| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0652/Э |
| Дугаар | 648 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 648
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Т.Н , түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Т-ийн Н-т холбогдох эрүүгийн 1910013530686 дугаартай, 187/2019/0652/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт, ......тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Т-ийн Н /РД....................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” худалдааны төвийн “Бест буйдан” ХХК-ийн салбар дэлгүүр дээр мөнгөний маргаанаас болоод хохирогч Н.И-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” худалдааны төвийн “Бест буйдан” ХХК-ийн салбар дэлгүүр дээр Н.И-ыг зээлсэн 20.000 төгрөг өгөөч гэхэд нь өгч чадахгүй шүүхдээд аваарай гэх шалтгаанаар түүн рүү гар утсаа шидэж, зүүн гуя руу 2-3 удаа өшиглөн Н.И-ыг ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.Н ийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Н.И-ыг ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нямцэцэгээс урьд өмнө зээлсэн 20.000 төгрөг өгөөч гээд хэлсэн чинь би өгч чадахгүй шүүхдээд аваарай гэхээр нь би арчаагүй царайлчихаад 20.000 төгрөг өгч чадахгүй гээд хэлсэн чинь над руу Н гартаа барьж байсан утсаа шидсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гээд асуусан чинь зүүн гуя руу 2-3 удаа өшиглөөд байсан. Би өөрийгөө хамгаалж өшиглөсөн боловч миний хөл хүрээгүй манай байгууллагын менежер Сарансувд эгч салгаж байхад над руу дайраад байсан би Нямцэцэгийн дух хэсэг рүү гараараа түлхэж өөрөөсөө холдуулсан тэгэхэд хамт ажилладаг Уртбаяр ирээд дундуур орж салгаад Н-ийг аваад цааш явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/
3. Гэрч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ичинноров Н-т хандаж арчаагүй мөнгө өгч чадахгүй байж гээд хэлсэн чинь Н гартаа барьсан байсан гар утсаа Ичинноровын нүүр рүү шидэхэд Ичинноров гараараа хаасан. Би дундуур нь орж Н-ийг боль гээд орон дээр суулгасан чинь босч ирээд Ичинноровын хөл рүү нь өшиглөсөн. Ичинноров гараараа Н-ийг цохих гээд далаахад биед нь хүрээгүй би больцгоо гээд доороо дэвсээд байж байтал Ичинноров Н нар дахин барьцалдаж аваад зууралдаад байсан. Би дахиад салгах гэж очоод Ичинноровыг түлхээд Н-ийг тэвэрсэн чинь Н толгойгоо миний суган доогуур гаргаад орилоод байсан. Манай байгууллагын худалдааны зөвлөх Уртбаяр зөвлөх Энхмаа нар ирээд Уртбаяр Н дээр очоод одоо чимээгүй бай хана налаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№.........../-ний дүгнэлт:
-М.И-ын биед баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун гарын 3-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 51/
5. Шүүгдэгч Т.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчар өгсөн: “...Би чимээгүй сууж байсан чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи юу гээд би гартаа барьсан байсан гар утсаа Ичинноров луу шидсэн чинь тэр хүүхэн намайг өшиглөөд миний нүүрний дух хэсэгт хумсаараа маажсан. Тэгэхэд Сарансувд намайг хориод намайг бариад байсан. Тэгэхэд нь намайг цохиод байсан. Хамт ажилладаг Уртбаяр ирээд миний амыг дараад хана руу түлхэхээр нь би уйлаад гараад явсан...Би гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36, 117/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№....../-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.Н нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” худалдааны төвийн “Бест буйдан” ХХК-ийн салбар дэлгүүр дээр Н.И-ыг зээлсэн 20.000 төгрөг өгөөч гэхэд нь өгч чадахгүй шүүхдээд аваарай гэх шалтгаанаар түүн рүү гар утсаа шидэж, зүүн гуя руу 2-3 удаа өшиглөж түүний биед баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун гарын 3-р хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.Н ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Н ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 116/, хохирогч Н.И-ыг ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” мэдүүлэг /хх-116/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Т.Н ийг улсын яллагчийн санал болгож буй 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Н т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Т-ийн Н-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Н т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Т.Н т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Н т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР