Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 606

 

 

 

 

 

                                                                         

 

 

      Д.Цогбадрахад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Д.Цогбадрахад холбогдох эрүүгийн 201526010504 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бавгар овогт Дамбын Цогбадрах, 1970 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сум, 4 дүгээр багийн Цэцэг нуурын 1-78 тоотод оршин суух бүртгэлтэй,

Ховд аймгийн шүүхийн 1989 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/09
дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн
112.2, 123 дугаар зүйлийн 123.2, 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 4
жилийн хугацаагаар хорих ялаар,

Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар,

Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, /РД: ПМ70041011/,

 

Д.Цогбадрах нь 2015 оны 3 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Алтай” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, тодорхой шалтгаангүйгээр иргэн С.Оргилсайханы нүүрэн тус газарт архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж, түүний бие махбодид зүүн духны хөндийн доод хананаас хацар ясны доод ирмэг хүрсэн, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цууралт, зүүн доод зовхи дотор хэсэг, зүүн өгзөгт сорви бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Цогбадрахад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж тус тус заажээ. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар Д.Цогбадрахад холбогдох 201526010504 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дүгээр шүүгчийн захирамжийг залруулахдаа: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Цогбадрахад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526010504 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан байна. Тус шүүхийн 2017 оны 589 дүгээр захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...”, “...181.2.1 дэх заалтад...”, “...Э.Мэндсайханыг...” гэж тус тус бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх, шүүхийн шийдвэрийг өөрийн санаачилгаар залруулж болох тухай хуульчилсан байх тул дээрх техникийн алдааг буюу “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 27-ны...” гэж, “...181.2.1 дэх заалтад...” гэснийг “...181.3 дахь хэсэгт...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “....Д.Цогбадрахыг...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иймд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 27-ны...” гэж, “...181.2.1 дэх заалтад...” гэснийг “...181.3 дахь хэсэгт...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “....Д.Цогбадрахыг...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 589 дугаартай шүүгчийн захирамжаар буцаахдаа захирамжийн удиртгал хэсэгт прокурорын яллах дүгнэлт үйлдсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг”-т заасан гэмт хэргийг өөрчилж “Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

2. Прокурорын газраас яллагдагч Д.Цогбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

3. Яллагдагч Д.Цогбадрахын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Д.Цогбадрахад холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Д.Цогбадрахад холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид 3 алдаа гарсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шижлүүлсэн байхад мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасанд мөн хамаарч байгаа. Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Прокурор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн мэтээр бичсэн. Мөн Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн. Энэ нь шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэгт хамаарч байна. Прокурор анхан шатны шүүхийн залруулгыг хүлээж аваагүй. Прокурорын эсэргүүцэл бичсэний дараа шүүхийн залруулга ирсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар залруулга хийх нь шүүхийн санаачилгаар хийж байгаа боловч хэргийг хэлэлцэж байж залруулга хийх ёстой байдаг. Тэгэхээр хэлэлцэнэ гэдэг нь улсын яллагчийг оролцуулж болно гэж байгаа боловч энэ талаар прокурорт мэдэгдээгүй. Шүүгчийн захирамжаар залруулга хийгээд хавтаст хэрэгт хавсаргасан байна. Прокурорт энэ талаар сүүлд ирүүлсэн боловч хүлээж аваагүй” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт Д.Цогбадрахад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хүлээн авсан огноо, яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэрэг нь алдаатай, яллах дүгнэлт болон хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл болжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтаас үзэхэд дээрх захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна. Иймд захирамжийн зөрчлийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаарх эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй.

 

Харин дээрх захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр уг хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэх нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дүгээр захирамжийн заалттай нийцэх юм.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 610 дугаар захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байхаас гадна шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх учир уг захирамжийг хүчингүй болгов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дүгээр захирамжийн тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 27-ны...” гэж,

“...181.2.1 дэх заалтад...” гэснийг “...181.3 дахь хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Д.Цогбадрахад...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 610 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч ханган “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Д.Цогбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ