Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1878

 

О.Хулангоогийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04865 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Хулангоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Бат-Орших, Т.Оюунгэрэл нарт холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт  90 000 000 төгрөг, гараашийн төлбөр 600 000 төгрөг нийт 90 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч М.Бат-Оршихын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Хулангоо

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мухийт

Хариуцагч Т.Оюунгэрэл

Хариуцагч М.Бат-Оршихын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Т.Оюунгэрэлийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Хулангоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М.Бат-Орших 60 000 000 төгрөг зээлэх хүсэлт тавьсан. Бид танилын холбоотой. Надад байсан 55 000 000 төгрөг дээр ээжээс 5 000 000 төгрөг нэмж аваад М.Бат-Оршиход 60 000 000 төгрөгийг зээлэхээр болсон. Өмнө нь М.Бат-Орших мөнгө зээлээд буцааж төлөхдөө ямар нэгэн асуудал гаргаж байгаагүйгээс гадна өөрөө авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг, 2-3 байртай хүн учраас мөнгөө буцааж авч чадна гэж бодсон. Ингээд бид уулзаад 2 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тохирч гэрээ байгуулсан. Мөнгө зээлсний баталгаа болгож машинаа миний нэр дээр шилжүүлсэн. Машиныг авахдаа М.Бат-Оршиход итгэж байсан учраас машины орж ирсэн он, эвдрэлийн байдлыг шалгаж үзэлгүй авсан. Гэтэл тэр машин Монголд орж ирээд 8 жил болсон байсан. Зээлийн гэрээний 2 сарын хүү 6 000 000 төгрөг, алданги 80 хоногоор тооцож 24 000 000 төгрөг, гараашийн төлбөр 600 000 төгрөг нийт 90 600 000 төгрөгийг хариуцагч М.Бат-Орших, Т.Оюунгэрэл нараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж байгаа гэжээ.

 

Хариуцагч М.Бат-Орших шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хэрэгт О.Хулангоо нь намайг худлаа гүжирдэж гүтгэсэн зүйлүүд зөндөө байна. Зээл болон барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулсан, автомашиныг байрлуулах гараашид хүргэж өгөхөд нөхөр нь шалгаж хүлээн авсан. Үүний дараа хэд хоногийн хойно "Сайн зүг" ХХК-ийн нэрээр зээлийн гэрээг дахин үйлдэж надаар гарын үсэг зуруулж авч явсан байхад гэрчилгээг шалгаж хүлээж аваагүй гэж ор үндэслэлгүй худлаа гүжирдэж бичсэн байна. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр автомашиныг аваачин хүлээлгэн өгсөн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр вэб хуудсанд байршуулсан зураг бүхий зараас харахад уг автомашин нь "Урбаник" төвийн урд талд нарны зам дагуу баруунаас зүүн чиглэлд зогсож байгаагаар автомашины зургийг даран тус зарын сайтад зарахаар байршуулсан байсан. Түүний нөхөр барьцааны автомашиныг иргэн Б.Мөнхжаргалд барьцаалан зээлдүүлэхээр Зайсан дахь гэрт нь унаж очсон зэргээр түүний нөхөр удаа дараа барьцааны автомашиныг унаж байсан.

...Түүнчлэн барьцааны автомашиныг нөхөрийн хамт үзэж харан үнэлгээг харилцан тохиролцсоны үндсэн дээр автомашины үнэлгээнийхээ 30 хувьд зээлийг авсан. Түүгээр ч зогсохгүй 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд 75 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр барьцааны автомашиныг 65 000 000 төгрөгөөр зарна хэмээн зарын сайтуудад байршуулан тавьж, барьцааны эд зүйлийн үнийг багасгах, үнэгүйдүүлэх оролдлогыг алхам тутамдаа хийж ирсэн. Зээл авснаас хойш нэг ч хүү төлөөгүй гэсэн ч би өөрийн боломжоор хүү төлсөн. Анх зээл авахдаа 59 755 200 төгрөг хүлээн авсан. Зээлийн хүү төлөх хугацаа болоогүй байхад зээл авснаас 14 хоногийн дараагаас эхлэн зээлийн хүүг урьдчилж өг хэмээн байнга дарамталж маргаан үүсгэсэн. Зээлийн гэрээ болон амаар гараашийн төлбөр төлнө гэж тохиролцсон зүйлгүй. Зээлийн гэрээнд өөрсдийн гараашид хадгална гэж заасан хирнээ хүүнд авсан мөнгө болон гар утсыг гараашийн төлбөрт авсан гэж байгаа нь мөнгө завших оролдлого байна. О.Хулангоогийн нэхэмжилсэн 90 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, 2 сарын хүүгийн хамт төлнө гэжээ.

 

Хариуцагч Т.Оюунгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Хулангоо миний нөхөр М.Бат-Оршихтой харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ хийж 60 000 000 төгрөг зээлдүүлсэн байдаг. Энэ зээлийн болон барьцааны гэрээг байгуулах үед би оролцоогүй бөгөөд тухайн гэрээнд би ямар нэгэн хариуцлага хүлээхээр гарын үсэг зураагүй. Миний нөхөр М.Бат-Орших нь О.Хулангоотой өөрөө тохиролцон мөнгө зээлсэн ба би нөхрийнхөө ажил төрөлд оролцдоггүй энэ зээлд би ямар ч хамааралгүй. Гэтэл тухайн үед миний дансанд мөнгө орсон гэдэг үндэслэлээр намайг хамтран хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй байна. Нөхөр, ээжийн хамтаар миний ажил дээр удаа дараа ирж миний биед өөрийн гараар халдаж, эд хэрэгсэлийг авч шидэлж, мөнгө нэхэн дарамталж миний гар утсыг хүртэл булаан авч ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж байсан. ...Хэдийгээр М.Бат-Орших бид хоёр эхнэр, нөхөр боловч О.Хулангоогоос зээл авахад би оролцоогүй надад ямар ч хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч М.Бат-Оршихын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Т.Оюунгэрэлийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бат-Орших, О.Хулангоо нар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, "Бентли" гэдэг машиныг барьцаалсан. Зээлийн гэрээн дээр 60 000 000 төгрөг гэж бичсэн боловч бодит байдал дээр 59 755 200 төгрөг өгсөн. Гэрээг хийхэд барьцаалсан машины үнэлгээ хийлгэхэд 200 000 000 төгрөг болно гэсэн. Барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж болно гэж заасан. Нэхэмжлэгч 90 600 000 төгрөг нэхэмжилснээс үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө,  харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээнд барьцааны эд зүйлийг худалдан борлуулаад үүргийн гүйцэтгэлийн хангуулж болно гэж заасан учраас энэ эд зүйлийг худалдан борлуулаад үүргийн гүйцэтгэлийг хангуулж болно. Мөн гараашийн төлбөрийн хувьд талууд гэрээ байгуулахдаа тохиролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч М.Бат-Орших огт мөнгө төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч Т.Оюунгэрэл хамтран хариуцагчаар оролцох ёсгүй. Учир нь Т.Оюунгэрэл гэрээ байгуулаагүй. Зөвхөн дансаар гүйлгээ хийсэн үндэслэлээр хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

         Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай" шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бат-Оршихоос 89 482 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Хулангоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 117 200 төгрөгт болон хариуцагч Т.Оюунгэрэл нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Хулангоогоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 164 950 төгрөгийг улсын орлогоос, 605 364 төгрөгийг хариуцагч М.Бат-Оршихоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Бат-Орших давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн зээл 59 755 200 төгрөг, гэрээний дагуу 2 сарын хүү 5 975 520 төгрөг, 80 хоногийн алданги 23 902 080 төгрөг нийт 89 632 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс миний бие алданги 23 902 080 төгрөг төлөхийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь анх О.Хулангоо бидний хооронд гэрээ байгуулахдаа 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэн авч, барьцаа хөрөнгө болох миний автомашиныг 200 000 000 төгрөгөөр үнэлж, зээлийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцон гэрээ хийсэн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас татгалзсан шийдвэр гарган хэрэгсэхгүй болгосон нь дээрх анхны бидний тохиролцоог анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. О.Хулангоо нэхэмжлэл гаргахдаа 9 000 000 төгрөгийн алданги нэхэж удаа дараа нэмэгдүүлэж 23 000 000 төгрөг болгосныг шүүх хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бидний хооронд байгуулсан гэрээнд алданги тооцох эсэх эргэлзээтэй. Тухайн 60 000 000 төгрөгийн зээлийн 2 гэрээ байдаг ба иргэн О.Хулангоо болон “Сайн зүг" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ байдаг. Мөн тухайн зээлдүүлсэн гэх мөнгө кассын болон хувь хүний давхар баримттай. Үүнийг нягтлан шалгаагүй шийдвэрлэсэн. Иймд алданги 23 902 080 төгрөгийг хасч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Хулангоо нь хариуцагч М.Бат-Орших, Т.Оюунгэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон гараашийн төлбөрт нийт 90 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Бат-Орших алданги төлөхгүй гэж маргажээ.

 

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч О.Хулангоо, хариуцагч М.Бат-Орших нарын хооронд 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулагдаж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хариуцагч М.Бат-Оршихын эзэмшлийн 19-28 УНТ улсын дугаартай, Бентли маркийн авто машиныг барьцаалсан байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч О.Хулангоо нь гараашийн төлбөр 150 000 төгрөг,  гэрээ  байгуулагдсантай  холбоотой зардал 94 800 төгрөгийг 60 000 000 төгрөгөөс хасаж үлдэх 59 755 200 төгрөгийг хариуцагч Т.Оюунгэрэлийн Голомт банкны данс руу шилжүүлсэн, үүнээс хариуцагч Т.Оюунгэрэл нь 150 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд 59 755 200 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үүсэх үүрэг, үндэслэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч М.Бат-Орших нь алданги төлөхөөр тохиролцоогүй гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд зээлийн гэрээг хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэх боломжгүй, хууль мэдэхгүй нь алданги төлөхгүй байх үндэслэлд хамаарахгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Хулангоо алданги шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж, нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай, зээлийн төлбөр төлөх ёстой боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэтгэлцэх, шүүхээр хэргээ эцэслэн шийдвэрлүүлэх хүртэлх хугацаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  алдангийн хэмжээ илт нэмэгдсэн  нөхцөл  байдал зэргийг  харгалзан  үзэж / үндсэн зээл 59 755 200 төгрөг, хүү 5 975 520 төгрөгөөс гараашийн төлбөрт шилжүүлсэн 150 000 төгрөгийг хасаж, үлдэх 65 580 720 төгрөгийг төлөх хугацаа хэтрүүлсэн 80 хоногт 0,5 хувиар алданги тооцоход 26 232 288 төгрөг болно/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 6 512 580 төгрөг болгон бууруулан тогтоох боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд хариуцагч М.Бат-Оршихоос үндсэн зээл 59 755 200 төгрөг, хүү 5 975 520 төгрөг, алданги 6 512 580 төгрөг нийт 72 243 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Хулангоод олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн хариуцагч нь шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой гэх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “ ...нэхэмжлэлээс татгалзах.. эрхтэй” гэж заасан эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй.

 

 Барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг талуудын хэн аль нь гаргаагүй, барьцаалуулагчийн эрхийг барьцаалагч зөрчсөн, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлээгүй тул уг асуудлыг шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

         Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.Бат-Оршихын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04865 дугаар шийдвэрийн

 

   Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6” гэсний дараа “232.8” гэж нэмж, “...291.1...” гэснийг “...219.1..” гэж, “...89 482 800...” гэснийг “... 72 243 300 ...” гэж, “...1 117 200...” гэснийг “... 18 356 700 ...” гэж,

   3 дахь заалтад  “...605 364...” гэснийг “...519 166...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Бат-Оршихоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 640.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА