| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0668/Э |
| Дугаар | 664 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | П.Очбадрах |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 664
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,
улсын яллагч П.Очбадрах,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч А.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Э-д холбогдох эрүүгийн 1902007480288 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....нд өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүү эдийн засагч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..... Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Э /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... хотхоны ..... тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий савны хамт 69 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин-ы агууламж бүхий гялгар уутны хамт 0.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рома Таун хотхоны 805 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий савны хамт 69 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин-ы агууламж бүхий гялгар уутны хамт 0.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой хэсэг найзуудтайгаа уулзаад шөнийн цэнгээний газар орсон. Тэгээд хэсэг сууж байгаад тамхи татахаар ганцаараа гарсан. Тамхи татаад зогсож байтал намхандуу хөгшин залуу ирээд намайг мөнгө хэрэгтэй байна, ийм өвс байна сонирхох уу, авах уу гэхээр нь би сонирхоод авсан. Тэгээд өвсийг нь гэртээ очоод хэрэглэсэн. Мөсийг нь яаж хэрэглэдэг талаар мэдэхгүй байсан болохоор хадгалсан. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой цагдаа нар манайд ирсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рома таун” хотхон 805 дугаартай байр...13 давхарт гарахад ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан хаяг дугааргүй, бор өнгөтэй төмөр хаалга байна. Уг хаалгаар ороход нэг том тасалгаа байна. Уг тасалгаанд үзлэг хийхийн өмнө Д.Эаас хууль бус хар тамхи мансууруулах бодис байгаа юу, хэрэв байгаа бол сайн дураар гаргаж өгөх үү гэж асуухад Э манай гэрт мансууруулах бодис байгаа, цонхон дээр ногоон өнгийн савтай мансууруулах өвс байгаа...гэж хэлээд...тасалгааны ертөнцийн зүгээр хойшоо харсан цонхны тавиур дээр дээрээ гадаа бичигтэй, дугуй хэлбэртэй ногоон өнгийн өнгөтэй хувцанцар савтай, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг зааж өгөв...” гэх тэмдэглэл, гэрэл зругууд /хх-ийн 3-4/
3. Хүний биед үзлэг хийсэн “...Д.Э байгаа гэж хэлээд өмссөн өмдний халааснаас ESSE гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг гаргаж ирээд тамхины хайрцаг дотроос гялгар ууттай, гадна талаас нь харахад дотор талд нь цагаан өнгийн нунтаг, мөс мэт талстлаг зүйл байсныг гаргаж өгснийг ...Trunarc багажаар шалгаж үзэхэд Метафетамин гэж заасан байна. Цахилгаан жингээр шалгахад 00.7 грамм гэж заасан болохыг тэмдэглэл болгон бичив...” /хх-ийн 5-6/
4. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Д.Эыг Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд дагуулан орж...мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий Multi-Drug Screen Test Cup тест ашиглах талаар танилцуулж, үр дүнг нь харахад ...5 дугаар баганад нэг улаан зураас тодорч Эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, Энх-Уужимын шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” /хх-ийн 7-8/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 5028 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Хан-Уул дүүрэг Рома Таун 505 0 Э Баяржаргал гэж хаягласан гялгар уутанд хувцанцар савтай ургамал мэт зүйл, 2 газар цоолсон хуванцар сав, хуйлж соруул мэт болгосон AU1012443 серийн дугаартай МУ-ын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас /тогтоо болгож хэрэглэсэн/-нд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 20-23/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 5031 дугаартай “…Шинжилгээнд ирүүлсэн Э гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метафетамин илэрсэн. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5040 дугаартай “…Шинжилгээнд ирүүлсэн Э 2019.09.10 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28--29/
8. Сэжигтэн Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “ …Би Энх-Уужимын гэрт гарцаараа унтаж байсан. Тэгсэн орой 21 цагийн үед Э цагдаа нартай хамт гэртээ орж ирсэн. Тэгээд юу болж байгаа талаар асуухад Энх-Уужимын хувцасны халаасанд мөс гэх мансууруулах бодис байгааг мэдсэн. Э өөрөө сайн дураар цагдаа гаргаж өгсөн байсан. ...Энх-Уужимын гэрээс нь хайрцагтай өвс гэх мансууруулах ургамал олдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/
9. Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Миний биенээс мөс гарсан бөгөөд манай гэрт нэгжлэг хийх үед гэрээс үл таних залуугаас авсан өвс гарсан. Одоо надад болон манай гэрт мансууруулах бодис байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 182/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шинжээчийн №5028, 5031, 5040 дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рома Таун хотхоны 805 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий савны хамт 69 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин-ы агууламж бүхий гялгар уутны хамт 0.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсныг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч А.Дуламсүрэн: “…Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч нотлох баримтаа өөрөө сайн дураараа гаргаж өгсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирсэн. Өөрийн үйлдсэн хэргээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү..” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь тухайн этгээдүүдэд заавал хэрэглэхээр хуульчилсан хуулийн заалт биш юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн, мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа боловч шүүхэд эрх олгосон заалт буюу заавал хэрэгжүүлэх, ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авах ёстой гэж үүрэг болгосон заалт биш гэж ойлгоно.
Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор хөнөөл ихтэй бөгөөд мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч, хадгалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулан үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байдаг.
Иймд шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Д.Эд хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эд улсын яллагчийн санал болгосон 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эын эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эын энэ хэрэгтээ шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай мөс гэх нэршилтэй бодис, ногоон өнгийн хуванцар савтай нунтаг өвс гэх нэршилтэй ургамал, 2 хэсэг газар цоолсон хуванцар сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тогтоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хуйлж соруул мэт болгосон AU1012443 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ийн Э-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эын эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эын энэ хэрэгтээ шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Д.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай мөс гэх нэршилтэй бодис, ногоон өнгийн хуванцар савтай нунтаг өвс гэх нэршилтэй ургамал, 2 хэсэг газар цоолсон хуванцар сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тогтоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хуйлж соруул мэт болгосон AU1012443 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Эд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР