Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 335

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Д.Мөнгөнсэлэм, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Шангуужин овогт Даваанямын Мөнгөнсэлэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910004880197 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг, Халиун суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Гурван байшин 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Шангуужин овогт Даваанямын Мөнгөнсэлэм /РД: УЗ94120191/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэм нь 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Мягмаржавын эзэмшлийн 78-14 УББ улсын дугаартай Тоёота Приус-30  маркийн автомашинаас гутал, хүрэм, үүргэвч, түлхүүр, хэтэвч, гинж зэрэг 547,272 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Энхбаатарт “Санта Фе” маркийн тээврийн хэрэгсэл авч өгнө гэж 2,100,000 төгрөгийг өөрийн 5022801771 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэм: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед Япон хэлний дамжааны найзууд болох Очироо, Хишигжаргал нартай паб-д архи ууж байгаад 22 цагийн үед гарч явж байхдаа 25-26 орчим насны Сэлэм гэх залуутай танилцсан. Сэлэм надад Нисэх орох уу, манай хоёр найз охин байгаа гэхээр нь тэгье гээд гэрийн гаднаас миний машиныг аваад Сэлэм машин бариад Нисэхийн 58 дугаар байрны гаднаас хоёр эмэгтэй суулгаад бид дөрөв Янгир хайрхан дэлгүүрийн баруун талд байдаг 35 дугаар байрны урд зогсож танилцсан, Уянга гэх эмэгтэй нь гэр рүүгээ явсан, Сэлэм надаас 20,000 төгрөг аваад дэлгүүр ороод нэг пиво авчирсаныг бид хоёр хувааж уучихаад бид гурав машиндаа унтацгаасан. ...Өглөө 8 цагийн үед сэрэхэд Нямжаргал гэх эмэгтэй унтаж байхаар нь би сэрээгээд миний куртик цүнх зэрэг эд зүйл алга болсон байна гэхэд мэдэхгүй, Сэлэм аваад явчихсан байж магадгүй гэсэн. Тэгээд Нямжаргалын утаснаас Сэлэмийн фэйсбүүк рүү чи өчигдрийн танилцсан залуугийн цүнх, хувцасыг нь аваад явчихсан байна гэсэн мессэж бичихэд Сэлэмээс “яанаа, би 50,000 төгрөгөөр зарчихсан” гэсэн хариу ирсэн...” /хх-ийн 19-20, / гэсэн,

 

Гэрч С.Нямжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед Сэлэм залгаад уулзах уу гэхээр нь найз Уянгаатай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны гадаа уулзаад байж байхад Сэлэм цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн машинтай нэг залуутай хамт явж байсан, бид хоёр машинд суугаад бид нар танилцаад байж байхад Уянга гэртээ харихаар явсан, Сэлэм Мягмаржаваас 20,000 төгрөг авч яваад нэг пиво авчирсныг бид гурав хувааж уучихаад машиндаа унтацгаасан. ...Өглөө Мягмаржав намайг сэрээгээд миний эд зүйл алга болсон байна гэхээр нь Сэлэм бид гураваас өөр хүн байгаагүй шдээ, Сэлэм аваад явчихсан юм биш үү гээд ...Сэлэмийн фэйсбүүк хаяг руу чи хүний эд зүйл аваад явчихсан байна гэж бичихэд би 50,000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн...” /хх-ийн 10-12, 26-27/ гэсэн,

 

Хохирогч З.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Танил дүү Мөнгөнсэлэм гэх дүүтэйгээ уулзахад Ганбаяр гэх найз нь хамт байсан бөгөөд Санта Фэ маркийн машинаа 2,500,000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгэхээр нь машиныг нь үзье гэхэд Яармагт байгаа гээд зургийг нь үзүүлэхээр нь Мөнгөнсэлэмээс асуухад ямар ч асуудалгүй гэхээр нь итгээд Мөнгөнсэлэмийн 5022801771  гэх данс руу 2,100,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед хоёр хоногийн дараа машинаа өгнө гэж ярьсан боловч утсаа авахгүй алга болчихсон...” /хх-ийн 82-83/ гэсэн,

 

Гэрч Г.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү Энхбаатар машин авна гээд байхаар нь 2,100,000 төгрөгийг хүүхэддээ өгсөн. Тэгтэл Мөнгөнсэлэм гэх залуу хямдхан машин зарна гэхээр нь 2,100,000 төгрөгөө шилжүүлсэн чинь утсаа авахгүй алга болчихсон...” /хх-ийн 85-86/ гэсэн,

 

Гэрч Г.Энхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сард найзаасаа Санта Фе маркийн 68-05 УНЭ улсын дугаартай машинаа унаж байх үед Мөнгөнсэлэм машинаа зарах уу гэж асууж байгаад ...Ганбаяр гэх залуутай ирээд Санта Фе машиныг үзэхээр нь эвдрэл гэмтлийг нь янзлаад, торгуулийг нь төлөөд авбал ав гэж хэлсэн боловч сураггүй алга болчихсон. Тэгээд дараа нь утсаар ярихад хүнд зарна гээд мөнгийг нь аваад үрчихсэн гэж хэлсэн...” /хх-ийн 87-88/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэм мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед гэртээ харих гээд 19-ийн автобусны буудал руу явж байх үед нэг халамцуу залуу намайг дуудаад тамхи байна уу гээд бид хоёр танилцсан. Тэгсэн тэр залуу хамт пиво уух уу, ...дуудчих охин байна уу, хамт шоудья гэхээр нь би найз Ариука руу залгахад Нисэхэд найзынхаа гэрт байна, хүрээд ирэхгүй юу гэсэн. Тэгээд Мягмаржавын машиныг Наадам центрийн гаднаас очиж аваад Нисэхэд очиход Ариука, нэг охинтой хамт гарч ирсэн, Мягмаржав надад 20,000 төгрөг өгөөд 4 том лаазтай пиво аваад тэр гурав 3 лаазыг нь уучихаад хэдүүлээ маргааш амралтанд явья миний машиныг барьцаанд тавиад амралтанд явья гэсэн чинь Ариукагийн найз маргааш өглөө 11 цаг гээд гарч ирье гээд гэр рүүгээ орсон. Бид гурав үлдсэн нэг лааз пивоо хувааж уугаад унтахаар хэвтэцгээсэн. Миний нойр хүрэхгүй болохоор нь тэр хоёрыг дуудахад сэрэхгүй байхаар нь миний хөл дор байсан улаан өнгийн үүргэвч, савхин куртик, өвлийн гутал, бор өнгийн хэтэвч, флаш, гинж зэргийг нь аваад гэртээ харьсан. Маргааш өглөө нь зүс таних хүүхдэд хувцас, цүнх зэргийг нь 50,000 төгрөгөөр, өөр нэг хүнд гутлыг нь 20,000 төгрөгөөр зарсан.

...2018 оны 12 дугаар сарын дундуур Энхбаатар ах буудалд байна ууя гэж дуудахаар нь найз Ганбаярын хамт очсон. Тухайн үед Энхбаатар ах 3,500,000 төгрөгөөр Фит машин авдаг юм бил үү гэхээр нь манай танил Энхбат Санта Фе машинаа 2,500,000-аас сайн яриад өгнө гэж байсан гэхэд тэр машиныг чинь авчихдаг юм билүү гэсэн. Маргааш орой нь нөгөө буудалдаа дахин дуудаад нөгөө машиныг чинь яаралтай авчихмаар байна, чи маргааш тэр машинаа аваад ирээч, би данс руу чинь мөнгийг нь шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь миний данс руу 2,100,000 төгрөг шилжүүлэхээр нь би Энхбат ахтай очиж уулзахад бичиг баримтаа цагдаад хураалгасан, ...өөрийнх нь нэр дээр байхгүй гэхээр нь авахаа больсон. Тэгэхээр нь Энхбаатар ах руу утсаар залгасан чинь утас болохгүй байсан болохоор дараа нь мөнгийг нь өгчихье гэж бодоод үрчихсэн...” /хх-ийн 41-45, 99-100/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 6, 73/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31, 35, 91/,  

- Мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 74/,

-  Хохирол төлсөн баримт /хх-ийн 46, 101, 130-132/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай /хх-ийн 69/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 104/,

- Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Д.Давааням, Э.Баярмаа нарын мэдүүлэг /хх-ийн 23-24, 25/,

- Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмийн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-51, 108, / зэрэг болно.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Мөнгөнсэлэмд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч  Д.Мөнгөнсэлэм нь 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Мягмаржавын эзэмшлийн 78-14 УББ улсын дугаартай Тоёота Приус-30  маркийн автомашинаас гутал, хүрэм, үүргэвч, түлхүүр, хэтэвч, гинж зэрэг 547,272 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Мягмаржавын “...Өглөө 8 цагийн үед сэрэхэд Нямжаргал гэх эмэгтэй унтаж байхаар нь би сэрээгээд миний куртик цүнх зэрэг эд зүйл алга болсон байна гэхэд мэдэхгүй, Сэлэм аваад явчихсан байж магадгүй гэсэн. Тэгээд Нямжаргалын утасны Сэлэмийн фэйсбүүк рүү чи өчигдрийн танилцсан залуугийн цүнх, хувцасыг нь аваад явчихсан байна гэсэн мессэж бичихэд Сэлэмээс “яанаа, би 50,000 төгрөгөөр зарчихсан” гэсэн хариу ирсэн...” /хх-ийн 19-20/ гэсэн, гэрч С.Нямжаргалын “...Өглөө Мягмаржав намайг сэрээгээд миний эд зүйл алга болсон байна гэхээр нь Сэлэм бид гураваас өөр хүн байгаагүй шдээ, Сэлэм аваад явчихсан юм биш үү гээд ...Сэлэмийн фэйсбүүк хаяг руу чи хүний эд зүйл аваад явчихсан байна гэж бичихэд би 50,000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн...” /хх-ийн 10-12, 26-27/ гэсэн, шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмийн “...Бид гурав үлдсэн нэг лааз пивоо хувааж уугаад унтахаар хэвтэцгээсэн. Миний нойр хүрэхгүй болохоор нь тэр хоёрыг дуудахад сэрэхгүй байхаар нь миний хөл дор байсан улаан өнгийн үүргэвч, савхин куртик, өвлийн гутал, бор өнгийн хэтэвч, флаш, гинж зэргийг нь аваад гэртээ харьсан. Маргааш өглөө нь зүс таних хүүхдэд хувцас, цүнх зэргийг нь 50,000 төгрөгөөр, өөр нэг хүнд гутлыг нь 20,000 төгрөгөөр зарсан...” /хх-ийн 41-45, 99-100/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31, 35/ зэрэг баримтуудаар,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Энхбаатарын “Санта Фе” маркийн тээврийн хэрэгсэл авна гэж шилжүүлсэн 2,100,000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Энхбаатарын “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Танил дүү Мөнгөнсэлэм гэх дүүтэйгээ уулзахад Ганбаяр гэх найз нь хамт байсан бөгөөд Санта Фе маркийн машинаа 2,500,000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгэхээр нь машиныг нь үзье гэхэд Яармагт байгаа гээд зургийг нь үзүүлэхээр нь Мөнгөнсэлэмээс асуухад ямар ч асуудалгүй гэхээр нь итгээд Мөнгөнсэлэмийн 5022801771  гэх данс руу 2,100,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед хоёр хоногийн дараа машинаа өгнө гэж ярьсан боловч утсаа авахгүй алга болчихсон..” /хх-ийн 82-83/ гэсэн, гэрч Г.Энхбатын “...2018 оны 11 дүгээр сард найзаасаа Санта Фе маркийн 68-05 УНЭ улсын дугаартай машинаа унаж байх үед Мөнгөнсэлэм машинаа зарах уу гэж асууж байгаад ...Ганбаяр гэх залуутай ирээд Санта Фе машиныг үзэхээр нь эвдрэл гэмтлийг нь янзлаад, торгуулийг нь төлөөд авбал ав гэж хэлсэн боловч сураггүй алга болчихсон. Тэгээд дараа нь утсаар ярихад худалдаж авья гээд хүний өгсөн мөнгийг  үрчихсэн гэж хэлсэн...” /хх-ийн 87-88/ гэсэн, шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмийн “...2018 оны 12 дугаар сарын дундуур Энхбаатар ах буудалд байна ууя гэж дуудахаар нь найз Ганбаярын хамт очсон. Тухайн үед Энхбаатар ах 3,500,000 төгрөгөөр Фит машин авдаг юм бил үү гэхээр нь манай танил Энхбат Санта Фе машинаа 2,500,000-аас сайн яриад өгнө гэж байсан гэхэд тэр машиныг чинь авчихдаг юм билүү гэсэн. Маргааш орой нь нөгөө буудалдаа дахин дуудаад нөгөө машиныг чинь яаралтай авчихмаар байна, чи маргааш тэр машинаа аваад ирээч, би данс руу чинь мөнгийг нь шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь миний данс руу 2,100,000 төгрөг шилжүүлэхээр нь би Энхбат ахтай очиж уулзахад бичиг баримтаа цагдаад хураалгасан, ...өөрийнх нь нэр дээр байхгүй гэхээр нь авахаа больсон. Тэгэхээр нь Энхбаатар ах руу утсаар залгасан чинь утас болохгүй байсан болохоор дараа нь мөнгийг нь өгчихье гэж бодоод үрчихсэн...” /хх-ийн 41-45, 99-100/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 91/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэм нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мягмаржавын эд хөрөнгөд 547,272 төгрөгийн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас хохирогч З.Энхбаатарын эд хөрөнгөд 2,100,000 төгрөгийн хохирол тус тус учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нартай сайн дураараа эвлэрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч З.Энхбаатар, Т.Мягмаржав нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 131-132/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэм нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмийг бусдын эд хөрөнгийг хулгайлах болон бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд хэрэг тус бүрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910004880197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.Энхбаатар, Т.Мягмаржав нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч  Даваанямын Мөнгөнсэлэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Даваанямын Мөнгөнсэлэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажилх хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажилх хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмд оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мөнгөнсэлэм нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 1910004880197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Мягмаржав, З.Энхбаатар нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнгөнсэлэмд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР