Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг  баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би ******* *******” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг дарга /*******/-д хариуцагдах “Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоот “Эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

              1.Нэхэмжлэгч ******* *******” ХХК-ий ерөнхий захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК-ий захирал ******* миний бие нөхрийн хамт 2004 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “******* *******” ХХК-ий ******* ******* захыг худалдан авсан ба тухайн үед 11 зүйлийн эд хөрөнгийг актаар хүлээн авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

2009 онд иргэн ******* нь манай захын хашаан дотор контейнероо түр хугацаагаар тавьж байхаар гуйсан юм. Ингээд контейнероо тавьснаас хойш нилээд хэдэн жил өнгөрсөн ба газрыг чөлөөлж өгөх талаар хэлэхэд манайх энэ газар дээр чинь гэрчилгээ гаргуулж авсан хэмээн газрыг чөлөөлж өгөхөөс татгалзсан юм. Миний бие тухайн үед нь итгээгүй, энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба Дундговь аймаг  дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь тухайн үед ямар ч кадастрийн зураг хийх эрхгүй, газрын албанд Геодези зураг зүй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ******* гэгч эмэгтэйгээр газрын хэмжилт хийлгэн кадастрийн зураг гаргуулж улмаар манай компаний эзэмшлийн газар дээр Засаг даргын захирамж гаргуулсан байна.

Иймд манай компаний эзэмшлийн газрыг эзэмшигчийн ямар ч зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгох, уг захирамжийг хууль бус гарсан болохыг 2017 оны 3 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон иргэний хэргийн материалтай танилцснаар мэдсэн юм. Мөн иргэн *******д контейнер байрлуулсан газраа чөлөөлж өгөхийг амаар удаа дараа мэдэгдэж байсан ба энэ талаар эрх бүхий байгууллага болох аймгийн ГХБХБГ-т хандаж байсан. Тухайн үед ГХБХБГ-ын даргаар ажиллаж байсан нь ******* / ХХК/-д “******* *******” ХХК-ий газрыг чөлөөөлөх талаар мэдэгдсэн тухай албан бичгээр манай компанид гаргаж өгч байсан.

Аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн тоот “Эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжид заасан газрын хэмжээнд захын хашаан доторх контейнер байрлуулсан энэ нь манай компаний эзэмшлийн газарт багтаж байгаа болох нь аймгийн ГХБХБГ-ын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.

Хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу 2013 оны 11 сарын 08-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан гомдол гаргасан боловч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2017 оны 4 сарын 17-ны өдрийн  617 дугаар бүхий албан тоот хариу ирүүлсэн.

Уг хариу нь миний гаргасан гомдлыг судалж хуулийн *******нд шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг дарга *******д үүрэг болгосон боловч хариуг өгөөгүй. Иймд шүүхэд дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...миний бие хэрэг материалтай танилцсан ба Дундговь аймгийн Засаг дарга ******* миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн тоот “Эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот “Газар эзэмших эрх дуусгавар болох тухай” захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ. /хх-27-28, 194-195/

2. Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга /*******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ий захирал *******гийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 6-ний өдөр гардан авч дээрх захирамжийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Захирамжийг шүүхэд хүргүүлэв гэжээ./хх-53-54/

3.Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* нь уг маргаж байгаа газрыг манай эзэмшлийнх гэдгийг мэдэж байсан. Анхан шатны шүүх дээр өөрөө нэхэмжлэл өгөөд энэ захирамжийг мэдсэн гэж бичиж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Учир нь энэ маргаад байгаа газарт  байгаа контейнер нь 2002 оноос эхлэн байрласан. Уг контейнерийг анх Дониддавга, гэх хүмүүс эзэмшиж байгаад миний бие худалдаж авсан. Контейнер байгаа газрыг анх гэдэг хүнээс 2002.12.09-нд Өндөр довжоот дэлгүүрийн барилга, уурын зуух, одоогийн байгаа хашаа бусад эд аж ахуйн зүйлтэй хамт миний бие авсан. Энэ нь анх худалдан худалдан авах гэрээгээр нотлогдоно. Иймд уг газрыг “******* *******” ХХК-иас аваагүй. Анхнаасаа хууль ёсоор л худалдан авч одоог хүртэл эзэмшиж байна.

Миний бие 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 тоот захирамжаар анх 480 мкв газрыг иргэн гээс, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/609 тоот захирамжаар 185 мкв газрыг иргэн ээс, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/610 тоот захирамжаар 84 мкв газрыг гээс тус тус худалдан авсан. Үүнийг нэг эзэмшигчтэй учир кадастрт оруулж нэг гэрчилгээтэй болгох зорилгоор аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн тоот захирамж гарсан юм.  Гэтэл хариуцагч болох аймгийн Засаг дарга ******* нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр А/254 тоот захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг зөрчлөө.

Надад ийм захирамж гаргах гэж байгаа  талаар огт мэдэгдээгүй. Шүүх дээрээс л би ийм захирамж гаргасныг мэдлээ. Миний эзэмшлийн газрыг эзэнд нь огт мэдэгдэлгүй шууд хүчээр булааж авч байгаад би туйлын гомдолтой байна. Би энэ талаар гомдлоо зохих ёсоор нь гаргах болно. Иймээс уг нэхэмжлэгч нь гэнэтхэн л миний газрыг өөрийнхөө газар гэж шүүхэд нэхэмжлээд байгааг би ойлгохгүй байна гэжээ...” /хх-64-65/

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь тус аймаг дахь Захиргааны хэргийн  анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  компаний  газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоот  “Эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүсчээ./хх-27-28, 8, 9/

Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж  хариуг /хх-5, 6-7/ авснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл  бүрдсэн /хх-45-46/ ба  нэхэмжлэгч уг захирамжийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон иргэний хэргийн материалтай танилцснаар мэдсэн  гэж тайлбарласан болно. /хх-27-28, 194-195/

Хариуцагч аймгийн Засаг дарга ******* маргаан бүхий аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн тоот “Эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай”  захирамжийг  хүчингүй болгож тус шүүхэд  аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот “Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг /хх-53-54/ ирүүлсэн нь Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “нэхэмжлэлийн шаардлагыг  биелүүлэх” гэж заасан хариуцагчийн эрхийг эдэлснээс нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж татгалзлаа бичгээр /хх-193/ ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 84 тоот шүүгчийн захирамжаар /хх-56-65,75-79/ уг хэрэгт гуравдагч этгээдээр *******г татан оролцуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг болон хэрэг танилцуулах ажиллагааг хэрэгжүүлсэн. /хх-61-62/

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хариуцагч, гуравдагч этгээд болон өөр бусад этгээдээс ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүй хийгээд шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болно.  

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасанчлан нэхэмжлэгчийн энэхүү  татгалзал нь хэргийн оролцогчдын нэхэмжлэл гаргах эрхэд ямарч саад болохгүйг тайлбарлах  нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан “******* мандал” ХХК-ий  нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг  даргад  хариуцагдах  аймгийн   Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн тоот  “Эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн хэрэгт   нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжид давж заалдах гомдол гаргах болон дахин энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй болохыг тус тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ