Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 126/2020/0012/З |
Дугаар | 221/МА2020/0565 |
Огноо | 2020-09-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0565
2020 оны 09 сарын 30 өдөр Дугаар 221/МА2020/0565 Улаанбаатар хот
“И ...” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “И ...” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн 4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И ...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-ийг баримтлан миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр өөрийн биеэр очиж тайлбарлах болно” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0300188 дугаар шийтгэлийн хуудсаар “И ...” ХХК-ийг “нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж татвар ногдох орлогоо бууруулсан” гэсэн үндэслэлээр 58,209,864 төгрөгийн төлбөр оногдуулжээ.
Нөгөө талаар, “И ...” ХХК гомдлын үндэслэлээ “санхүүгийн тайлан, баримт материалд бараа материалын хүлээн авалт, үлдэгдэлд тусгаж тулсаар байтал манай баримтыг нэг ч удаа авч үзээгүй” гэж тодорхойлсон боловч тухайн гүйлгээг бодитой хийсэн буюу барилгын ямар материал, хичнээн хэмжээтэй худалдан авч, уг барилгын материалаа ямар үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж, зарцуулсан талаар шийтгэлийн хуудсыг үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж шүүхэд ирүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан гомдол гаргагчийг нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнээр худалдан авалт хийсэн болохыг нотолсон баримт байхгүй байна.
Дээрх үндэслэлээр “И ...” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт гомдлын шаардлагыг тусгаагүй орхигдуулсан байх тул залруулсан өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн /2017 оны/ 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “И ...” ХХК-иас Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0300188 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “И ...” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ