| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 108/2023/0131/Э |
| Дугаар | ХШТ/2026/20 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар ХШТ/2026/20
Б.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1304 дүгээр магадлалтай, Б.М-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
урьд 2021 оны 12 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,
2022 оны 05 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, *** овогт Б.М;
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.М-г “Цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.М-г 05 жил 06 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 329 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-аас нийт 25,163,000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт тус тус олгуулах,
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн төрсөн хүүхдүүд болох М.М, Э.У, Э.Ө нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг *** дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч *** овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэж тус тус өөрчилж,
шүүгдэгч Б.М-ийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбагана хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “… Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/1304 дугаартай магадлалыг хүлээн авч, танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч Б.М нь фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан мөнгө зээлж байгаа мэтээр хуурч, *** банкны *** тоот дансаар, “манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, мөнгө шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүссэн боловч худалдахаар тохиролцсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдад итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, нэр бүхий 109 хохирогчид нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.
Гэвч давж заалдах шатны шүүхээс “амьдралын эх үүсвэр болгож гэмт хэрэг байнга үйлдэх ойлголт нь тухайн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортойгоор давтан үйлдэж дадал зуршил болсон, гэмт этгээд өөр орлого ололгүйгээр дан ганц уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах гол эх үүсвэр болгож ашигласан гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй үйлдэл байх ёстой. Гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо гэр бүлийн нийт гишүүдийн амьдрахад зарцуулагдах бүх төрлийн санхүүгийн эх үүсвэр болгоход чиглэсэн байдлыг харгалзан үздэг. Гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан буюу шүүгдэгч Б.М нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг шунахайн сэдэлт, зорилгоор 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан өөрт байхгүй бараа, материалыг байгаа мэтээр зохиомол байдлыг байнга зориудаар бий болгож, барааны гэх мөнгийг өөрийн хамаарал бүхий дансаар шилжүүлэн авч захиран зарцуулсан үйл баримт тогтоогддог тул анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлан шийдвэрлэжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж дадал зуршил болсон гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болон өөрийн амьжиргаа, тогтсон хэв маяг, дур сонирхлыг хангах, залгуулах эх үүсвэр болгосон хэвшмэл шинжтэй ойлголт юм.
Шүүгдэгч Б.М-ийн 109 удаагийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, давтамж, шинж чанарын төстэй байдал, учруулсан хохирол, амьдралын хэв маягтаа зарцуулсан байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хэргийг зүйлчилсэн. Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэж 26,518,000 төгрөгийг олж, зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө амьдралын хэв маяг, дур сонирхлыг хангахын тулд хууль бус үйлдэл хийж орлого олж, зарцуулсан нь хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан, Б.М-г бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг 109 удаагийн давтамжтайгаар, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон. Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарч байна.
Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/1304 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Эрдэнэ хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийг хангасан бөгөөд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгчийн нөхрийн өгсөн “эгчийнхээ малыг маллаж хариуд нь мөнгө авдаг гэх” гэрчийн мэдүүлэгт тулгуурлан “... гэр бүлийн гишүүний орлого гэр бүлийн хэрэгцээг хангаж байсан, тэрээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдоогүй” гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Гэмт хэргийн улмаас олсон орлого нь хууль ёсны орлоготой нийлж, амьдралын эх үүсвэрийг бүрдүүлсэн тохиолдолд хууль ёсны орлого гэмт этгээдийн өөрийн олсон орлого мөн эсэх, дийлэнх хэсгийг эзэлж байгаа эсэхээс хамаарч хэргийн зүйлчлэлд нөлөө үзүүлж болно. Гэхдээ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох асуудлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгосон гол шалтгаан, үндэслэл нь тухайн этгээд амьдралын хэрэгцээгээ хангаж, амьжиргаагаа залгуулахын тулд гэмт хэрэг байнга үйлддэг буюу хэвшил болж тогтсон зан үйлтэй нь илүү холбоотой гэж үзэж байна. Учир нь тухайн этгээдийн дадал, зуршил болж тогтсон гэмт зан үйл нь нийгэмд тогтмол хор аюул учруулдаг, давтагддаг, таслан зогсоогддоггүй гэдэг агуулгаараа нийгмийн хор аюул ихтэйд тооцогдох учраас хүндрүүлэх шинж болсон.
Шүүгдэгч Б.М нь бүтэн 2 жилийн хугацаанд цахим хэрэгсэл ашиглан 109 хохирогчоос нийт 26,518,000 төгрөгийг залилан авч, уг орлогоороо амьжиргаагаа залгуулж байсан, гэмт хэрэг үйлдэх цаг хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, урьд нь ижил аргаар гэмт хэрэг үйлдэж 2 удаа ял шийтгүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдлууд нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн шинжтэй тохирч байна. Давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь таамгийн шинжтэй, хийсвэр болсон учраас хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч А.Буянжаргал хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хэдийгээр шүүгдэгч Б.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн, 109 хохирогчтой боловч гэмт хэргийн улмаас олсон орлого нь амьдралын эх үүсвэртэй нь хэрхэн холбогдож байгаа, мөн өөр амьдралын эх үүсвэр байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нотлох баримтад эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн учраас шүүгдэгчийн хувийн байдал, нэг хохирогчид ногдох хохирлын хэмжээ харьцангуй бага зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.М-г 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2024, 2025 онд үйлдсэн хоёр удаагийн үйлдэлд нэмж яллагдагчаар татсанаас гадна өөр үйлдсэн хэргүүд нэмэгдэн гарч ирж байгаа гэсэн мэдээлэл бий. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл 2 жилийн хугацаанд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас төрөл бүрийн хувцас, гутал, цүнх, хүүхдийн тэрэг, хүүхдийн сүү, тоглоом, хийлдэг гудас, сүүдрэвч, бүтээлэг, хөшиг, гоо сайхны хэрэгсэл, монгол гэр, майхан, гэрийн бүрээс, тавилга, буйдан, ширээ сандал, хөргөгч, халуун сав, халуун тогоо, аяга таваг, нохой гэх мэт өргөн хэрэглээний бараа материал, эд зүйл худалдах, хүргэлтээр үйлчлэх тухай хуурамч заруудыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч нараас захиалга авч төлбөрт шилжүүлсэн мөнгийг нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар дамжуулан хүлээж авах, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгож мөнгө зээлэх, өр төлүүлэх зэргээр нэр бүхий 109 хохирогчийг хуурч мэхлэн нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.М-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.М-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 05 жил 06 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М-д оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.
Харин давж заалдах шатны шүүхээс “... шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэргийн байдал нь цаг хугацааны хувьд тогтвортой, удаан хугацаанд үргэлжилсэн, олон удаагийн давтамжтайгаар үйлдэгдсэн хэдий ч 2022 оны 06 сараас 2023 оны 03 сарын хооронд бусдыг залилж 26,518,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь тухайн гэм буруутай этгээдийн амьдралын эх үүсвэр болсон эсэх, уг мөнгөөр амьдралын хэрэглээгээ хангаж, өөр орлогын үүсвэр байгаагүй гэдгийг бодитой тогтоосон баримт байхгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөнгө нь түүний гэр бүлийн тухайн цаг хугацаан дахь амьдралын хэрэгцээг хангахад хүрэлцэж байсан эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, амьдралын эх үүсвэр болгож байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй …” хэмээн дүгнэж, түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 06 сараас 2024 оны 04 сарын хооронд 2 жилийн хугацаанд нэр бүхий 109 хохирогчийг цахим хэрэгсэл ашиглан ижил төстэй аргаар залилж 26,518,000 төгрөгийн хохирол учруулсан байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ шүүгдэгч дээрх мөнгийг амьдралын эх үүсвэр болгосон эсэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь түүний гэр бүлийн хэрэгцээг хангахад хүрэлцэж байсан эсэх, мөн өөр орлогын эх үүсвэртэй байсан эсэх нь бусад баримтаар тогтоогдоогүй гэх илтэд үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна гэмт хэрэг үргэлжилсэн хугацааг “2022 оны 06 сараас 2023 оны 03 сарын хооронд” хэмээн буруу дүгнэжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.
“Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.
Хулгайлах, дээрэмдэх, залилах, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн хууль бус орлогоос гадна өөр хууль ёсны орлоготой байсан эсэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь түүний өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг нь хангахад хүрэлцэж байсан эсэх, мөн нэг удаагийн үйлдлийн хохирлын хэмжээ нь үлэмж, эсхүл их хэмжээнд хүрсэн эсэх нь түүний үйлдсэн гэмт хэргийг “Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхэд саад болохгүй.
Шүүгдэгч Б.М урьд нь цахим орчинд хувцас зарах, дээл оёж өгөх зэрэг хуурамч зар байршуулан 15 удаагийн үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж Налайх дүүргийн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар (6 дугаар хавтаст хэргийн 203 дахь тал), мөн цахим орчинд монгол гэр, адууны арьсан гутал зарах хуурамч зар байршуулж 2 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар (6 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал) тус тус шийтгүүлсэн боловч гэм буруугаа ойлгож гэмшээгүй, үргэлжлүүлэн 2 жилийн хугацаанд дээрх аргаар нэр бүхий 109 хохирогчоос нийт 26,518,000 төгрөгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн ба энэхүү үйлдлээ эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан мөрдөн шалгагдаж байхдаа хийсээр байсан нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүгдэгч Б.М нь цахим орчинд хуурамч зар байршуулах аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг удаан хугацаанд тогтвортой үйлдэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх аргад мэргэшиж, энэхүү гэмт зан үйлийг зуршил болгосон хувийн байдлаас үзэхэд түүний үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байх тул хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа 2022 оны 10 дугаар сараас эхэлсэн боловч энэ хугацаанд Б.М нь хоёр удаа жирэмсэлж, 2023 оны 11 дүгээр сарын 07-нд (8 дугаар хавтаст хэргийн 163 дахь тал) болон 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус тус хүүхэд төрүүлж (19 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал) тухай бүр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлага үүссэн, мөн Б.М энэ хэрэгт мөрдөн шалгагдаж байхдаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэж байснаас шалтгаалан түүний шинээр үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шалгах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах, түдгэлзүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М-ийн 2024-2025 онд шинээр нэмж үйлдсэн гэх гэмт хэргийн талаарх баримтат мэдээлэл хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргалын гаргасан тайлбарт тулгуурлан Б.М-д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэх бусад хэргийг энэ хэрэгт нэгтгэж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1304 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр болно.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР