| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0659/Э |
| Дугаар | 657 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 657
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,
улсын яллагч Г.Эсэн,
хохирогч Д.О , түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд,
шүүгдэгч Н.О , түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн О-д холбогдох эрүүгийн 1810024310672 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл ..... хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ........ тоотод оршин суух, Б овогт Н-ийн О /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.О нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр хотхон”-ны 67а байрны 704 тоотод өөрийн төрсөн ах Н.Ц-тайхамт хохирогч Д.О ийн гэрч очиж “Хас авдар” ХХК-ийн санхүүгийн тайланг хуурамчаар үйлдэж буруу гаргаж ахыг нь санхүүгийн мэдлэггүйг далимдуулж гарын үсэг зуруулсан байна гэх шалтгаанаар маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.О нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр хотхон”-ны 67а байрны 704 тоотод өөрийн төрсөн ах Н.Ц-тайхамт хохирогч Д.О ийн гэрч очиж “Хас авдар” ХХК-ийн санхүүгийн тайланг хуурамчаар үйлдэж буруу гаргаж ахыг нь санхүүгийн мэдлэггүйг далимдуулж гарын үсэг зуруулсан байна гэх шалтгаанаар маргалдаж түүний биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Н.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн татварын ерөнхий газрын хяналтын хэлтсээс Батчимэг байцаагч намайг дуудаж санхүүгийн тайлан өгсөн. Гэтэл энэ дотор 2014 оны санхүүгийн тайлан зөрүүтэй байна гэсэн. Тэр тайланг очиж үзэхэд миний гаргасан тайлангаас өөр байсан. Би яаж өөр байсныг мэдсэн бэ гэхээр О-ийн өөрийн гаргадаг принтерээс гарсан байсан. О-ийн принтер өнгөөр ялгасан байдаг. Харин минийх програмаас гаргасан байдаг учраас өнгө байдаггүй. Тэгээд ах дээр очиход ах мэдэхгүй гэсэн. Хамгийн гол нь цахим болон бичгээр гарсан байгаа тайлан хоорондоо зөрсөн байгаа. Энэ компани манай “Хас авдар” компанитай ямар ч холбоогүй байхад тайлан гаргасан байсан. Тэгээд тэр асуудлыг ярих гээд гэрт нь очиход гэрт нь очиход ахын хүүхэд нүцгэн байсан. Манай ах хүүхдийнхээ хувцсыг өмсүүүлэх гэж байхад Отгонтгөс очоод ахыг цохиод авсан. Энэ хүн өөрөө их түрэмгий ааштай гэр бүлийн асуудал байнга болдог. Би хүүхдийг нь тэврээд зогсож байтал энэ хүүхэн шууд ахыг зодоод эхэлсэн. Тэгээд би энэ хоёрын зодооныг салгах гэж байтал намайг шууд алгадсан. Миний хувьд гэрт нь ярилцах гэж очсон боловч өөрөө түрэмгий зангаасаа болоод хүнийг янз бүрээр доромжлоод тэгээд ийм асуудал болсон. Намайг өнчин шээс гэсэн. 67а байр гээд байгаа нь манай ахын бартерийн байр. Энэ хүн угаасаа хууль бусаар тайлан тооцоо хийдэг би тэрийг нь сүүлд мэдсэн. Тухайн үед О хутга бариад зогсож байхдаа бичлэг хийсэн. Би тухайн үед гараад явах боломж байсан гэхдээ О хутга бариад зогсоод байсан болохоор өөрийгөө хутгалчихвий гэж бодоод гэрээс нь гараагүй байгаад байсан. Тэгээд бичиг баримтаа авах гэтэл араас хүрээд ирэхээр нь би хутгатай ирж байна гэж бодоод хүүхдийнх нь тоглоомоор хаасан. Тэгээд манай дүү орж ирээд намайг өөр газар аваачсан. Өөрөө миний цавь хэсэг рүү өшиглөсөн. Эрүүл хүнээс гарах ухаан байдаггүй. Тухайн үеийн процессийг худлаа ярьсан. Цагдаа нар ирэхэд худлаа жүжиглэж байснаа гараад явсных нь ард толинд хараад үсээ янзлаад байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчим гэрт дайрж орж ирсэн. Үгийн зөрүү байхгүй хараалын үгээр намайг хэлж байсан. Тухайн үед би ойлгоогүй. Цээлбаатар хувцсаа өмс гээд хүүхдүүдийг дагуулж гарах гэсэн. Анхнаасаа санаатайгаар 2 хүүхдийг минь айлгаж гарч явсан. Би том хүүгээ өгч явуулахгүй гэсэн. Охиныг маань шалдан аваад гарах гээд байхаар нь өлгийдөөд гаргасан. О намайг түлхэж унагаасан. Би О-ийг нэг удаа алгадсан. Цээлсүрэн намайг зайл гээд хүзүүнээс боогоод байсан. Би энэ хүмүүст гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед хүүхдүүдээ салхинд гаргах гээд гэртээ байж байхад Цээлбаатар нь дүү Оюунгэрэлийнхээ хамтаар хаалга тогтшиж орж ирсэн. Цээлбаатар нь гэрт орж ирэнгүүтээ л “чи энэ асуудлынхаа талаар тайлбарла” гээд юуг тайлбарла гээд байгаа нь мэдэгдэхгүй над руу орилоод байсан. Тэгээд Цээлбаатар нь том хүү Өрнүүнбилэгийг авч явна гээд надтай булаацалдахаар нь би түүнд хүүгээ өгч явуулахгүй гэтэл тэрээр миний зүүн хацар руу алгадсанаа, цээж рүү түлхэхэд нь би орон дээр унасан. Тэгэхээр нь би орон дээрээс босож ирээд түүний зүүн хацар руу гараараа цохиод, цамцны энгэрээс нь зууртал тэрээр цамцны энгэртэй нь хамт гинж нь татагдаад тасарсан. Цээлбаатар нь том хүүг өвөр дээрээ суулгаад хувцсыг нь өмсүүлэхээр нь би хүүг өгөхгүй гээд хүү болон Цээлбаатар нарын өвөр дээр суусан. Тэгтэл Цээлбаатар нь уурлаад яв зайл гээд миний хоолойг гараараа боогоод үүд рүү чирэхэд нь би гарахгүй гээд ноцолдхол О ахыгаа боль хориглосон. Тэд нар бага охин Үжйнгоог куртиканд өлгийдөж өгсөн. Тэр хооронд О нь нөхөр Түвшинжаргалыгаа дуудаж оруулж ирээд, Цээлбаатар, Түвшинжаргал хоёр миний хүүхдүүдийг ава^ад гарсан. Ингээд О бид хоёр гэрт хоёулхнаа үлдтэл тэрээр “чи миний ахыг 70, 80 сая төгрөгний өрөнд оруулсан, энийгээ тайлбарлаж өг” гээд орилж хашхираад байхаар нь би түүнд “би ахыг чинь өрөнд оруулсан зүйл байхгүй, наадах чинь та нар татвараас зайлсхийж өөр компаниас НӨАТ-ын падаан худалдан авсаны өр хэлсэн. О чи миний ахыг өрөнд оруулчхаад энэ байранд амьдарч байхаасаа ичихгүй байна уу, чи удмаараа гуйлгачин гэж орилж хашхираад байхаар нь би том эгч Өлзиймаа руу гар утсаараа залгасан. О намайг эгч рүү ярьж байгааг мэдчихээд энэ луйварчин гөлөгөө ирж аваач гуйлгачин ингээд ах дүү нартайгаа нийлээд луйвардаад сурчихсан юм байна, янхан, гичий, чи миний ахаас өмнө 2 эрийн амьдралаар тоглосон биз дээ хэдэн эрийн амьдралаар тоглох гэсэн янхан бэ, ийм гуйлгачин янхан бид нар шиг ийм дээд зиндааны хүмүүстэй яаж харьцахав дээ гээд хэл амаар доромжлоод орилж хашхираад байж байхад гаднаас Оюунгэрэлийн дүү Мандах орж ирсэн. О нь дүүгээ харангуутаа “энэ намайг зодсон” гэж худлаа яриад надруудайрч үснээс зулгааж доошоо дарсан. Мандах нь О-ийг надаас салгах гэж байхад О миний зүүн хөлийн чигчий хуруун дээр гуталтай хөлөөрөө гишгээд түүний надаас салгах хооронд О нь миний цээж орчимд нэг удаа өшиглөсөн. О нь өрөөнд байсан хүүхдийн бүүвэйлэгчийг аваад над руу далайхаар нь би гараараа хаатал тэрээр миний баруун гарын тохой, шуу руу цохисон. Тэрээр хүүхэд бүүвэйлэгчийг ор руу шидчихээд хажууд нь байсан хүүхдийн том машиныг аваад дахин цохих гээд дайрахаар нь би гараараа хаатал тэрээр миний зүүн шуу руу цохихоор нь би Оюунгэрэлийн цээж рүү нь гараараа түлхтэл тэрээр хөл доороо байсан тоглоомын хайрцагт тээглээд хойшоо стенк налаад унасан." гэх мэдүүлэг /хх-ийн 23-27, 28, 29-31, 32-33/
4. Насанд хүрээгүй гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ахын байр руу ортол О нь том өрөөндөө ягаан, шар өнгө алагласан хүүхдийн суугаад явдаг том тоглоомон машинаар О эгчийн толгой орчим руу цохиж байсан ба харин О эгч доошоо тонгойгоод толгойгоо гараараа хааж байсан. О намайг орж ирэх чимээнээр өөрөө хойшоо буйдангаа түшиж унаад, худлаа орилж чарлаж байснаа намайг харангуутаа О орилж хашхирч байснаа больсон. Тэгсэнээ О нь манай эгч рүү дайраад үснээс нь зулгаахаар нь би тэдний дундуур ороод О эгчийн зүүн гарын шуунаас нь татаад Отгонтөгсөөс холдуулсан. Ингээд О эгчийг хамгаалж урдаас нь тэврээд О рүү нуруугаа харуулаад зогстол О нь гараараа О эгчийн толгой руу гараараа 2-3 удаа хүчтэй цохиод авсан. Ингээд би тэдний дунд ороод зогсож байхад гаднаас 2 цагдаа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59, 62-63/
5. Гэрч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө 88031141 дугаараас 102 дугаарт “Дэлгэр хотхоны 7 дугаар давхарын 704 тоотод манай дүү Отгонтөгсийг нөхөр Цээлбаатар нь дүу нартайгаа нийлж зодоод байна” гэсэн дуудлага өгсөн. Ингээд гэрээсээ дүү Өнөртөгстэй хамт гараад таксигаар О-ийн гэр рүү явж байхад О над руу ярьсанаа “Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явж байна, та тэнд хүрээд ирээч” гэж хэлсэн. Ингээд цагдаагийн хэлтэс рүү орох гэж байхад Отгонтөгс, О нар цагдаагийн машинаас бууж байсан. Би тэдний хойноос хэлтэс рүү орж иртэл О-ийн үс гэзэг нь сэгсийчихсэн, уйлсан байдалтай байхаар нь юу нь яаж гэмтсэн бэ гээд хартал зүүн болон баруун гарын тохойн арьс зулгарч, хөхөрсөн, хүзүү, болон зүүн шанааны доод хэсэг хөхөрсөн зүүн гарын чигчий болон ядам хурууны салааны орчим бага зэрэг чхавдсан, зүүн гуяны гадна хэсэг хөхөрсөн, зүүн шилбэний урд хэсэг зулгарсан, зүүн хөлийн чигчий хуруу хөхөрсөн, хэвлий хэсэг улайсан байсан.”, гэх мэдүүлэг /хх-ийу, 48-49/
6. Гэрч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-нд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дэлгэр хотхонд 704 тоот айлд ахлах дэслэгч Энхбаатарын хамт дуудлагаар очсон юм. Тус айлд ороход 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан ба тухайн 2 эмэгтэй хоорондоо хэрүүл уруул хийсэн шинжтэй байсан. Харин 2 залуу бол хэрүүл хийсэн шинжгүй байсан. Тухайн эхнэр гэх эмэгтэй маажуулсан шинжтэй байсан. Тухайн маажуулсан эмэгтэй цагдаагийн хэлтэс рүү ирж явах замдаа энэ намайг маажсан зодож цохисон нэг эмэгтэйн хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/
7. Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дэлгэр хотхоны 67а байрны 704 тоот гэртээ дүү О-ийг дагуулан орж Отгонтөгстэй уулзуулсан. Тэгэхээр нь би тухайн гэрт байсан хүү Өрнүүнбилэг, охин Үжингоо хоёрыг дагуулан гэрээс гарч яваад ээж Наранцэцэгийн гэр болох Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Элизабет нэртэй хотхоны 214-р байрны 99 тоотод ирээд байж байтал үүнээс хойш 30 гаран минутын дараа ээж Наранцэцэг надад “Оюунгэрэл, О хоёр Хан-Уул цагдаа руу явсан” талаар надад хэлээд би ирсэн юм. О бид 2 албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Бид хоёр хамтран амьдраад 2 жил орчим болж байна. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. Би түүнийг нэг удаа алгадсан. Шалтгаан нь О надтай хэрэлдэж байгаад хүү Өрнүүнбилэг дээрээс санаатай унасан юм. Тэгэхээр нь би түүний хацар орчим газар нь гараараа нэг удаа алгадсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 37-39, 40-41/
8. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр О над руу ярьснаа “ээжээ Цээлбаатар намайг түлхэж унагаачихаад, 2 хүүхдээ аваад явчихлаа, дүү О нь намайг зодчихлоо” гэж ярьсан. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан болохоор эгч Өлзиймаа, Өнөртөгс нар руу ярьж “дүүг чинь зодоод байна гэнэ, чи цагдаа дуудаад, дүүрүүгээ яв” гэж хэлсэн. Дараа нь О намайг эмнэлэг дээр эргэж ирэхэд гуя нь хөхөрч няцарсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51/
9. Гэрч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Өлзиймаа эгчийн гэрт очоод байж байхад О эгч өөрийнхөө 99048802 дугаараас миний 99165495 дугаар руу залгасан. О над руу яриад “Цээлбаатар дүү Оюунгэрэлтэйгээ гэрт орж ирчхээд намайг зодоод байна. Цээлбаатар хүүхэд аваад гараад явчихлаа” гэж хэлсэн. Цаад талд нь эмэгтэй хүн “янхан банзал энэ эгчийгээ аваад зайлаач ээ, манай ахын хөрөнгөнд шунасан” гээд орилж хашгираад байтал Отгонтөгсийг гар утас нь тасарчихсан. Өлзиймаа бид 2 О-ийн гэрийн гадна иртэл цагдаагийн машин бидэнтэй зөрөөд гарсан. Уг машины хойд талд 2 эмэгтэй хүн суусан байгаа. энэ машинд О суусан байгаа юм байна гэж бодоод цагдаагийн машиныг дагаад, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирсэн. Тухайн үед О-ийн үс нь сэгсийсэн, уйлчихсан, баруун гарын шуу хэсэг улайж, бага зэрэг хавдсан байдалтай байсан. Отгонтөгсөөс юу болсон тухай асуутал “Цээлбаатар дүү Оюунгэрэлтэйгээ орж ирээд санхүүгийн тайлангийн учрыг олж гээд Цээлбаатар намайг алгадаж ор руу түлхэж унагаачихаад 2 хүүхэд аваад гарсан үүний дараа О хүүхдийн бүүвэйлэгч манеж над руу шидэж, баруун гар оносон, хүүхдийн тоглоомон машин над руу шидэж үснээс зулгааж, элэг орчим'руу өшиглөөд, муухай үгээр харааж загнасан, энэ асуудлыг дүү Мандах нь хараад зогсож байсан, энэ асуудал болж байх үед гаднаас цагдаа нар орж ирсэн” гэж хэлсэн.” Гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/
10. Гэрч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухай өдрийн өглөө Цээлбаатар надад “би 2 хүүхдээ аваад ирье, та хоол хийж өгөөд хараад байж байгаарай, Оюунгэрэл, О нарыг хамт суулгаж байгаад компанийн тайлан тооцоогоо цэгцэлье, гэж хэлээд явсан. Ингээд 14 цагийн үед Цээлбаатар манай гэрт 2 хүүхдээ дагуулж ирсэн. Цээлбаатар тухайн үед надад “хоёр хүүхэд аваад гарах гэтэл О явуулахгүй гэж уурлаад, надтай зууралдаж байгаад миний цамцыг урчихлаа, Оюунгэрэл, Отгонтөгстэй тооцоо нийлэх гээд үлдлээ” гэж хэлсэн. Тэгтэл бага хүү Мандах над руу яриад “би цагдаагийн газар байна, О эгч намайг Дэлгэр хотхоны байранд дуудахаар нь очтол О эгч О-ийг зодож байсанаа намайг харангуутаа чарлаад, ёолж орилоод уначихсан, миний хойноос цагдаа нар орж ирээд Оюунгэрэл, О нарыг аваад явлаа гэж хэлсэн. Түүнээс тухайн өдөр болсон асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн хохирогч Д.О ийн биед үзлэг хийсэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн: “...Д.О ийн биед баруун тохой, хоёр шуу, зүүн хөлийн эрхий хуруу, хүзүү, эрүүнд цусхуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх №12418 тоот дүгнэлт /хх-ийн 71/
12. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 75-76, 77-78, 81-82/
13. Хохирогч О-ийн биеийн ерөнхий байдлыг харуулсан 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 79-80/
14. Шүүгдэгч Н.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би жижиг өрөөний хаалганы хажууд О-ийн 2 гарын бугалга хэсэгнээс нь бариад одоо тайвшир гээд хэлсэн чинь О миний зүүн чих рүү гараараа алгадсан тэгээд би чи яажбайгаан гээд хэлсэн чинь дахиад миний баруун тал руу цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан. Тэгтэл О намайг түлхсэнээ гал тогооны өрөө рүү орсноо хутгатай комны хажууд зогсоод хутга бариад нэг гартаа утсаар яриад байсан. О утсаар ярьж байхдаа нөгөөтөх чинь ирчихлээ хурдан хүрээд ир гээд яриад байсан. О хутга бариад байхаар нь би цонхны наад талд байсан ширээн дээр байгаа Хас-Авдар ХХК-ний бичиг баримт байгаа гэж бодоод авах гэтэл О араас гүйгээд хүрээд ирэхээр нь би Отгонтөгсийг гартаа хутга барьж гэдгийг мэдэж байсан болохоор хажууд байсан хүүхдийн тоглоомон машиныг урдаа бариад гуя руу нь түлхсэн. Тэр үед манай төрсөн дүү Мандах орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12418/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Н.О нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр хотхон”-ны 67а байрны 704 тоотод өөрийн төрсөн ах Н.Ц-тайхамт хохирогч Д.О ийн гэрч очиж “Хас авдар” ХХК-ийн санхүүгийн тайланг хуурамчаар үйлдэж буруу гаргаж ахыг нь санхүүгийн мэдлэггүйг далимдуулж гарын үсэг зуруулсан байна гэх шалтгаанаар маргалдаж түүний биед нь баруун тохой, хоёр шуу, зүүн хөлийн эрхий хуруу, хүзүү, эрүүнд цусхуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Н.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Харин шүүгдэгч Н.О д холбогдсон гэмт хэрэг нь яллах дүгнэлтэд дурдсанаар 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “..эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан байх тул Н.О д холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болжээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.О д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компаскт дискийг хэрэгт хавсаргахаар тогтоох нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О ээс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Д.О өд төлснийг дурдаж, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Учир нь хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардал гэх нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй. Иймд өмгөөллийн зардал нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Н-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.О д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компаскт дискийг хэрэгт хавсаргахаар тогтсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О ээс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Д.О өд төлснийг дурдаж, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР