| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0621/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 622
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ё-гийн М-д холбогдох эрүүгийн 18100 2933 0656 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Ё.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй, Монголын Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ё-гийн М /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ё.М нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын 117 дугаар байрны 1101 тоотод 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн А.-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ё.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ё.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Ог “мөнгө хэрэгтэй байна” гэхэд нь нэхсэн мөнгийг нь өгдөг байсан. Дансны хуулгаас харахад 2.000.000 гаруй төгрөг, байгууллагын дансаар 1.500.000 төгрөг, нийт 4.0 сая орчим төгрөг шилжүүлсэн байдаг. Гэхдээ үүнийгээ баримтуулж аваагүй. Хохирогч манай компанийн охин компанид ажилладаг байсан. Манай байгууллагад ажилладаг байсан тул амьдрал нь ямар вэ гэдгийг мэддэг. Хохирогчийг ажлаас нь халаагүй байхад өөрөө ажилдаа ирэхээ больчихсон. Би гэм буруугийн тал дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Би тухайн үед хохирогчийг алгадсан, түлхсэн. Хохирогч өөрөө огцом ууртай хүн. “Бичлэгийг чинь фэйсбүүкт тавина” гэж хэлснээс болоод асуудал үүссэн. Шинэ жилийн үйл ажиллагаан дээр үзүүлбэр үзүүлчихээд доошоо буух хооронд хохирогч Мөнгөнсарнай гэдэг хүнтэй муудалцсан байсан. Бид хувийн дотно харилцаа тогтоосон байсан тул заримдаа хааяа нэг нэгнийгээ хардах асуудал гардаг. Тухайн үед Одгийн өөр залуутай байгаа бичлэгийг надруу түүний найз явуулж, уг бичлэгийг дэлгэнэ гэснээс болж маргаан үүссэн.
Мөнгөнсарнай нь Од нар зодолдсон эсэхийг би хараагүй, харин Мөнгөнсарнайгийн хамар гэмтчихсэн гээд гомдол гаргаж Цагдаагийн байгууллагаар шалгуулсан байсан.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг би түүнд учруулсан. Эмэгтэй хүнд гар хүрч, буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 2933 0656 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.О-гийн хохирогчоор өгсөн:
“...2018 оны 12 сарын 12-ны өдөр шинэ жилээ тэмдэглээд 00 цаг болох гэж байхад манай арга хэмжээ таарсан. Би гэртээ явах гээд Мийг хайж яваад тус барилгын 2 давхарт гараад ирэхэд нэг эмэгтэй хүнтэй үнсэлцээд зогсож байхаар нь би юу ч дуугаралгүй байрнаас гараад явахад араас ирээд уучлалт гуйхаар нь би зөвшөөрөөгүй.
Тэгэхэд намайг 2 удаа алгадсан ба манай бүжгийн багш ирж салгасан. Би өөрийн аав, ээж рүү яваад өгсөн. Би гэрт ороод ирэхэд ээж санаа зовсон байдалтай “М- залгаж, мессеж бичсэн” гэхээр нь би ээжийн утсыг аваад М-ийн гэрт очиход хуучны яриа яриад, хэрүүл өдөөд байхаар нь би тайлбар тавих гэхэд миний толгой руу гараа атгаж байгаад нилээн хэдэн удаа цохисон. Цохих үед нь би газарт унасан.
Тэгээд зодохоо болих үед манай ах, эгч хоёр ирсэн ба хаалга онгорхой байсан учир ороод ирсэн. Би М-ийн утсыг нь булааж аваад ах П-д өгөхөд бичлэг устгаад буцаагаад өгсөн. Тэгээд бид 3 байрнаас гараад цагдаад өргөдөл гаргаж, би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. М- миний толгойн зүүн тал болон дагз, хацар, хэвлий хэсэг, зүүн талын хөл, баруун талын гарны сарвуу руу гараараа олон удаа цохисон. Тухайн үед М- эрүүл байсан ба согтууруулах ундаанаас харшилтай учир хэрэглээгүй юм. Мөн миний Iphone 8 plus маркийн гар утсыг шуурч аваад шал руу шидэж хэдэн хэсэг болгосон. Миний монетон ээмгийг гараараа жижиглээд цонхоор гаргаад шидчихсэн. Тухайн өдөр намайг хардаж хэрүүл үүсгэсэн.
...Би эмчилгээний зардал болох 360.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа, хааяа чих шуугидаг. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Би шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х, 17-18х, 19-20х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-ы гэрчээр өгсөн:
“...Од 2018 оны 12 сарын 12-ны өдөр шинэ жилийн арга хэмжээтэй гээд 14 цагийн үед гэртээ орж ирээд хувцасаа солиод гараад явсан. 2018 оны 12 сарын 13-ны шөнийн 02 цаг өнгөрөөгөөд М над руу залгахаар нь утсаа аваад “чамтай ярих юм байхгүй” гээд утсаа салгахад 4 удаа мессеж бичиж, 2 цагийн хугацаанд залгахад нь би аваагүй.
Ингээд манай охин өглөөний 5 цаг болж байхад гэртээ орж ирэхээр нь “чи хаана яваад ирэв” гэхэд “багш, шавь хоёрыг хүргэж өгчихөөд ирлээ” гэхээр нь “М над руу залгаад, мессеж бичээд байна” гээд мессежийг нь уншуулахад гараад явсан. Би араас нь гарахад такси бариад явсан. Тэгээд би гэртээ орж ирээд дунд охин О руу залгаад “дүү чинь явлаа, очоод зодуулчихвий” гэж хэлээд М рүү “Од танайх руу явлаа, энэ асуудлыг зөвөөр шийдье, битгий миний охинд гар хүрээрэй” гэсэн утгатай мессеж 3 удаа бичсэн.
Манай охин О нөхөр П-гийн хамт М-ийн гэрт очиход манай охин Од-г зодчихсон байхад нь гэрээс авч гараад, цагдаа дуудаж очиход хаалгаа тайлж өгөөгүй гэсэн. Тэгэхээр нь манай охин, хүргэн хоёр гэртээ бууж үлдээд манай нөхөр А Од-г дагуулаад ажил дээрээс нь юмнуудыг нь аваад, эмнэлэгт очиж үзүүлсэн.
Манай охин Од-гийн толгой нь хавдсан, баруун талын чих нь одоо хүртэл хүрэн өнгийн шингэн гарч байгаа. Мөн толгой нь эргээд, чих шуугиад байгаа. М тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч бага хэмжээний байсан гэж манай охин хэлсэн. ...М хардалтаас болж манай охин Од-г зоддог. Би охиноо бодоод өдий хүртэл тэвчиж, цагдаад хандаагүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.А-ын гэрчээр өгсөн:
“...2018 оны 12 сарын 12-ны өдөр Олимп хотхонд хүргэний гэрт очоод, орой болсон тул тэнд хонож байхад өглөөний 05 цаг 25 минутын үед Отай манай эхнэр утсаар ярьсан. Тэгээд манай охин О “нөгөө М Од-г зодож байна” гэхээр нь би хүргэн, охин хоёроо аваад М-ийн гэрт явж очоод хаягийг нь хайж байх хооронд охин, хүргэн хоёр гэрт нь ороод Одг аваад гараад ирсэн.
Тэгээд би цагдаа дуудсан чинь М хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь О, хүргэн хоёрыг гэрт нь хүргэж өгөөд, Од-г аваад эмнэлэгт явсан. Манай охин Од нь толгой хавдсан, зүүн талын шанаа хавдсан, чих нь шуугиад байна гэсэн. Гэмтлийн эмч хувцасыг нь тайлж үзээгүй болохоор би сайн мэдэхгүй байна. Мөн тухайн үед М архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна.
Урьд өмнө М манай охиныг зоддог байсан эсэхийг мэдэхгүй байна. Учир нь манай охин надад энэ талаар ярьдаггүй. М манай охиныг хардалтаас болж зоддог гэж бодож байна. Хөрш айлын хүмүүс нь мэдэж байгаа байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.П-гийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 12 сарын 13-ны өглөөний 05 цаг болж байхад манай эхнэр намайг сэрээж “Хүннү хороолол явъя” гээд аав А-ын хамт дагуулаад гарсан. Тэгээд Хан-Уул дүүрэг дэх Хүннү хороололд очоод манай эхнэр утсаар залгаад байсан. Гадаа 30 орчим минут байрыг нь хайж явах хугацаанд Од манай эхнэр рүү залгаад хаягаа хэлж өгөхөөр нь яваад очиход, үүдний кодыг мэдэхгүй болохоор гараашаар нь дамжаад орсон.
Тэгээд 11 давхарт гараад манай эхнэр нэг хаалганы бариулыг татаж онгойлгоод орохоор нь би араас нь дагаж гэрт орсон. Үүдний коридорт Од, М хоёр маргалдаад Од уйлж байсан. Манай эхнэр “явъя” гэхэд Од “миний бичлэгийг шэйрлээд байна, тэрийг устгаж байгаад явна” гэхээр нь манай эхнэр М-ээс утсыг нь булааж аваад надад өгөөд “устгачих” гэсэн. Би фэйсбүүк рүү нь ороод шэйрлэсэн зүйлийг нь устгаж байхад М утсаа авах гээд дайраад байсан. Ингээд гарч лифтэнд суухад Од “цагдаа дуудна, миний толгой өвдөөд байна” гэхээр нь манай эхнэр цагдаа дуудаж өгсөн. Би бичлэгийг устгаад М-д утсыг нь буцааж өгсөн. Ямар нэгэн зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Л-ын гэрчээр өгсөн:
“...Би 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 17 цагаас сургуулийн шинэ жилийн арга хэмжээнд оролцоод 2018 оны 12 сарын 12-ны 00 цаг өнгөрч байхад 2 давхарт сууж байгаад Энхжин гэх найзтайгаа ариун цэврийн өрөө рүү орох гээд явж байхад М захирал ширээний хажуу талын ширээн дээр 4-5 хүнтэй яриад сууж байсан. Тэгээд ариун цэврийн өрөө ороод, хувцасны өлгүүр рүү явж хувцасаа өмсөөд гадагш гарч ангийнхаа хүүхдүүдтэй бөөнөөрөө гадаа зогсож байхад Амараа “Од гараад ирнэ, хүлээж байгаарай” гэхэд удалгүй Од гараад ирэхэд араас нь - захирал гарч ирээд хашааны наана очоод муудалцаад орилолдож байснаа Одг баруун гараараа нүүр рүү нь алгадсан.
Тэгэхэд Од газар унаад босож ирсэнээ газраас юм хайгаад улаан өнгөтэй ээмэг аваад, дахин маргалдахад М Од-г дахин нэг удаа баруун гараараа алгадсан. ...Тэгээд М захирал цаашаа явчихсан, ... бид гурав такси бариад Од-г Өргөөгийн Хөгжил хотхонд гэрт нь хүргэж өгсөн.
...М- ямар учраас Одг алгадсан талаар мэдэхгүй. М баруун гараараа Од-гийн зүүн чих, зүүн хацар руу нь хоёр удаа алгадсаныг би харсан. Тэр хоёр үерхдэг гэж Од урьд нь хэлж байсан юм. ...Одгийн зүүн хацар, чих нь улайсан, бага зэргийн хавдалттай байсан. Одгаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, харин М согтсон байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.М-гийн гэрчээр өгсөн:
“...Би 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 18 цагт Монголын хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн шинэ жилийн арга хэмжээ Сүхбаатар дүүргийн МПМ цогцолбор байрны 5 давхарт болсон.
Уг шинэ жилийн арга хэмжээн дээр би сургуулийн ерөнхий захирал Ё.М болон 3 охины хамтаар яг түүн шиг шоуны бүжиг үзүүлж дуусаад тус тусын ширээн дээр очсон. Хэсэг хугацааны дараа буюу тарах болж байхад Ё.М уг арга хэмжээнд оролцсон хүмүүсийг ширээндээ урьж бид нарыг хүндэтгэсэн. Ширээн дээр зургуулаа сууж байхад 3 охин яваад өгсөн, дараа нь бүжгийн багш яваад өгөхөөр нь “би явлаа” гэж хэлэхэд намайг үнсэхийг оролдохоор нь түлхээд холдуулсан.
Од ирээд М захирлыг шатан дээр баруун гараараа нэг удаа зүүн талын хацар руу нь хүчтэй алгадахад М- захирал буугаад яваад өгсөн. Тэгээд над руу ирээд намайг хүчтэй алгадаад, би доош суухад толгой руу 3-4 удаа цохиж, миний гар утсыг авч нүүр рүү шидээд “хаанаас ирсэн янхан бэ, ичдэггүй янхан бэ” гэх мэтээр намайг доромжилж байгаад шатаар буугаад явсан. Намайг уйлаад сууж байхад ангийн багш ирээд намайг дагуулаад цогцолбороос гараад явсан.
...М захирал согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Од мөн хэрэглэсэн гэж таамаглаж байна. ...Энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж Одд арга хэмжээ авсан. Гадаа юу болсон талаар бол би мэдэхгүй байна. Тэр хоёр миний хажууд маргалдсан зүйл байхгүй, хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Тэр хоёр ямар харилцаа холбоотойг мөн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45х/,
7. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 184 дугаартай:
1. А.Од-н биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвуу, баруун зүүн гуя, баруун өвдөг шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 52х, 59-60х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Даваасүрэнг байцаасан тэмдэглэлд:
“...Хохирогчийн биед үүссэн зүүн чихний хэнгэрэгийн цооролт, тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хана мөргөх, унах, ноцолдох үед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал нь үүсэх боломжтой. Чихний хэнгэрэгийн цооролт бол цохилтоос үүснэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ё.М-ийн яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 12 сарын 11-ний өдөр 18 цагийн үед манай сургуулийн шинэ жилийн арга хэмжээ Сүхбаатар дүүргийн Эм Пи Эм плазад явагдаад дуусах дөхөж байхад надтай цуг тоглолт хийсэн оюутнуудаа ширээндээ уриад юм ярьж байгаад, би босоод явсан хойгуур Од нь оюутан Мөнгөнсарнайг ямар нэгэн шалтгаангүйгээр биед нь халдаж, утсыг нь эвдэлсэн байсан.
Би тэгэхээр нь тухайн үед юу болсон талаар тодруулах гээд Одтай гадаа таарахад над руу дайрч давшлаад байхаар нь би учир байдлыг нь тодруулах гэж аргаа барсан. Тэгээд би нэг удаа баруун гараараа алгадахад Од яваад өгсөн. Манай ажлын хүмүүс ч ойр байсан юм. Ингээд би гэртээ хариад унтах гэж байхад миний утас руу бичлэг ирэхээр нь үзэхэд Од өөр хүнтэй болох нь тогтоогдсон. Тэгээд би Одгийн гар утас руу нилээн олон удаа залгахад холбогдох боломжгүй байхаар нь би Одгийн ээж рүү мессеж бичихэд, ээж нь үүрээр уншсан бололтой над руу залгасан.
Би утсаа аваад “ирэх хэрэггүй” гэж хэлээд утсаа салгасан. Би гэртээ унтаж байхад хаалга дуугарсан. Од ирээд “бичлэг устга” гэж дайрахаар нь би “чи ийм хүн байсан юм уу, би чамд ингэж их итгэж байхад өөр хүнтэй болсон юм байна” гэхэд над руу юу ч дуугарахгүй дайраад байсан. Би биеэ хамгаалах гээд өөрөөсөө холдуулсан. Энэ үйлдлийг олон удаа хийхэд Од-гийн эгч нь нөхөртэйгээ орж ирээд, дагуулаад гараад явсан юм. Гэхдээ бас над руу дайрч давшлаад, хүргэн ах нь миний утсыг булааж авч бичлэгийг устгаснаа буцаагаад өгсөн.
...Бид хоёр албан ёсны хамтран амьдрагчид биш. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Харин Од гэрлэлтийн баталгаатай, нөхөр хүүхэдтэйг нь би сүүлд мэдсэн. Би урьд өмнө Од-г цохиж зодож байсан зүйл байхгүй. Шинэ жилийн арга хэмжээн дээр би түүнийг алгадсан. Харин манай гэрт байхад өөрөөсөө холдуулахаар түлхэж холдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 103-104х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.У-ийн мэдүүлэг /хэргийн 47х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 134х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 66х/, Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хэргийн 111-112х/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 113-116х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ё.М-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ё.М нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын 117 дугаар байрны 1101 тоотод 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А.Одтай маргаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар алгадах, түлхэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвуу, баруун зүүн гуя, баруун өвдөг шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч А.Одгийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвуу, баруун зүүн гуя, баруун өвдөг шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ё.М түүнийг алгадсан, цохиж зодсон үйлдлээс үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Ё.М-ийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ё.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ё.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч А.Од-гийн эрүүл мэндэд учирсан “...биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвуу, баруун зүүн гуя, баруун өвдөг шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд нь гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж тодорхой зохицуулсан.
Хэргийн хохирогч А.Од нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө “...эмчилгээний зардалд 360.000 төгрөгийг гаргуулах” гомдлын шаардлага гаргасан.
Хэргийн шүүгдэгч Ё.М нь хохирогч А.Од-гийн эмчилгээний болон бусад зардалд нийт 360.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ бичгээр гаргасан /хэргийн 135х/ байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ё.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 134х/ баримттай байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг болон гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч А.Од нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Ё.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Од нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Ё-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.М-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ё.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Од нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ё.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД