуцалсугай.” гэсэн нь хэнд үүрэг болгож байгаа нь тодорхойгүй. 2017 онд гарсан уг тушаалыг төрийн захиргааны төв байгууллага нь вэб сайтаараа мэдэгдсэн гэх боловч газар ашиглах гэрээ байгуулсан тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон дүүргийн засаг дарга тухайн тушаалыг хэрэгжүүлээгүй манай компанид мэдэгдэж гэрээ цуцлаагүй. Манай компани газрын төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирсэн.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс сонсох ажиллагааг хийх шаардлагагүй байсан, хийгээгүй талаар тайлбараа шүүхэд удаа дараа гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд гэснийг баримтлан сонсох ажиллагаа хийхгүй” байх нь зүйтэй гэж тайлбарлаж байгаа бөгөөд шүүх хариуцагчаас удаа дараа сонсох ажиллагааг хийсэн талаар нотлох баримтыг шаардсаны дагуу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06/4200 хариу хүргүүлэх тухай албан бичгийг гаргуулан авсан хэдий ч шүүх уг асуудалд тухайлсан тайлбар хийж дүгнэсэнгүй. Зүй нь сонсох ажиллагаа хийсэн талаарх нотлох баримт хувийн хэрэгт байхгүй, хийгээгүй гэх хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийснээр ажлын 2 хоногт багтаан гаргасан илт хууль бус захиргааны актын илэрхий алдааг дүгнэх боломж бүрдэх байсан.

“З” ТББ-ын хүсэлтээр “Г ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох “Г ч” ХХК-д мэдэгдэж шийдвэр гаргах байсан талаар хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн талаар зөвтгөж дүгнэсэнгүй.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар хариу тайлбартаа дурддаг. Шүүх хариуцагчаас “Г ч” ХХК-д хэрхэн мэдэгдсэн талаар баримт гаргуулахаар шаардахад 2 дугаар хавтаст хэрэгт хэргийн 45 дугаар талд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хариу хүргүүлэх тухай албан бичигт “...2018 оны 09 сарын 06-ны 10/6195 тоот тус компанид өгсөн баримт бичигт яамны цахим хуудаст байршуулсан талаар дурдсан байна. ...зарыг харах боломжгүй байна.” гэжээ. Тухайн үед цахим хуудсаар мэдэгдсэн гэх боловч энэ баримтыг хувийн хэрэгт хавсаргаагүй, гаргаж өгөх баримтгүй байгаа нь илт хууль бус захиргааны актыг мэдэгдэлгүй нууж гомдол гаргах, хэрэг маргааныг шийдвэрлүүлэх боломжгүйд хүргэсэн нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн санаатай үйлдэл байхыг үгүйсгэхгүй.

2. Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон “З” ТББ-ын “...Гэвч зураг төсөлд ногоон байгууламж, зам, талбай, орц, гарц хийгдэхээр төлөвлөгдөн батлагдсан талбай дээр давхцуулан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчин газар олголт хийгдсэн байна. Дээрх байдлаас шалтгаалан бид батлагдсан зураг төслийнхөө дагуу ажлаа үргэлжлүүлэх, эзэмшил газартаа орох гарах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул манай эзэмшлийн төлөвлөлт хийгдсэн газартай давхцуулан хууль зөрчин олгогдсон газрыг хүчингүй болгож өгнө үү? гэсэн.

Тус хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас нь харахад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зураг төслийн дагуу ажлаа үргэлжлүүлэх, эзэмшил газартаа орох гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд ... хавтаст хэргийн 195 дугаар тал 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 13-16 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын 1-д “....Чандманы ам, Хийморь хотхоны урд талд олгосон 2.6 га газар, Байгаль орчны сайдын 2005 оны 244 дугаартай 0.75 га газрыг тус тус үндэслэв. Авто зогсоол нормоор Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 бусад гарааш Эдэлбэр газрын барилгажаагүй хэсэгт газар доорх авто зогсоол төлөвлөх гэж бичигдсэнээс харахад зөвхөн хуулийн дагуу ашиглаж буй газарт нь төлөвлөлтийг хийсэн. Тодруулбал “Г ч” ХХК-ийн ашиглаж буй газарт авто зогсоол орц гарцын төлөвлөлт хийгдээгүй байна. Үүнийг шүүх өөрөө дүгнэх боломжгүй гэж үзвэл холбогдох байгууллагаас нотлох баримт тайлбарыг гаргуулан шийдвэрлэх бүрэн боломжтой байв. Мөн хүсэлтдээ дурдсан Газрын тухай хуулийн зүйл заалт нь газар эзэмших эрхийн талаар буюу тухайн харилцаанд хамаарахгүй зохицуулалтыг тусгажээ.

 Төрийн захиргааны төрийн төв байгууллагаас “Г ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалт, засаг дарга болон тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай байгуулсан газар ашиглах гэрээний заалтыг баримтлаагүй. “З” ТББ-ын гаргасан хүсэлтээр “газар ашиглах эрхийг олгохдоо бусдын ашиглалтын газрын орц гарцыг хаасан, MNS 6462:2013 стандартыг зөрчсөн” гэж 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичигтээ дурдсан. 2017 оны А/291 дүгээр тушаалын зорилго болон үндэслэл нь тухайн албан бичгээр өгч буй хариу, хариуцагчийн хариу тайлбар зэргийн уялдаа холбоогүй байдлаас дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тодорхой болно.

Хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч манай компани нь орц, гарцыг хаасанд гуравдагч этгээд гомдолтой, үүнтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх зорилготой байсан байна.

Гэтэл хариуцагч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж заасныг зөрчин түүнчлэн Иргэний хуулийн 151 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл. Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, уг газарт нэвтрэх, дайран өнгөрөх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх.” гэсэн орц гарцтай холбоотой маргааныг шийдвэрлүүлэх зохицуулалтыг газар эзэмшигч хуулийн этгээдэд огт олголгүй, хууль заасан эрх олгогдоогүй, эрх зүйн үндэслэл, тохиолдол үүсээгүй байхад нэхэмжлэгчийн эрхэд хариуцагч ноцтой халдаж шийдвэр гаргажээ.

Шийдвэр гаргаж байгаа үед нэхэмжлэгчийн эрхэд халдах гарцаагүй ямар нотолгоо, баримт байгаад зөвхөн орц, гарцыг хаасан хэсгийг хүчингүй болгохгүйгээр газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон баримт, үндэслэлийг хариуцагч тайлбарлаагүй бөгөөд шүүх уг асуудалд дүгнэлт өгөөгүй.

Хоёрдугаар хавтаст хэргийн 67 дугаар талд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуучлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 491 дүгээр санал хүргүүлэх тухай албан бичигт “... “З” ТББ нь ашиглаж буй газрынхаа хойд талын талбайг нэмэгдүүлж .... солбицлоор 3600.0 мкв талбайн хэмжээг нэмэгдүүлэн 4800 мкв болгох хүсэлт нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлов” гэсэн бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Газар ашиглах эрх нь дуусгавар болсон “Г ч” ХХК-д захиргааны актыг мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх баримт байхгүй атал “З” ТББ-д 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10/8049 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийг цуцалсан тухайгаа мэдэгдсэн байдаг. Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж байгаа этгээдэд хариуцагч шийдвэрээ огт мэдэгдээгүй байж газар өөр этгээдэд тухайлан бичгээр мэдэгдсэн нь эргэлзээ үүсгэж байна.

Эцэст нь хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, зарчмуудыг ноцтой зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анх нэхэмжлэгч “Г ч” ХХК Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн ам нэртэй 0.3 га хэмжээтэй талбайг 5 жилийн хугацаатай, аялал жуучлалын зориулалттай ашиглах эрхийг олгожээ. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 6054374 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ” авч, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр № 2016/097 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулсан байна.

Уг газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.

“Г ч” ХХК нь уг тушаалыг эс зөвшөөрч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалын “Г ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын дагуу “Г ч” ХХК-ийн эзэмшиж байсан 0.3 га талбайг буцаан олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/238 дугаар тушаалын “З” ТББ-д холбогдох хэсгийн “Г ч” ХХК-ийн ашиглаж байсан газартай давхцаж олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн байна.

Анхан шатны шүүх “...захиргааны акт нь “Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн талаар зөв дүгнэлт хийсэн боловч Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчөөгүй, ... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаа байхгүй тул илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл зэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 0.3 га газрыг ашиглах эрхийг нэхэмжлэгч компани олж авсан.

Анх нэхэмжлэгч компаниас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаагаар “Г ч” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 2016/0101 тоот гэрчилгээний дугаар бүхий 0.3 га газар нь кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй, бусад газар ашиглагч иргэн аж ахуй нэгжийн ашиглалтын газартай давхцалгүй байна” гэсэн дүгнэлт өгсөн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Г ч” ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах газар нь бусад этгээдийн ашиглах эрх бүхий газартай анхнаасаа давхцалгүй байжээ.

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 150/01 дүгээр албан бичгийг “З” ТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн байх бөгөөд тус компанийн ашиглалтын газрын орц гарцыг хаасан гэж хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу ажлын 2 хоногийн дотор “Г ч” ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/291 дүгээр тушаалыг гаргасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчжээ.

Учир нь бусад этгээдийн өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий /хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй/ газартай давхцал үүссэн тохиолдолд тухайн 2 газрыг давхцалтай гэж үзэх ёстой. Гэтэл бодит байдал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/291 тоот тушаалыг гаргаж байх үед ямар ч газрын давхцал байгаагүй ажээ. Нөгөө талаар манай орц гарцыг хаасан гэсэн агуулгаар гомдол гаргахад тухайн нөхцөл байдлыг шалгалгүй, өөр агуулга бүхий тушаал гаргасан нь буруу байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа манайх Хан-уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын Чандманийн аманд хэрэгжүүлэх “Хийморийн овоо амралт аялал жуулчлалын цогцолборын өргөтгөл” төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2015 онд гаргасан. Тухайн төлөвлөгөөнд авто машины зогсоол барихаар тусгагдсан, нэмж газар авах шаардлагатай гэж тайлбарладаг. Гэвч хавтас хэрэгт авагдсан архитектурын төлөвлөгөөний даалгавар  дээр тухайн төлөвлөгөөг гаргахдаа газар доор автомашины зогсоол барихаар тусгасан байх тул гуравдагч этгээдийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Нэмж дурдахад аливаа иргэн, хуулийн этгээд ямар ч том төсөл, хөтөлбөр, барилга байгууламжийн зураг хийлгүүлж болно. Тухайн зураг, төсөл нь дангаараа газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг үүсгэхгүй. Дээрх төлөвлөлтийн зургийг үндэслэн газар давхацсан гэж захиргааны акт гаргаж байгаа нь хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна. 

Нөгөө талаар аливаа барилга байгууламж, авто зогсоол, өргөтгөл зэрэг нь өөрийн ашиглах эрх бүхий газрын хэмжээнээс илүү гарах ёсгүй болохыг дурдах нь зүйтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн  А/291 дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дугаар зүйл зэргийг үндэслэн гарсан боловч энэхүү маргааны нөхцөл байдал, хуулийн заалт 2 ямар ч хамааралгүй гэж үзэхээр байна. Тодруулбал А/291 дүгээр тушаалд газар ашиглах эрхийг дуусгавар болгохтой холбоотой 2 заалтыг үндэслэжээ. 1/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн “Газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх” гэсэн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад  “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заасныг, 2/ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэж заасныг тус тус баримтлан тушаалаа гаргажээ.

Гэтэл бодит байдал дээр “Г ч” ХХК Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д заасны дагуу “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэж үзэх нөхцөл байдал огт бүрдээгүй, газар ашиглагч ямар ч хүсэлт гаргаагүй байна.

“Г ч” ХХК-д олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг зөрчжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд тухайн ашиг сонирхолд халдсан захиргааны акт илт хууль бус болохоор заасан байдаг бөгөөд уг заалтын “хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан тохиолдлыг ойлгодог. Хариуцагчийн тайлбараас харахад холбогдох хуулийн зүйл заалтыг үндэслэсэн мэт боловч тухайн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх бүхий этгээд болох “Г ч” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байсан гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгч “Г ч” ХХК-аас газар ашиглах эрхийн гэрчилгээгээ дуусгавар болгох хүсэлт гаргаагүй байхад гаргасан мэтээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/291 дүгээр тушаалыг үйлдсэн нь эрх зүйн илэрхий алдаа гаргасан буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Мөн түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/291 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”; 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”; 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн байна. Иймд хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд гэснийг баримтлан сонсох ажиллагаа хийхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/238 дугаар тушаалын “З” ТББ-д холбогдох хэсгээс өөрийн ашиглаж байсан 0.3 га талбай бүхий газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд эрх зүйн үйлчлэл нь гарсан цагаасаа хүчин төгөлдөр бус болдог ба илт хууль бус захиргааны актыг гаргаснаас хойш тухайн захиргааны акттай холбогдон гарсан бусад захиргааны шийдвэрүүд ч мөн адил эрх зүйн үйлчлэлгүй болдог. Хуулийн дагуу газар ашиглаж байсан этгээдийн эрхийг хүчингүй болгож улмаар өөр этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй байна. Нөгөө талаар “Г ч” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох агуулгаар гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/291 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн эрхийг сэргээж, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/238 дугаар тушаалын “З” ТББ-д олгосон “Г ч” ХХК-ийн ашиглаж байсан 0.3 га газартай давхцал бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлд мөн “2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын дагуу “Г ч” ХХК-ийн эзэмшиж байсан 0.3 га талбайг буцаан олгохыг хариуцагчид даалгах” шаардлага байгаа болно. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 2 шаардлагын талаар дүгнэлт хийсэн боловч ТОГТООХ нь хэсэгт энэхүү шаардлагын талаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Нэгэнт хавтаст хэрэгт хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд цугларсан байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагын тухайд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс “талбай буцаан олгох” гэсэн нэршил бүхий захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргах боломжгүй бөгөөд нэгэнт эхний 2 шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул “Г ч” ХХК-ийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.1.3, 121.2, дахь хэсгийг тус тус удирдлага болгон