Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 331

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М овогт Г-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910000000283 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймагт төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэгийн гагнуурчин мэргэжилтэй, “Эрэл” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн М овогт Г-ын Т.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнхийн рашаан” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ өмнө тэнд үйлчлүүлж байсан Б.Нарангэрэлийн гээгдүүлсэн Самсунг А-6 маркийн гар утсыг лангуун дээрээс олж авч, завшин 568,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид утсыг нь буцааж өгч, уучлалт гуйсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Мөнхийн рашаан дэлгүүрт хамаатны дүү 7 настай охин М.Нандиншүрийн хамт орж хоёр ширхэг банана авчихаад боорцог авах гэхэд байхгүй болохоор нь гарч хойд талд нь байдаг Шилэн дэлгүүрт орж боорцог аваад гарсан. Шилэн дэлгүүрээс гарсаныхаа дараа утсаа байхгүй байгааг мэдээд Шилэн дэлгүүрийн хүнээс асуухад байхгүй гэхээр нь Мөнхийн рашаан дэлгүүрийн худалдагчаас асууж, камер шүүлгэхэд миний дараа үйлчлүүлсэн 45 орчим насны эмэгтэй ...миний Самсунг А6 маркийн гар утсыг аваад гарсан байсан...” /хх-ийн 14-15/ гэсэн,

 

Гэрч Б.Жавзандулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Мөнхийн рашаан дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 30 орчим насны эмэгтэй, 10 орчим насны хүүхэдтэй орж ирээд хоёр ширхэг банана худалдаж аваад гарсан. Үүнээс 2 минутын дараа 50 орчим насны эмэгтэй хүн орж ирээд нэг банана, хоёр ширхэг алим аваад гарсан. Удалгүй нөгөө хүүхэдтэй эмэгтэй орж ирээд утсаа алга болгосон байна гэхээр нь би камер шүүж өгсөн...” /хх-ийн 17-19/ гэсэн,

 

Гэрч С.Батхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө эхнэр ажлаасаа бууж ирэхдээ ач хүүдээ хоёр ширхэг банана, нэг ширхэг алим авч ирсэн. Мөн Мөнхийн рашаан дэлгүүрийн лангуун дээр утас байхаар нь олсон юм чинь гээд аваад ирлээ гээд харуулж байсан...” /хх-ийн 22/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Мөнхийн рашаан дэлгүүрээр ороход ямар нэг хүн байхгүй худалдагч ганцаараа байсан. Тэгээд дэлгүүрээс хоёр ширхэг банана, нэг ширхэг алим худалдаж авах үед лангуун дээр нь улаан шаргал өнгийн кейстэй гар утас байхаар нь хүн үлдээсэн байх би олчихлоо гэж бодоод авчихсан. Тэгээд дуудлага ирэхээр нь утсыг унтраачихсан...” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/,

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-26/,

- Шүүгдэгч Г.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 41-44/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнхийн рашаан” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ өмнө нь тухайн дэлгүүрээр үйлчлүүлсэн Б.Нарангэрэлийн гээгдүүлсэн Самсунг А-6 маркийн гар утсыг лангуун дээрээс олж авч, завшин 568,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Нарангэрэлийн: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Мөнхийн рашаан дэлгүүрт хамаатны дүү 7 настай охин М.Нандиншүрийн хамт орж хоёр ширхэг банана авчихаад боорцог авах гэхэд байхгүй болохоор нь гарч хойд талд нь байдаг Шилэн дэлгүүрт орж боорцог аваад гарсан. Шилэн дэлгүүрээс гарсаныхаа дараа утсаа байхгүй байгааг мэдээд Шилэн дэлгүүрийн хүнээс асуухад байхгүй гэхээр нь Мөнхийн рашаан дэлгүүрийн худалдагчаас асууж, камер шүүлгэхэд миний дараа үйлчлүүлсэн 45 орчим насны эмэгтэй ...миний Самсунг А6 маркийн гар утсыг аваад гарсан байсан...” /хх-ийн 14-15/ гэсэн, гэрч Б.Жавзандуламын “...Би Мөнхийн рашаан дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 30 орчим насны эмэгтэй, 10 орчим насны хүүхэдтэй орж ирээд хоёр ширхэг банана худалдаж аваад гарсан. Үүнээс 2 минутын дараа 50 орчим насны эмэгтэй хүн орж ирээд нэг банана, хоёр ширхэг алим зэрэг аваад гарсан. Удалгүй нөгөө хүүхэдтэй эмэгтэй орж ирээд утсаа алга болгосон байна гэхээр нь би камер шүүж өгсөн...” /хх-ийн 17-19/ гэсэн, гэрч С.Батхүүгийн: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө эхнэр ажлаасаа бууж ирэхдээ ач хүүдээ хоёр ширхэг банана, нэг ширхэг алим авч ирсэн. Мөн Мөнхийн рашаан дэлгүүрийн лангуун дээр утас байхаар нь олсон гээд аваад ирлээ гээд харуулж байсан...” /хх-ийн 22/ гэсэн, шүүгдэгч Г.Т-гийн: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Мөнхийн рашаан дэлгүүрээр ороход ямар нэг хүн байхгүй худалдагч ганцаараа байсан. Тэгээд дэлгүүрээс хоёр ширхэг банана, нэг ширхэг алим худалдаж авах үед лангуун дээр нь улаан шаргал өнгийн кейстэй гар утас байхаар нь хүн үлдээсэн байх би олчихлоо гэж бодоод авчихсан. Тэгээд дуудлага ирэхээр нь утсыг унтраачихсан...” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-26/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд 568,900 төгрөгийн /хх-ийн 26/ хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид гар утсыг буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 10/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Г.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Т-г гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 568,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910000000283 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Г-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910000000283 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР