| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0637/Э |
| Дугаар | 635 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 635
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт А-ны Э-д холбогдох эрүүгийн 1910015860712 дугаартай 187/2019/0637/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....хамт, Налайх дүүргийн ... дугаар хороо .... тоотод оршин суух, .... ажилтай, ял шийтгэлгүй, Я овогт А-ны Э /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хилэм” амралтын газарт ажиллаж байхдаа иргэн Б.У-ын гээгдүүлсэн “Нuawei PS” загварын гар утсыг олж авч бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, кодыг нь тайлуулж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Э нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хилэм” амралтын газарт ажиллаж байхдаа иргэн Б.У-ын гээгдүүлсэн “Нuawei PS” загварын гар утсыг олж авч бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, кодыг нь тайлуулж хувьдаа завшсан болох нь:
1. Шүүгдэгч А.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байхад 12 цагийн үед найз С.Мөнх-Од залгаж загасанд явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн эзэмшлийн Toyota Corolla Runix маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Нисэхийг 65 дугаар байрны гадна очиж С.Мөнх-Одтой уулзсан. Тэгээд бид хоёр Янгир хүнсний дэлгүүр орж хоол хүнснээ цуглуулж Гэрэлмандах, Солонго, Шинэзаяа, Отгонцэцэг, Болд нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилэм” амралтын газарт очсон. Амралтын газарт найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж унтаж амарсан. Өглөө 09 цагийн үед сэрээд гар утсаа хайхад байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би гар утсаа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Юнител компаниас лизингээр 640.000 төгрөгөөр авсан. Одоо авсан үнээр үнэлж байна. ...Тухайн өдөр амралтын газарт бид нараас өөр хүмүүс байгаагүй. Тухайн өдөр 20 цагийн үед амралтын газрын гадна гар утсаараа эхнэртэйгээ яриад шортны арын халаасанд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/
3. Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр Э ын хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Хилэм нэртэй амралтын газарт туслах ажилтанаар ажиллаж байсан. Уг ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эхэлсэн юм. Миний барьж явсан утас явсан утас эвдрээд эхнэр надад нэг утас өгсөн. Ямар учиртай хаанаас авсан утас эсэхийг мэдэхгүй байна, энийг бариад үз гэж хэлээд өгөхөөр нь 9985-2626, 8685-2626 дугаарын 2 ширхэг сим картаа хийчихсэн ашиглаад явж байсан. Тэгтэл намайг цагдаагаас дуудахаар нь ирээд уулзсан чинь манай эхнэрийн надад өгсөн байсан хар өнгөтэй, “Hauwei” загварын гар утсыг наадах чинь алдагдсан гар утас байна гэж хэлээд утас хураагаад авсан. Эхнэрээсээ ямар учиртай утас байсан юм гэж асуутал нуурын эрэг хог цэвэрлээд явж байхад олсон гар утас байгаа юм, чамд олсон гэдгээ хэлэхээ мартчихаж, ямар хулгайлаад авсан биш гэж бодоод чамд өгчихсөн гэж хэлсэн. Эхнэр тухайн үед надад өгөхдөө тэрийг хэлэхгүй өгчихсөн юм билээ, би ч ямар учиртайг нь асуухгүйгээр авчихсан юм. Хэвийн ажиллагаатай хоёр сим карт ордог утас байсан. Уг утсанд хийж ашиглаж байсан 9985-2626, 8685-2626 дугаарууд хоёулаа миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,
4. Дамно ХХК-ийн ХУ2-19-395 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утсыг 553600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 17-18/,
5. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-27/,
6. Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 18/5065 дугаартай албан тоотод “...Норов овогтой Очирдарь 99582626 дугаарын утсанд ашигласан байна...” /хх-ийн 20/,
7. Шүүгдэгч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хуулийн мэдлэггүйгээс болж ийм хэрэгт орлоо. Хүний хаясан утсыг авч ашиглаж болдоггүйг яаж мэдхэв дээ. Гэхдээ хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр утсыг ашигласан нь үнэн. Хэргээ хурдан шийдүүлмээр байна. Болсон хэрэг тодорхой болохоор хэргийн талаар надад яриад байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч А.Э завшсан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал /Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уул 1а-21 тоотод амьдардаг/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч А.Э ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт А-ны Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я овогт А-ны Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Э-д оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Я.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Я.Э-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Я.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР