Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 629

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи, 

улсын яллагч Н.Нарангэрэл,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж А  овогт Б-ийн    Б-д   холбогдох эрүүгийн 1910021130675 дугаартай, 187/2019/0631/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны..... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, ....ажилтай, ам бүл ..... хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн .....дугаар хороо, ............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А  овогт Б-ийн    Б    /РД:................/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна хохирогч Ж.Ж маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна хохирогч Ж.Ж маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 07-08-ны өдрөөс 08-нд шилжих шөнө би “Дэнжийн мянга”-ын Шонхор захын баруун талын замаар доошоо уруудаж байтал “Тэс петролеум” шатахуун түгээх станцын орчимд 1 залуу гар өргөөд зогсож байсан. Тэгээд би тэр залууг өөрийн эзэмшлийн 30-98 УНЕ улсын дугаартай машиндаа суулгаад 19-ийн үйлчилгээний урд тал руу эргэсэн чинь тэр залуу “зогсож бай би мөнгө аваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буух гэхээр нь нэг юм үлдээгээд яваарай гэж хэлтэл тэр хүн гар утсаа үлдээгээд бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар явсан бөгөөд 5 орчим минутын дараа ирээд “за хөдлөөрэй” гэж хэлсэн. ...манай эхнэр хүүхэд энд байна гэж хэлээд зогс гэж хэлэхээр нь би зогссон чинь нөгөө хүн хэдэн төгрөг гарсан бэ гэж асуухаар нь би 70.000 төгрөг гарсан байна. Гэтэл тэр залуу машинаас бууж эхнэр хүүхэд рүүгээ гүйж очоод буцаад ирэхдээ цонхоор гараа оруулж ирээд миний цээж рүү дүрэхээр нь машинаа хөдөлгөж цаашаа яваад буцаж эргээд Мак-ын урд талын зам дагуу зогсоол дээр очоод цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

            3. Гэрч Ш.Э-ны  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”манай эхнэр хүүхэд энд байна” гэж хэлээд “зогс” гэхэд Жүгдэррагчаа замын хажуу талын догол хэсэг дээр зогсоход нөгөө эрэгтэй хүн “хэдэн төгрөг болсо бэ” гэж асуухад Жүгдэррагчаа 7000 төгрөг болсон гэхэд машинаас бууж ирээд эхнэр хүүхдүүд рүүгээ гүйж очоод буцаж ирснээ цонхоор баруун гараа оруулснаа цээжний хэсэг рүү хутгаар хатгах шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

            4. Гэрч Т.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б    залгаад “Би Энхтайваны гүүр өнгөрөөд явж байна, таксины мөнгө гаргаад ирээч гэхээр нь би гэрийнхээ хойно зам дээр зогсож байтал намайг өнгөрөөд Приус-20 маркын машин зогссон. Тэгсэн чинь цаанаас нь манай нөхөр Б    буугаад ирсэн. ...Би халааснаасаа мөнгө гаргаж ирж байтал манай нөхөр Б    жолооч залууг цонхоор нь гараа оруулаад цохьчих шиг болсон. ...Жинсэн яакных нь халаас руу гараа хийхэд жижиг хутга байсан тэгэхээр нь би тэр хутгыг авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

            5. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим гэртээ байж байтал манай дүү Бат-Оршихын эхнэр Бямба над руу залгаад Б    архи уучихаад таксины жолоочтой хэрэлдээд маргалдаад байна гэхээр нь би Бямбад Б-ыг  нааш нь дагуулаад ир гэж хэлсэн..., ...би дүү Бат-Оршихоос юу болсон юм бэ гэж асуусан чинь таксины 2 залуу мөнгийг нь өгөхын хооронд над руу дайраад байхаар нь маргалдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10869/-ний дүгнэлт:

            -Ж.Ж-ийн биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 36/

            7. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Такси барихаар гараа өргөөд зогссон чинь дотор нь жолоочтойгоо нийлээд 2 хүн байсан ба би ард нь орж суусан. Тэгээд би гэр лүүгээ явсан бөгөөд Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төв дээр ирээд мөнгө өгөх гэтэл 6000 төгрөг гарсан байсан гэхээр нь мөнгөө үзсэн чинь миний бэлэн мөнгө хүрэхгүй байхаар нь би таксины жолоочид “ахаа бэлэн мөнгө хүрэхгүй байна, бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад ирье” гэж хэлтэл жолооч залуу нь “чи мөнгөгүй байж яах гэж такси барьдаг пизда вэ” гэж хэлсэн. ...Буух гэтэл тэр залуу миний гар утсыг барьцаанд авсан. Тэгээд бэлэн мөнгөний машин дээр очоод мөнгө авах гэтэл миний карт байгаагүй, гэртээ орхисон гэдгээ санасан. ...Тэгээд би эхнэр лүүгээ залгаад мөнгө аваад гараад ир гэж хэлтэл манай эхнэр Бямба байрны гадаа гараад ирсэн байсан. Би машинаас буугаад эхнэр дээрээ очоод мөнгийг нь өгчих гэж хэлсэн. Тэгтэл таксины жолооч чи намайг нэг цохичих, харин намайг газар унагаж чадахгүй бол би чамайг нохой шиг зодно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд өмдний баруун халаасанд байсан жижиг хутгаа аваад жолооч талаар нь очсон ба жолоочийн тал онгорхой байсан учраас хутгатай гараа жолоочийн цээжин хэсэг рүү нь явуулсан чинь жолооч 2 гараараа хаасан. Тэгтэл манай эхнэр Бямба хойш нь татсан, нөгөө такси хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/-аар тогтоогдлоо.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10869/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.   

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна хохирогч Ж.Ж маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.         

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Ж.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77/,  түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хавт шонхор” ХХК-ийн ээрэх цехэд самнах машин баригч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.      

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.         

Б.Б-д   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч А  овогт Б-ийн    Б.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А  овогт Б-ийн    Б.Б-ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д   оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Б.Б-д   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-д   сануулсугай.      

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР