Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 608

 

 

 

 

                                                                                   

 

 

          Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн

                                                                        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн 201526011136 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Батдоржийн Наранбаатар, 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15-238Б тоотод оршин суудаг,

1999 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2000 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял дээр 1999 оны 2 дугаар сарын 24-ний  өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсан заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2000 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 709 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 2000 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 359 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн бүгд 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 87 дугаартай захирамжаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 5 жил болгон өөрчилсөн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 50 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /РД: ЧГ81091016/.  

 

Б.Наранбаатар нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, тэнсэж хянан харгалзах хугацаандаа буюу ялтай байхдаа:

1. 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Баасанбатын гэрийн хаалганы цоожыг эвдэн нэвтрэн орж, “Фунай” загварын 32 инчийн ЭлСиДи зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлан авч, Ц.Баасанбатад 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” караокены текний араас Э.Батцэцэгийн пасктай бэлэн 350.000 төгрөгийг хулгайлан авч, Э.Батцэцэгт 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 25 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн гэрт нэвтрэн орж, алтан ээмэг, алтан бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, Д.Цэцэгмаад 2.160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10-12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Сүү” ХХК-ийн хойд талд байрлах иргэн Д.Гэрэлтийн гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж, “ЭлЖи” загварын 42 инчийн ЭлСиДи зурагтыг хулгайлан авч, Д.Гэрэлтэд 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Тунгалагийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, Б.Тунгалагт 1.215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Ганзоригийн гэрээс “Шарп” загварын ЭлСиДи зурагт, “Самсунг Галакси Эс-2” загварын гар утас, хар өнгийн хромон гутал, зүүлт, гэрийн түлхүүр,  гар утас, үүргэвч зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, Б.Ганзоригт 4.384.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжны задгайд оршин суух иргэн Д.Оюуны эзэмшлийн монгол гэрийг хулгайлан авч, Д.Оюунд 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

8. 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Бямбабаярын байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, “Самсунг” загварын 42 инчийн ЛЕД зурагт, “Сони” загварын зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг хулгайлан авч, Н.Бямбабаярт 1.460.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн тоотод оршин суух иргэн Л.Пүрэвдоржийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, 32 инчийн ЭлСиДи зурагт, гар утас зэргийг хулгайлан авч, Л.Пүрэвдоржид 980.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

9. 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний гэрийн хаалганы цоожыг эвдэн нэвтрэн орж, “ЭлЖи” загварын 42 инчийн ЭлСиДи зурагт, орны даавуу зэргийг хулгайлан авч, Г.Мөнгөнд 505.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

10. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Нарангийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтрэн орж, 40 инчийн ЭлСиДи зурагт, зөөврийн компьютер, улаан эрээн орны бүтээлэг зэргийг хулгайлан авч, Н.Наранд 1.070.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

11. 2016 оны 1 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 5 дугаар орцны гадна зогсоол дээр байсан иргэн Б.Дэмчигнямын эзэмшлийн 97-34 УБЕ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины эд зүйлсийг хулгайлан авч, Б.Дэмчигнямд 680.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

12. 2016 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн О.Оюуны эзэмшлийн 02-44 УНЗ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер” загварын автомашины арын том шилийг хагалан нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлан авч, О.Оюунд 850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулан, бусдад нийт 16.894.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдан хорих хугацааг сунгахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан боловч 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 58 хоног мөрдөн байцаалтад ирэхгүй мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Наранбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж тус тус заажээ. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон.

Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар Б.Наранбаатарт холбогдох 201526011136 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар шүүгчийн захирамжийг залруулахдаа: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Наранбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526011136 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан байна.

Тус шүүхийн 2017 оны 565 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...”, “...Э.Мэндсайханыг...” гэж тус тус бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх, шүүхийн шийдвэрийг өөрийн санаачилгаар залруулж болох тухай хуульчилсан байх тул дээрх техникийн алдааг буюу “...181 дүгээр зүйлийн 1812.1 дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-т...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “....Б.Наранбаатарыг...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт “...181  дүгээр зүйлийн  181.2.1  дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-т...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Б.Наранбаатарыг...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 565 дугаартай шүүгчийн захирамжаар буцаахдаа захирамжийн удиртгал хэсэгт прокурорын яллах дүгнэлт үйлдсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг”-т заасан гэмт хэргүүдийг огт дурдалгүйгээр, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг орхигдуулж, “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

1. Прокурорын газраас яллагдагч Б.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

2. Яллагдагч Б.Наранбаатарын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Б.Наранбаатарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн. Мөн Э.Мэндсайханд холбогдох хэргийг буцаасан мэтээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн зөрчил илэрсэн. Залруулга хийсэн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн удиртгал, тодорхойлох хэсэгт яллагдагчийн овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэрэг нь алдаатай, яллах дүгнэлт болон хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл болжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтаас үзэхэд дээрх захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна. Иймд захирамжийн зөрчлийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаарх эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй.

 

Харин дээрх захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр уг хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэх нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар захирамжийн заалттай нийцэх юм.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 621 дүгээр захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байхаас гадна шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх учир уг захирамжийг хүчингүй болгов.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 565 дугаар захирамжийн Удиртгал хэсэгт “...145.2...” гэснийг “...145.4, 261 дүгээр зүйлийн 261.1...” гэж,

Тодорхойлох хэсэгт “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Б.Наранбаатарт...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 621 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч ханган “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.Наранбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ