Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 633

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-ийн Б-т холбогдох эрүүгийн 19100 1935 0676 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд /томилолтоор/, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Г.Энхтуул шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ийн Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.О-тэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хохирогчтой ямар шалтгааны улмаас маргалдсанаа сайн санахгүй байгаа. Би урьд нь хохирогч эмэгтэйг би таньдаггүй байсан.

Би тухайн үед дүүгийнхээ найз нартай хамт явж байсан, 2 шил пиво уусан байсан. Хохирогчид эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг төлсөн. Дахиж ийм асуудал гаргахгүй, биеэ зөв зохистой авч явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1935 0676 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.О-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 8 сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб дотор үйлчлүүлж байхад үл таних залуу шиша гэх шингэн тамхины утаа үлээгээд байхаар нь “наадахаа болиоч ээ, өөр тийш нь үлээ” гэхэд дахин миний нүүр рүү үлээсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи наадахаа цаашаа үлээ” гэхэд “ална шүү, гичий минь” гээд надтай хэрэлдэж байгаад миний нүүрэн тус газар шууд 3-4 удаа цохиж гэмтээсэн.

Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, харин тэр залуу хэрэглэсэн байсан. Би тэр залууд “тамхины утаагаа цаашаа үлээ” гэж хэлсний улмаас миний нүүрэн тус газар 3-4 удаа цохиж, хамар хугалсан. Тухайн үед манай 2 найз миний хажууд байсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Бээс эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08х, 10х, 12х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-гийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 8 сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб дотор найз О Д-ий хамт орж үйлчлүүлсэн. Тухайн бааран дотор текний хажууд сууж байхад нэг үл таних залуутай О маргалдаад байсан ба тухайн үед “яасан, юу болсон юм” гэхэд “наад залуу чинь намайг элдэв янзаар хараагаад байна” гэж хэлсэн.

Тун удалгүй нөгөө залуу О-ийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиод, үүдний хэсэгт 2 удаа цохиж гэмтээгээд зугтсан. Би тухайн залуугийн араас гарахад нөгөө залуу такси бариад шууд яваад өгсөн. Манай найзыг “тамхины утаа над руу үлээхээ боль” гэж хэлсний улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж гэмтээсэн. Би тухайн үед яг хажууд нь байсан. Би тэр залуучуудыг өмнө нь харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/, 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.М-гийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 8 сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб дотор найзын ах Бийн хамт бүжиглэж байхад  Б үл таних хоёр охинтой маргалдаж, тухайн охин пивоны шил хагалж босож ирээд орилоод байсан. Тухайн үед яг юу гэж орилж байгаа нь баарны чимээнд сонсогдоогүй.

Тун удалгүй тэр охин Б ах руу шил барьж дайрч байсан юм. Би яг Б тухайн охиныг хаана нь, яаж цохисныг харж амжаагүй. ...Би тухайн үед уугаагүй, эрүүл байсан, харин Б ах жоохон согтуу байсан. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/, 

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2018 оны 8 сарын 19-ний өдрийн 10009 дугаартай:

1. Н.О-ийн биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 26х, 29х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 8 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб дотор орж үйлчлүүлж байгаад хажуу ширээний охинтой маргалдахад тэр охин над руу пиво цацсан юм. Тэгээд би уурандаа тэр охины нүүрэн тус газар нь цохисон. Би тухайн үедээ согтуу байсан болохоор яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна, над руу пиво цацсан болохоор текний хажууд хоёр удаа цохисон.

Клубээс гарч байхдаа араас татахаар нь “цаашаа бай” гээд дахин нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 38х/, гэрч Ж.Ч /хэргийн 40х/, гэрч Ш.Ө /хэргийн 42х/ нарын мэдүүлэг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 44х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 47х/, шүүгдэгч Б.Б-ээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 55х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр хүлээн авч, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 55х/ 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 199 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулан Б.Б-т холбогдох эрүүгийн 19100 1935 0676 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд иргэн Н.О нь “тамхины утаагаа цааш нь үлээ” гэсэн шаардлага тавьсны төлөө түүнийг эсэргүүцэн маргаан үүсгэж, улмаар нүүр тус газарт нь гараараа цохиж зодон биед нь  “...хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Н.О-ийн: “...2019 оны 8 сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб дотор үйлчлүүлж байхад үл таних залуу шиша гэх шингэн тамхины утаа үлээгээд байхаар нь “наадахаа болиоч ээ, өөр тийш нь үлээ” гэхэд дахин миний нүүр рүү үлээсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи наадахаа цаашаа үлээ” гэхэд “ална шүү, гичий минь” гээд надтай хэрэлдэж байгаад миний нүүрэн тус газар шууд 3-4 удаа цохиж гэмтээсэн. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, харин тэр залуу хэрэглэсэн байсан. Би тэр залууд тамхины утаагаа цаашаа үлээ гэж хэлсний улмаас миний нүүрэн тус газар 3-4 удаа цохиж, хамар хугалсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Бээс эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08х, 10х, 12х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2018 оны 8 сарын 19-ний өдрийн 10009 дугаартай:

1. Н.О-ийн биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 26х, 29х/,

- гэрч Б.А-гийн: “...Би 2019 оны 8 сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб дотор найз О Д-ий хамт орж үйлчлүүлсэн. Тухайн бааран дотор текний хажууд сууж байхад нэг үл таних залуутай О маргалдаад байсан ба тухайн үед “яасан, юу болсон юм” гэхэд “наад залуу чинь намайг элдэв янзаар хараагаад байна” гэж хэлсэн. Тун удалгүй нөгөө залуу О-ийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиод, үүдний хэсэгт 2 удаа цохиж гэмтээгээд зугтсан. Би тухайн залуугийн араас гарахад нөгөө залуу такси бариад шууд яваад өгсөн.

Манай найзыг “тамхины утаа над руу үлээхээ боль” гэж хэлсний улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж гэмтээсэн. Би тухайн үед яг хажууд нь байсан. Би тэр залуучуудыг өмнө нь харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/, 

- гэрч Г.М-гийн: “...Би 2019 оны 8 сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб дотор найзын ах Бийн хамт бүжиглэж байх үед Б үл таних хоёр охинтой маргалдаж, тухайн охин пивоны шил хагалж босож ирээд орилоод байсан. ...Би яг Б тухайн охиныг хаана нь, яаж цохисныг харж амжаагүй. ...Б ах жоохон согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/ болон шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 37х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Н.О-ийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б түүнийг цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.Б-ийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Н.О-ийн биед учирсан “...хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Хэргийн шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.О-ийн эмчилгээний болон бусад зардалд нийт 4.500.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авсан, “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ хэрэгт бичгээр гаргасан /хэргийн 52х/ байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Б.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 38х/ баримттай байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

    

Шүүгдэгч Б.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Ингэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч Н.О нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.О нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.О- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД