Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ХШТ/22

 

 

Д.Е-, Х.Н-, Ж.М-нарт

                                                         холбогдох эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                      

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Д.Е-, түүний өмгөөлөгч К.Жархынбек, А.Серикжан, шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Я.Съезд /цахим/, Х.Бакен /цахим/, шүүгдэгч Ж.М-/цахим/, түүний өмгөөлөгч Х.Зулхаш /цахим/, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-... аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Баян-... аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалтай, Д.Е-, Х.Н-, Ж.М-нарт холбогдох 2313002920371 дугаартай хэргийг шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Я.Съезд, шүүгдэгч Д.Е-ын өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ял шийтгэлгүй, Т овогт Е.

 

2. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ял шийтгэлгүй, А овогт М.

 

3. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ял шийтгэлгүй, Х овогт Н.

 

Шүүгдэгч Д.Е- нь Баян-... аймгийн ажиллаж байхдаа тус сумын мэргэжилтэн шүүгдэгч Ж.М-ай бүлэглэн, хамтран оролцож, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон тухай Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж:

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318 дугаар,

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347 дугаар,

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар захирамжуудыг тус тус гарган Баян-... аймгийн ... сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас 468,82 метрт байрлах “Д” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Б.Э-т, 464,74 метрт байрлах “З” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч О.С-д, 458,93 метр зайд байрлах “М” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Х.Б-д, ерөнхий боловсролын Дарын сургуулиас 455,73 метрт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Б.Г, ерөнхий боловсролын 7 дугаар сургуулиас 176,13 метрт байрлах “К” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч А.Н-, ерөнхий боловсролын 10 дугаар сургуулиас 341,33 метрт байрлах “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Х.Д-, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 366,71 метрт, Дарын сургуулиас 120,04 метрт байрлах “Т” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Б.М-, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 478.91 метрт байрлах “З” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч Х.Шохой нарт тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар олгож бусдад давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Х.Н- нь Баян-... аймгийн ... сумын ... ажиллаж байхдаа ... мэргэжилтэн Ж.М-ай бүлэглэн, хамтран оролцож ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон тухай Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж:

2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/87 дугаар,

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А/291 дугаар,

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/307 дугаар захирамжуудыг тус тус гарган Баян-... аймгийн ... сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 295 метрийн зайд байрлах Х.Х-ны “А” нэртэй, Емпати бүрэн дунд сургуулиас 425 метрийн зайд байрлах А.А-ийн “Т” нэртэй, 7 дугаар сургуулиас 199 метрийн зайд байрлах Е.Ш-ны “А” нэртэй, 1 дүгээр сургуулиас 432 метр, 2 дугаар сургуулиас 365 метрийн зайд байрлах А.Е-ын “Т” ХХК-ийн нэрээр тамхи худалдан борлуулах цэгт тус тус тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Ж.М-нь Баян-... аймгийн ... сумын ... мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баян-... аймгийн ... сумын ... ажиллаж байсан Д.Е-, ... сумын ажиллаж байсан Х.Н- нартай тус тус бүлэглэн хамтран оролцож, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон тухай Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтыг илтэд, тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөД, хүсэлтийн бүрдүүлбэрийг хангуулаагүй буюу тухайн хүнсний дэлгүүрүүд болон ойр, орчмын ерөнхий боловсролын сургууль хоорондын зайг хэмжээгүй, хэмжилт хийсэн зураглалыг зохих журмаар баталгаажуулахгүйгээр ... сумын ... Д.Е-ын тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгох тухай:

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318 дугаар,

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347 дугаар,

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар захирамжуудын төслийг, мөн ... сумын ... Х.Н-ын тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгох тухай:

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А/87 дугаар,

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А/291 дугаар

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/307 дугаар захирамжуудын төслийг тус тус боловсруулж, хуулиар илэрхий хориглосон газарт байрлах хүнсний дэлгүүрүүдэд тамхи худалдан борлуулах тухай зөвшөөрөл олгох нөхцөлийг бүрдүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... сумны 1 дүгээр сургуулиас 468,82 метрт байрлах “Д”, 464,74 метрт байрлах “З”, 458,93 метр зайд байрлах “М”, Дарын сургуулиас 455,73 метрт байрлах “А”, 7 дугаар сургуулиас 176,13 метрт байрлах “К”, 10 дугаар сургуулиас 341,33 метрт байрлах “Т”, 4 дүгээр сургуулиас 366,71 метрт, Дарын сургуулиас 120,04 метрт байрлах “Т”, 1 дүгээр сургуулиас 478.91 метрт байрлах “З”, 4 дүгээр сургуулиас 295 метрийн зайд байрлах “А”, Емпати сургуулиас 425 метрийн зайд байрлах “Т”, 7 дугаар сургуулиас 199 метрийн зайд байрлах “А”, 1 дүгээр сургуулиас 432 метр, 2 дугаар сургуулиас 365 метрийн зайд байрлах “Т” ХХК-ийн тамхи худалдан борлуулах цэгт тус тус давуу байдал олгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Паридагаас шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Д.Е-, Ж.М-, Х.Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийг бүлэглэн, хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ж.М-ад оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Д.Е-ад оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн ... сум болон ... сумын 9 дүгээр баг, ... тосгоны нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Е-, Ж.М-нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-, Ж.М-, Х.Н- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч Д.Е-, Ж.М-, Х.Н- нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Н-, шүүгдэгч Д.Е-, түүний өмгөөлөгч А.Серикжан, К.Жархынбек нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Н- гаргасан гомдолдоо “...  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар тогтоол бий.

Дээрх тогтоолоор П.М-ад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой. Анхан болон давж заалдах шатны шүүх П.М-ын үйлдлийг тогтоохдоо 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамж гарган гарын үсэг зурахдаа сахилгын шийтгэлтэй Г.Л-д 300:000 төгрөгийн урамшуулал олгосон үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэх үндэс болжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.

Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар П.М нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамжид гарын үсэг зурж, сахилгын шийтгэлтэй Г.Л-д 300.000 төгрөгийн урамшуулал олгохыг хүсэж, ингэхдээ албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байна. Харин П.М нь сумын ...тамгын газрын дарга болон бусад албан хаагчдын бүрдүүлсэн баримт бичгийг хянах, нягтлан шалгах үүргийг зохих ёсоор биелүүлэлгүй 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/73 дугаартай төрийн албан хаагчдад урамшуулал олгох тухай захирамжид гарын үсэг зурсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн обьектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул П.М-ын албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзнэ” гэж дүгнэлт хийсэн.

Хоёр шатны шүүх надад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд хийсэн дүгнэлтүүдийг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэлд хамаарна гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний бие ... сумын ... ийн хувьд бүрэн эрхийн хүрээнд ... эзгүйд шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон 3 захирамжийг гаргаж байсан нь үнэн.

Гэхдээ дээрх 3 захирамжийг гаргахдаа бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа зорилготой байгаагүй. Эдгээр захирамжуудыг гаргахдаа зөвхөн шийтгэх тогтоолд дурдсан 4 аж ахуйн нэгжийн дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгоогүй, нэг захирамжаар олон аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон учир мэдэх боломж байгаагүй. Тухайлбал 2022 оны 10 дугаар сарын 24-ний А/307 тоот захирамжаар А- эзэнтэй Т, Х.Х- эзэнтэй А дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгохдоо нийтдээ 12 аж ахуйн нэгжийн дэлгүүрт, 2022 оны 03 дугаар сарын 31-ний А/87 тоот захирамжаар Е.Ш- эзэнтэй А дэлгүүрт зөвшөөрөл олгохдоо нийтдээ 11 аж ахуйн нэгжийн дэлгүүрт, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны А/291 тоот захирамжаар А.Е- эзэнтэй Т дэлгүүрт зөвшөөрөл олгохдоо нийтдээ 10 аж ахуйн нэгжийн дэлгүүрт тус тус зөвшөөрөл олгосон.

Мөн эдгээр зөвшөөрөл авсан дэлгүүрүүд нь дээрх захирамжууд гарахаас өмнө мөн тамхи худалдах тусгай зөвшөөрөлтэй байсан.Үүнийг шинээр зөвшөөрөл олгосон гэж үзэх биш, өмнөх зөвшөөрлийг сунгасан гэж үзэхээр байгаа.

Надтай хамт хэрэгт татагдаж байгаа ... сумын ...... мэргэжилтэн Ж.М-нь дээрх 3 захирамжийг боловсруулж ирж, надаар гарын үсэг зуруулж албажуулж байсан нь үнэн.

Би тухайн захирамжид гарын үсэг зурахдаа Ж.М-аас энэхүү захирамжаар тамхи худалдах зөвшөөрөл олгогдож байгаа дэлгүүрүүд нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг асууж тодруулахад Ж.М-нь зарим нь урьд нь зөвшөөрөлтэй байсан, хуулийн шаардлага хангаж байгаа гэж танилцуулсны үндсэн дээр гарын үсэг зурсан. Энэ талаар Ж.М- яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө /3 дугаар хавтаст хэргийн 90-91 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал, 97-99 дэх тал/ тодорхой мэдүүлсэн байна.

Нөгөө талаар миний бие тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгогдсон “А” дэлгүүрийн эзэн Х.Х-, “Т” дэлгүүрийн эзэн А.А-, “А” дэлгүүрийн эзэн Е.Ш-, “Т” ХХК-ийн тамхи худалдах цэгийн эзэн А.Е-нарын аль алиныг танихгүй, эдгээр дэлгүүрүүд хаана байршилтай болохыг ч мэдэхгүй. Эдгээр дэлгүүрийн эздээс тамхи худалдах тусгай зөвшөөрөл авахаар надад хандаж байгаагүй.

Эдгээр хүмүүс нь тусгай зөвшөөрөл авахаар ... сумын ...... мэргэжилтэн Ж.М-ад хүсэлт гаргаж байсан талаар, надтай ямар нэгэн харилцаа холбоогүй, хамаатан садан, найз нөхөд биш, тухайн хүмүүст тамхи худалдах тусгай зөвшөөрөл авахаар эд зүйл, мөнгө төгрөг амласан зүйл байхгүй талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байна.

Энэ талаарх гэрч Х.Х-ы мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/, А.А-ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал/, Е.Ш-ы мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 200-201 дэх тал/, А.Ерболын мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 36-38 дахь тал/ тус тус авагдсан.

Мөн 3 дугаар хавтаст хэргийн 129-133 дахь талд авагдсан ... сумын ...... мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3-д “Засаг даргаас тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллах” гэж тодорхой зааж өгсөн байна.

Миний хувьд дээрх зохицуулалтын хүрээнд Ж.М-ын үгэнд итгэж, гарын үсэг зурсан нь үнэн. Түүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй, хуйвалдаагүй, дээр дурдсан дэлгүүрүүдэд тусгай зөвшөөрөл олгох талаар үүрэг чиглэл өгөөгүй.

Шүүхээс намайг тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, миний үйлдэл уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар миний тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон захирамж гаргасан үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан “сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэх”-ийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив шинж нь нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх явдал байдаг.

Дээрх гэмт хэргийн шинжийг хангахын тулд тухайн хүмүүс нь өргөдөл хүсэлтээ надад өгсөн байх ёстой. Тухайн дэлгүүрийн эзэдтэй ямар нэгэн харилцан хамааралтай байх ёстой. Тухайн дэлгүүрүүд нь ЕБС-иас 500 метрийн зайтай байх шаардлагыг хангахгүй байгааг урьдчилан мэдсэн байх ёстой. Тухайн захирамжуудыг гаргахдаа дээрх нөхцөл байдлуудыг мэдсэний үндсэн дээр шууд санаатайгаар, хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн байх, тухайн үйлдлийн шууд санаатайгаар хүсэж үйлдсэн байх, энэ үндсэн дээр бусдад шууд санаатайгаар давуу байдал бий болгосон байх ёстой.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдлуудын нэгэн ч тогтоогдохгүй байгаа юм.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, дээр дурдсан болон бусад нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтуудаар миний бие тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон 3 удаагийн захирамж гаргахдаа нэр бүхий хүмүүст хууль бусаар зөвшөөрөл олгож, тэдгээр хүмүүст давуу байдал олгохыг хүсээгүй, ингэхдээ албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа зорилготой байгаагүй.

Эдгээр нь миний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэх үндэслэл болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар намайг буруутгаж байгаа 3 удаагийн захирамжийг гаргахдаа бүрдлийг хангуулаагүй, холбогдох баримт бичгүүдийг шалгаж үзээгүй хайнга хандсан нөхцөл байдал бий.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, харин 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна.

Гэхдээ энэ зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахын тулд их хэмжээний буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсан байх ёстой. Энэ хэргийн улмаас бусдад учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Иймд надад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Н-ын өмгөөлөгч Я.Съезд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… илтгэгч шүүгч хяналтын журмаар гаргасан гомдлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан тул хууль зүйн дүгнэлтийн талаар дараах тайлбарыг гаргаж байна.

Тухайн үед нэр бүхий дэлгүүрүүдэд тамхи худалдах зөвшөөрөл олгосон гэх захирамжуудыг Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж олгосон. Үүнд шүүгдэгч Х.Н-ын хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүсэж үйлдсэн эсэхийг ялгаж тогтоохгүйгээр түүнийг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектийг судлан үзэхэд тусгай субьект буюу нийтийн албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдэл, эсхүл хуульд заасны дагуу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэсний улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал бий болгосон байх шинжийг гэмт хэрэгт тооцохоор заасан. Гэвч шүүгдэгч Х.Н-аас удаа дараалан тамхины зөвшөөрөл олгосон захирамжуудад гарын үсэг зурахдаа нягтлан шалгах, хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.М-ын бэлдэж өгсөн баримтыг үнэн зөв гэж итгэн захирамжуудад гарын үсэг зурсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан албан үүрэгтэй хайнга хандах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг учраас Х.Н-ын үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг бус, харин эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Х.Н-ыг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, Х.Н-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэм хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Х.Н-ын өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Х.Н-ын өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж оролцсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гомдолдоо дэлгэрэнгүй бичсэн бөгөөд гомдлын талаар илтгэгч шүүгч бүрэн эхээр нь уншиж танилцуулсан тул өмгөөлөгчийн зүгээс хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Д.Е-ын өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх дараах байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд шийтгэх тогтоолын 38 дахь тал, 99 дэх талд хэрэгт дараах дүгнэлтийг хийсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Е- нь нийт 3 удаагийн захирамжаар 8 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон гэж гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн обьектив талын шинж нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэж заасан.

Д.Е-ыг гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаагүй гэж үзэж байна. Субьектив талын шинжийг хангахгүй байгаа шалтгаан нь нийт 3 удаа захирамж гаргасан боловч Д.Е- нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эдгээр захирамжийг бүгдийг нь хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо Тамхины хяналтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан чиг үүрэг, мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 6.1-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын хэсэг гаргаад, тухайн зөрчлүүдийг өөрөө илрүүлээд, 05 дугаар сарын 24-ний өдрийн 126 дугаар захирамжаар бүгдийг нь хүчингүй болгож, аймгийн ... 06 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

 Аймгийн цагдаагийн газрын 08 дугаар сарын 28-ны өдөр болон 09 дүгээр сарын 03-ны өдрийн илтгэх хуудсаар хуудсаар гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бүртгээд хэрэг бүртгэлийн 3 хэрэг нээж шалгасан. Үүнээс үзэхэд Д.Е- нь нэр бүхий 8 иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал болгохоор байсан бол албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөс өмнө буюу аймгийн цагдаагийн газраас гэмт хэргийг шалгаж эхлэхээс 4, 5 сарын өмнө захирамжаа хүчингүй болгохгүй.

Өөрөөр хэлбэл, энэ хэргийн хувьд субьектив талын нэмэлт шинж болон гэмт хэрэг үйлдэх гэсэн сэдэл санаа, зорилго агуулгаагүй байсан гэдгийг анхан шатны шүүх тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг тогтоох ёстой байсан боловч тогтоож чадаагүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалдаа энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Тамхины хяналтын тухай хуульд дараах нөхцөлүүдийг дурдсан.

Нэгдүгээрт, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон хичээлийн байрнаас 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон. Тиймээс хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 500 метр дотор сургууль болон сургуулийн дотуур байр байсныг хэмжиж тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй. Үүнийг хэмжих багажийг холбогдох хуульд зааснаар оптик механик нивилер, автомат нивилер, тоон нивилер, оптик механик теодилит, электрон теодилит, электрон тахометр, жи эн эсийн хүлээн авагч, тэнхлэгт шилжүүлэгч, лазер хэмжигч, эргэгч лазер гэх мэтчилэн хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр тухайн хэмжилтийг хийх ёстой бөгөөд эдгээр багажаар тогтоосон баримт хэрэгт байхгүй.

Хэрэгт мөрдөгч “Google earth” гэдэг программаас хэмжилт хийж хавсаргасан бүдүүвч зураг хэрэгт байдаг. Энэ зургийг харахад тухайн сургуулийн болон дотуур байрных нь нэр байхгүй. Мөн зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгжийн нэр байхгүй бөгөөд дөрвөлжин тэмдэгтийн хооронд зураас татаад 100 метр, 300 метр, 500 метр гэж тогтоосон байсан.

Мөн хэрэгт маштабаар хэдэн метр байсан тогтоосон баримт байхгүй. Аймгийн цагдаагийн газраас аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт албан бичиг хэмжилт хийхийн тулд мэргэжилтэн оролцуулж өгнө үү гэсэн албан бичгийг явуулсан боловч тухайн хэмжилтийг хийхэд мэргэжилтэн оролцоогүй бөгөөд архитектур хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Тухайн гэрч нь өөрийнхөө мэддэг, сонссон, харсан зүйлийг гэрчилдэг болохоос биш хэмжилт хийх, зураг үйлдэх эрх хэмжээ олгогдоогүй, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байх ёстой.

Гэтэл тухай гэрчээр схем зураг үйлдвэрлээд мөн адил сургуулийн нэр, сургуулийн дотуур, нөгөө талд нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нэр байхгүй. Тиймээс дараах 2 дүгнэлтийг хийж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлыг анхаараагүй. Үнэхээр тухайн газарт сургууль байсан уу, хоёрдугаарт тухайн дэлгүүрээс сургууль хүртэл хэмжилтийг зохих журмын дагуу хийсэн эсэх маргаан үүсдэг. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд олон удаа тайлбарласан боловч энэ талаар хангалтгүй дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй байхад миний үйлчлүүлэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь урдаас хөтөлбөргүй үнэн байж болохгүй гэсэн хуулийг зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ хэмжилтийг Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлөөр иргэн, аж ахуйн нэгж байгууллага хийдэг. Үүнд Монгол Улсын Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6-т зааснаар геодезийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага энэ хэмжилтийг хийх ёстой. Ядаж мөрдөгч шинжээч томилоод тухай хэмжилтийг хийлгэсэн өөр байх байсан.

Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаар тогтоолоор гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээс өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч болохгүй, ялангуяа Эрүүгийн хуулийг сануулаад гагцхүү үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэх ёстой гэж, үүрэг хүлээлгэж хууль сануулж, мэдүүлэг авах ёсгүй. Энэ тохиолдолд шүүгдэгч Ж.М-, Д.Е- нараас гэрчийн мэдүүлэг аваад, авагдсан мэдээллийг ашиглаад нотлох баримт цуглуулаад өөрийнхөө эсрэг эдгээр нотлох баримтуудыг ашиглаад гэм буруутайд тооцсон нөхцөл байдал байгаа гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Е- нь 8 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тамхины хяналтын зөвшөөрлийг бүгдэд нь олгоогүй бөгөөд заримд нь сунгалт хийсэн. Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д зааснаар хоёр нотлох баримтыг тулгуурлаж тусгай зөвшөөрөлд сунгалт хийдэг. Үүнд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өгөгД хавсаргадаг, Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гэсэн байна. Тодруулбал, тухайн 500 метрийн хэмжээд хийлгэсэн тухай баримтыг хавсрах тухай шаардлага тавигдаагүй. Миний үйлчлүүлэгч нь эрхийг хэтрүүлээгүй, хуулиар хүлээлцсэн үүргээ биелүүлээгүй. Хуулийн шаардлага нь хоёр нотлох баримтыг авчихсан байхад тухайн захирамжийг гаргаж болохоор байна. Энэ тохиолдолд мэргэжилтэн Ж.М-захирамжийн төслийг оруулж ирэхэд нь эдгээр нотлох баримтууд авагдсан уу гэж асуугаад “авагдсан” гэж хэлэхэд нь итгээд тухайн захирамжийг албажуулсан.

Маргаан бүхий 3 захирамжийн 2 дахь заалтад энэхүү захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг аймгийн цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд “тухайн нутгийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас, засаг даргаас гаргасан захирамжийн биелэлтийг хангуулж ажиллах ёстой” гэсэн чиг үүрэг байдаг. Тиймээс цагдаагийн байгууллага эдгээр 3 захирамжтай танилцсан бол яагаад 500 метрийн дотор тамхины худалдаа эрхлэх зөвшөөрөл гарсан байна гэдгийг сануулаагүй бэ, яагаад хэлж болоогүй вэ, яагаад урт хугацаа өнгөрсний дараа ийм асуудал болсон бэ гэдэг асуудлуудын талаар шүүх анхаар ч үзээгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Цагдаагийн албаны тухай хуулийн 16 дугаар заалтыг талаар хэргийг шийдвэрлэхдээ харах ёстой байсан гэж үзэж байгаа бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзсэн.

Дээр дурдсан нөхцөл байдалд дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго байгаагүй. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 9 дүгээр сард бүртгэж аваад өөрсдийнхөө хяналт тавих ёстой буюу захирамжийн биелэлтэд хяналт тавих ёстой байхад захирамж гаргасан Засаг даргыг буруутгасан. Үүнээс харахад ямар нэгэн субьектив шинжгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд сумын ...эрх үүргийг хуульчилсан.

Прокурор энэ хэрэгт 2 удаа яллах дүгнэлтийг үйлдсэн. Хоёр удаа яллах дүгнэлт үйлдэхдээ хоёр дахь яллах дүгнэлтийг шүүх хэргийг 60 хүртэл хоногоор завсарлуулсны дараа үйлдүүлсэн. Анхан шатны шүүх тухайн 60 хүртэлх хоногоор хойшлуулахдаа яллах дүгнэлтийг зөв үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим журамлах заалт орхигдсон байгаа тул дээрх алдааг засуулахаар хойшлуулсан. Хоёр дахь удаа яллах дүгнэлт үйлдэгдсэн боловч Нэгжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн ийм заалтыг зөрчсөн гэж үзээд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй.

Иймээс хяналтын журмаар гаргасан гомдлынхоо дөрөв дэх үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Нэгжийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх дэх хэсэгт “аймаг, сум, нийслэл, дүүргийн ...ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж , мөн хуулийн 67.1-4-д “хууль тогтоомж, засгийн газар, хурал, ...шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үр дүнг тооцох, мөн хуулийн 67.1.2-т “...үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Д.Е- нь нефтийн инженер мэргэжилтэй, Цагааннуур сумын уугуул, засаг даргаар томилогдоод хоёр дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд хаана ямар дэлгүүр байдаг, тэдгээр дэлгүүрүүдийн эзэд нь хэн байдаг, тэдгээр дэлгүүрүүдийн байршил хаана байгааг төдийлөн сайн мэдээгүй байсан.

Ажлын албаны боловсруулж ирсэн захирамжийн бүрдэл хангагдаж байгаа эсэх талаар асуух байдлаар гарын үсэг зураад албажуулсан бөгөөд өдөрт олон захирамж гардаг бөгөөд жилд дунджаар 200-аас 300 захирамж гардаг, үүний дундаас 3 асуудал гарч ирсэн. Тиймээс ажлын албаны хариуцлагагүй байдлаас болоод ийм асуудал гарсан гэж дүгнэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор батлагдсан албан хэрэг хөтлөлтийн журмын 5.7.11-д “зохих журмын дагуу боловсруулж, санал зөвшөөрөл авсан захирамжлалын баримт бичиг, үүнд тогтоол, захирамж, тушаал гэх мэт үндэслэл агуулга нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хууль эрх зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгж, ажилтан болон байгууллагын удирдлага хянасан байна” гэж заасан байна. Энэ тохиолдолд маргаан бүхий 3 захирамжийг боловсруулсан албан тушаалтан нь Ж.М-, нийлсэн албан тушаалтан нь ...Тамгын газрын дарга, мөн шалгасан нь хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн байх ёстой. Эдгээр хүмүүс шалгасны дараа Д.Е- нь албажуулж гарын үсэг зурдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаагүй гэж дүгнэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд байхгүй дурдаагүй зүйлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг Д.Е-ад хэрэглэж гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Хэрэг шүүхэд шилжих хүртэл Д.Е- нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгоогүй байсан бөгөөд прокуророос тэгж яллаагүй байсан. Шүүх “та нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-д журамлалаа” гэж байгаа нь хуульд нийцээгүй байна. 6 хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь хүрээнд үзэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй. Хоёрдугаарт, Д.Е-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй биш, зөрчлийн шинжтэй үйлдэл байжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалаас Д.Е-ад холбогдох үйлдэл холбогдлыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Д.Е-ын өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “…  шүүгдэгч Д.Е-ын өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна.

Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол болон магадлал нь хуульд заасан шаардлага буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн сэдэл зорилгыг нарийвчилж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн нотолж шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “энэ хүмүүс сэдэл зорилгоороо нэгдсэн” гэж бичдэг. Гэхдээ яг ямар байдлаараа хамтран оролцсон, санаатай гэмт хэргийг хамтран үйлдсэн гэсэн үндэслэлийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нотолж чадаагүй. Давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хэрэгт авагдсан цагаатгах баримтууд болох тухайн зөвшөөрөл авсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэлээгүй гэсэн гомдлыг гаргасан. Гэрчүүд нар “Д.Е-, Х.Н- нартай ямар нэгэн танилын холбоогүй бөгөөд тухайн зөвшөөрлийг авахдаа зөвхөн худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Мураттай холбогдож авч байсан” гэж мэдүүлсэн. Тиймээс тухайн зөвшөөрлийг авахын тулд зөвшөөрөл авсан этгээдүүд нь Засаг дарга болон түүний орлогч нартай ямар нэгэн харилцаа үүсгэсэн, тухайн гэмт хэрэг үйлдүүлэхээр захиалсан баримт хэрэгт байхгүй. Энэ тохиолдолд гэмт хэргийн сэдэл, зорилгыг прокуророос тогтоож чадаагүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй гэдгийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо энэ тайлбарыг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу журамласан нь хууль зөрчсөн гэж хяналтын журмаар гаргасан гомдолд дурдагдсан.

Тиймээс яллах дүгнэлтэд байхгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь шилжүүлсэн хэргийн хүрээнээс хэтэрсэн шийдвэрийг гаргасныг давж заалдах шатны шүүх хууль зөрсөн гэсэн дүгнэлтийг хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан ерөнхий ангийн зохицуулалтыг ийм байдлаар хэрэглэх нь шүүхийн практикт буруу жишиг тогтоож байна.

Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийг анхан шатны шүүх өөр байдлаар өөрчилж, яллагдагч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн сунгасан зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг мөрдөгч, прокуророос нарийвчилж шалгаагүй. Тамхины хяналтын тухай хуульд зааснаар зөвшөөрлийг сунгах тохиолдолд гурван баримтыг шаарддаг. Үүнд хэмжилт хийх буюу 500 метр дотор байгаа эсэх талаар хэмжилт хийхийг заагаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн нийтийн албан тушаалтнуудад үүнийг шалгах үүргийг хуулиар ноогдуулаагүй. Тиймээс энэ баримт болон мөрдөн шалгах ажиллагаа огт явагдаагүй байхад анхан шатны шүүх гэм буруутайд тооцох үндэслэл болгосон. Мөн тухайн сунгасан асуудлыг шалгахдаа прокурор шүүхэд шилжүүлсэн хэрэгтэй өмнө нь гаргаж байсан ...захирамжуудыг хууль ёсны гэж тайлбарладаг бөгөөд 2021 оноос эхэлж гаргаж байсан захирамжуудыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж тайлбарлаж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Үүнд Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө тэгш байх гэсэн зарчим зөрчигдсөн. Шүүхэд хэргийг шилжүүлэхдээ тухайн үед гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийн заримыг орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлж, тодорхой цаг хугацаагаар хязгаарлаж шалгасан нөхцөл байдал байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуульд заасан тодорхой үндэслэлүүдийн хүрээнд мөн гомдол гаргасан.

Энэ асуудлуудын талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд удаа дараалан гомдолдоо дурдаж, гомдол гаргаж байсан боловч шүүх ямар нэгэн үнэлэлт хийгээгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2, 67.1.5-т тус тус зааснаар ...тамгын газар нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргийг ажлын албан буюу бусад зөрчсөн. Улс төрийн албан тушаалтны хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн боловсруулаад, шат дамжлагыг дамжаад орж ирсэн захирамжийн төслийг баталгаажуулсан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэж болохгүй.

Нөгөөтээгүүр, Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшсэн, тодорхой шалгуурыг хангасан жинхэнэ албан хаагчийн шалгаад, хянаад оруулж ирсэн шийдвэрийг баталгаажуулсны төлөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхээр маш олон хэрэг шийдвэрлэгдэж, тодорхой тооны шийдвэрүүд хүчингүй болдог. Тухайн үйлдэл бүрийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж болохуйц дүгнэлтийг хийсэн. Тиймээс төрийн жинхэнэ албан хаагчийн шийдвэрийг баталгаажуулж байгаа улс төрийн албан хаагчийн шийдвэрийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй.

Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэрэг гэж гомдол гаргасан бөгөөд үүнээс ямар байдлаар ялгаатай байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа үндэслэл нь хайнга хандах гэж цагаатгах баримт судлуулсан, иш татаж гомдол гаргасан боловч энэ талаар үгүйсгэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийгээгүй.

Ж.М-болон Д.Е- нар нь тухайн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор тодорхой байдлаар хамтарсан үйлдэл байхгүй. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тул Д.Е-ын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Х.Зулхаш хэлсэн саналдаа “... шүүгдэгч Д.Е-, Х.Н- нарын хяналтын журмаар гаргасан гомдол болон, өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой санал нэг байна.

Шүүгдэгч Д.Е-, Х.Н-, Ж.М-нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шинжийг хангаагүй гэж үзэж байна.

 Шүүгдэгч нар нь тухайн засаг дарга болон худалдан авах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд нэр бүхий дэлгүүрүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо хэмжилт хийгээгүйгээс болж зохих журам зөрчигдсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Гэтэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэж үзэхээс илүүтэйгээр шүүгдэгч нар нь үүрэгт ажилдаа хайнга хандсан, гүйцэтгэвэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих хэмжээнд хэрэгжүүлж ажиллаагүйгээс болж хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Ж.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Ж.М-нь худалдааны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд тухайн дэлгүүрүүдэд хэмжилт хийж, сургуулийн орчноос ямар зайтай болохыг тогтоож чадаагүйгээс болж энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн. Ж.М-ын энэхүү үйлдэл нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас энэ нөхцөл байдал бий болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна.

Иймд шүүдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байгаа тул гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Тамхины Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дэх хэсгийн 6.7.14 дэх заалтад заасан “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно” гэснийг зөрчиж, шүүгдэгч Д.Е- нь Баян-... аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн ... сумын ...... мэргэжилтэн Ж.М-тай бүлэглэн 2021, 2022, 2023 онд 3 удаагийн захирамжаар 8 аж ахуй нэгжид, шүүгдэгч Х.Н- нь Баян-... аймгийн ... сумын ...оор ажиллаж байхдаа тус аймгийн ... сумын ...... мэргэжилтэн Ж.М-тай бүлэглэн 2022 онд 3 удаагийн захирамжаар 4 аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгосон гэх хэрэгт нотлох баримтын хангалттай, хүрэлцэхүйц байдал хангагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж дүгнэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Учир нь албан тушаалын гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхийн тулд нийтийн албан тушаалтан болох тусгай субьектын хуулиар олгогдсон эрх хэмжээ, үүргийг хамгийн түрүүнд тогтоож, түүний араас нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийдэг. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалтан хуулиар олгогдсон эрх нөлөөгөө хэтрүүлсэн үү, эсхүл хуулиар хориглосон эрх хэмжээг эдэлж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн үү гэдгийг ялгаж байж сая гэмт хэрэг мөн эсэхийг дүгнэх ёстой.

Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11.9 дэх хэсэгт сумын чиг үүрэгт “худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, хяналт”-ын асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг мөн хуулийн 59 дүгээр зүйлд сумын ...бүрэн эрхэд хамааруулан хуульчилжээ.

Харин хэрэгт авагдсан баримтаар Д.Е- нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ... сумын ...бүрэн эрхийн хэрэгжүүлэх ажилласан ба энэ хугацаанд түүний орлогч Х.Н- нь 2022 онд А/87, А/291, А/307 дугаартай захирамжуудыг гаргаж, нийт 4 аж ахуйн нэгжид тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгосон байна.

Нэг ёсондоо ...бүрэн эрхийг түүний орлогч эдэлсэн бөгөөд энэ талаар хэрэгт гэрч нарын зүгээс тухайн үед засаг дарга байхгүй байсан тул гарын үсэг зурсан гэж мэдүүлдэг боловч Д.Е-аас албан ёсоор өөрийн бүрэн эрхээ орлогч Х.Н-ад шилжүүлсэн ямар нэгэн тушаал, шийдвэр хэрэгт байхгүй байна.

Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 191 дүгээр тогтоолын хавсралт “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам”-ын 5 дахь хэсэгт тамхины худалдаа, үйлчилгээнд тавигдах стандартыг журамласан бөгөөд үүний дагуу иргэн, аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгоход ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх жагсаалтыг тухайн орон нутагт зохион байгуулахаар харагдаж байна.

Гэтэл хэрэгт тусгай зөвшөөрөл олгоход ямар материал бүрдүүлэх ёстой, тухайн аж ахуй нэгжээс хүсэлт ирүүлэхдээ ямар баримт бүрдүүлж өгсөн талаарх баримт байхгүй болохоор шүүгдэгч Ж.М-ын хувьд дээрх баримтуудыг хууль, журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг мэдэж байсан эсэх, мэдсээр байж, засаг даргад танилцуулан, захирамж боловсруулсан эсэх, засаг дарга Д.Е-, түүний орлогч Х.Н- нар захирамж гаргахдаа тус баримтуудыг үзэж шалгах эрх, үүрэг байсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Ер нь гэмт хэргийг хууль тогтоогчоос нийгэмд аюултай обьектив болон субьектив шинжийн нийлбэр бүхий бүрэлдэхүүнтэй байхаар хуульчлагдсан бөгөөд одоогийн нөхцөлд шүүгдэгч нарыг албан тушаалын гэмт хэргийг гэмт санааны нэгдлээр хамтран үйлдсэн гэж дүгнэхэд шаардлагатай субьектив талын шинж, гэм буруугийн хэлбэр хангалттай тогтоогдоогүй байна.

Иймд нотлох баримтыг бүрэн, бодитой, тал бүрээс нь шалгаж тогтоосны дараа гэмт хэрэг мөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр шүүгдэгч Д.Е-, Х.Н-, Ж.М- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Я.Съезд, шүүгдэгч Д.Е-ын өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шүүхийн шийдвэр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлсэн хууль зүйн дүгнэлтэд тулгуурласан хууль хэрэглээний жишиг болохуйц баримтат бичиг юм.

 

Шүүхийн шийдвэр нь хуульд заасан бүх шаардлагыг хангаж байж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэгдэх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан арга, хэрэгслээр олж авсан нотлох баримт нь хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолж чадаж буй эсэхийг бүрэн, бодитойгоор харьцуулж шинжлэн судалсны эцэст хэргийн бодит байдал тогтоогдсон эсэх хууль зүйн дүгнэлтийг хийх учиртай.

 

Баян-... аймгийн ... сумын засаг дарга Д.Е-, орлогч Х.Н- нар нь сумын ...Тамгын газрын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.М-тай бүлэглэж, Тамхины хяналтын тухай хуулиар “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон” заалтыг илтэд зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/318 дугаар, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/87 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/291 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/307 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/347 дугаар, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/106 дугаар захирамжуудыг тус тус гарган ... сумын нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн дотор үйл ажиллагаа явуулдаг “Д”, “З”, “М”, “А”, “К”, “Т”, “Т”, “З”, “А”, “Т”, “А” дэлгүүрүүд болон “Т” ХХК-ийн тамхи худалдан борлуулах цэгт тус тус тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүнсний дэлгүүрүүд, тамхи худалдаалах цэгийн эздэд давуу байдал олгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдлаас гадна гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотолж, эсхүл үгүйсгэж няцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон үндсэн шаардлага бөгөөд зайлшгүй биелэгдэх шинж чанартай болно.

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-д “худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, хяналт” гэж сумын чиг үүргийн эрх хэмжээ болон мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-д “сумын ..., тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” талаар сумын ...бүрэн эрхийг хуульчилсан байна.

 

Прокуророос шүүгдэгч Х.Н- нь Баян-... аймгийн ... сумын ...оор ажиллаж байхдаа 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/87 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/291 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/307 дугаар захирамжуудаар ерөнхий боловсролын сургуулийн 500 метрийн дотор үйл ажиллагаа явуулдаг “А”, “Т”, “А” нэртэй хүнсний дэлгүүрүүд болон “Т” ХХК-ийн тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг олгож, бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Х.Н-ыг ... сумын ...оор 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн томилсон захирамж хэрэгт авагдсан бөгөөд дээрх тусгай зөвшөөрөл олгосон цаг хугацаанд сумын ...бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг тодорхойлсон ямар нэгэн эрх зүйн баримт бичиг хэрэгт авагдаагүй байхад хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно.

 

Мөн Баян-... аймгийн ... сумын Засаг дарга Д.Е-, орлогч Х.Н-, ...Тамгын газрын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.М-нар нь Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9-д “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 191 дүгээр тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1.4-д “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн ...Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх” гэсэн шаардлагыг албаны үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийг иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу олгосон гэх боловч ямар баримт бүрдүүлэх ёстойг нарийвчлан зохицуулж баталгаажуулаагүй улмаас хэрэгт цуглуулсан нотлох баримтад зөвшөөрөл хүссэн талаарх баримт авагдаагүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дүгнэлт хийх боломжийг үгүйсгэсэн байна.

 

Хоёр шатны шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, мөрдөн шалгах ажиллагааны алдааг зөвтгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хууль тогтоогчоос эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” хууль бус үйлдэл байхаар тодорхойлсон ба Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд бусдад зүй бусаар давуу байдал бий болгох гэмт санаа зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоосны эцэст хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл зохино.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт тус бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

 

Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон 11 дэлгүүр болон ерөнхий боловсролын сургуулийн хоорондох зайг Баян-... аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэлүүдээр болон А.Ерболын тамхи худалдаалах цэгийн зайг Баян-... аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан бичгээр ирүүлсэн зургаар тогтоосон нь хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлох хууль зүйн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхааралгүй орхигдуулснаас шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдлыг үүсгэсэн учир анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэгэн нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй болно.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Е-, Х.Н-, Ж.М-нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Д.Е-, Х.Н-, Ж.М-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

 

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                             Б.ЦОГТ