Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 156

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Ш.О,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш-ийн Оч-т холбогдох 1928000000164 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч Шюовогтой О нь Өмнөговь аймаг, Булган сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хашаатын худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн М.Тө-тай маргалдан цээжний зүүн тал руу нь өшиглөж, мөн оны 11-р сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд мөн маргалдан нүүрэн тус газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.О-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхний өдөр нь эрүүл байсан. Би мал эргүүлэх гээд гараад очиход худаг гаргадаг өрөм зоолттой харагдсан. Үүнээс болж маргалдсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би ерөнхийдөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг бөгөөд хааяа хөдөө гэртээ очиж хэдэн малаа эргэж тойрдог. Манай хөдөө гэр Булган сумаас урагш 24 кмт байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн үед О-ын худгийн ард Оч-тэй таарсан. Тэгээд Оч машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй шууд намайг мотоцикль дээр сууж байхад өшиглөж унагаагаад толгой руу гараараа 2 удаа цохиж авангуут нь би 2 гарыг нь барьж аваад за боль яаж байгаа юм бэ? ярилцаад шийдэх ёстой асуудал шүү дээ гэж Оч-т хэлсэн чинь Оч над руу чи малын бэлчээр дээр худаг гаргалаа гэж байсан...Мөн над руу гараараа толгой руу цохих гэхэд нь би бултаад цохиулаагүй. Тэгсэн шууд намайг Оч барьж аваад миний нүүр лүү 3 удаа мөргөхөд нь хоёр гарыг бариад авсан чинь нүүр лүү мөргөөд байсан. Тэгээд ахиад толгой руу 2-3 удаа мөргөсөн. Хамгийн сүүлчийн мөргөлт нь нилээн хүчтэй мөргөсөн. Тэгээд ахиад мөргөхөө болсон. Тэгснээ гартаа барьсан байсан машины түлхүүрээрээ миний нүүр баруун нүдний хавьд, мөн хацар хавьд хатгаад байсан. Тэгээд би барьж аваад зайлж унагаагаад Сүрнээ рүү ямаа хүлж байсан хүлээ аваад ир гээд хүлээ авч ирүүлээд хоёр гарыг нь ар талд нь хүлсэн боловч хүлээс нь сулраад тавигдсан. Тэгсэн Оч ахиад машинаа асаагаад Сүрнээ бид хоёрыг машинаараа дайрч ална гээд элдсэн. Тэгтэл Цэ ах зогсоогоод машинаас нь татаж буулгаад цуг ажиллаж байгаа хүмүүсээ дуудаад ахиад гарыг нь хүлсэн. Тэр хооронд нь Сү бид хоёр мотоциклио асаагаад явах гэтэл мотоциклийн кадушкны утсыг тасдаад хаячихсан асахааргүй болгосон байсан. Тэгээд мотоциклио асаагаад С бид хоёр яваад утсаар цагдаа руу яриад хэлсэн. Гомдол санал гээд юу байхав. Оч-т энэ хууль ямар байдгийг ойлгуулах тайлбарлаж хэлэх хэрэгтэй байна. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл эмчилгээтэй холбоотой хохирол мөнгө мөн наашаа цаашаа явсан бензин тосны зардал зэргийг гаргуулмаар байна. Эмчилгээнд 28.000 төгрөг, зураг авахуулсан хэдэн төгрөг гарсныг нь мэдээгүй. Наашаа цаашаа явсан гээд 60.000 төгрөгийн бензиний мөнгө зэргийг гаргуулмаар байна. /хх-ийн 09-10-р хуудас/

Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...би хүнсний ямааг нь аваад худаг гаргаж хүмүүс дээр иртэл Оч тэр хүмүүс дээр ирчихсэн над руу ус гаргаж байгаа ажлаа зогсоо гээд хэлэхээр нь би мэдэхгүй цаанаас аймгаас гаргаж байгаа гэсэн, би мэдэхгүй гэсэн. Тэгээд байж байтал араас Тө мотоцикльтойгоо ирсэн чинь Тө руу энэ ажлаа зогсоо гээд дайраад байсан. Тө Оч нар хоорондоо маргалдаад байсан. Тэгснээ Оч машинаасаа дугуйн дроцов гаргаж ирээд Тө бид хоёр руу дайрсан. Тэгэхээр нь бид хоёр зугтаасан чинь дугуйн дроцовоо хаячихаад ахиад машинаасаа лоом гаргаж ирээд Тө бид хоёр туулгаад байсан. Тэгсэн Тө Оч рүү чи наад лоомоо хаячих учир зүйгээ олъё гээд хэлж байх шиг байсан. Тэгсэн Оч лоомоо хаясан. Тэгтэл тэр хоёр барилцаж аваад дээр доороо ороод байгаа харагдсан. Тө над руу чи уяа аваад ир гэхээр нь уяа аваад очсон чинь Оч нь би одоо зүгээрээ эвээр яръя гээд байхаар нь Тө тавьсан чинь босож ирээд Оч машинаа унаад Тө бид хоёрыг машинаараа туулгаад тэр ажил хийж байгаа хүмүүсийг утас шланкан дээгүүр нь машинтайгаа гарсан. Тэгээд нэг юм машинтайгаа Оч зогсохоор нь худаг гаргаж байсан хүмүүс Очийг барьж аваад уяагаар хоёр гарыг нь хүлсэн. Төгийн баруун шанаа хавьд нь шалбарсан, уруул бага зэргийн хавдсан байсан. /хх-ийн 19-21-р хуудас/

Гэрч Д.Цэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган сумын нутаг Хашаатын худгийн хавьд Төы өвөлжөөний баруун урд хэсэгт худаг гаргах гээд доош нь өрөмдөж байхад нэг мэдсэн чинь Сүрнээ мал аваад ирсэн байсан. Тэгтэл удалгүй араас Тө Оч нар ирчихсэн байсан. Бид нарын худаг гаргаж байгаа газар чинь их дуу чимээтэй байдаг болохоор нэг мэдсэн тэр гурав ирсэн байсан. Тэгтэл худаг гаргах гаргахгүй асуудлаас болоод Тө Оч нар хоорондоо маргалдсан юм билээ. Тэгээд бид нар ажлаа хийж байтал нэг харсан Оч Тө нар хоорондоо барилцаад зогсож байгаа харагдсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Дээр доороо ороод ноцолдоод байгаа харагдсан. Тэгтэл Оч машинтайгаа бид нарын ажил хийж байгаа газрын шланкан дээгүүр гарахаар нь би очоод машинаас нь буулгаад уяа авч ирүүлээд Оч-ийн гарыг ард хүлээд орхисон чинь 5-10 минутын дараа ахаа намайг тавьчих гээд хашхираад байхаар нь очоод гарын хүлээг нь тавьсан. Тэгтэл Оч Тө нар яваад өгсөн байсан. Оч-ийн гарын хүлээг нь тавьсан чинь гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн. /хх-ийн 22-24-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №670 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: М.Тө-гийн биед духны баруун хэсэг, баруун хацар, баруун шанаанд жижиг шархтай, уруул, баруун гуя, төмсөгний доод хэсгүүдэд арьс салст нь няцарсан, зүүн талын 2 хавирганы яс хугарсан, орчны зөөлөн эдэд няцралт үүссэн гэмтэл учирсан байна. М.Тө-гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. М.Тө-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. М.Тө-гийн биед учирсан  2 хавирганы яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/

Шүүгдэгч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Дал багийн нутаг Эхэн эрэг гэх газар нутагладаг. 2019 оны 11 сарын 07-ны үдээс өмнө малаа эргүүлж яваад манай гэрээс баруун хойш 3 км гаруй орчимд худаг гаргадаг өрөм зоолттой харагдсан. Тэгээд худаг гаргаж байгаа хүмүүс дээр очиж уулзсан. Тэгсэн чинь Тө танай хавийн малчин энэ худгийг гаргуулна гээд бид нар ирсэн худаг гаргах гэж байна гэхээр нь та нар яагаад багийн иргэдийн хурлаар оруулаагүй яагаад ингээд ухаж байгаа юм гэж хэлсэн чинь тэр Цэн гэдэг хүн /нэрийг сүүлд нь мэдсэн/ мэдэхгүй Тө гэдэг хүнтэй очиж уулз гэсэн. Тэгэхээр нь яваад Тө-ыг эрээд явж байсан чинь Хашаатын худгийн ард Тө-тай таарсан. Тэгсэн Тө нилээн согтуу байсан. Тэгэхээр нь би та гэрийнхээ хойд ар дээр худаг гаргахгүй яасан юм бэ? эсвэл Хашаатын худгийг сэргээчихээ гэсэн чинь, Тө хэн чаддаг нь хийдэг болсон цаг нэгэнт эхлүүлчихсэн ажил болохоор чи яадгийн гээд хоорондоо маргалдаж хэрэлдээд байж байсан чинь Тө намайг хутгална гээд мотоциклийнхоо ганзага руу гараа хийхээр нь хутга гаргаж ирээд намайг хутгалах нь гэж бодоод биеийнх нь зүүн хэсэг хавирга хавь руу нь тийрчихсэн. Тэгээд би нэг шил архи машинаасаа гаргаж ирээд тэндээ Сү Тө бид гурав талыг нь уугаад Тө мотоцикльтойгоо би Сү-тэй цуг Т-д хүргэж өгөөд би гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө нь Тө-ы мотоциклийн түлхүүрийг авч очиж өгөөд Тө-тай үлдэгдэл өмнө өдрийн архиа хувааж уучихаад Хонгор толгойд байх Тулга ахынх руу хамт явсан. Очоод Тулга ахад би Тө ингээд худаг гаргаж байна гэсэн чинь Тулга ах би мэдэхгүй яагаад багийн хурлаар хэлэлцүүлээгүй ямар учраас яаж гаргаж байгаа худаг вэ гэсэн. Тэгсэн Тө би суманд нэг ус гаргах зөвшөөрөл байсан тэрийг нь би авсан юм аа гэж байсан. Тэгээд бид хоёр буцаад гэр лүү явсан байх. Тэрнээс хойш яг юу болсныг нь мэдээгүй нэг мэдсэн худаг гаргаж байгаа хүмүүсийн тэнд хүлээтэй хэвтэж байсан. Хавирга хавьд нь ганц удаа өшиглөсөн, өөр цохиж зодоогүй. Тухайн үед маргааш нь Тө-тай маргаад бас юу болсныг сайн санахгүй байгаа. Тө-ыг өшиглөж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 29-32-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-ийн 57, 69-70-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41, 43-48, 51-54, / зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.О нь Өмнөговь аймаг, Булган сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хашаатын худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн М.Тө-тай маргалдан цээжний зүүн тал руу нь өшиглөж, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд мөн маргалдан нүүрэн тус газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тө-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлтэд: М.Тө-гийн биед духны баруун хэсэг, баруун хацар, баруун шанаанд жижиг шархтай, уруул, баруун гуя, төмсөгний доод хэсгүүдэд арьс салст нь няцарсан, зүүн талын 2 хавирганы яс хугарсан, орчны зөөлөн эдэд няцралт үүссэн гэмтэл учирсан байна. М.Тө-гийн биед учирсан  2 хавирганы яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тө нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 88490 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид 88490 төгрөг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Улсын яллагч: Шүүгдэгч Ш.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тө-д 88.490 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Ша-ийн Оч-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Тө-д 88.490 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА