| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0630/Э |
| Дугаар | 623 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 623
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч П.Энхболд,
шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д овогт Б-ийн Э-т холбогдох эрүүгийн 1910020380695 дугаартай, 187/2019/0630/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Э /РД:................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нутгийн буянгийн 14 дүгээр байрны гадна 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн В.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд тархи доргилт, дээд мөчдөд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Э нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нутгийн буянгийн 14 дүгээр байрны гадна 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн В.О-ыг хардаж толгой хэсэгт нь цохиж, баруун хөл рүү гараараа цохиж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд тархи доргилт, дээд мөчдөд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч В.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ээжийг эмнэлэгт сахиж хэвтэхээр болоод хонохоор болсон ба тухайн үед би О руу залгаад хамт сууя гэж хэлээд Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг паб-д орж суугаад 03 цагийн үед гарч найзындаа очиж хоносон. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 06 цагийн үед би Эртэч монгол гэх хөтөлбөртөө явсан ба намайг хөтөлбөртөө явсныг нөхөр мэдээд ярихаар нь би шууд ээж рүү эмнэлэг явсан. Тэгсэн манай нөхөр эмнэлэг дээр ирснээ намайг найз Оюун-Эрдэнэтэй хамт гадуур шоудлаа гэж хардаж улмаар гэрийн гадаа машинд зодсон. Ингэхдээ миний хоёр гарыг цамцаар хүлж суудлын бүсээр даруулж толгойн дагз ар хэсэгт гараараа цохьсон, баруун хөл рүү гараараа цохиж хэл амаар маш их доромжилсон. Толгой руу бол маш их цохиж байсан. ...Э надад гэмтэл учруулсан...ингэхдээ намайг цамцаар хоёр удаа гараараа цохьсон, баруун хөлний гуя хэсэгт гараараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/
3. Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед ээж эмээг эмнэлэгт сахиж хамт хононо гээд эмнэлэг дээрээ хоноогүй болохоор мэдчихээд өглөө гэрээс гараад эмнэлэг рүү яваад маргалдаж зодсон гэж аав хэлсэн. Зодохдоо гар луу нь цохьсон гэж хэлж байсан. Мөн ээжийн баруун гар хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/
4. Гэрч Б.О-ниймөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Орхонлхам над руу залгаад бид хоёр нэг пабад орж вино уусан, шөнө 03 цагийн үед бид хоёр манай гэрт очиж хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10227/-ний дүгнэлт:
-В.О-ын биед тархи доргилт, дээд мөчдөд цус хуралт гэмтэлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
/хх-ийн 28/
6. Шүүгдэгч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай эхнэр 2019 оны 8 дугаар сарын 20-ны өглөө ээжийгээ эмнэлэгт сахиж хононо гэж хэлээд хоноогүй гадуур хоносон байсан. Тэгээд эмнэлэг дээр очиход эхнэрийг аваад гэр лүү явсан. Замдаа маргалдсан тэгээд гэрийн үүдэнд очоод машинд эхнэрийнхээ баруун гарын бугалга руу 2 удаа цохьсон. Би тухайн үед маш их уурласан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№/10227-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Э нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нутгийн буянгийн 14 дүгээр байрны гадна 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн В.О-ыг хардаж толгой хэсэгт нь цохиж, баруун хөл рүү гараараа цохиж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед тархи доргилт, дээд мөчдөд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч В.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/, түүний хувийн байдал /...40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, 3 дугаар цахилгаан станцад ээлжийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Б.Э ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Б.Э т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Б-ийн Э-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.Э т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Э т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БАТБОЛОР