Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ХШТ/15

 

Ж.Э, Б.Ц нарт холбогдох

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Ж.Э-н өмгөөлөгч Т.Багахүү, шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч А.Очбадрал /цахим/, иргэний хариуцагч Ц.Б /цахим/, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дүгээр магадлалтай, Ж.Э, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1839002280423 хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч А.Очбадрал, иргэний хариуцагч Ц.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, Т овгийн Ж.Э;

2.Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Ц;

Шүүгдэгч Ж.Э, Б.Ц нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Ц, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарын тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9,792,000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, иргэний хариуцагч Ц.Бөөс 30,000,000 (гучин сая) төгрөг, шүүгдэгч Ж.Эаас 5,000,000 (таван сая) төгрөг, шүүгдэгч Б.Цгээс 5,000,000 (таван сая) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч Ц.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал, Т.Багахүү нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Эийн холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн 1-7 дахь заалтын шүүгдэгч Ж.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Ц.Бөөс 30,000,000 /гучин сая/ төгрөгийг, шүүгдэгч Б.Цгээс 10,000,000 /арван сая/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.” гэж өөрчилж, шүүгдэгч Ж.Эийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Т.Багахүү нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч А.Очбадрал иргэний хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Ц.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хэнтий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.Бямбасүрэн, хяналтын прокурор Г.Анхбаяр нар бичсэн эсэргүүцэлдээ: “...давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг ”...Давж заалдах шатны шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана..” гэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх...” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн зүйлийн 1.4.хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” гэж тус тус хуульчилжээ. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч Ж.Э нь Хэнтий аймгийн *** *** *** ажиллаж байхдаа хууль тогтоомжуудыг зөрчин Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн *** *** *** *** голд 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “Ү” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэх заасныг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байдаг.

Тухайлбал: Иргэний хариуцагч Ц.Бийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн ” ...Миний санаж байгаагаар 2016 оны 05 сарын үед Хэнтий аймгийн *** *** ***захирагч Ж.Э нь над руу яриад манай газарт шинээр ***ы гүүр баригдах боллоо, тендер зарлалаа” гэж ярьсан. Ж.Эийн ярьсны дагуу *** тосгон дээр очиж захирагчийн ажлын албаны дарга Цтэй уулзаж зарлагдаж буй тендерийн баримт бичгийг худалдаж авч, тендерийн баримт бичгийн дагуу материалаа бүрдүүлээд ажлын албанд өгсөн...гэх мэдүүлэг, /1-р ХХ-ийн 197-198 хуудас/

Гэрч Б.Цгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн”...Тендерийн урилгыг Хэнтий аймгийн Хэнтий мэдээ сонинд тавьсан, тэгтэл ямар ч аж ахуй нэгж оролцоогүй, тендерийн баримт бичгийг ирүүлээгүй тул тосгоны захирагч Ж.Эт танилцуулахад “аймгийн Засаг дарга руу ярьсан, мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэхэд 40,0 сая төгрөг нь түлшний зардалд л хүрнэ, гүүрээ барьж хүрэхгүй учир “Ү” ХХК-ийг сонгон шалгаруулах хэрэгтэй...тухайн акт үйлдээгүй юм...тендерийн тухай хуулийг гүйцэт мэдэхгүй, хямд үнээр ажил гүйцэтгүүлбэл болох юм шиг санагдаад захирагч Эийн хэлснээр Үг сонгон шалгуулж ажил хийлгүүлсэн юм...гэх мэдүүлэг, /1-р ХХ-ийн 199-200 хуудас/

Гэрч М.М-ын ”...2016 оны 05 сарын эхээр *** тосгоны захирагчаар ажиллаж байсан. Ж.Э нь байгууллагын шуурхай хурал дээр “Манай тосгоны гүүрний тендерийн ажил зохион байгуулна...5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо байгуулагдсан Үнэлгээний хороо байгуулагдсанаасаа хойш үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй...гэх мэдүүлэг, /1-р ХХ-ийн 205-206 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж хэрэгт авагдсан давж заалдах шатны шүүхээс дээрх баримтыг үгүйсгэсэн, няцаасан талаар дүгнэлт огт хийлгүйгээр шүүгдэгч Ж.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт шүүгдэгч Ж.Эт холбогдох хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байна.

Иймд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМ/59 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч А.Очбадрал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...1.шүүгдэгч Б.Ц 2016 онд Хэнтий аймгийн *** сумын *** тосгонд ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар *** голын гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Б.Ц нь аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийн ажлын хэсэгт орж ажилласан. Эхний удаа тендер сонгон шалгаруулах зарыг Хэнтий мэдээ сонинд байрлуулахад нэг ч аж ахуй нэгж тус тендерт оролцоогүй байдаг. Дахин тендер зарлахад Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг ганцхан “Ү” ХХК тендерт материалаа ирүүлсэн байдаг. “Ү” ХХК *** голын гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн ба тус гүүрийг барьж дууссаны дараа тухайн гүүрээр даац хэтрүүлсэн хүнд даацын машин гарч тус гүүрний банзыг хугалж эвдэлснээр Б.Ц нарыг шалгаж эхэлсэн.

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэх ойлголт нь тухайн албан тушаалтан бусад албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах үйлдэл хийсэн, эсхүл хамтран шийдвэрлэх байсан асуудлыг дангаараа шийдвэрлэсэн, хууль болон хуульчилсан актад заасан гагцхүү онцгой нөхцөл байдал бий болсон үед хийх байсан үйлдлийг ердийн үед гүйцэтгэсэн, эсхүл ямар ч нөхцөл байдалд албан тушаалтан үйлдэх ёсгүй үйлдлийг хийсэн зэргээр буруутгагддаг гэмт хэрэг билээ. Шүүгдэгч Б.Ц дээр дурдсан үйлдлийн аль нэгийг гаргаагүй байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлд заасан Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг 2015 онд батлагдаж 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиас хасагдсан гэмт хэрэг ба гэмт хэрэгт тооцогдохгүй болсон.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлд заасан Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийг тухайн шалгагдаж буй хүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор буцааж хэрэглэх байтал Улсын яллагч нарын зүгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тодруулбал 2015 онд батлагдаад 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно хэмээн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө анх хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Б.Ц 2016 онд Хэнтий аймгийн *** сумын *** тосгонд ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд шүүгдэгч нарт аль ашигтай эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой. Шүүгдэгчийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх агуулгаараа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль нь 2015 оны Эрүүгийн хууль билээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хэмээн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тиймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хууль нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт ороогүй байх үеийн Эрүүгийн хууль ба тус хэргийн шүүгдэгч Б.Цгийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Энэ талаар өмнө нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2021/ШЦТ/255 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн шийтгэх тогтоол гарч байсныг дурдаж байна, мөн хавтаст хэрэгт байгаа.

Гэтэл Хэнтий аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх асуудалтай холбоотой хэсгийг анхаарч үзэлгүй 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй магадлал гаргасан нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр юм.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт буруугийн хэлбэр зэргийг нотолсон байхыг шаарддаг.

Аливаа албан тушаалын гэмт хэргийн үндсэн шинжид тухайн албан тушаалтан өөрт хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсний үндсэн дээр өөртөө болон ойр дотны хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож, ашиг хонжоо олох, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн байхаар хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Б.Ц гэмт хэрэг үйлдэж өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн зүйл байхгүй. Тендерт анх нэг ч компани санал ирүүлээгүй, дахин тендер зарлахад ганцхан компани санал ирүүлсэн нь аль нэг байгууллага, хувь хүнд давуу байдал олгоогүй болох нь тодорхой харагддаг. Шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн сэдэлт зорилго байхгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдохгүй байхад 9 жилийн хугацаанд шалгаж байна.

Шүүгдэгч Б.Ц нь Монгол улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд, Хэнтий аймгийн засаг даргын Захирамжийг биелүүлж нийтийн тусын тулд гүүрийн ажлыг хийж гүйцэтгэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан байдаг.

Тухайн гүүрийн ажлыг хийж хэрэгжүүлэх явдал нь орон нутгийн иргэдийн нэн тулгамдсан асуудал байсан ба тухайн гүүр барих төсвийг цаг хугацаанд нь ашиглаж чадахгүй тохиолдолд буцаан татах бодит байдал үүсчихсэн байсан мөн гүүрийн ажлыг хэрэгжүүлэх ажлыг эхний удаа зарлахад нэг ч аж ахуй нэгж оролцох санал ирүүлээгүй ба тендерт “Ү” ХХК-иас өөр ямар нэгэн аж ахуй нэгж саналаа ирүүлж байгаагүйг дахин дурдаж байна.

Шүүгдэгч Б.Цд гэмт хэрэг үйлдэх нийгэмд аюултай гэмт сэдэлт зорилго байхгүй ба гэмт хэргийн субьектив талын шинж тогтоодохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт зорилго нотлогдохгүй байгаа. Иймээс шийтгэх тогтоол, магадпал нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Цг цагаатгаж өгнө үү...” гэв.

Иргэний хариуцагч Ц.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Хэнтий аймгийн *** сумын *** тосгонд 10 тн даацтай модон гүүр барих, 40 сая төгрөгийн санхүүжилттэй тендэр зарлагдаж, “Ү” ХХК шалгарч барихаар болж, хуучин модон гүүрийг нь нураан буулгаж хурааж аваад Тамгын газрын хашаанд буулгаж хүлээлгэн өгсөн. Тэгээд талбайг нь цэвэрлээд шинээр 10 тн даацтай модон гүүрийг 2016 оны 5 дугаар сараас эхлэн барьж 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгасан. Улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байтал Хэнтий аймгаас ирэхгүй удаад байхад нь Тамгын газрын дарга Цд шинээр барьсан 10 тн даацтай модон гүүрийг 2 талд нь том бетон блокоор хаагаад, 2 талд нь орохыг хориглосон тэмдэг тавиад, улсын комисс ирж хүлээн автал машин тэрэг гаргуулахгүй байхыг анхааруулж санамж өгөөд явсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 04-нд Ц дарга тууз хайчилж, гүүрийг нээж, машин явуулахыг зөвшөөрснөөс хойш 20-иод хоногийн дараа 60 тн-ийн даацтай нүүрс ачиж явсан Хово маркийн машин гарч эвдэж хэмхэлсэн байдаг. Машины эзэн Г гэх эмэгтэй над руу утсаар ярьж, манай компанийн Хово машин нүүрс ачиж яваад гүүрийг эвдэж нураачихлаа гэж хэлсэн. Үүнээс хойш 9 жил болоход гүүрийг нураасан, эвдсэн эзэн холбогдогчийг, буруутай үйлдэл үйлдсэн жолоочийг байцааж шалгахгүй, улсын комисс хүлээн аваагүй, 10тн даацтай модон гүүрийг албан тушаалаа ашиглан нээж машин тэрэг явуулсан Ц даргыг буруутгаж гэм зэмийг хүлээлгэж чадаагүй байж эцсийн эцэст нь “Ү” ХХК нь буруутай болж 30 сая төгрөг төлөх болов. Манай компани 40 сая төгрөгийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр нь харгалзан 3 хувааж авсан болно. *** тосгоны захирагч Ж.Э бидний барьж дуусгасан гүүрийг харахдаа бидний тавьсан шаардлагын дагуу барьсан байна, сайн байна гэж хэлж байсан. Бид 40 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулаагүй, 40 сая төгрөгөөр 10тн даацтай модон гүүр барьсан. Харамсалтай нь 60тн даацтай том Ково машин эвдсэн. Үүнийг Хэнтий аймгийн 2 шатны шүүх буруутай этгээдийг олж тогтоолгүй, ажил үүргээ сайн биелүүлж гүүр барьсан “Ү” ХХК-ийг 30 сая төгрөгийн өрөнд орууллаа. Энэ хэргийг анхан шатнаас нь эхэлж мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүсье. Буруутай этгээд болох жолоочийг, мөн Г гэх эмэгтэйгээс, “Ү” ХХК-ийн ажилчдаас нэг ч мэдүүлэг аваагүй тул Хэнтий аймгийн анхан шат, давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг маш буруу, нэг талыг барьсан дарга нарт үйлчилсэн гэж Монгол улсын иргэний хувьд бодож байна. Тийм учраас Монгол улсын дээд шүүх үнэн зөвөөр ойлгон судалж, энэ хэргийг буцааж анхан шат буюу мөрдөн байцаах газар руу явуулж өгнө үү. Би биш, даац хэтрүүлэн явсан жолооч иргэний хариуцагчаар татагдах ёстой..” гэв.

Шүүгдэгч Ж.Эийн өмгөөлөгч Т.Багахүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх Ж.Эт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Прокурорын эсэргүүцэлд “давж заалдах шатны шүүх Ж.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо 3 үндэслэлийг харгалзан үзээгүй”, “иргэний хариуцагч Ц.Бийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Цгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч М.М-н мэдүүлгүүдээр Ж.Э гэмт хэрэг үйлдсэн нь хөтөлбөргүй нотлогдсон атал дүгнэлт хийлгүй орхигдуулсан” гэжээ. Гэтэл прокурорын эсэргүүцэлд дурдсан дээрх 3 мэдүүлэгт Ж.Э гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн тухай агуулга байдаггүй. Иймээс прокурорын эсэргүүцлийг ойлгомжгүй буюу үндэслэлгүй, түүний үндэслэл болсон мэдүүлгүүд нь Ж.Эийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолж буй нотлох баримт гэж үзэж байна. Хоёрдугаарт, шүүх хуралдаанд гаргасан прокурорын тайлбарыг ойлгохгүй байна. Ж.Э үнэлгээний хороонд нөлөөлсөн нь гэмт хэрэг юм уу, эсхүл чанарын шаардлага хангаагүй гүүр бариулсан нь гэмт хэрэг юм уу гэдэг асуудал ойлгомжгүй байна. Шүүгдэгчийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа тохиолдолд тэрээр хэрхэн үнэлгээний хороонд нөлөөлж, эрх мэдлээ хэтрүүлсэн болохыг дүгнэх ёстой. Гэтэл хэрэгт энэ тухай баримт авагдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ асуудал яригдаагүй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхээс хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр хэлэлцэж байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хууль хэрэглээний зөрүүтэй байдал маш их гарч байсан. Нэгдүгээрт, шүүхээс ойролцоо төрлийн гэмт хэргийг ялган зүйлчлэх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Учир нь, Ж.Э болон Б.Ц нарын ямар үйлдэл бусдад, эсхүл өөрт нь давуу байдал үүсгээд байгаа тухай дүгнэлт хийж чадаагүй. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдад болон өөртөө ямар нэгэн давуу байдал олж аваагүй болох нь тогтоогдсон. Иймээс шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа эсэхийг шалган тогтоох шаардлагатай байсан. Гэвч Б.Цгийн үйлдэл нь “Хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинж болох хохирлын хэмжээг хангахгүй, 40,000,000 төгрөг нь их хэмжээний хохирол биш. Ойролцоо төрлийн гэмт хэргийг ялган зүйлчилж, улмаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй байх тохиолдолд гэмт хэргийн шинжийг хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. Гуравдугаарт, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг үндэслэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа бол 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11, 12 дугаар зүйлд тус тус зааснаар хууль буцаан хэрэглэх, хуулийн үргэлжлэх цаг хугацааг тогтоож шийдвэрлэх ёстой. Үүнээс улбаалаад хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал гарч ирж байна. Улсын дээд шүүх 2020 оны хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбараар 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг тайлбарлаагүй гэж үзэж байна. Учир нь, тус тайлбарт 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл болон хууль буцаан хэрэглэх зохицуулалттай холбоотой тайлбар тусгагдсан. Иймээс өмгөөлөгчийн зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Б.Ц, Ж.Э нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол ямар учраас гэмт хэрэгт тооцохгүй болсон хуулийг хэрэглээд байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой. Прокурор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид эрх мэдлээ хэтрүүлэх шинж багтдаг” гэж тайлбарлаж байна. Энэхүү тайлбар нь 2022 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон. Тэгэхээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, тайлбар гарахаас өмнөх хуулийг хэрэглэвэл эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг ойлголт нь энэ асуудалтай хамаарахгүй гэж үзэж байна. Хохирлын асуудлын тухайд, шүүх 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулийг хольж хэрэглэж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл, хохирлыг тогтоохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасныг үндэслэж буюу хэргийг шийдвэрлэхдээ хоёр хуулийн ерөнхий ангийг хольж хэрэглэж байгаа нь хэт яллах талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Эцэст нь, гүүр нурсан асуудал нь 2017 оны 01 дүгээр сар буюу Ж.Э албан тушаалаа хүлээлгэн өгч төрийн албан тушаалтан биш болсон үед болсон. Прокурор энэ асуудлыг “2016 оны 11 дүгээр сард буюу Ж.Эийг төрийн албан хаагч байхад нь гүүр нурсан” гэж нотлох баримтгүйгээр дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд энэ асуудлыг нарийвчлан шалгуулахаар гомдол гаргаж байсан. Хэрэгт энэ талаарх холбогдох баримтууд байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ж.Э, Б.Ц нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, “тендер сонгон шалгаруулах ажилд хэрхэн яаж нөлөөлсөн нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэн Ж.Эт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос уг шийдвэрийг эс зөвшөөрч, Ж.Э нь “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж, магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл гаргажээ.

Миний бие прокурорын эсэргүүцлийг “давж заалдах шатны шүүхээс Ж.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэсэн агуулгын хүрээнд дэмжин оролцоно. Учир нь, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Эийн өгсөн мэдүүлгээр Хэнтий аймгийн *** *** ***захирагч Ж.Э нь захиалагчийг төлөөлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах эрх, үүргийг хэрэгжүүлсэн, мөн тэрээр “Ү” ХХК-ийн удирдлагад уг тендерт оролцох талаар урьдчилан санал тавьсан, Үнэлгээний хорооны ахлагч Б.Ц нь үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр, техникийн тодорхойлолт боловсруулах, тендерийг үнэлж шийдвэрлэх эрх, үүргийг дангаар хэрэгжүүлж, авто зам, замын байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй “Ү” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг гаргасан, уг зөвлөмжийн дагуу Ж.Э нь “Ү” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүүрийг бариулж, баригдсан гүүрийг акт үйлдэж, байнгын ашиглалтад хүлээж авах үүргээ биелүүлээгүй, гэрээг зөрчиж үлдэгдэл төлбөрийг шилжүүлж өгсөн буюу тендерийг хууль бусаар явуулж, мэргэжлийн бус байгууллагаар батлагдсан зураг төсөлгүй, норм, норматив, барилгын ажлын шаардлагад нийцээгүй гүүрийг бариулсны улмаас эвдрэлүүд үүсэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй, ашиглах боломжгүй болж, хохирол учирсан үйл баримт хэрэгт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

Хэдийгээр хэрэгт Ж.Э нь үнэлгээний хорооны үйл ажиллагаанд оролцсон, хөндлөнгөөс нөлөөлсөн болохыг шууд нотолсон баримт авагдаагүй боловч хэрэгт нотлогдон тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд, Ж.Эт “Ү” ХХК-д давуу байдал бий болгох санаа, зорилго байсан, улмаар гэмт санаа, зорилго нь Б.Цтэй бүлэглэж хэрэгжсэн, уг хуулийн этгээдэд давуу байдал бий болгож, ашиг сонирхлыг нь гүйцэлдүүлсэн нөхцөл байдал нотлогдсон байна. Иймээс давж заалдах шатны шүүх Ж.Эт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон гэж дүгнэж байна.

Уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хугацаанд үйлдэгдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийн шинж 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж дотор багтсан, энэ талаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр хуульчилсан тайлбар хийгдсэн. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн ялын төрөлд нэг удаа өөрчлөлт орсон буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өөрчлөлтөөр торгох ялыг хассан. Хоёр шатны шүүх “2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр энэ хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох асуудал нь процессын шинж чанартай учраас хууль буцаж үйлчлэхгүй. Иймээс 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн зохицуулалтыг хэрэглэнэ. Прокуророос Ж.Э, Б.Ц нарыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан, энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч А.Очбадрал, иргэний хариуцагч Ц.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ц, Ж.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянан үзээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн арга, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлснээр шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг бодит байдлаар сэргээн тогтоож, хэргийг зөв зүйлчлэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.

Нотлогдвол зохих дээрх байдлуудыг гэмт хэргийн шинжийн хоёр бүрэлдэхүүнт онолын үүднээс буюу гэмт хэрэг гарсан байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, үйлдлийн арга зэргийг үйлдэл, эс үйлдэхүйд /actus reus/ хамааруулан үзвэл сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь бүхэлдээ /mens rea/ гэм буруугийн элемент болж явна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөвхөн гэм буруутайгаар үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учир тухайн этгээдээс эрх зүйн эсрэг зан үйлдээ хэрхэн хандаж байсан тухайлбал, уг зан үйлд хөтөлсөн хүсэл зоригийн шинж чанарыг тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гарцаагүй нөхцөлийн нэг юм. Мөн энэхүү хүсэл зориг нь уг үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг тодорхойлж байсан эсэхээс хамааран учирсан хохиролд гэм буруутай байх явдлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хохирол, хор уршгийг хүссэн, түүнд зориуд хүргэсэн эсэх нь шалтгаант холбооны онолын субьектив талын шаардлагыг хангах гол нөхцөл мөн.

3.Анхан шатны шүүх Хэнтий аймгийн *** *** ***захирагчаар ажиллаж байсан Ж.Э, Хэнтий аймгийн *** *** ***захирагчийн ажлын албаны дарга, тендерийн үнэлгээний хорооны ахлагчаар тус тус ажиллаж байсан Б.Ц нарыг бүлэглэн Хот тосгоны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, 2015 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн *** *** ****** голд 10 тонн даацтай гүүрний барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа журам зөрчиж “Ү” ХХК-ийг сонгон шалгаруулсан болон 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэж заасныг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг гүүр мөн оны 10 дугаар сард нуран унасан талаарх үйл баримтыг маргаангүй дүгнэн тодорхойлсон байна.

Шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, харин давж заалдах шатны шүүх Ж.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хуулийг адил эрх зүйн байдал бүхий шүүгдэгч нарт  зөрүүтэй хэрэглэж, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үндэслэл бүхий тогтоож чадаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

4.2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг “Авлигын гэмт хэрэг”-т хамаарах “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл болгон хуульчилсан. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн хууль тогтоомж нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол, нийгмийн харилцааны өөрчлөлттэй уялдан хувьсан өөрчлөгдөж, түүнийг дагаж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох сэдэлт нь шунахайн болон хувийн бусад сэдэлттэй байх боловч хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ач холбогдолгүй байдлаар хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус давуу байдлыг бий болгох зорилго, сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна.

Түүнчлэн хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицэд заасан Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг, “Давуу байдал гэж” Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг тус тус ойлгохоор хуульчлан аутентик тайлбар хийсэн. 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нар нь хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгон Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар эрх шилжүүлсний дагуу гүүрний барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг төсөвт өртөгт багтааж харьцуулалтын аргаар сонгон шалгаруулалтыг явуулахад эхний тендер хүлээн авах хугацаанд оролцогч үнийн санал ирүүлээгүйн улмаас тендер шалгаруулалтыг дахин зарлаж, “Ү” ХХК-аас өөр оролцогч төсөвт өртөгт багтаан гүүрний засварын ажлыг гүйцэтгэх талаар санал ирүүлээгүй тул гүүрний онцгой хэрэгцээт байдлыг харгалзан заавал бариулах шаардлагатай гэж үзэн “Ү” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгохдоо хэн нэгэнд хууль бус давуу байдал бий болгож, ашгийг хичээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж болох гэмт санаа зорилго буюу албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон хамаарал бүхий хэн нэгэн этгээдэд эдийн болон эдийн бус давуу байдлыг өөрийн санаачилга, эсхүл хэн нэгэн этгээдийн хүсэлт, гуйлт, шаардлагаар олгосон гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарын Хэнтий аймгийн *** *** ****** голд 10 тонн даацтай гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ү” ХХК-ийг сонгон шалгуруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй тохирохгүй байна гэж дүгнэлээ.

5.Үүнээс гадна 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлсэн болон гүүр нуран унасан үр дагаврууд тендер сонгон шалгаруулсан үйл баримттай шууд шалтгаант холбоогүй ба харин шүүгдэгч Ж.Э, Б.Ц нар нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж ажиллахдаа албан үүрэгтээ хайнга хандаж, гэрээний 5.6-д заасан ажлын гүйцэтгэл, чанар, хугацааг тооцон  санхүүжүүлэх нөхцөлийг зөрчиж, гүүрийн барилгын ажил нь модон гүүр барих тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн эсэхийг шалган дүгнэлгүйгээр 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “...нарийвчилсан зураг төсөлгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн...гүүрийг барихдаа нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн даац, зорчих хэсгийн ачааллын хуваарилалтыг тооцоолоогүйгээр тээврийн хэрэгсэл зорчиход алгасал байгууламжийн бүтээц эвдэрэхэд хүргэсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарын уг үйлдэл нь хохирлын хэмжээнээс үл хамаарч албан тушаалтан хайнга хандах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Энэ гэмт хэрэг нь өнөөгийн дагаж мөрдөж буй 2015 оны Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэгт нийцүүлэн ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг хяналтын шатны шүүхээс хийлээ.

6.Шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамаарч байх тул шүүгдэгч нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

7.Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 40,000,000 төгрөгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд иргэний хариуцагч Ц.Бөөс 30,000,000 /гучин сая/ төгрөг, шүүгдэгч Ж.Э, Б.Ц нараас тус бүр 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

8.Прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч А.Очбадралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, иргэний хариуцагч Ц.Бийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4, дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМ/59 дугаар магадлалын тогтоох хэсгийн Нэг дэх заалтыг хүчингүй болгож,

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолд:

“Прокуророос шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

1 дэх заалтыг Шүүгдэгч Т овгийн Ж.Э, Б овгийн Б.Ц нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 4, 5, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, иргэний хариуцагч Ц.Бийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                                Ц.ОЧ

   ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                         Б.БАТЦЭРЭН

  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 Ч.ХОСБАЯР