Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2016/01257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин гудамж 72-02 тоотод оршин суух, эрэгтэй, ДЕ89050710 регистрийн дугаартай, Хоньч овогт Мягмарын Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

М.Эрдэнэбилэг би Ю.Түмэнбаяртай 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 72-12 УБӨ улсын дугаартай, “тоёота приус” маркийн автомашиныг худалдаж үлдэгдэл 3 900 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 10-нд төлж дуусгана гэж “Мөнгөн төлбөрийг үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулж гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Хэрвээ хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол хоног тутамд өдрийн 0,5 хувийн алданги тооцож төлүүлэхээр гэрээнд заасан байв.

Ю.Түмэнбаяр нь машины үлдэгдэл болох 3 900 000 төгрөгийг өгөх боломжгүй байна, удахгүй өгнө гэсэн ч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Миний бие Ю.Түмэнбаярыг одоо хаана оршин сууж байгааг мэдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ. 

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг нь хариуцагч Ю.Түмэнбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

           Ю.Түмэнбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн 9-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19865 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Иймд М.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй Ю.Түмэнбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

  Нэхэмжлэгч М.Эрдэнэбилэг нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг  ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

                          

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 

           

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар НЗ80010475 регистрийн дугаартай, эрэгтэй, Боржин овогт Юндэндоржийн Түмэнбаярыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

          

           3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ