| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0619/Э |
| Дугаар | 621 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 621
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 19030 0791 0362 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Агар /тээвэр/, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улааанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, БНХАУ-ын Төмөр замын 20 дугаар товчоо ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух хаягтай, урьд:
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 5 сарын 31-ний өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 4 сарын 07-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 сарын 31-ний өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн А /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Махатма Гандигийн гудамжны Соёмботой хөшөөний хойд явган хүний гарцтай замд “Shaanxi” маркийн ххххСБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Э.А, Д.Б нарыг мөргөж, Э.Агийн биед эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-гийн өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй. Би тээврийн хэрэгслийг 7 жилийн хугацаанд жолоодож байна, харин Е ангилалын шинэ жолооны үнэмлэхийг энэ оны 8 дугаар сард авсан. Би хохирогч нарын эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардал зэрэгт нь Д.Б-д 21.650.000 төгрөг, хохирогч Э.А-д 13.780.500 төгрөгийг тус тус нөхөн төлсөн. Нийт төлөгдсөн хохирлоос 70 орчим хувийг нь өөрөөсөө, харин үлдсэн 30 хувийг миний ажиллаж байсан компаниас гаргаж нөхөн төлсөн байгаа. Би тус компанид 2 жилийн хугацаанд сарын 2.100.000 төгрөгийн цалинтай жолоочоор ажиллаж байсан.
Хохирогч нар цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай зардал хохирлыг нэхэмжилвэл би татгалзахгүй төлнө. Хохирогч А, Б нартай биечлэн уулзаж, уучлалт гуйсан. Миний хувьд эхнэр маань өвчтэй байж байгаад сая 2019 оны 9 сарын 26-ны өдөр нас барсан. Одоо 10 настай хүү Ч-ий хамт хоёулаа амьдарч байна. Би хүүхдээ төрөх үед 4 сарын хугацаагаар баривчлагдсан байсан учир хүү маань ээжээрээ овоглож төрсний гэрчилгээ авсан юм. Хүү Ч 33 дугаар сургуулийн 5 дугаар ангид суралцдаг.
Зам тээврийн осол гаргасан өдөр замын үзэгдэх орчин гайгүй байсан бөгөөд машины чиргүүлийн ар хэсгээр хоёр хохирогч мөргөгдсөн байсан. Тухайн үед хохирогч хоёр хүнийг ойролцоогоор 2 метрийн зайнаас харсан боловч гарцан дээр зогсчих байх гэж бодсон.
Тухайн жолоодож явсан машины өөрийн урт чиргүүлтэйгээ 17-18 м урттай бөгөөд ойролцоогоор 15-20 км/цагийн хурдтай явж байсан. Би 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Д.Б-тай уулзсан бөгөөд хохирогч надад бие сайн байгаа гэж хэлсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19030 0791 0362 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-06х, 07-10х/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 13х/,
3. Осол гарсан газрын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 17х, 18х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.А-гийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 7 сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын үед Цэцэрлэгт хүрээлэнгээс 3 дугаар сургууль орох гээд Жаргалан хотхоноос баруун тийш Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд найз Д.Б-тай хамт явж байсан. Төв замаар явж байгаад Соёмботой хөшөөний хойшоо явсан замыг хөндлөн гарахаар явж байхдаа нэг мэдэхэд нүдээ аниад нээхэд 2 өвдөгөө тэврээд зам дээр хэвтэж байсан.
Хойшоо харахад нэг том чиргүүл зогсож байсан ба найз Б газарт хэвтэж байсан. Тэгээд жолооч ирээд “яана аа, та хоёрыг зогсчих байх гэж бодсон чинь ороод ирлээ” гэж хэлээд, сандраад л байсан. Жолоочоос өөр туранхай хүн эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд түргэн тусламж ирээд биднийг эмнэлэг рүү авч явсан. Эмч үзээд хоёр хөл гипсдээд, намайг “гарч болно” гэсэн. Өглөө манай найз хагалгаанд орсоны дараа би эмнэлгээс гарч, хувийн эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байна. Ослын улмаас миний баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн гэмтэл, холбоос урагдсан, зүүн хөлийн тавхайн зөөлөн эдийн гэмтэл, тойгны яс цуурсан гэмтэлтэй гэсэн.
Би зам хөндлөн гарахдаа ертөнцийн зүгээр хойшоо болон урагш харахад машин байгаагүй. Би зорчих хэсэг рүү ороод хэдэн метр явсанаа одоо санахгүй байна. Автомашины сигнал сонсогдоогүй, гэрэл олж хараагүй. ...Автомашин намайг урд хэсгээрээ лав мөргөөгүй. Чиргүүлийн хэсгээрээ мөргөсөн байх. ...Жолооч надтай ирж уулзан эмчилгээний зардлыг төлсөн, би энэ жил сургууль төгсөх, дадлага хийх зэрэг ажлуудтай байсан. Уг гэмтлээс болоод хойшилсон байгаад гомдолтой байна.
...Эмчилгээний хугацаанд 3.786.500 төгрөг жолоочоос гаргаж өгсөн. Цаашид хийгдэх эмчилгээнд 10.000.000 төгрөг төлсөн байгаа. Одоогоор хоёр суга таягтай, өдөр бүр физик эмчилгээ хийлгэн явж байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Одоо нэхэмжлэх мөнгө эд зүйл байхгүй, жолооч Б.А-тай бүх тооцоо дууссан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1-р хавтас 21-22х, хэргийн 2-р хавтас 35х/,
5. Хохирогч Э.А-гийн “Эм Би Жи” гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 28-38х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ын хохирогчоор өгсөн:
“...2019 оны 7 сарын 04-ний шөнө 23 цаг өнгөрөөд найз охин Э.А-гийн хамт Цэцэрлэгт хүрээлэнгээс 3 дугаар сургууль орох гээд Жаргалан хотхоны урд замаар зүүнээс баруун тийш хөтлөлцөөд явж байсан.
Соёмботой хөшөөний хойд талын хойшоо явах замыг хөндлөн гарах гээд явган хүний гарцаар явж байхдаа ертөнцийн зүгээр хойшоо болон урагшаа харахад ойр хавьд машин байхгүй байсан тул зам руу ороод 5-6 алхах үед гэнэт нэг том хар юм орж ирээд мөргөөд газарт унагасан. Намайг газарт унах үед чиргүүлийн хойд талын 3 цувраа давхар дугуйнууд миний дээгүүр гарсан.
Эхлээд 1 дугуй нь шилбэн дээгүүр гараад, 2 дахь дугуй нь гуян дээгүүр гарч, 3 дахь дугуй нь миний хэвлий хэсгээр дайрсан. Тэгээд автомашин жоохон цаашлаад зогсоод, нэг туранхай бор хүн гарж ирээд миний биеийг асуугаад байсан ба жолооч нь бас гарч ирчихсэн тамхи татаад зогсож байсан. Тэгээд л би ухаан алдсан байх, эмнэлэгт ирээд сэрсэн.
Би явган хүний гарцаар гарч байсан, тэмдэглэл байсан юм. Би зорчих хэсэг рүү орохдоо тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг шалгасан, юм харагдаагүй. Энэ ослын улмаас миний элэг бяцарсан, давсаг хагарсан, дунд чөмөг хугарсан, хөлийн тавхайн дээд үенүүд бяцарсан, аарцаг хугаралттай гэсэн онош тогтоосон.
2019 оны 7 сарын 05-ны өглөө элэг, давсагны хагалгаанд, 2019 оны 7 сарын 17-ны өдөр хөл, аарцагны хагалгаанд орно гэсэн.
...Жолооч Б.А нь эмчилгээний зардалд 6.100.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардалд 14.000.000 төгрөг гаргаж өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээ хийлгэж байгаа учир шүүх хуралдаанд оролцож чадахгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 52-53х, 2-р хавтас 40х/,
7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтууд /хэргийн 1-р хавтас 59-87х/,
8. Хохирогч Д.Б-ын ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 88-112х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д Ч-гийн гэрч, иргэний хариуцагчаар өгсөн:
“...2019 оны 7 сарын 04-ний өдөр манай байгууллагын талбайн инженер Гнь жолооч Б.А-г “талбайгаас ххххСБА улсын дугаартай автомашинаар экскаватор ачиж, паркийн зүүн талд буулгаад буцаад машинаа зогсоолд тавь” гэсний дагуу Б.А нь явж байгаад зам тээврийн осол гаргасан байна. Би ослыг бол хараагүй. Осол гарсан талаар Г-аас сонссон. Намайг очих үед гэмтсэн хүмүүсийг эмнэлэг рүү аваад явсан байсан ба цагдаа машиныг түр саатуулахаар аваад явсан байсан.
...Би болон бусад жолооч нар хамтран тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй байдаг. Жолооч нар эвдрэл гэмтэл гарах юм бол надад хэлэх үүрэгтэй байдаг. Мөн талбай дээр манай засварчин ажиллаж байгаа бөгөөд тэр хүнд хэлэх үүрэгтэй. Б.А ххххСБА улсын дугаартай автомашиныг 4 сараас хойш хариуцан унаж байгаа. Уг автомашин бүрэн бус эвдрэл гэмтэлтэй талаар надад шууд хэлж байгаагүй. Гболон Чука гэдэг монгол залууд хэлж байсан байх.
Замын цагдаагаас шаардлага тавьсаны дагуу засвар үйлчилгээ хийж, зургаар баримтжуулан замын цагдаад хүргүүлж байсан юм. Оношилгоонд 2019 оны 6 сарын дундуур оруулсан. Төлбөр мөнгийг нь манай байгууллага гаргасан. Би өөрөө уг автомашиныг унаж үзээгүй.
...Б.А ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. ...Манай байгууллагын зүгээс Э.А, Д.Б нарт одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг гаргаж байгаа. Жолоочоор дамжуулан тэр хүмүүстэй холбогдож ойролцоогоор 10.0 сая орчим төгрөг өгсөн. Жолооч хувиасаа 2.0 сая орчим төгрөг өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122х, 146-147х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.П-гийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 7 сарын 04-ний өдөр хүү Б “найзтайгаа уулзана” гээд 20 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан. Над руу 22 цагийн үед залгаад “Ээжээ, та хаалгаа онгорхой байлгаарай, би цагийн дараа очлоо” гэж ярьсан. Тэгээд унтаж байгаад шөнийн 01 цагийн үед гар утас руу нь залгахад холбогдохгүй боломжгүй байсан тул хүлээгээд байж байтал нэг танихгүй дугаараас залгаад “Бын ээж мөн үү, та Гэмтлийн эмнэлэгт яаралтай ирээрэй” гэсэн. Ингээд Гэмтлийн эмнэлэг дээр очиход манай хүүгийн найз охины аав, ээжтэй нь уулзаад байж байхад эмч гарч ирээд “хүүгийн байдал хүнд байгаа, бид сэхээнд ажилбар хийж байна” гэж хэлсэн.
Тэгээд яаралтай хагалгаанд 04 цаг 30 минутын үед орсон. Биднээс зөвшөөрсөн тухай гарын үсэг авч, хагалгаанд орсон. 07 цагийн үед хагалгаанаас гарч ирээд “хүчтэй цохилтоос болж элэг бяцарсан байна, давсаг задарсан байна, элэг давсагийг нь оёсон” гэж хэлсэн. Хагалгаа маш хүнд болсон, гэхдээ амжилттай боллоо гэж эмч нар хэлсэн юм.
Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Манай хүүгийн найз охин Э.А-гаас сонсож мэдсэн. ...Жолооч эхлээд хагалгааны төлбөр 85.000 төгрөг өгсөн. 8 тарианы мөнгө гэж 326.400 төгрөг өгсөн. Мөн эмчилгээний зардал гэж 2.0 сая төгрөг өгсөн байгаа. Нийт 2.411.4000 төгрөг өгсөн. Б цагийн болон өдрийн тариа, шингэн хийлгүүлж байгаа. Ясны хагалгаанд 2019 оны 7 сарын 17-ны өдөр орно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 131х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-ийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 7 сарын 04-ний өдөр би өөрийн Стивер маркийн 29-67 СЭА улсын дугаарын ачааны автомашиныг урд талын Кэмпээс унаж Хүүхдийн паркийн хашаанд оруулж орхиод байж байхад манай найз Б.А Стивер маркийн ххххСБА улсын дугаарын траллер автомашинаар экскаватор ачиж призерийн арын 7 дугаар баганы хажууд буулгаад, машинаа урагшаа оруулж тавих гээд хөдлөх үед нь би ар талыг нь харж өгч ухраагаад хамт гарсан.
Би бүхээгт нь суугаад Нарантуул захын баруун урд уулзвараар тойрч Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замаар зүүнээс баруун тийш явж Хоум плазагийн хойгуур тойроод Соёмботой хөшөөний хойд талын уулзвараар хойд зүгт буюу баруун гар тийш эргэж хашаанд тавих ёстой байсан.
Соёмботой хөшөөний хойд талын уулзвар руу ойртож ирж байх үед явган хүний замын цаад талаар 2 хүүхэд явж байгаа харагдсан. Жолооч дуут дохио өгөөд баруун гар тийш эргэх үйлдэл хийж байх үед толиндоо хараад “Өө яана аа, 2 хүүхэд дайрчихлаа” гэхээр нь бид хоёр хоёулаа үсэрч буугаад нөгөө хоёр хүүхэд дээр очиход хүүхдүүд юм ярьж чадахгүй, ёолоод хэвтэж байсан. Эмэгтэй нь бол гайгүй, харин эрэгтэй нь хүнд байх шиг байсан. Тэгээд түргэн дуудаад байж байхад түргэн ирээд “гэмтэл рүү авч явна” гэхээр нь би хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан.
Тухайн үед тээврийн хэрэгслийн урд болон хажуугийн гэрлүүд асаж байсан. Харин хойд бөгсний гэрлүүд асахгүй байсан. Тээврийн хэрэгслийн тоормос их муу, мөн конс буюу авацуулах холбоо нь гэнэт салаад араа солигдохгүй зэрэг гэмтэл гэнэт гараад байдаг болсон байсан. Осол гарах үед бол араа солигдохгүй зэрэг гэмтэл гараагүй. Бид 20-30 км/цагийн хурдтай явж, эргэх гэж байсан байх, хурдтай бол яваагүй. Хоёр хүүхдийг арын чиргүүлийн хойд талаар мөргсөн, гэхдээ би хараагүй. Машины толинд ч юм харагдаагүй.
Манай байгууллагын тээврийн хэрэгслүүд техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, маш муу техник хэрэгсэлтэй, байнга эвдэрч байдаг. Манай жолооч нар “байнга машинаа янзалж өгөөч ээ” гэж хэлдэг боловч “чадахгүй бол дараагийн хүнийг нь ажилд авна шүү” гэдэг. Тэгээд машинаа янзалдаггүй. Гэхдээ тэр өдөр бол Амарсанаа бид хоёр ажил хийхгүй гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 133х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бын гэрчээр өгсөн:
“...2019 оны 7 сарын 04-ний өдөр 23 цаг 37 минутын үед өөрийн Санота 7 маркийн хххх УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандийн гудамжинд Соёмботой хөшөөний уулзварт явж байх үед миний урд явсан том оврын ачааны автомашин нь зүүнээс ирээд баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ явган хүний гарцан дээр явж байсан 2 хүнийг чиргүүл хэсгээрээ мөргөж, газарт унагаад, нөгөө хоёр хүнийг хойд дугуйгаараа дайрсан.
Тухайн үед би ард нь явж байсан учир ослыг хараад, ослын гэрлээ асааж замын хөдөлгөөнийг хааж зогсоод, 102 болон 103 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд машинаасаа бууж машины дугаарыг нь харж цагдаад хэлж өгөөд, буцаад машиндаа суусан. Тэр үед жолооч нь гарч ирээд нөгөө хоёр хохирогч дээр гүйж очоод “яаж байна ахын дүү” гээд биеийг нь асуугаад байсан. Би хөдөлгөөн хаагаад зогсож байх үед түргэний тэрэг ирээд хүмүүсийг үзэж байх үед нь би цааш явсан юм.
Би 20-30 км/цагийн хурдтай явж байсан. Том оврын автомашин мөн 20 км/цагийн хурдтай явж байсан байх, эргэж байсан учир их хурдтай яваагүй. Би Олимп хотхоноос гэртээ харих гээд Дүнжингарав талаасаа Хоум плазагийн хойд замд гарч ирэх үед тэр автомашин миний урд явж байсан ба би ганцаараа явж байсан.
Би явж байхад эмэгтэй хүн хашгирах шиг болохоор нь харахад 2 хүн чиргүүл хэсэгт мөргүүлээд яг арагшаа унаж байсан. Тэр автомашины толгой хэсэг нь гараад чиргүүлийнх нь дунд хавьд нь явган зорчигч нар мөргүүлээд газарт унасан. Тэгээд газарт унахад нь дээгүүр нь дугуйнууд гарах шиг болсон. 2 явган зорчигч зэрэгцээд явж байсан бөгөөд эрэгтэй нь баруун гар талдаа явж байсан гэж бодож байна. Сугадалцаад явж байсан байхаа, тэр хоёр хоорондоо чухал зүйл ярьж байсан уу, эсвэл согтуу байсан уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Их л анзааргагүй явж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 185х/,
13. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8368 дугаартай:
1. Э.А-н биед зүүн дунд чөмөг ясны хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, дотор холбоосны урагдал, шаант тахилзуурын урд дээд холбоосын урагдал, баруун өсгий дөрвөлжин ясны холбоосын урагдал, зүүн дунд чөмөг, шаант, тахилзуур, баруун өлмийн II, III ясны хэмт эдийн хаван, зүүн шилбэ, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зулгаралт, цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 199-200х/,
14. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8365 дугаартай:
1. Д.Б-н биед элэгний өнгөц язрал, давсагны ханын няцрал, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн дунд чөмөгт ясны хугарал, баруун өвдөг, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 209-210х/,
15. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 996 дугаартай:
1. Д.Б-н биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
2. Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн материалд Д.Бын түрүү булчирхайд учирсан гэх гэмтэл тогтоогдсонгүй.
3. Д.Бын биед 2 талын умдаг ясны дээд, доод салааны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Д.Бын биед тухайн үед элэгний өнгөц язрал, давсагны ханын няцрал, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн шаант ясны далд хугарал, 2 талын умдаг ясны дээд, доод салааны далд хугарал, баруун өвдөг, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
6. Элэгний өнгөц язрал, давсагны ханын няцрал, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
7. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 215-217х/,
16. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 8 сарын 03-ны өдрийн 295 тоот:
1. SX425440m294 маркийн ххххСБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Бямбасүрэн овогтой Амарсанаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалт,
Б.А-д ажил олгогч байгууллага нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ:
в/ Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандарын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсхүл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр төлөөгүй,
мөн энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Явган зорчигч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4. Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь SX425440m294 маркийн ххххСБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
5. SX425440m294 маркийн ххххСБА улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байгаа нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл бөгөөд зам тээврийн ослын бичлэгээс харахад жолооч ямар нэг байдлаар зогсоох арга хэмжээ аваагүй нь харагдаж байна. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс шалтгаалан гарсан гэх үндэслэлгүй байна.
6. Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 221х/,
17. Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 053317 тоот:
1. Shaanxi маркийн SX425440m294 загварын ххххСБА улсын дугаартай LZGJLM38X030685 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Ослын дохионы гэрэл ажиллахгүй, улсын дугаарын гэрэл ажиллахгүй, урд салхины шил цуурсан, кабин зүүн хойд хэсэгт 30х50 см хэмжээтэй хонхойсон, хий алдалттай, спидометр ажиллахгүй, гидрын насос ажиллахгүй гэх эвдрэл гэмтэлтэй байна.
3. Ослын дохионы гэрэл ажиллахгүй, улсын дугаарын гэрэл ажиллахгүй, урд салхины шил цуурсан, кабин зүүн хойд хэсэгт 30х50 см хэмжээтэй хонхойсон гэх гэмтлүүд нь уг зам тээврийн осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Тоормосны хий алдалттай, спидометр ажиллахгүй, гидрын насос ажиллахгүй гэх гэмтлүүд нь уг зам тээврийн осолд нөлөөлж болзошгүй гэмтлүүд юм.
4. Тоормосны хий алдалттай байгаа нь: тоормосны дөрөө сул гишгэгдэх, улмаар тоормосгүй болох байдлаар осолд нөлөөлж болзошгүй. Спидометр ажиллахгүй байгаа нь: тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг хянах боломжгүй болох учир хурднаас үүдэлтэй зам тээврийн осол үүсч болзошгүй юм. Гидрын насос ажиллахгүй байгаа нь: тухайн жолоочид жолоодлого хийхэд хүндрэл бий болох, улмаар самбаачлах хугацааг ихэсгэх байдлаар зам тээврийн осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм.
5. Shaanxi маркийн SX425440m294 загварын автомашин нь АBS хийн дамжуулгат тоормосны системтэй.
6. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн бус стандартын шаардлага хангахгүй байна. Уг системийн эвдрэл, хэвийн бус ажиллагааг хэзээ хэрхэн бий болсоныг шинжээч тогтоох боломжгүй юм.
7. TKYNV маркийн 3491L загварын чиргүүл нь хийн дамжуулгат тоормосны системтэй. Ажиллагааны хувьд хэвийн бус стандартын шаардлага хангахгүй байна.” гэсэн дүгнэлт, техникийн дүгнэлтийн хуудас /хэргийн 1-р хавтас 237-242х/,
18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 7 сарын 04-ний өдөр 23 цаг 40 минутын үед Стивер маркийн ххххСБА улсын дугартай автомашиныг жолоодон Гандийн гудамжинд зүүнээс баруун тийш явж байгаад Соёмботой хөшөөний хойд замд ажлын кемп рүү орох гэж яваад эргэж байх үед хүн орилох шиг болохоор нь өндийгөөд толиндоо харах үед чиргүүлийн хойно хүн газарт хэвтэж байсан. Тэгээд буугаад очиход 2 хүн газарт хэвтэж байсан. Тэр хоёр хүн чиргүүлийн дугуйнд дайрагдсан байсан. Тухайн үед зам руу орох үед тэр хоёр хүн явган хүний зам дээр явж байсан бөгөөд би дуут дохио өгөөд зам руу орсон.
Би шинжээч эмчийн дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлттэй тус тус уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би осол хэрэг гарснаас хойш хохирогч Э.А-д 3.786.500 төгрөг баримтаар төлсөн. Түүнээс хойш 420.000 төгрөг төлөөд нийт 4.206.500 төгрөг төлсөн. Эмчилгээний төлбөрт 1.200.000 төгрөг төлнө. Хохирогч Д.Б-ын эмчилгээний зардалд нийт 6.100.000 төгрөг өгсөн. Нэмж цаашид гарах эмчилгээний зардалд 14.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. ...Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 31х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 05х/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 5 сарын 31-ний өдрийн 169 дугаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 сарын 31-ний өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 2-р хавтас 08-11х, 12-14х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Махатма Гандигийн гудамжны Соёмботой хөшөөний хойд явган хүний гарцтай замд “Shaanxi” маркийн ххххСБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Э.А, Д.Б нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон ба уг ослын улмаас явган зорчигч Э.Агийн эрүүл мэндэд ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн шүүх эмнэлгийн шинжилгээний 8368 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “...зүүн дунд чөмөг ясны хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, дотор холбоосны урагдал, шаант тахилзуурын урд дээд холбоосын урагдал, баруун өсгий дөрвөлжин ясны холбоосын урагдал, зүүн дунд чөмөг, шаант, тахилзуур, баруун өлмийн II, III ясны хэмт эдийн хаван, зүүн шилбэ, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зулгаралт, цус хуралт, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, явган зорчигч Д.Бын эрүүл мэндэд ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8365 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “...элэгний өнгөц язрал, давсагны ханын няцрал, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн дунд чөмөгт ясны хугарал, баруун өвдөг, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун тавхайд зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Махатма Гандигийн гудамжны Соёмботой хөшөөний хойд явган хүний гарцтай замд “Shaanxi” маркийн ххххСБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасны дагуу зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.А, Д.Б нарыг хармагцаа зогсож зам тавьж өгөөгүйгээс зам хөндлөн гарч явсан тэдгээр хохирогч иргэдийг тээврийн хэрэгслийн чиргүүл хэсгээр мөргөсөн зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.А-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Э.А, Д.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогч Э.А-д 16.786.500 төгрөг, хохирогч Д.Б-д 21.650.000 төгрөгийг тус тус тэдний эмчилгээ, үйлчилгээний зардалд тооцон нөхөн төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хохирогч Э.А, Д.Б нар нь хэрэгт “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа тус тус илэрхийлсэн /хэргийн 2-р хавтас 39х, 40-41х/ баримттай байна.
Иймд гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Б.А-гаас гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.А нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 2-р хавтас 05х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 2-р хавтас 08-11х, 12-14х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Түүнчлэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй болон шүүгдэгчийн эхнэр Л.У нь 2019 оны 9 сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барж, 10 настай хүү У.Ч-ий хамт өрх толгойлон амьдарч буй шүүгдэгчийн хувийн байдал /хэргийн 2-р хавтас 64-66х/, нэр бүхий хохирогч иргэд нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 01 /нэг/ 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №626004 дугаартай түр үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ийн А-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан” гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий СD 1 ширхэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №6ххх4 дугаартай түр үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.А болон иргэний хариуцагч нараас хохирогч Э.А-д 16.786.500 төгрөг, хохирогч Д.Б-д 21.650.000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, нэр бүхий хохирогч нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
8. Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10 Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД