| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0662/Э |
| Дугаар | 661 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 661
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт А-ийн М-т холбогдох эрүүгийн 1910015710721 дугаартай, 187/2019/0662/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, .... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт А-ийн М /РД:............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.М нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 13-218 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Х , П.Э нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.М нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 13-218 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Х , П.Э нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч А.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 04 цагийн үед гэртээ унтаж байтал үүдний амбаарын хаалга нүдэхээр нь би онгойлгож өгсөн чинь М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн танайд хэн байгаа юм гэхээр нь яах гэж байгаа юм гэтэл шууд гэрт ороод ирсэн. Тэгээд амгалан тайван амармаар байна гэхээр нь яасан юм гэж хэлтэл манай хүү Энхжавхлан ээж, аавыг унтуулж амраагаач гэж хэлтэл М хоёулаа үзэх үү гээд орилоод байсан. Тэгээд манай хүү босч ирээд бие биенийгээ заамдалцаад зууралдаад үүдний амбаар луу гарсан. Тэгээд араас нь гартал Энхжавхлангийн дээр нь М гарчихсан хоолойг нь боочихсон байсан. Тэгээд би манай нөхөр Пүрэвдорж, охин Энхцацрал бид 3 салгаад М-ыг гаргах гэтэл М миний дух руу нэг удаа цохьчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-8/
3. Хохирогч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хашаанд ээжийн ихэр А-ийн том хүү Мэндбаярынх цуг байдаг. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 5 цагийн үед манай гэрт М согтуу орж ирсэн. Тэгээд би тайван амьдармаар байна гээд чанга чанга орилсон. Манай аав, ээж хоёр миний хүү согтуу байна өглөө эрүүл болохоор чинь уулзъя гэж хэлтэл гарахгүй орилоод байсан. Гэрт манай эгч Энхцацрал хоёр хүүхэдтэйгээ хамт байсан болохоор хүүхэд айлгалаа гээд би М-ыг гаргах гэтэл гарахгүй гэрийн хаалгыг хоёр гараараа бариад гарахгүй байсан. Тэгэхээр нь би тэврээд үүдний амбаар луу гаргатал намайг багалзуурдаад хүзүү ураад үүдний амбаарт унагаасан. Тэгээд ээж, аав, эгч гарч ирээд салгаад үүдний амбаараас М-ыг гаргасан. Тэгээд гэрийн гадаа М сүх бариад ална гэж дайрахаар нь би очоод гарыг нь бариад авсан. Тэр үед Мэндбаярын эхнэр Ариунаа цаанаас ирж сүхийг нь аваад явсан. Тэгээд М газраас чулуу аваад над руу шидсэн. Гэхдээ тухайн шидсэн чулуу нь намайг оноогүй. Тэгээд би М-ыг тэврээд гэрт нь оруулах гэтэл намайг хөлөөрөө ороогоод хавирч гэрийн цементен буйран дээр унагаасан, унах үед миний хавирга гэмтэх шиг болсон. Тэгээд ээж ирээд зодолдож байна гэж ойлгосон юм шиг байна лээ бид хоёрыг салгах гэхэд М ээжийг гараараа дух хэсэг рүү цохьчихсон. Тэгээд ээж айгаад өмдөндөө шээсэн байсан. Тэгээд миний уур хүрээд М-ыг нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд М-т ай зууралдсан чинь аав, эгч хоёр салгасан. Удалгүй цагдаа ирээд М-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12/
4. Гэрч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө гэртээ унтаж байтал манай ээжийн ихрийн хүүхэд М архи уучихсан гэрт орж ирээд ээж, аав хоёртой ярих юм байна гээд байсан. Тухайн үед манай ээж чи согтуу байна өглөө эрүүл болчихоод ярь гэтэл гэрт орилоод байхаар нь манай дүү Энхжавхлан чи чимээгүй байгаач хүмүүс унтаж байна, манайхаас гар гэтэл манай дүүг барьж аваад боосон. Тэгэхээр нь ээж босч ирээд салгах гэтэл манай ээжийн дух хэсэг рүү гараараа цохьсон. Тэгэхээр нь манай дүү барьж аваад салгаад цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
5. Гэрч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өглөөний 5 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь манай эхнэр Халиун босч ойнгойлгосон чинь М согтуу орж ирээд энэ хашаанд амьдрахад ямар хэцүү юм бэ гэж хэлээд агсам тавьсан. Тэгээд манай хүү Энхжавхлан, хүүхдүүд унтаж байна гэрээс гар гэж хэлтэл гарахгүй байсан болохоор Энхжавхлан М-ыг түлхээд үүдний амбаар луу гаргасан чинь М гарахгүй гээд ноцолдсон. Тэгээд хартал үүдний амбаарт байсан савтай ус асгарчихсан Мэндбаяр, Энхжавхлан хоёр дээр доороо орж ноцолдоод байсан. Тэгээд манай эхнэр Халиун, охин Энхцацрал бид гурав очиж Мэндбаяр, Энхжавхлан хоёрыг үүдний амбаараас түлхэж гаргасан. Тэгээд гадаа гартал М сүх барьчихсан ална гээд орилоод байсан. Тэр үед манай эхнэр Халиун М намайг сая цохичихлоо гэж хэлж байсан. Би цохиж байхыг нь хараагүй. Тэгээд манай охин Энхцацрал цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаа нар ирээд М-ыг аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7641/-ний дүгнэлт:
-Т.Х гийн биед духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи болон баруун нүдний зовхины дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 21/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9163/-ний дүгнэлт:
-П.Э-ийн биед зүүн 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй /хх-ийн 25/
8. Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47, 54/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7641, 9163/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч А.М нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 13-218 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Х , П.Э нарыг зодож, Т.Халиуны биед духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи болон баруун нүдний зовхины дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, П.Э-ийн биед зүүн 7-р хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсныг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч А.М-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нартай эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Т.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/, хохирогч П.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/, түүний хувийн байдал /...33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч А.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгч А.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт А-ийн М-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М-т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.М-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР