| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0649/Э |
| Дугаар | 645 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 645
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж А овогт Х-ын Г-т холбогдох эрүүгийн 1910012740681 дугаартай, 187/2019/0649/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .....хорооллын .... тоотод оршин суух хаягтай, урьд нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгуулж байсан, А овогт Х-ын Г-т /РД:...................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Х.Г-ыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.Б-ыг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө үйлчлүүлж байсан ширээн дээр очоод сууж байхад надтай муудалцсан залуу ямар нэгэн үг хэлэхгүйгээр 2 хамгаалагчтай ирээд намайг хяналтын камерийн өрөө рүү авч явсан. Тэгээд тэнд байхдаа намайг үг хэлээр доромжлоод нэг зөөгчийг дуудаж ирээд тэр зөөгчөөс намайг зодсон асуулт асуугаад байсан яасан юу болсон гэж асуусан чинь тэр зөөгч над руу заагаад энэ хүн намайг цохьсон гэж хэлсэн. Тэгээд би нилээн согтуу байсан болохоор уучлаарай би чамайг цохисноо мэдэхгүй байна. Би чамайг цохьсон бол чи намайг цохичих тэгээд хоёулаа салцгаая гэж хэлсэн чинь тэр зөөгч үгүй гээд гараад явсан. Тэгтэл намайг зодсон залуу би чамайг цохино гэж хэлэхээр нь чи яахаараа намайг цохидог юм бэ гээд маргалдсан. Тэгээд тэр залуу намайг цохьсон. Би өөрөө согтуу байсан болохоор намайг олон удаа цохиод байсан би нэг мэдсэн чинь газар унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/
3. Гэрч Л.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүмүүсийн суудаг буйдангийн ойролцоо Баттулга Минт баарны хамгаалагч нартай явж байсан. Тэгэхээр нь би араас нь дагаад явсан. Би очих гэхэд хамгаалагч нар хориглоод байсан. Би хамгаалагч хэлж байгаа юм чинь гээд бүжгийн талбайг тойрчоод ирсэн чинь камерийн өрөөнөөс Баттулга гарч ирсэн харагдсан. Би явж очоод юу болсон талаар асуухад найз нь хүнд зодуулчихлаа гэхээр нь би Баттулгын гадуураа өмсөж байсан хувцсыг нь аваад бид хоёр гараад гэр лүүгээ явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/
4. Гэрч Д.Б-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних залуу над дээр ирээд май утсаар ярь гээд гар утсаа өгсөн. Би уучлаарай би танихгүй хүнтэй юу гэж хэн гэж ярих юм бэ гээд хэлсэн чинь чи юу гээд байгаа пизда вэ гээд хэл амаар доромжилж гар утсаа атгаж байгаад миний хэвлий хэсэг газарт 2 удаа цохиж, миний хүзүүнээс гараараа татаж байгаад намайг хэл амаар харааж доромжлоод байсан. Манай байгууллагын хамгаалагч ирээд салгах гэсэн чинь тэр залуу хамгаалагчтай маргалдаад байсан. Тэгэхэд Ганбаатар менежер ирээд юу болсон юм гээд надаас асуухаар нь би энэ хүн намайг зүгээр байхад цохичихлоо гээд хэлсэн чинь Ганбаатар менежер аль хүн юм гээд надаар заалгуулаад хамгаалагч нартай хамт авч гарах гэсэн чинь өөдөөс нь эсэргүүцээд байсан. Тэгэхэд Ганбаатар менежер намайг явж ажлаа хий гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6266/-ний дүгнэлт:
-Г.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 46/
6. Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...маргалдаж байгаад муудалцаад тэр залуу намайг цохих гэж гараа зангидаад цохих гэж байхад би бултаад зөрүүлээд тэр залууг цохьсон чинь хамгаалагч нар салгаад тэр залууг аваад гараад явсан. Тэр залуугийн хамарнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6266/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Х.Г нь 2019 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115/, түүний хувийн байдал /...32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Х.Г-ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Х.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Х-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Х-ын Г-ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г-т оногдуулсан 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Х.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Х.Г-т сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР