Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Т.Нансалмаа,

Шүүгдэгч: Ч.П,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэ овгийн Ч.П-д холбогдох 1928001630153 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр настан, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй

Шүүгдэгч Ча овогтой Пэ нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10-11 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын төв Ажнай талбай дээр Ардчилсан намын гэрт байсан иргэн Б.У-ын ногоон өнгийн Чүнчигноров хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ч.П-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 сарын 07-ны өглөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Ажнай талбай дээр Өмнөговь аймгийн наадамчин олонд зориулж наадмын гэр барьж орж гарсан хүмүүст айраг цагаагаар үйлчлэх зориулалттай барьсан байсан. Ардчилсан намын гэрийнхээ үүдийг 10 цагт би манай намын улс төрийн ажилтан Цэ-ийн хамт онгойлгосон. Тэгээд мах шөл, айраг цагаагаа янзлаад байж байтал ногоон Чи гэх хүн гаднаас нэг эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн. Тэгэхээр нь Цэ бид 2 гэр онгойх болоогүй байна гэж хэлээд тухайн 2 хүнийг гэрээс гаргасан. Тэгээд удалгүй түүнээс хойш 5 минутын хооронд манай үйлчилгээний ажилтан Га, Ба, От нар орж ирсэн. Түүний араас 10 цаг 20 минутын үед манай жолооч А, үйлчлэгч Мө нар ажил дээрээс махны таваг, айрагны халбага зэрэг авч ирсэн. Тэр үед хаалганы зүүн хойд талын хатавчинд ногоон Чи бас нэг эрэгтэй хүнтэй хамт гаднаас орж ирээд суучихсан байсан. Гэрийн зүүн талын хатавчинд Ханхонгор сумын Ду гэх эмэгтэй орж ирээд суусан байсан. Манай жолооч гаднаас орж ирэхдээ Ду гуайн хажууд суусан. Энэ хооронд хүмүүс хуушуур идэцгээж байсан. Гэрийн баруун хойд талд нэг эрэгтэй хүн сууж байсан. Би хажуугаар нь гарж мах таваглах гээд босохоосоо өмнө өөрийнхөө сууж байсан гэрийн хойд талын ширээн дээр ногоон өнгийн Чүнчигноров /Ногоолон/ хөөргөө даалинтай нь тавиад боссон байсан юм. Тэр үед тухайн гэрийн баруун хойд талд сууж байсан эрэгтэй хүнээс архи үнэртэж байсан. Тэгээд би мах таваглаж дуусаад байж байтал гэрийн баруун хойд талд байсан хүн түрүүлээд гэрээс гарахад араас нь Ногоон Чи хуушуураа идэж дуусалгүй гараад явсан. Би тухайн үед өөрийнхөө хөөргийг ширээн дээр үзэхэд алга болсон байсан ба ширээн дээр хар ногоон өнгийн даалин нь тавиатай байсан. Гэр дотор байсан хүмүүс гэрээс гарч нөгөө гэрийн баруун хойд талд сууж байсан зүс үзсэн хүнийг хайгаад олоогүй. Тухайн үед утасныхаа цагийг харахад 10 цаг 45 минут болж байсан. Шүрэн толгойтой, ногоон өнгөтэй, зэсэн нуухтай хуучны чүнчиг норов хөөрөг байсан. 2011 онд цагаан сараар намайг Даланзадгад сумын засаг даргын орлогч байхад манай хадам аав надад бэлэглэсэн байсан юм. Манай хадам аавын ээж нь барьж байсан хөөрөг байсан гэсэн. Өнгөрсөн жил миний хөөргийг хүн үзээд 50 сая төгрөгөөр худалдаж авъя гэж байсан, Би өөрөө бол зах зээл дээр ямар үнэтэй байгаа талаар сайн мэдэхгүй байна. /хх-ийн 12-14-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Хулгайд алдсан эд зүйлээ олж авахыг хүсэж байна. /хх-ийн 16-18-р хуудас/

Гэрч Д.Чи мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Ажнай талбай дээр ганцаараа явж байхад танихгүй нэг хөдөөний хүн ирээд намайг сүрхий танимхайраад дотор яаж засах вэ гэсэн. Тэгээд надаас мөнгө асуухаар нь би надад мөнгө байхгүй гэсэн. Тэгтэл нөгөө хүн 2-уулаа нэг газар орж наадмын хуушуур идье гэхээр нь би тэгье гэж хэлээд Ардчилсан намын гэрт орсон. Бид 2-ыг наадмын гэрт ороход танихгүй 2-3 эмэгтэй хүн хүмүүст үйлчлээд айраг аягалж өгөөд зогсож байсан. Тэгээд бид 2 гэрийн зүүн талын үүдний хэсэгт ширээний өнцөгт суусан. Харин гэрийн баруун талд танихгүй нэг эрэгтэй хүн ганцаараа сууж байсан. Бид 2-ын харалдаа гэрийн баруун талын хацавчны хэсэгт танихгүй нэг эмэгтэй хүн мөн л ганцаараа сууж байсан. Хүмүүст үйлчилж байсан нэг эмэгтэй бид 2 дээр ирээд хөөрөг гаргаж ирж тамхилаад буцаад баруун талын ширээ рүү явсан. Тухайн үед бид 2-т хуушуур таваглаж өгөхөөр нь идээд сууж байтал нөгөө гэрийн баруун талд ганцаараа сууж байсан эрэгтэй хүн гэрээс ганцаараа гараад явсан. Тухайн хүн гэрээс гарах үедээ баруун талын ширээний өнцөгт зогсоод сонинд 2 хуушуур боож аваад гарсан. Түүний дараагаар удалгүй би хамт явж байсан хүний хамтаар гэрээс гарсан. Тэгсэн бид 2-ын араас гэрт байсан 3 эмэгтэй гарч ирээд Чинбаа ахаа та саяны хүнийг таних уу сая хөөрөг аваад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед би тэр хүнийг танихгүй гэж хэлсэн. ...Тухайн хүн хуучин цэнхэр өнгийн цамцтай, хуучирч муудсан цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн малгайтай 50 гарам насны туранхай хар царайтай буурал үстэй эрэгтэй хүн байсан. /хх-ийн 21-23-р хуудас/

Гэрч Г.Цэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Ардчилсан намын улс төрийн ажилтай хүн байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу Өмнөговь аймгийн Баяр наадмын өдөр манай намаас наадамчин олонд зориулж Ажнай талбай дээр 1 ширхэг намын гэр барьсан юм. Тухайн гэртээ бид нар иргэдэд үйлчилж байсан. Миний одоо санаж байгаагаар өглөөний 10 цагийн үед манай намын У, От бид 3 наадмын гэртээ иргэдэд үйлчилж байх үед гаднаас урьд нь хэд хэдэн удаа харж байсан нэрийг нь танихгүй нэг ах орж ирээд гэрийн баруун хойд талын ширээн дээр суусан. Түүний араас манай аймгийн Чи гэх хүн миний танихгүй нэг эрэгтэй хүний хамтаар орж ирээд гэрийн зүүн урд талд суусан. Тухайн үед би гэрт орж ирсэн хүмүүст хуушуур айргаар үйлчилсэн харин У эгч өөрийн хөөргөөрөө тухайн хүмүүстэй тамхилсан. Миний харснаар гэрийн баруун талд суусан ах 2 ширхэг хуушуураа аваад ширээн дээр байсан наадмын сурталчилгааны цаасанд боогоод сууж байсан. Түүний дараагаар удалгүй нөгөө хүн гэрээс гараад явсан. Харин араас нь Чи ах хамт явсан хүний хамтаар гараад явсан. Тэгээд удалгүй У эгч хөөе миний хөөргө алга байна гэж бид нарт хэлсэн. Тэгээд бид хэд тухайн үед гэр дотроо хайсан боловч олдоогүй харин хөөрөгний дайлан уут нь гэрийн баруун хойд талын ширээн дээр тавиатай байсан. ...Миний харснаар 60 орчим насны нилээд туранхай хар бор царайтай сахалтай, үс нь бууралдуу болсон өвгөжүүр хүн байсан. /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Жаал Уул гэр хорооллын 1-4 тоот хашаанд амьдардаг юм. Манай өвөө Ча овогтой Пэ нь манай хашаанд тусдаа ганцаараа амьдардаг юм. Би одоо өдөр хоногийг нь сайн санахгүй ямар ч байсан 2019 оны 09 сарын эхээр манай өвөөгийн унтдаг орны дэрэн дээр нь ногоон өнгийн улаан шүрэн толгойтой жижиг хөөрөг тавиатай байсан. Тухайн үед би өвөөгөөсөө та хаанаас ийм хөөрөг авсан юм бэ танд ийм хөөрөг байдаггүй биз дээ гэхэд би наадмын талбай дээрээс олсон юм гэж надад хэлж байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараагаар би өвөөгөөсөө та наад хөөргөө надад өгчихгүй юм уу гэсэн чинь тэг тэг гэж хэлээд надад өгсөн. Тэгээд би өвөөгөөсөө тухайн хөөргийг аваад өдийг хүртэл өөртөө хадгалж байсан юм. Манай өвөө надад өгөхдөө би баяр наадмын талбай дээрээс олсон юм гэж хэлсэн байсан. /хх-ийн 26-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №0000006 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Үнэлгээгээр үнэлэгдэж буй Чүнчигноров хөөрөгний өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 5.000.000 төгрөгөөр тогтоов./хх-ийн 34-36-р хуудас/

Шүүгдэгч Ч.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Наадмын талбай дээр байсан олон гэрүүд дотроос Ардчилсан намын гэрээс тэр хөөргийг авсан. Би хөөргийг гэрээс авч гарахдаа 2 ширхэг хуушуурын хамт авсан санагдаж байна. Ногоон өнгийн жижиг хөөрөг байсан. Би өөрийн ач охиндоо өгсөн байсан. /хх-ийн 42-44-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-48, 51-53, 55-59-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.П нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10-11 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сумын төв Ажнай талбай дээр Ардчилсан намын гэрт байсан иргэн Б.У-ын эзэмшлийн ногоон өнгийн чүнчигноров хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.П нь Б.Уянгын эзэмшлийн ногоон өнгийн чүнчигноров хөөргийг хулгайлж түүнд 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: чүнчигноров хөөрөгний өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 5.000.000 төгрөгөөр тогтоов /хх-ийн 34-36-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.П нь хохирогч Б.У-ын эзэмшлийн ногоон өнгийн чүнчигноров хөөргийг эзэмшигч болох Б.У-д биет байдлаар буцаан хүлээлгэн өгч, хохирогч Б.У нь хохирол төлбөргүй болсон болох нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.П нь хохирогч Б.Уянгын эзэмшлийн ногоон өнгийн Чүнчигноров хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.П-г 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10-11 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын төв Ажнай талбай дээр Ардчилсан намын гэрт байсан хохирогч Б.У-ын эзэмшлийн ногоон өнгийн Чүнчигноров хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо биет байдлаар нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.П нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Ч.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хууль бусаар авсан хөөргийг биет байдлаар хохирогч Б.У-д буцаан олгосон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Тэ овгийн Ча-ийн Пэ-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Ч.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хууль бусаар авсан хөөргийг биет байдлаар хохирогч Б.Уд буцаан олгосон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ДЭЛГЭРМАА